Culture Shock Healing

From: DayarMongol.com

Related: Соёлын Шок. Culture Shock- what-about-culture-shock | Culture Shock Experience

Олон соёл: ялгаа, дасан зохицохуй E-mail

2008 оны 12 сарын 10
Проф. Пүрэвийн Увш
Ажил хэргийн харилцаа нэг улс орны хүрээнд байхаа аль хэдийн больж, улс, үндэстэн, тив дэлхий дамнасан шинжтэй болж байна.  Улс орон бүр өөрийн соёл, хэл, уламжлал, заншил,  харилцааны онцлогтой   хийгээд , түүнийг тээгч, хадгалагч, дамжуулагч нь хүн болой. Алба, амины хэргээр хилийн дээс алхаж байгаа хүн нэвтэрч байгаа орчин, соёлын дунд барьц алдах,   балмагдах, шантрах, эсвэл  урам зориг орох, амжилт гаргах, өөрийн унаган соёлтой ижил төвшинд зохицон дасах нь бий.Тэгэхлээр гадаадад амьдарч,  ажиллаж байгаа хүн бүрт заавал тохиох, даван туулах нэг онцгой үзэгдэл бол шинэ орчинд орж, сэтгэл зүйн хувьд балмагдах явдал юм. Үүнийг англиар  cultural shock гэдэг. Энэ нь хүн гадаад орчныг, юуны өмнө дотоод сэтгэлээрээ мэдэрч, гайхаж шагшиж, түгшин баярлаж,  бас барьц алдаж, магадгүй ганцаардаж, уугуул хүмүүстэй чөлөөтөй харьцаж чадахгүй байгаадаа урам хугарч, сэтгэл санаа тогтворгүйтэж, эх нутаг, элгэн саднаа санагалзах нэгэн зурвас үе юм.

Соёлын ялгаанаас үүдэлтэй  балмагдалд амьдрах орчноо сольсон хүн бүр өртөх бөгөөд энэ нь хэдийгээр харилцааны  болон дасан зохицихуйн багагүй бэрхшээл учруулдаг хэдий ч хүний өсөх, хөгжих,шинэ боломж олж авах, эрч хүчээ дайчлах, бүтээлчээр хэрэглэх шинэ бололцоог бий болгож байдаг сэтгэл зүйн эерэг ойлголт юм.  Аливаа улс үндэстэн өөрийн гэсэн соёлтой байдгийг дээр хэлсэн билээ. Хүн амьдарч ажилллах орчин нөхцлөө солиход ахуйн орчноос гадна сэтгэлзүйн хүчтэй өөрчлөлтөнд нэрвэгдэнэ. Сэтгэл зүйн энэ өөрчлөлтийг социологч, угсаатны зүйч Карл Оберг 1960аад онд анхлан бичиж, дээрх нэр томьёог  хэрэглэжээ.

Соёлын ялгаанаас үүдэлтэй  балмагдалыг ойлгохын тулд  соёл гэж юу  болох,олон соёлын хооронд ямар ялгаа байдгийг мэдэх нь зүйд нийцнэ. Соёл гэдэг бол түүхэн хувьсалын үйл явцад бидний бүтээсэн, бүтээж байгаа хүний  амьдралын үйл ажиллагааны хэлбэрийн нэгтгэн эрэмблэж хэлбэржүүлсэн ойлголт юм.  Соёл бол ёс суртахууны, ёс зүйн, материалын үнэт зүйл төдийгүй мэдлэг, чадвар, уламжлал, зан заншил мөн.Соёл гэдэг ойлголтоор түүхэн тодорхой үеийг ч (дундат зууны соёл, орчин цагын соёл), бас ард түмнийг (монголчуудын соёл) нэрлэх нь бий. Соёл бас хүний үйл ажиллагаатай холбогдон улс төрийн соёл, уран сайханы соёл гэж мэтээр нэрлэгддэг. Тэгэхлээр соёл бол хүн төрлөхтөний түүхэн хөгжлийн  төвшин бөгөөд, зарим судлаачдын хэлэх дуртайгаар бол соёл хүнийг адгууснаас ялгах гол шинж гэнэ.Соёлын бас нэг хэлэх ёстой онцлог бол хувь хүний оюун ухаан хийгээд ёс суртахууны хөгжлийн төвшин юм.

Гадаадын соёлын хүрээлэлд байгаа хүний  харилцааны явцад соёлын ялгаа тод мэдрэгддэгийн учир бол  тухайн соёлын хүрээлэлд орсон хүн  бусдын хөдөлгөөн, ааш, аягийг өөрийн соёлын “толь бичиг” ашиглан тайлбарлаж ойлгохыг оролддогтой холбоотой.

Соёлын ялгаанаас үүдэх балмагдал нь зүй ёсны үзэгдэл бөгөөд тухайн улс орны амьдрал, соёлын тухай өмнөх ойлголт, төсөөлөл бодит байдлаас зөрөх үед  үүсдэг,  шинэ нөхцөл байдалд дасан зохицоход зайлшгүй дамжих үе шат,  үйл явц мөн. Ер нь ялгаатай соёлын  үед  хүн  учраа олохгүй  барьц алдаж  балмагдах нь улс, үндэстэн бүрийн харилцааны өвөрмөц онцлогтой холбоотой. Энэ нь харилцагчид бие биенээ хүлээн авах, мэдрэх чадвар, мөрдөж ирсэн амьдралын хэв маягаа өөрчлөх, бусдыг өөртөө татах чадвар зэргээс хамаарна. Харилцаа нь аман буюу аман бус гэж байна. Аман бус харилцаа нь өгүүлэх аялга, сэтгэл хөдлөл, аялга үгс, харц, дохио зангаа, биеийн байрлал, нүүр царайны хувирал, аман бус харилцааны илрэл болох үйлдлүүд олон cоёлд суралцахад хамгийн чухал үүрэгтэй. Ер нь харилцааны 40-70 хувийг аман бус харилцаа эзэлдэг бөгөөд хүртэж мэдээлэх эх үүсвэрийн 7 хувийг үгээр, 38 хувийг ярих аялгаар, 55 хувийг нүүр царайн хувирлаар илэрхийлдэг гэж судлаачид тогтоосон байдаг. Харилцагчийнхаа яриаг дэмжихэд санаа алдах, уулга алдах, инээх, хоолой засах, зогсоц хэрэглэх нь ярианы үр дүнд нөлөөлж, сэтгэл хөдлөлийн эерэг таашаал үүсгэдэг. Ийм болохоор харилцааны аман бус хэрэглэгдэхүүнийг олон соёлын нөхцөлд хэрэглэхдээ тухайн газар нутаг, үндэстэнд мөрдөгддөг хэм хэмжээг нь сайтар мэдсэн байх учиртай нь монголынхоор бол “усыг нь уувал ёсыг нь дагана” гэдэгтэй агаар нэг юм.

Гадаад оронд олон соёлы хүрээнд  болж байгаа   харилцааны явцад  соёлын зөрөө үүсч болох долоон хэмжигдэхүүн байдгийг судлаачид нэгэнт нотлосон байдаг. Энэ нь цаг хугацаа, орон зай, түншлэл, гэрээ хэлэлцээр, эд агуурс, билэгдэл, ёс горим юм.

Цаг хугацаа. Соёлын (тэр тусмаа олон соёлын) хүрээнд цаг хугацааг хоёр янзаар ойлгож болно.Нэгд , энэ бол ирээдүйд  тэмүүлсэн, үндэстэн бүрт бараг ижил байдаг ойлголт бол, хоёр дах нь цаг хугацааг үндэстэн бүр өөр, өөрөөр ойлгож тайлбарлах  явдал. Америк мэтийн оронд гэхэд цаг хугацааг ягштал барих, цагыг үнэт зүйл гэж үзэх, түүнийг төлөвлөж, үрж, хэмнэж, алдаж, худалдан авч болно гэж  зэргээр цагын  өнөөгийн болoн хэт баримжаалал илүү суусан байдаг.  Зарим оронд цагыг зөвхөн төлөвлөх хэрэгслэл мэтээр ойлгож, цагыг өөрийнх нь хэмнэлээр ашиглах биш, тухайн хүн боломжоороо тэр цаг дотор ажиллах эрмэлзэл байдаг. Ийм соёлыг цагын одоо, өнгөрсөний түлхүү баримжаатай гэж хэлж болно.  Монголын тухайд  ч цаг барьдаггүй, бүхнийг хойш тавьдаг, маргааш руу түлхдэг гэх шууд санаа орос “ах” нарын ч, одоогийн “ах” нарын ч амнаас сонсогддог. Ажлыг хойш тавьдаг, цагын үнэ цэнийг мэддэггүй,цагыг өөрийн үйлдэлдээ захируулахыг чармайдаг нь орчин цагт алдагдалтай, гарзтай үр дүнгүй зан үйл мөн. Гэхдээ манай зарим  судлаачид монголчууд цагыг нар, сараар хэмжиж, үүдэн, хоймороор  баримжаалж ирсэн нь өөрийгөө аливаа стрессээс хамгаалах, сэтгэл санаа тайван, амгалан байх эерэг явдал гэх нь бий. ямартай ч цагийг хүндэтгэх, дагаж мөрдөж сурах нь юугаар ч хэмжигдэмгүй үнэ цэнэ байж болох юм. Аливаа албан харилцааны үеэр соёл бүрийн цаг хугацаанд хандах байдал тод илэрдэг.

Америкчуудын аливад нухацтай бэлтгэж, бэлэн хариулттай байж, асуудлыг хурдан, түс тас шийдэх эрмэлзэл бусад харилцагчийн цухалыг хүргэж, шийдлийг түргэвчилснээр асуудлын ач холбогдлыг бууруулж байгаа сэтгэгдэл төрүүлж болдог.Америкчуудын асуудлыг хурдан шийдэх гэсэн шаргуу байдал япон мэтийн Азийн орнуудыг барьц алдуулах жишээтэй. Нэг улсад цаг хугацаа алдсан утгагүй зүйл мэтээр харагдаж, ойлгогдох байдал, нөгөө улсад үйл явдлын ердийн өрнөл байдлаар ойлгогдоно. Америкийн соёлд албан уулзалтыг 5 минут саатуулах нь албан зан үйлийн хэм хэмжээг зөрчиж байгаа хэрэг бол Арабын орнуудад нэг цаг хожимдох нь ердийн хэрэг, гол нь уулзсан чухал үйл явдал байдаг. Америкчууд өөрсдөө бусад улс оронд байнга яарсан, найрсаг биш, итгэл хүлээхгүй, хурдан түргэн зантай болж харагддаг болохоор ,заримдаа тэвчээртэй хүлээх, эцсийн хугацааг шахахгүй байж сурах хэрэгтэй юм гэдгийг хүлээн зөвшөөрөх нь бий. Цаг хугацааг бас бүтээгдэхүүн гэж ч хэлж болно. Энэ олон хурдан, түргэн хоолны газар, гэрийн гал зуухны ажил хөнгөвчлөх төхөөрөмжүүд, хагас бэлэн бутээгдэхүүн бүхэн цаг хэмнэж байгаа юм.  ер нь хэлэхэд, монгол хоол бэлтгэх нь асар их цаг шаарддаг, нэг биш хэд хэдэн хүний цагын алдагдлаар бэлэн болдог нь гадаад гал зуух, хоол бэлтгэл, зочин гийчин дайлж, цайлах үед харагддаг.

Орон зай. Олон соёлын нөхцөлд орон зайг бас хоёр янзаар ойлгоно. Нэгд, америкийн болон бусад орны ажлын байрны орон талбайн хэмжээ, хуваарьлалт,эзэмшил биднийхээс арай өөр. Америкад нийтдээ талбай их,  ажлын байр уудам цэлгэр байх нь давамгайлж байхад , япон мэтийн  зай хэмнэх, бага зайд ихийг багтаах эрмэлзэлтэй оронд ажлын байрны төхөөрөмжлөл арай өөр, зай хэмнэх зарчим барьсан байх жишээтэй.япончуудын ажлын байр хэрхэн хэмнэж ажилладагийн жишээ бол  IBM Japan компани юм. Хэвлэлд бичсэнээр тэднийх 5000 ажилтандаа 4300 ширээтэй байдаг бөгөөд 700 ажилтанаа гадагшаа гэрээ хэлэлцээр хийхээр явсан байхаар тооцдог байна.  Худалдааны төлөөлөгч ажилдаа ирэхдээ  ямар ширээ сул байгааг компьютер дээрээ шалгаад, хадгаламжнаас бичиг цаасаа аваад сул ширээ рүү очдог байна. явахдаа бүх материалаа цэгцлэн, хадгаламжид хийн, ширээгээ суллаж үлдээдэг аж.

Орон зай ашиглах хоёр дах чиглэл бол бие хүний хувийн орон зай юм. Албан болон хувийн харилцаа нь хоёр талыг тодорхой орон зайд харилцахыг шаардана. Өөрөөр хэлбэл  бидаливаа харилцаа г тогтсон зайн хязгаар барьж хэрэгжүүлэхийг шаарддаг. Алан  Пийз мэтийн судлаачид аливаа харилцааны хэрэгжих орон зайг  хэт ойрын, албан, нийтийн, олон нийтийн гэж 4 хувааж авч үзсэн байдаг.  Америкад албан харилцаа 1,5см-аас- 3,5 м-ийн зайд болдог.Бас улс бүр энэ орон зайд өөр, өөрөөр хандана. Азийн чиглэлийн улс оронд харилцагчдаа аль болох ойр байж, найрсаг, дотно байгаагаа харуулахыг эрмэлздэг бол, Америк, европын орнуудад  хоорондын зайгаа хатуу барихыг хичээж байга нь харагддаг. Нэгэн судалгаанд дурдсанаар,  америк,Азийн хоёр хүн олон улсын хурлын завсарлагаар ярилцах байгааг бичлэг хийгээд,  дараа нь шинжилгээ хийж үзэхэд америк хүн нь зугтаад, нөгөө хүн нь  араас нь нэхээд байгаа дүр зураг буусан байна.  Эндээс үүдэн хэлэхэд харилцаанд хил хязгаар, тусгаар тогтнол гэсэн ойлголт бас бий. Аливаа тохиолд хил зөрчиж, тусгаар байдалд халдвал зөрчил үүсч, түүнийг шийдвэрлэх хэрэг гардаг. Тиймд харилцааны явцад хил хязгаараа бариагүй, зөрчсөн, буруу шийдвэр гаргаснаас албан харилцаа үр дүнгүй болох нь элбэг.

Түншлэл. Олон соёлын нөхцөлд  түншлэл нэн чухал хэмжигдэхүүн.  Америкчууд   газар нутаг, нийгмийн нөхцөл байдлаас  хамааран  амархан танилцаж, амархан хөндийрдэг.  Тэд найз нөхөр гэж зүгээр нэг харилцахад тааламжтай, цагыг үр дүнтэй ашиглаж болох  сайн танил байна. Бусад зарим орны хувьд  найзлаж, түншлэх явц илүү нэлээд гүнзгий, гүн үүрэг  хүлээдэг болохоор урт удаан хугацаа шаарддаг. Хошин шог  харилцааг зөөллөхөд , хүнийг ойртуулж нөхөрлөхөд  ашигтай болохыг олон соёл зөвшөөрдөг.Тэгсэн атлаа хошин шог болгон бүх нөхцөлд дүйдэггүй. Хошин шогыг буруу, оновчгүй  хэрэглэх нь өөр нөхцлийг үүсгэдэгийг мартаж болохгүй.Сайн нөхөрлөл, түншлэл гэрээ хэлэлцээр амжилттай байх эрх зүйн үндэснээс ч баталгаатай байж болдог.

Гэрээ, хэлэлцээр. Олон соёлын бас нэг чухал хэсэг бол гэрээ хэлэлцээрийн үеийн ялгаа, зааг юм. Гэрээ хэлэлцээр хийх явц бол соёлын ялгаа илэрэх нэг тавцан. Гэрээ хэлэлцээрт улс бүр өөр,өөр хандлагатай байна.Энэ онцлогыг мэдэхгүйгээр гадаад түнштэйгээ үр дүнтэй хамтран ажиллах боломж хумигдмал болно. япон зэрэг оронд гэрээ хэлэлцээрийг бүлгийн өмнөөс, бүлгийн үр ашгийг баримжаалж хийдэг байхад, Хятадад  найрамдал, нөхөрлөлийн үзэл санаа давамгайлдаг.Америкчууд гэрээний дараа гарын үсэг зурдаг байхад, Орос, Грек мэтийн оронд гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах нь гэрээ хэрэгжүүлэх эхлэл гэж ойлгогдох жишээтэй. Америкийн нөхцөлд гэрээ хэлэлцээрийг эрх зүйн  хувьд  зөв, хоёр талын эрх ашиг хангагдсан эсэх талаар  хуульч авах нь хэвийн үзэгдэл байдаг бол, Арабын чиглэлийн орнуудад найдваргүй, үл итгэсэн байдал болж ойлгогддог.

Эд, хөрөнгө. Олон соёлын хүрээнд эд хөрөнгийн үзэл, баримтлал, түүний үнэ цэнэ  чухал. Энэ нь цалин, хөлс, шагнал, бэлэг дурсгал, бэл бинчин, байр, байшинд хандах байдал юм.Зарим улсад эд, хөрөнгийг цалигчладаг байхад зарим газраа оюунлаг талдаа түлхүү анхаарах жишээтэй.Энд анзаарах нэг соёл бол улс бүрт бэлэг дурсгалын зүйлд хандах байдал юм.Зарим оронд бэлэг дурсгалыг байж болох зүйл хэмээн хүсэн хүлээж байдаг бол, зарим газраа авилга мэтээр ойлгох нь ч бий. Бидний хувьд гойд анзаарах зүйл бол ямар бэлгийг ,хэдийд өгөх явдал. Манайхан түншээ хэмжээ томтой, өндөр үнэтэй бэлгээр булах нь тэднийг эвгүй байдалд оруулах нь түгээмэл. Хэдэн жилийн өмнө манай нэг ажил хэрэгч хүн япон түншдээ эхний уулзалтаар том хивс бэлэглэж түншээ эвгүй байдалд оруулж байсныг нүдээр үзсэн хүний амнаас сонсож байсан юм байна. Учир  хэмээвээс япон хүн авсан бэлгийнхээ хэмжээ, үнэтэй дүйсэн бэлэг хариу барьдаг болохоор тэр.  Бидний албаар  байнга  харилцдаг нэгэн америк  түнш маань монголчууд үнэ, цэнэтэй  бэлэг өгөх их дуртай юм, тийм юм хэрэггүй гэж хэлж өгөөрэй гэж хүсч байсныг санаж байна. Америкчүүд бэлгээ голцуу боож, уут саванд хийж өгнө, бэлэг аваад заавал нүдэн дээр нь задлаж өөрөө болон бэлэг өгсөн  хүндээ баяр баясгалан хариу бэлэглэнэ. Бэлгийн бас нэг өвөрмөц хэлбэр энэ.

Билэгдэл. Аливаа үндэстэн бүр өөр, өөрийн билэгдэл, тэмдэг, тэмдэглээстэй болохоор олон соёлд билэгдэл их чухал үүрэгтэй. Аман харилцааг дагалдан болон бие дааж утга илэрхийлэх билэгдэлийг буруу тайлж уншсанаас нөхцөл байдлыг мэдрэхгүй байх,үл ойлголцох  нь  харилцааны үр дүнд сөргөөр нөлөөлж, заримдаа бүр тасалдуулахад, дахиж сэргэхээргүй ноцтой үр дагаварт хүргэх  улмаар соёлын ялгаанаас үүдэлтэй бэрхшээл гардаг. Харилцааны агуулгыг үгээр илэрхийлдэг бол сэтгэл хөдлөлийн хүрээг аман бус хэрэглэгдэхүүн буюу билэгдлүүд илэрхийлнэ.Эдгээрээс зарим нь гар барьж мэндчилэх гэх мэт улс бүрт түгээмэл тархаж байдаг бол зарим дохио зангаа билэгдэл улс бүрт өөр өөр санааг илэрхийлэх жишээтэй. МК Дональдс компани цоглог (Америк маягийн) инээмсэглэлийг өөрийн бүтээгдэхүүний илэрхийлэл гэж үздэгийг бид мэднэ. Энэ ч утгаараа 1990-ээд онд МК Дональдс компани Москвагийн төвд салбараа нээж менежмэнтээ тодорхойлохдоо ажилчдыг үйлчлүүлэгчээ хүндэтгэн нүүр дүүрэн инээж угтахад сургасан байдаг. Гэтэл Оросын ёс заншилд огтоос танихгүй хүн рүү шууд инээж (тэр тусмаа залуухан эмэгтэй) хандах нь энэ хүний харилцаа нэг л хуурамч өнгөц байгаа сэтгэгдэл төрүүлж, хуурамч инээмсэглэл байна гэж ойлгогддог. Иймд тус компани оросын нутаг дэвсгэрт энэ аргыг хэрэглэх эсэхийг нээлттэй үлдээж байсан гэдэг. Нэг төрлийн дохио улс гүрэн бүрт өөр өөр утгатай байхыг ч анзаарахад илүүдэхгүй. Тухайлбал Америкт алдартай Окей гэж эрхий долоовор хуруугаа цагираглуулан нийлүүлж харуулдаг билэгдэл Япон улсад мөнгө, Францад тэг, Латин Америкийн улсуудад доромжлон гутаасан утга илэрхийлэх жишээтэй.

Олон соёлд суралцан дасан зохицоход нүүрийн илэрхийлэл, харц ч багагүй үүрэгтэй. Нүүр царайны илэрхийлэл өгүүлэгчийн санааны баталгаа, эсвэл үгүйсгэл болохыг шууд харуулна. Итгэл үнэмшилтэй яриа, түүнийг дагалдан зохицсон нүүр царайны илэрхийлэл ажил хэргийн яриа хэлэлцээрт эерэг үр дүнг бүрдүүлнэ. Харин гөлөлзсөн, тогтворгүй, шал ширтсэн харц уг хүний дотоод сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болохын хувьд ажил хэрэг, яриа хэлэлцээрт сөрөг нөлөөлнө. Ер нь харилцагч руугаа эгц ширтэн ярих нь Америк маягийн харилцаанд тооцогддог бол энэ нь Ази чиглэлийн хүмүүст төдийлөн эерэг сэтгэгдэл төрүүлдэггүй байх жишээтэй.
ёс горим   бол хүмүүсийн нийгмийн хүрээлэлд өөрийгөө авч явах нэгэн зүйлийн соёл юм.Албан ажил дээрээ, найз нөхдийн дунд, олны дотор үндэстэн бүрийн төлөөлөгчид бие өөр, өөрөөр авч явах бөгөөд, түүнийг нь бусад үндэстний төлөөлөгчид өөрийн соёлын тайлалаар ойлгож, хариу үйлдэл үзүүлдэг байна.Жишээлэхэд Азийн орнуудад хүүхдийн толгой илэх, энхрийлэх нь ердийн үзэгдэл байдаг бол америк гэр бүлд байж боломгүй. Олны дотор хөлөө ачиж суух, ташаа тулах,нуруугаа үүрэх,халаасандаа гараа  хийх, бохь зажлах, гараа элгэндээ авах, буруу харж зогсох,нүдний шилээ гартаа  бариад зааж ярих энэ бүхэн орон бүрт өөрийн гэсэн тайлбартай байх бөгөөд түүнийг зөв тайлж унших нь бас нэгэн харилцааны урлаг, тухайн орны соёлын талаарх мэдлэгийн илрэл мөн. харилцааны явцад эдгээр  хөдөлгөөний эвслийг зохиомолоор, онохгүй хэрэглэх , бусдынхыг буруу тайлж унших аль, аль нь сөрөг нөлөөтэй.

Соёлын  ялгаанаас үүсэхбалмагдалын илрэх шинжийг судлаачид янз бүрээр ангилах ба бид энд цөөн хэдийг давхцуулахгүйгээр тоочьё:

*шинэ соёлд хуучин тогтсон хэв маягаар хандах

*Шинэ орчинд байр суурь ,  үнэ цэнээ зөв олж баримжаалж чадахгүй байх

*бүхнийг өмнөх буюу хуучин соёлтойгоо харицуулж тулгаж харах

*амьдралын наад захын эгэл зүйлсийг шийдэж чадахгүй байх

*өөртөө итгэл үнэмшилгүй байх

*дасаж зохицох гэж хэт чармайснаас  сэтгэл зүйн байнгын дарамтад байх

*Шинэ соёл руу нэвтэрч чадахгүй, түлхэгдэж байгаагаа мэдрэх

*ганцаардаж, уйтгар гунигт автан , бачимдаж бачуурах

*ажил мэргэжлээрээ , харилцаж чадахгүй байгаагаа мэдрэх,барьц алдах

*бүгдийг нэг дороос, ихээр мэдэх гэсэн гоомой  оролдлого гаргах

*Шинэ орчинд дасаж зохицож чадахгүй, хүчин мөхөсдөж байгаагаа мэдрэх

*бусадтай адилгүй, тохирохгүй, найдваргүйгээ мэдрэх

*боломж, болчимгүй зүйл санаачлан хийх гэж оролдох

*Бусдын үйлдэл, үйл ажиллагаанд хар санах, болгоомжлох, дургүйцэх,

*нойргүйдэх, хэт унтах,

*уур, уцаартай болж,  цочмог огцом зан гаргах, бусадтай харилцахаас зайлсийх

*зан араншин өөрчлөгдөх,өөрийгөө хүчгүй, хараат, дарамтад байгааг мэдрэх

*сэтгэлзүйн таагүй байдлаасаа болж өвдөх, харшил хөдлөх

*эрүүл мэнддээ  онцын шалтгаангүйгээр хэт зовох, санаа тавих

*гэр орон, үр хүүхүд, ахан дүүс, найз нөхдөө санах, гиюүрэх

*биеэ барих, харилцааны бэрхшээлээс болж өөрийгөө харилцааны гадна гаргаж тавих  зэрэг илрэл мэдрэгддэг.

Харь соёлоос үүдэн  балмагдах, түүнийг  даван туулах үе шатыг судлаачид дараах байдлаар  ангилан үздэг.

Нэгдүгээр үеийг битүү орон зайн, эсвэл хуримын бал сарын гэхчлэн нэрлэнэ.  Энэ үеийн онцлог бол олон сайхан шинэ юм үзэж нүд тайлж,  шинэ орчинд орон баярлан  бахдаж , алмайрах  , балмагдах завгүй байдаг үе. Энэ үеийг баяр баясгалан, өөдрөг байдлын буюу анхны сэтгэгдлийн үе гэж  ч  нэрлэж болно. Шинэ газар ирсэн, бүртгүүлсэн, шинэ хүмүүстэй танилцсан, шинэ орчиноо таашаасан, бишэрсэн, тааламжтай мэдрэмж давамгайлсан үе байдаг. Судлаачид энэ үеийг 6-8 долоо хоног үргэлжилдэг гэх ба зарим жуулчин ,ажил хэрэгч хүмүүсийн тухайн орны тухай сэтгэгдэл зөвхөн энэ үеэр хязаарлагдаж болдог.

Хоёрдугаар үе болоод ирэхлээр хүн  өдөр дутмын амьдралын аар саар бэрхшээлтэй тулгарч ,шинэ соёлд дасах гэсэн анхны оролдлогын эхэн үед эхэлдэг. Энэ үедээ хүн сэтгэл дундуур болох, тэвчээр алдах, уурлах, уйтгарлах, гуних, өөрийнхөө байр суурийг мэдрэх, арчаагүй байдлаа мэдэх, төсөөлөх зэрэг  сэтгэл, санаашралын цоо шинэ шат эхэлнэ.Энэ үеийг даван туулахад багагүй хугацаа шаардагдах бөгөөд заримдаа урам хугарах,сэтгэл дундуур болох, төлөвлөснөөсөө няцаж, хуучин соёл руугаа тэмүүлэх, буцах ч тохиолдол гардаг. Өмнөх  үеийн төсөөлөл, үйл ажиллагаа өөрчлөгдөж, бодит байдал тухайн хүний өмнө нь эзэмшсэн мэдлэг, амьдралын хэвшил, үнэт зүйл, мэдрэмжтэй нийцэхээ больж ирнэ. Энэ нь өдөр ирэх тусам нэмэгдсээр уур уцаарыг бий болгож, урам хугарах, сэтгэл гонсойх, бас дургүй хүрэх, үзэн ядах явдал үүсч болдог.  Энэ үеийн илрэл нь сэтгэл гонсойх , урам хугарах,дургүй хүрэх, зэвүүцэх  нь тухайн орны үнэт зүйл, үнэлэмжийн тогтолцоо, ажил эрхлэх, үйлдвэрлэл явуулахтай холбоотой удирдлага, ёс зүйн номлол, харь хэл, хоол хүнсний хэрэглээ,  биеэ авч явах шинэ горим, албан ба албан бус харилцааны хэм хэмжээ, спортын шинэ төрөл, хандлага, автомашин жолоодох эрх, үүргийн зөрөө, банк санхүүгийн харилцаан дахь ялгаа,өөр мөнгөн тэмдэгт, хэмжүүрийн нэгж  зэрэг байж болно. Энэ үеийг даван туулах нь тухайн хүний сэтгэлийн хат, орчиндоо дасан зохицох,  орчноо бүрдүүлэх чадвар зэргээс хамаарна. Энэ үеийг давж чадахгүй бууж өгөх, тухайн орноос бүр мөсөн явж, тэр орон, улсын тухай сөрөг сэтгэгдлээ удаан хугацаанд хадгалах үзэгдэл цөөнгүй байдаг.

Соёлын ялгаанаас үүдэлтэй  балмагдалын гуравдугаар үе болоод ирэхлээр хүн шинэ соёлынхоо талаар бага ч болов төсөөлөлтэй болж, сэтгэл амсийх,  болох юм байна гэсэн анхны урам зориг бий болж эхэлнэ.Энэ мөчид сэтгэл зүйн тэнцвэргүй байдал тогтворжих тийшээ хандаж,  тэнцвэржих хандлага анзаарагдана. Энэ үед хүн өмнө нь учрыг нь олохгүй байсан дадал заншил үйлийг ойлгож эхлэн, урамшиж, өөртөө итгэлтэй болж ирнэ. Энэ үед хоёр орны үйл явдал, бодит байдлыг харьцуулах чадвар ямар нэг хэмжээгээр бүрдэж эхэлнэ.

Дөрөвдүгээр ү ед харь соёлд байгаа  сайн, муу  талыг таньж,  ялган зааглаж, хоёр соёлын элементүүд ямар нэг хэмжээгээр хамтран, хоршин зэрэгцэж аж оршиж байдаг. Энд хүн өөртөө итгэлтэл болж, байр суурь хийгээд зорилгоо тодорхойлж эхлэнэ.  Эх орондоо буцаж очсноор дуусгавар болно.Энэ үед хүн байгаа улс орныхоо онцлогийг мэдэж эзэмшин, өөрийн үйлдэл, биеэ авч явах хэм хэмжээг тухайн орны иргэдтэй адилтгах бөгөөд байгаа орныхоо соёлын үнэт зүйл, тогтолцоог хүлээн зөвшөөрч, өөрийнхөө соёл уламжлалд шүүмжлэлтэй хандана. Сүүлчийн дасан зохицох үе цаг хугацааны хувьд хязгааргүй байна.

Соёлын балмагдалын тав дах шат бол бүр хожуу тухайн хүн эх нутагтаа буцаж ирсний дараа тохиох үзэгдэл. Гадаадад удаан хугацаагаар сууж байгаад эх орондоо буцаж очсон хүн анх гадаадад очсонтойгоо адил алмайралд ордгийг миний нэг шавь өөрийн бие дээр хэрхэн мэдэрснээ ярьж байж билээ. Үнэндээ удаан хугацааны дараа эх орондоо очсон хүн эх нутгийнхаа шинэ орчинд дахин дасан зохицох, гайхах,  бухимдах, урам хугарах, шүүмжлэх хэрэг заавал гардаг байна.  Гадаадад байгаа хүн өөрийн орны соёл уламжлалаа хэт үнэлэх, гадаад соёлыг үгүйсгэх хандлага давамгай илэрдэг бол эх орондоо ирээд соёлын балмагдалд орсон хүн гадаад соёл , үнэт зүйлийг давуу үнэлэх, өөрийн соёл үнэт зүйлээ дутуу үнэлэх, үгүйсгэх урвуу хандлага илэрдэг. Америкад амьдарч буй монголчууд америкийн амгалан тайван байдал хэв журам, иргэдийн идэвх санаачлага зэргийг үнэлэхийн зэрэгцээ өөрийн орны хөгжилд сэтгэл дундуур байх, зах зээлийн сөрөг үзэгдлийг шүүмжлэх, харьцуулах, жиших хандлага өсдөг .

Бидний дурьдсан эдгээр үе шат  хүний сэтгэл зүйн ая тохь, түүний хэм алдагдлын үзэгдэл бөгөөд хэдэн үеийг туулах, тэр нь хэр удаан үргэлжлэх нь тухайн хүний эрхэлсэн ажлын гадаад орон дах ижил төстэй байдал, бие хүний сэтгэц, оюун санааны хөгжил,хэлний мэдлэг, бэлтгэл, гэр бүлийн харилцаа, нийгмийн дэмжлэг, улс орны нийгэм-эдийн засгийн байдал, гадаад харилцааны төлөв зэрэг олон олон хүчин зүйлэээс хамаарна.

Гадаад оронд ирж сурч, ажиллаж байгаа зарим хүмүүсийг харахад , тэд соёлын балмагдалаас болоод тухайн нийгмийнхээ гадна нэг тийм вакум (юу ч үл нэвтрэх битүүмжлэл) орчинд орох тал байна.  Энэ нь эргээд уг хүнийг шинэ орчинд дасан зохицох үйл явцыг удаашруулдагаас  өөрийгөө зөвтгөх, бусдыг шүүмжлэх,мэдэхгүй, чадахгүйгээ урдаа барих, балмагдалаа даван туулах сэтгэлийн хат, зориг, ухаалаг, зоримог алхам хийхгүй цаг алдах явдал байдаг.

Гадаад оронд урт, богино хугацаагаар ирж, очих хүний соёлын балмагдалд орсоныгоо зүрх сэтгэлдээ хэтэрхий ойр хүлээж авах нь тэр хүнийг балмагдал, бухимдал, стресст оруулж болдог. Иймд энэ балмагдлаас гарах арга замыг бас мэдэхэд илүүдэхгүй. Түүгээр ч барахгүй ажилтнаа гадаадад илгээж байгаа байгууллага соёлын ялгаа, түүнээс үүдэх бэрхшээл, мухардалтын талаар сургалт зохион байгуулдаг зарим гадаад орны төр, боловсрол, бизнесийн байгууллагын жишээг мөрдөж ч болох юм. Өмнө тулгарах бэрхшээл, саадыг давахад урдаас авсан мэдээлэл  сайн нөөц болдгийг гадаадад зорчсон бүхэн мэднэ.

Соёлын ялгаанаас үүсэх  бухимдалын  үед хэрхэн тайвширах, сэтгэл санаагаа өөдрөг байлгах талаар судлаачид зөвлөхдөө:

1. Өмнө нь эрхэлж байсан ажил, байр сууриа мартаж, сэтгэл зүйн хувьд  бүрэн чөлөөгдөхийг хичээх. Гадаадад бол та ямар нэг дарга, цэрэг,  унаган нийгмийнхээ  гишүүн биш, ердөө л эндэхийн шинэ хүн, эндэхийн хуулиар, журмаар амьдарч, ажиллахаар ирсэн (гэхдээ зочин биш) гадаад хүн гэдгийг ямагт санах.

2.Хэрэв танд ямар нэг тусламж дэмжлэг хэрэгтэй бол шинэ орчны хүмүүс дуртайяа туслана гэдэгт  итгэлтэн, тэдэнд хандаж байх

3. Ирсэн орныхоо хэл, соёл, ёс заншлыг аль болох богино хугацаанд таньж мэдэх, тэр соёлд суралцах өндөр хүсэл эрмэлзлэлийг өөртөө бий болгохыг хичээх

4. Тухай орны соёлоос өөрийн амьдрал, ажилтай холбоотой тэр хэсгийг олж харж, зориудаар судлаж эзэмшихийг хичээх

5.Байгаа орныхоо харилцааны хэрэглүүр болсон хэлийг өөртөө тохирсон, зөв, хялбар аргаар байнга сурах

6.Амьдралд  гарч байгаа өчүүхэн ч болов ахиц, хөдөлгөөнийг ажиглаж, түүндээ баярлаж,  биелэхэд хялбар зорилтуудыг өмнөө тавьж байх

7. Сэтгэл санаандаа бүрэн нийцсэн тийм зүйлийг олж хийихийг хичээх

8.Хамт ажиллдаг хүмүүс, гэр бүлээр найзладаг ойр дотныхондоо дөт байж ,хэрэгтэй үед тэдний дэмжлэг, тусыг авч байх

9. Дасан зохихох үйл явц багагүй цаг, хугацаа шаардана гэдгийг байнга санаж, тэвчээртэй  байх

10.Биеийн хүчний ажил хийх, биеийн тамир, спортоор хичээллэх. Энэ бол ганцаардал, уйтгар гунигийг мартагнуулах сайн арга бөгөөд сэтгэлд хоногшиж ,бугшсан ачаалалыг багасгана.

11.шинэ соёлтой холбоо тогтоох, хэл үзэж эхлэх, сурч байгаа хэлээ бататгах зорилгоор аливаа хамтлаг, нийгэмлэгт сайн дураар ажиллах нь дасан зохицоход, хэл сурахад дөхөмтэй.

12.Ард үлдсэн гэр орон, найз нөхдөө дурсан санах, сэтгэлийнхээ гунигийг нимгэлэх, гэхдээ хэт санаашрахгүй байх,хуучин үедээ хэтэрхий гүн автвал дахиж гарахад хэцүү гэдгийг мартаж болохгүй

13.Нутаг, орныхонтойгоо уулзах, танил хүмүүстэйгээ холбоо тогтоох, өмнөх ажил, бизнесээ дурсан  сэргээн ярилцах

14.Нөөц болоцоог ашиглан саадыг давна гэдэгт итгэлтэй байх

15. Гутранга биш, өөдрөг үзэлтэй байх. тааламжгүй орчин, хүмүүстэй тааралдсан бол дахиж тийм байдалд орохгүйн төлөө ажил, алхамаа зохицуулахыг хичээх

16.өөрийн дуртай зүйл, хообий, давуу талаа олж  хөгжүүлэх

17.Өөрт байгаа сайн сайхан эд зүйлсээ харах, хямгадах

Соёлын ялгааны  алмайралыг даван туулах гол арга нь гадаад хэл мэдэх явдал юм. Амьдарч байгаа орныхоо хэлийг мэдсэнээр харилцааны арга боломж нээгдэж, ингэснээр тухайн орны соёлын бэрхшээлийг хамгийн хурдан даван туулах, дөт зам нээгддэг.  шинэ соёлын балмагдалыг ойлгож, түүнийг богино хугацаанд даван туулах арга замыг эрчимтэй хайж, тэмцсэн хүн амжилт олж,улам урамшин , уйгагүй суралцаж,сэтгэлийн таашаал авч, өөртөө итгэх итгэл төрүүлдэг. Цаг үргэлж суралцах дийлдэшгүй хүсэл, тэмүүлэл гэдэг бол шинэ соёлын нөхцөлд амьдралдаа амжилт гаргах, өөдрөг амьдрахын үндэс болдог.

Гадаадад суугаа хүн хэрхэн соёлын ялгаанаас үүдэлтэй бэрхшээлтэй тулгардаг хийгээд ,түүнийг хэрхэн даван туулж байгаа талаар тодорхой жишээ, баримт бидний цаашдын судалгаанд хэрэгтэй байгаа бөгөөд, тэр бүхнийг эмхлэн цэгцлэж, нийтэд хүргэвэл гадаадад зорчин, ажил, амьдралаа зохицуулж байгаа хүн бүрт хэрэг болуужин хэмээн та бүхнийг өөрийн санал ,бодлоо илэрхийлэхийг хүсч байна.

One Response to “Culture Shock Healing”

  1. Goanna Says:

    hoyor-gurvan symptom ilrevee hoorhii kkk


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: