Australian beef for Mongolians in Seoul

From: www.dayarmongol.com

…Солонгос дахь Монгол хотхоны байрны наймдугаар давхарт байрлах “Жигүүр” каргоны эзэн Т.Болдбаатар өөрийн гэсэн махны төрөлжсөн дэлгүүртэй. Австралийн үхэр, хонины мах зардаг. Хонины мах кг нь 6000, үхрийн мах 8500, үхрийн элэг сэмж 4000 вонын үнэ ханштай. Тэр ч бүү хэл мах худалдаж аваад өөрсдөө хиам үйлдвэрлэдэг гэсэн….

Сөүл дэх монголчуудын амьдрал E-mail

2008 оны 12 сарын 10
ЕНАП агентлагийн урилгаар долоо хоног БНСУ-д зочлохдоо тэнд ажиллаж амьдарч байгаа монголчуудтай уулзаж тэдний амьдрал, ахуйтай танилцаж, халуун дотно яриа өрнүүлснээ уншигч та бүхэндээ хүргэж байна.
Тус улсад 20 гаруй мянган монгол иргэн, 600 гаруй хүүхэд байдаг гэсэн албан бус тоо баримтыг хэлж байлаа. Сөүлд монгол эмнэлэг, лам, зурхайч, бариач, карго, үсчин, дэлгүүр, хоолны газар, банк, сургууль гээд Монголын гэсэн тодотголтой үйлчилгээ аль хэдийнэ нэвтэрчээ.Сонин хэвлэл гэхэд “Дээдсийн хүрээлэн”, “Хүмүүсийн амьдрал”, “Сэрүүлэг” гэх мэт шар.сонин байнга очдог аж. Тэнд амьдарч буй монголчуудын ихэнх нь шар хэвлэл авч уншдаг юм байна. Нэг сонин нь 1500 вон гэнэ.
Монголчуудын халаасыг “сэгсэрдэг” бас нэг үйлчилгээ нь урлагийнхны тоглолт. Хошин урлагийнхан, зохиолын дуучид, рок, попынхон ээлж дараалан очиж монголчууддаа тоглолтоо сонирхуулдаг юм байна. Тасалбар нь 25-30 мянган вон гэсэн жишиг тогтжээ. Гэрээгээр ажиллагсдын хувьд эрүүл мэнддээ анхаарч, эмнэлгийн үйлчилгээнд хямд төсөр хамрагддаг бол хараар ажиллаж, амьдарч байгаад нь эмнэлгийн үйлчилгээ нилээд хүнд тусдаг байна. Солонгосын эмнэлэгт зөвхөн үзлэгийн үнэ 10 мянган вон, онош тогтоож эмчилгээ хийлгэх бол талийдаг аж. Харин сүмийн эмнэлгүүд хямд үзлэг, үйлчилгээ нэвтрүүлснээр хууль бус амьдарч байгаа иргэдэд ач тусаа өгсөн сайхан үйлчилгээ болжээ.
Монголоос авч ирж зарж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүн Солонгост 2-3 дахин нугарсан үнээр борлогддог юм байна. Тухайлбал, “Талх, чихэр компани”-ийн бүх төрлийн боов, боорцог нэг уут нь 5000 вон, бидний хэрэглэж дассан шпрот 2500, ууттай гүрж ногоон цай 2000, жигнэсэн мах 6000, шоколадууд 3000, липтон цай 3000, алаг салат 5000, хиам нэг кг нь 12 мянган вонын үнэтэй аж. “Хараа” архи хэмжээнээсээ шалтгаалж 9-12 мянган вон, “Хар чингис” 25 мянга, зөгийн бал 6000, цуу 4000 вонын үнэтэй. Манайхны их хэрэглэдэг халуун сав 30 мянган вон гээд тавьчихсан нь ихэд гайхшруулж зургаан мянгын үнэтэй халуун сав яагаад 30 мянга хүрдэг байна вэ? хэмээн бодож худалдагчаас лавлахад, халуун сав чирч ирдэг хүн энд байдаггүй юм гэв. Солонгост халуун сав гэсэн ойлголт байхгүй. Тэгвэл манай монголчууд өтгөн сүүтэй цайгаа чанаад халуун савандаа хийж авч явахаас эхлээд орой ирэхэд нь халуун цай, халуун усаа савлаж хэрэглэдэг учраас эрэлт ихтэй байдаг хэмээн тайлбарлалаа.

“Хаалгаа барьсан” эзэд цалинд нь тааруулж бараа “шахжээ”

Дэлхийд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал БНСУ-ыг тойрсонгүй. Жижиг хувийн үйлдвэрүүд хаалгаа барьж тэнд ажиллаж байсан монголчууд ажилгүй болох аюул нүүрлэж байна. Төрөл бүрийн эмэгтэй хүний цамц оёж гадаадад гаргадаг оёдлын үйлдвэрийн оёдолчин Г.Туяа, “Би энэ үйлдвэртээ овоо хэдэн жил ажилласан. Манай эзэн монгол ажилчдад их элэгсэг ханддаг. Яагаад гэвэл, бид тусгай машинууд дээр нь хурдан даддагажиж, амархан сурдаг. Үйлдвэрт маань зургаан монгол эмэгтэй бий. Бидний хийсэн бүтээгдэхүүн АНУ, ОХУ-ын зах зээлд гардаг гэсэн.
Сүүлийн үед яаж ч ажиллаад цалин нэмэгдэхгүй. Зарим тохиолдолд цалингаа цаг тухайд нь өгч чадахгүй болоод байсан л даа. Тэгээд нэг л мэдэхэд дампуурлаа зарлачихсан. Бид үйлдвэрийн үлдэгдэл барааг хямд үнээр зарж борлуулах ажилд нь оролцсон. Эзэн биднээс уучлалт гуйгаад цалин хөлсөнд тохирсон үнээр цамц “шахсан”. Нэг цамцаа 32 мянган воноор зардаг юм билээ. Бидэнд нэг цамцаа 15 мянган вонд бодож өгсөн. Би сард 950 долларын цалин авдаг. Цамцаа сүүлийн хоёр сарын цалинд маань бодож өгсөн. Би гэхэд бүх цамцаа Монгол руу ачуулчихсан байгаа. Аягүй бол та ч манай үйлдвэрийн цамцыг авч өмсөж магадгүй” хэмээн инээв. Цамцны хувьд чанар, хийц, загвар сайтай, нимгэн даавуу, силкин, гоёлын цамц оёдог гэлээ.

Доллар “хаан” биш

Түндэмуны Монгол хотхонд нутаг нэгтнүүдтэйгээ уулзаж байх үеэр Сөүлээс нилээд зайдуу хөдөө модны үйлдвэрт ажилладаг Б.Пүрэвсүрэн хэмээх залуу “Би нэг санаа хэлмээр байна” гэсээр ирсэн юм. Ерөнхий сайдын айлчлалын үеэр албан ёсны таван банкаар мөнгөө гуйвуулахаар болж жижиг мөнгө гуйвуулдаг хувийн карго бүгд хаагдсан. “ХААН”, “Монгол шуудан”, “Капитрон”, “Голомт”, “Анод” гэсэн банкуудаар мөнгө гуйвуцулахад баталгаатай хэмээн Солонгост салбаруудыг нь нээсэн. Тэгтэл Монгол руу цалингийнхаа хэд гурван төгрөгийг шилжүүлье гэхэд л заавал воноо доллар болгодог. Улсын банк л юм бол ямар л бол ямар валютаар хөрвөх учиртай гэж боддог. Ер нь хүссэн валютаар хөрвүүлж болохгүй гэж үү. Ганц долларыг шүтээд суугаад байдаг нь банкуудын ханш дээр нь тоглож ашиг олдог нэг боломж байх. Евро, юань, иен ч байсан яадаг юм бэ, зах зээлд тогтвортой валютаар хөрвүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр сая 500 мянган вон Монгол руугаа явуулах гэсэн вонын ханш эрс буугаад доллар өсчихлөө. Тэгвэл аль нэг тогтвортой валютаар мөнгийг маань хүлээн аваад Монголд хүссэн валютаар өгөх ёстой. Ганц долларыг шүтэж суудгаа болих цаг болсон” гэж байлаа. Тэрээр тавилга хийдэг үйлдвэрт ажилладаг бөгөөд Солонгост ирэхээсээ өмнө манай хэвлэл мэдээллийн байгууллагад сэтгүүлчээр ажиллаж байсан гэлээ. Гэрээр ингэж ажиллаагүй бол сэтгүүлчийн цалингаар өөрийн гэсэн байртай, унах унаатай болж амжихгүй байлаа.
Эр хүн чинь “үүрээ засах”, үр хүүхдээ, гэр орноо авч явах гээд эмэгтэйчүүдээс илүү ачаа үүрдэг. Ямар сайндаа л хүний нутагт борви бохис хийлгүй ажиллаж өөрийн гэсэн орон гэртэй, оочих аягатай боллоо. Залуу насны эрч хүчтэй үедээ ажиллаж хэдэн төгрөг хуримтлуулах гэж зүтгэж явна” гэв. Солонгосын ажил олгогчид ажилдаа сайн, итгэлтэй хүмүүсийн гэрээг сунгаж ажиллуулдаг гэнэ. Тэрээр найман жил энд ажиллаж байгаа бөгөөд эхнэрээ татаад авчихсан хамт нэг үйлдвэрт ажилладаг юм байна. Цалин нь сая 800 мянган вон авдаг байсан бол одоо илүү цагийн мөнгө өгөхөө больсон. Энэ нь эдийн засгийн хямрал нүүрлэж эхэлсний гай шууд ажилчин бидэнд тусч байгаа нэг хэлбэр хэмээн ярив. Энд архины шил, АПУ-гийн шошгийг ашиглаж хуурамч архи үйлдвэрлэж байгааг олон хүн хэлж байлаа.
Монголоос ирж байгаа “Хар чингис”, “Хараа”, “Алтантүрүү”, “Мөнгөн түрүү” эндхийн архинаас шал өөр амттай байдгийг ч дуулгаад авлаа. Монгол архины салбарыг энд нээснээр монголчуудын архидалт ихсэж гэмт хэрэг зөрчилд орох нь нэмэгдсэн гэнэ. АПУ-гийн салбар нээгдээгүй байхад сөжү, шар айраг л ууна, согтолт багатай, айхтар онц ноцтой хэрэг гарах нь ховор байсныг тэд хэлж байлаа.
Монголчуудын нээсэн архины салбар дэлгүүрт виски, Хараа, Чингис, Алтан түрүү, Мөнгөн түрүү гээд нөгөө л 40 градусын айхтар хүчтэй монгол архи бүгд байдаг. Тэр бүү хэл монгол хоолны газруудад архиар үйлчилдэг болсноор бие биенийхээ хэрцгийгээр амь насыгнь бүрэлгэсэн хэрэг цөөнгүй гарсанд эмзэглэж явдгаа “Монгол таунд” таарсан монголчууд хэлсэн.

“Чингис хивсээ хуу татаад авсан”

Г.Тамир хэмээх залуу Сөүлд ажиллаж амьдраад багагүй хугацаа өнгөрчээ. Тэрээр, бэлэг сэлтээ анхаармаар юм билээ шүү хэмээн онцолж байсныг дуулгая. Тэрээр ээлжит амраитаараа Монголдоо ирээд буцахдаа нөгөө л монгол хүний зочломтгой, дайламтгай зангаараа үйлдвэрийнхээ эзэнд “Чингис хаан”-ы дүртэй хивс, архи, ааруул хурууд гээд Монголын аль сайхан гэж бодсон идээ ундааны дээжээ аваад очжээ. Манай Монголын идээ гээд ааруулаа үйлдвэрийн солонгос ажилчиддаа амсуултал зарим нэг нь ярвайгаад хогийн сав руу хаяж байхыг хараад эвгүйцэх сэтгэл төрдөг юм билээ. Үйлдвэрийнх нь эзэн Тамирт нилээн сайн, хаяа караокед дуулж хамт хооллодог гэнэ. Нэг удаа түүнийг гэртээ урьтал нөгөө хэдэн сарын өмнө бэлэглэж байсан эзэн Чингисийн хөрөгтэй хивсийг нь үүдэндээ дэвсчихсэн. Тэрэн дээр нохой нь хэвтэж байхыг хараад дотор нь харанхуйлж ёстой уйлмаар болсон.
Тэгээд танд энэ хэрэггүй бол би авъя даа. Энэ хивс үүдэнд дэвсдэг эд биш. Бидний хүндэлж биширдэг их эзэн Чингис хаан маань байгаа юм гэж хэлээд хуу татаж аваад гарчээ. Маргааш эзэн нь уучлалт хүссэн гэдэг. Манайхан л болсон хойно хүмүүст бэлэг сэлт энэ тэр гээд бөөн юм болдог. Бидний дээдэлж биширдэг юм бүрийг гадаадын хүмүүс тэр бүр мэддэггүй. Тийм болохоор зүгээр жижиг бэлэг дурсгалын нандин зүйл бэлэглэх нь зүйтэй юм шиг санагдсан гэж байв. Хүний нутагт монгол хүн улам үндсэрхэг үзэлтэй болдог юм шиг санагдсан. Дээдэлдэг идээ ундаа, бүтээгдэхүүнээ хог мэт үнэлүүлэхээс татгалзаарай хэмээн дараа дараагийн ирэх монголчууддаа сануулах үүднээс энэ түүхээ өгүүлж байна гэлээ.
Ер нь Сөүлд амьдарч байгаа монголчуудын олонхийн санал нь гэр бүлээрээ гэрээгээр ажиллахыг их хүсдэг нь илт байлаа. Энэ асуудлыг холбогдох яам тамгын газруудад нь хэлж дамжуулж огөөч ээ. Сэтгүүлч та бүхэн олны саыаа бодлыг сонсож дамжуулдаг гүүр шүү дээ. Тийм болохоор илэн далангүй ярьж байна гэцгээж байлаа. Сүүлийн үед гэр бүл салах, хүүхэд ончрох асуудал маш их гарч байгааг дурьдсан юм. Гэр бүлээрээ ажиллагсад илүү тогтвор суурьшилтай, сэтгэл санаа тайван амгалан, монго ч сайн хураадаг аж. Монголчууд зарим Азийн орнуудын хүмүүс шиг насаараа хүний нутагт амьдрах хүсэл огт байдаггүй. Хэдэн төгрөг хийчихвэл нутгийн зүг хүлгийн жолоо хурдан залахсан л гэж бодож явдаг хэмээн хэлж байсан.
Одоогоор Соүлд албан ёсны нэгмонгол сургууль байдаг. Гэхдээ Сөүл дэх монгол хүүхдүүдийг бүгдийг хамарч чаддаггүй юм байна. Зарим эцэг, эхчүүд хүүхдээ өндөр төлбөртэй сургууль, цэцэрлэгт сургадаг. Сүмийн сургууль нь хямд боловч сургалтын чанар тааруу учраас тэр бүр хүүхдээ сургах нь ховор гэнэ. Солонгос дахь Монгол хотхоны байрны наймдугаар давхарт байрлах “Жигүүр” каргоны эзэн Т.Болдбаатар өөрийн гэсэн махны төрөлжсөн дэлгүүртэй. Австралийн үхэр, хонины мах зардаг. Хонины мах кг нь 6000, үхрийн мах 8500, үхрийн элэг сэмж 4000 вонын үнэ ханштай. Тэр ч бүү хэл мах худалдаж аваад өөрсдөө хиам үйлдвэрлэдэг гэсэн. Гэрээгээр ажиллагсдын байр, хоолыг тухайн үйлдвэр нь хариуцдаг юм байна. Зовхи нь өөдөө зарим монгол иргэд маань яг л эх нутагтаа амьдарч байгаа шиг тансаг сайхан амьдардаг гэнэ. Хоёроос гурван өрөө байртай, халуун усны душ, банн бүгд бий. Ийм байранд амьдрахад зөвхөн барьцаанд нь 5-10 сая вон төлөхөөс гадна cap бүр 200-300 мянган вон төлдөг юм билээ. Монголчууд маань хаа ч явсан цоглог улс юм. Бүгд л солонгос хэлээр чөлөөтэй ярьж, Сөүлийн гудамжинд машин хөлөглөж дуртай газраараа давхиж явна.

Д.Догсмаа /МОНЦАМЭ мэдээ/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: