Knowledge is not only Freedom, but also Power

From: Tulah Tseg-Very informative

Боловсрол мэдлэг бол эрх чөлөө төдийгүй бас эрх мэдэл гэж нэгэн суутан хэлсэн нь бий.
Сайн хүн | Өөрийгөө яаж хүндэтгэж сурах вэ? | Та бүтээлч сэтгэж чадна | ЗӨВ ОРЧИН
Мөнгө өөрийг нь хайрласан хүнийг л хайрладаг | Хүмүүсийн бүх ялгаа
Єглєє бvр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та тєсєєл дєє
Нэг цагийн үнэ цэнэ | Аз жаргалын тvлхvvр

Боловсрол мэдлэг бол эрх чөлөө төдийгүй бас эрх мэдэл гэж нэгэн суутан хэлсэн нь бий.

Би өнөөдөр энд та бүхэнд хандан нэгэн зүйлийг хэлье. Гэхдээ Ричард Бахын зохиолоос иш татан тэрхүү хэлэх зүйлээ тодотгон өгүүлэхийг хүссэн юм. Энэ бол нэгэн эрх чөлөөнд дурласан цахлайн тухай өгүүлдэг бэсрэг зохиол билээ. Ихэнх цахлай хоол олж идэхийн тулд загасчны завь тэнгисийн эрэг хоёрын дунд өмх загас жараахайны төлөө бүхэл өдрийг нисэж өнгөрөөнө. Харин Жонатан хэмээх нэгэн залуу цахлай тэдгээр цахлайнаас тэс өөрөөр агаарт эргэлдэн нисэх сургууль хийсээр бүхэл өдрийг өнгөрөөдөг байжээ. Түүний тухай бусад цахлайнууд өөр зуураа тэр тэнэг хоол олж идэхгүй ингэж утга учиргүй нисэж байгаад үхнэ дээ гэж ярилцдаг байлаа. Мөн гэрийхэн нь ч түүний энэ байдалд дургуйцэн олны жишгээр амьдраач дээ хэмээн үглэж эхэлдэг байжээ. Нэгэн өдөр ээж нь Жонаттангаас чи хоол олж идэхгүй ниссээр байгаад өлсөж үхэх вий дээ. Яагаад өдөржингөө ингэж утгагүй өөрийгөө зовоон нисэж байдаг юм бэ дээ гэж асуухад Жонаттан өлсөж цанган яс арьс болох нь надад хамаагүй ээ ээжээ. Та нар ойлгож байна уу. Би зөвхөн агаарт юу хийж чадах юу хийж чадахгүйгээ мэдмээр байна. Ердөө л энэ. Би суралцахыг л хүсэж байна шүү дээ гэж хариулжээ. Аав нь Хэрэв ямар нэгэн зүйл сурмаар байгаа бол идэх хоолоо олж сур. Энэ нисэх оролдлого чинь үнэхээр аятайхан байна. Гэхдээ нислээ гээд ходоод дүүрдэгүйг чи мэднэ шүү. Чиний нисэх шалтгаан бол зөвхөн хоол хүнс олох явдал гэдгийг хэзээ ч бүү март гэж хэлж цахлайн амьдралын бодит байдлыг өгүүлэхэд Жонаттан толгой гудайлган амьдрал зөвхөн хоол олохын төлөө гэж үү хэмээн өөрөөсөө асуусаар жирийн тэдгээр цахлайн амьдралаар амьдарч хүсэл мөрөөдлөө хязгаарлахаар болов. Тэр бусадтай л адил өдөржингөө л хоолны араас хөөцөлдөн явахыг оролдовч энэ нь түүнд таалагдахгүй бас утгагүй санагдаж байлаа. Нэгэн өдөр дур үл төрөм энэ амьдралынхаа өдөржин өнгөрөөсөн нислэгийн үр дүнд арай ядан агнасан жараахайгаа өлсгөлөн хөгшин цахлайны өмнө зориуд унагах үедээ Жоннатан энэ бүхэнд ямар утга байнаа хэмээн өөрөөсөө асуугаад ямарч утга алга, хөгширч өтөлсөн хойноо хоол идэхээс өөр дурсамжгүй энэ өвгөн цахлайн адил байх ёстой юм гэж үү би хэмээн бодов. Тиймээ би ингэж цагаа дэмий өнгөрөөхийн оронд хүсэл мөрөөдөлтэй байж болох шүү дээ. Сурах зүйл ямар их гээч гэж өөртөө хэлээд өмнөх хүсэл мөрөөдлөө үргэлжлүүлэхээр шийджээ. Энэ нь түүнд амар бас жаргалтай байлаа. Жонаттан цахлай болж төрсөн хэдий ч шонхор шиг дүүлж хараацай шиг шумбан нисэж сурахыг хүсэж байв. Өөрөөр хэлбэл төгс төгөлдөр нисэж сурахыг хүссэн юм. Түүний энэ мөрөөдөл хүсэл нь бүхнийг сурах гэсэн энэхүү эрмэлзэл нь цахлайд ч бас загасчны завь эргүүлдэн өдөржингөө нэг л хэвийн уйтгартайгаар нисэхээс өөр хувь заяа байдгийг уйтгарт энэ амьдралыг чи хүсвэл өөрөө өөрчилж чадахыг чи мэдрүүлж нүднийхээ өмнөх хөшгийг арилгаж авъяас чадвар ухаанаа ашиглан өөрийгөө шинээр нээж хүссэнээрээ байж чадвал цахлай ч бас шонхор болж болдог юм байна гэх итгэлийг төрүүлжээ. Энэ зохиолд хамгийн гол нь хэн ч өөрөөр сэтгэх ахул өөрт хийсвэрээр оногдоод буй аливаа хязгаарыг даван туулж эрх чөлөөтөй болж болох юм байна хэмээн бодсон явдал бөгөөд үнэндээ хувь заяа гэдэг бол бидний өөрсөддөө бий болгосон хязгаарын тухай төсөөлөл төдий зүйл, хэн ч өөрөө өөрийнхөө урьдчилсан хувь тавилангаа өөрчилж эрх чөлөөтэйгээр шинэ амьдралд орж болохыг энэхүү жоннатаны амьдралын шинэ утга учраар төлөөлүүлжээ. Бид өнөөдөр энэ зохиолд гарах жирийн цахлайнууд шиг үлгэн салган алхаж өөрийгөө өөрчлөх гэсэн бус зөвхөн хоол олж идэхийн төлөө дээд сургуульд сурч байгаа юм гэж үү. Хэрвээ бид энэ зорилгоор сурч байгаа бол энэ бодолдоо өөрийгөө хүлчихээд сурч байгаа жинхэнэ мөн чанарт хүрч чадах уу. Энэ асуултыг бүгдээрээ өөрсөдөөсөө асууцгаая л даа. Бидэнд энэ оюун ухаан хоол олж идэхдээ ашигла гэж заяасан юм болов уу. Аль эсвэл оюун ухаанаа нээхийн тулд ид гэж ходоод заяасан юм уу. Эртний Ромын Сенека төрөөд идэж ууж эцэст нь үхэхийг хорхой шавьж ч чадна. Харин хүний амьдрал, ёгт үлгэр хоёр урт богиноороо бус утга агуулгаараа үнэлэгддэг юм хэмээн өгүүлсэн байдаг. Түүнлүгээ бидэнд уйтгартайгаар өөрсдийгөө хууран дүнгийн төлөө ходоодоо дүүргэх хоолныхоо төлөө сурахаас өөр сурах гэгээн хүсэл шалтгаан байж л таараа. Бид нүднийхээ өмнөх хөшгийг ярж авъяас чадвараа ашиглан өөрсдийгөө шинээр нээн оюуны эрх чөлөөнд дурлан амьдрах боломж зөвхөн танин мэдэхүйн их эзэн оюутан бидний гарт л байна. Бид энэ сурах гэдэг үгний утгыг арай өөрөөр харах цаг нэгэнтээ болсон болов уу. Учир нь бид цагаа хий дэмий нөхцөөхийн оронд Жоннатан адил өөрсөддөө ухаалаг оюуны ертөнцөд би юу хийж чадах юу хийж чадахгүйгээ үз
эхээр суралцах жинхэнэ хүсэлд автан өөрийн энэ амьдралаа утга учиртай болгох тэр цаг үе мэдээллийн хурдацтай эрин зуун эхлээд өөрийн хэмнэлээрээ урсаад нэгэнт эхэлчихжээ… Энэ урсгалд хоцрохгүй бас живэхгүй мандал дээр нь хурд нийлүүлэн хөвөх нь биднийг энэ цаг үеийнхэн хэмээн үнэлэх дурсгах гол шаардлага юм бус уу. Бидэнд сурах зүйл их байна. Ирээдүйн нэг дипломын төлөө орж байгаа хичээлийг дуртай дургүй үзэх байдлаасаа өөрийгөө чөлөөлж жинхэнэ суралцах оюуны эрх чөлөөнд тэмүүлж өөрийнхөө ертөнцөд нисэхийг нэр төртэйгээр дүүлэхийг хүсэхгүй байна гэж үү оюутан та. Би лав хувьдаа хүсэж байна.

Бичсэн огноо Баасан, 2007 оны 12-р сарын 7 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 1 Сэтгэгдлүүд

Сайн хүн

Тэмүүлэлгүй бол хүн адгуус болж хувирна. Хүсэл тэмүүлэл хүний хөгжил дэвшлийн оньсыг хөдөлгөн, сайн үйлд хөтөлнө. Хүн үргэлж сайныг хүсч, сайханд тэмүүлэх төрөлх чанартай болохоор тэр. Сайн хүн болох хүсэл бол залуус та нарын амьдралын том зорилго, агуу их тэмүүлэл байх учиртай. “Хүн бүхэн хүн байгаасай гэж хүснэм”. Хүн бүхэн хүн байж чаддагсан бол айх аюулгүй амар тайван, ичих зүйлгүй нүүр бардам, хулчийж хулганахгүй харц дээгүүр амьдрахсан. Сайн хүн гэдэг нь муу үйлийг биеэр үйлдэх нь бүү хэл бодол сэтгэлдээ төсөөлөхгүй амьдрах эгэл жирийн л хүн. Сайн хүн байхын тулд гайхалтай мэргэн оюун ухаан, гаргууд сайн мэдлэг боловсрол аль аль нь тэгтлээ зайлшгүй биш. Хүнээ алдаагүй, хүн шиг хүн байхад л хангалттай. Хүн бүр алдар цуутан болж суу алдраа мандуулан мөнхжүүлж чадахгүй ч сайн хүн байж, алдар нэрээ дуурсган хүндлүүлж лавтай чадна. Хүн өөрийн бодол ухаанаа хэзээ ямагт сайн үйл рүү захиран жолоодож чадвал гайхамшигийг эс бүтээвч, гутамшигтай үл учирна. “Чамайг хорвоод анх мэндлэхэд эргэн тойрныхон чинь баярлан инээж байхад чи ганцаараа уйлж байсан. Харин хорвоог орхин одохын цагт эргэн тойрны хүмүүс уйлж байхад чи ганцаараа инээж байхаар амьдрах хэрэгтэй” гэсэн Энэтхэг ардын үг байдаг. Дорно дахины үг. Насан турш сайн үйлийг бүтээж, сайн хүн байж чадсан тэр эрхэм хүн л амьдралын ийм гэгээн зам мөртэй байх тавилантай. “Жаахан хүүхдийг ичээж зовоогоогүй, эрэлхэг хүчтэнээс ч хулчийж зугатаагүй гэсэн сайхан нэрийг би хойч үедээ үлдээмээр байна” гэж Английн зохиолч Тоомас Хюүз бичжээ. Өрнөдийн хүний үг. Дорно, өрнө хаана ч төрсөн бай ялгаагүй бүгд сайн хүн байж, сайнаар дурсагдах амьдралын замыг туулах чин сэтгэлийн хүсэл мөрөөдөл нь адил ижил ажээ. Сайн хүн гэдэг чинь чухам хэн бэ? “Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана. Ер нь сайн санааг сайн үйл дагах нь сүүдэр эзнээ дагах лугаа”. Эрдэм ухаан энэ ертөнцийн гэрэл гэгээ болон гийгүүлж байдаг бол эерэг зөв санаа бодол энэ биеэс чинь гэрэл гэгээ болон цацарч, явах замыг чинь нар, сар мэт гэрэлтүүлнэ. Сайн санаа, зөв бодолтой байх нь сайн хүний түших хоёр багана, тулах бат тулгуур мөн. “Сайн санаа, сайхан сэтгэл гэдэг бол хэлгүй хүмүүс ч ярьж чадах, дүлий хүмүүс ч сонсч чадах хэл юм”. Санаа сайтай хүн – сайн хүн. Эртний Герегийн нэгэн сэтгэгч “Хамгаас сайн үйл юу вэ?” гэдэг асуултыг өөртөө тавиад “Хийж байгаа ажлаа сайн хийх” гэж хариулсан байна. Хариуцсан ажлаа эзний ёсоор, тэгэхдээ сэтгэл зүтгэл гарган хийдэг хүн – сайн хүн, сайн үйл үйлдэж яваа хүн ажээ. Сайн үйлс нь сайн нэрийг үлдээдэг. “Хий ярихаас хийж үйлдэх нь чухал”. Бага ярьж, ихийг хийх нь бас л сайн хүний шинж билээ. Ажил, анхиагүй хүн аз жаргалыг хэзээ ч үл эдэлнэ. Ажил сайтай хүн – сайн хүн. Германы гүн ухаантан А.Шопенгауэрын хүмүүсийг гурван зиндаанд ангилж хэлсэн сургамжтай үг бий. “Бусдад сайныг хүсдэг хүмүүс. Өөрт сайныг хүсдэг хүмүүс. Бусдад мууг хүсдэг хүмүүс”. Өөрт сайныг хүсэх нь хүний заяамал төрөлх араншин юм. Өөрөөсөө илүү бусдад сайныг хүсэх нь сайн хүний гэгээрсэн сэтгэлийн илэрхийлэл. Хүүхэд залуус та нар бусдад сайныг хүсдэг хүн болохыг туйлаас хичээ. Харин бусдад мууг хүсдэг хүн байж хэрхэвч болохгүй гэдгийг цаг үргэлж санаж явах хэрэгтэй. “Бусдын төлөө өөрийгөө зориулсан хүн хамгийн сайн хүн” гэж А.Линкольн тодорхойлжээ. “Бидний өдөр тутмын санаа, явдал бусдын тусын тулд чиглэх ёстой” гэж Дээрхийн гэгээнтэн айлдсан. Настнаа хүндлэн дээдэлж, нялхасыг асран халамжилж байх нь сайн хүний ёс. Эцэг, үрийн элбэрэлийг сахиж, эрхмийн дээд нэрийг нь хугалахгүйг хичээж, хүний зэрэгтэй хүн болж, хөгшид өтгөсөө баярлуулдаг, алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий гэж удмаа энэрдэг нь монгол зан буюу. Аав, ээжийн ачийг ачаар хариулах шиг сайн үйл, буянтай үйлдэл үгүй. Аливаа хүн амьдралынхаа эх, эцэс хоёрт бусдын хайр элбэрэл, халамж асаргаанд байх тавилантай. Үүнээс бусад цагт өөрийн биеийг өрөөлийг энэрч хайрлахад бүрнээ зориулах нь таны эрхэм үүрэг. “Чи амьд явах хэдий чинээ дуртай байгаа шиг чинь хүн бас төдий чинээ дуртай байгаа. Өөрийнхөө амьдралыг хайрладаг шигээ хүнийхийг бас тэгж хайрлах хэрэгтэй”. Монгол эхийн үрээ гэсэн сэтгэл хайр, энэрэлийн ноён оргил. Алаг үрээ айх аюулгүй, дутуу гуцуугүй, зол жаргалтай байлгахад юугаа ч хайрлахгүй зориулж байгаа эх хүний хайраас илүү гарах хүчтэй, ариун нандин зүйл нэгээхэн ч үгүй. Эхийн хайранд ойртож дөхөж чадахгүй ч элбэрэл журамт хайраар бусдыг хайрлаж явцгаа. Хүнд тусархуу, өр нимгэн, өрөвч сэтгэлтэй байх нь сайны шинж. “Бусдын тус бүтвэл өөрийн тус бүтнэ”. Энэ бол гайхамшигт “Үүлэн зардас”-ыг бичсэн суут Калидас
ын хэлсэн үг. Монгол цэцэн үг шиг манайд нутагшсан хэллэг. Мэддэг, чаддаг бүхнээрээ бусдад тусалж бай. Мэдэхгүй, чадахгүйд тулаад ирэхийн цагт бусдын тус чамд ирнэ. Нүднээсээ нулимс дуслуулан уйлахыг зөвхөн хүн ч биш, хуурын хөг аялгуунд тэмээ мал ч хийж чадна. Харин зовсон ядарсан нэгнийхээ төлөө нулимс дуслуулдаггүй юмаа гэхэд тус болж, өөд татахыг гагцхүү ухаант хүн л хийж чадна. Чадал хүч дордсон өтгөс, зүдсэн ядсан хөөрхийсийг өрөвдөн хайрлах нь өр нимгэн, өрөвч хүний нинжин сэтгэл. Гэхдээ л зөвхөн амаа хөдөлгөн өрөвдөж, сэтгэлдээ шаналан халаглах нь хангалттай биш, бэрхшээл хүндрэлийг нь нимгэлэхэд гараа хөдөлгөн туслахыг зайлшгүй үүргээ гэж үздэг байх хэрэгтэй. Хэлэх ярих нь сайхан, ялдам тусархаг авч, хийхээ болохоор хойш суугчид тус нэмэргүй, өрөөлийг гомдоодог цэвдэг сэтгэлтнээс нэг их дээрдэхгүй ээ. Уур уцааргүй, уян зөөлөн байх нь бас л сайн хүний зөв төрх. Уур биеийг зовооно, бусдыг шаналгана, бас гомдооно. Уур бол сэтгэлийн гаж илэрхийлэл билээ. Галыг гал унтраадаггүйтэй адил уурыг уур дийлдэггүй. Уурыг дарах бэлэн жор хүн бүрт заяасан байгаа. Энэ бол эрүүл саруул ухаан. Уурыг ухаан л дарна. Хорыг хороор гэж монголчууд ярьдаг ч нэг бурууг сөргүүлэн нөгөө бурууг тавьснаар зөв үүсдэггүй гэдгийг залуу хүн бүр санаж яв. Уурыг давж уурлаад сайнд хэзээ ч хүрэхгүй. Уурласныг уучилж чадах ууч сэтгэлтэй, уурын мөсийг хайлуулах уян зөөлний илчтэй байж сая уур уцааргүй орчинд амар жимэр, амгалан тайван амьдарна. Уурыг дарах бэлэн жор хүн бүрт байдгийн адил уурыг барих жор мөн заяасан байна. Энэ бол сэтгэлийн их амар амгалан. Амар амгаланг хор тайлах ерөндөг адил хэн нэгэн ачтан танд хайрлахгүй. Амар амгаланг хаа нэгтэйгээс худалдан авч чадахгүй. Мөнгөөр арилждаггүй олон зүйлийн нэг нь энэ. Сэтгэлээ барьж, өөрийгөө захирч, бусдыг хайрлаж байж амар амгалангийн жаргаланг эдлэх болно. Бусдын зовлонг өр зүрхээрээ мэдэрч, сэтгэл зүрхээрээ хуваалцдаг, өрөөлийн жаргалыг хараад өөрийнх мэтээр баясаж чаддаг байх нь сайн хүний сайхан чанар. Жаргал, зовлон ээлжлэн байдаг нь хорвоогийн жам. Зовох цагт илэрсэн хүн чанарын хэмжээсээр нөхрөө таньдаг нь монголчуудын зан. “Аяа наран саран хэний үүдэнд гийгүүлэхгүй буй? Мандах доройтох цаг хэнд ирэхгүй буй” гэж ухаантны хэлсэнчлэн ядарч доройтох үе хүмүүнд ирэх нь үйлийн үр, заяа төөргийн учрал биз. Зовлон надаас холуур өнгөрөг, намайг дайрахгүй бол аз гэж бодох нь мунхагийн гай. Бусдын зовлонгоор жаргал хийж цэнгэвэл бүр булай мунхагийн шинж. Сайхан бүхнийг хараад нүд хорсон атаархах бус, сэтгэл баясан таашаадаг байх хэрэгтэй. Хүний бүтээсэн сайн үйлсээр бахархаж, өөрөө хийсэн мэтээр догдлох нь ариун сэтгэлт хүмүүний гэгээн тунгалаг араншин мөн. Бусдын төлөө хийсэн сайн үйлэндээ баясан дэвхцдэг хүний үйлс заяа нь үргэлж дээшээ. Биед учрах зовлонг туулах бэрх хэцүү, бусдад тохиолдох зовлонг хуваалцахад амар хялбар гэж битгий бод. Бусдын зовлонг чин зүрхнээсээ хуваалцах сэтгэлтэй байвал өөрт учрах бэрхийг өлхөн туулах сэтгэлийн хат суудгийм. Тэнхлүүн явахад танигдсан хүний мөс тэвдэж явахад шалгагддаг юм шүү. Би жигтэйхэн сайн хүн гэж цээжээ дэлдээд хэрэггүй. Сайн, муу хэн болохыг олны ам аяндаа хэлээд өгнө. Туулан өнгөрөөж байгаа амьдралын зам чинь өөрөө зурайтал зураад, дурайтал бичээд үлдээнэ. Залуу анд минь, хүний дээд, сайн хүн байж гарцаагүй чадна гэдэгтээ бат итгээрэй.

Бичсэн огноо Баасан, 2007 оны 12-р сарын 7 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 4 Сэтгэгдлүүд

Өөрийгөө яаж хүндэтгэж сурах вэ?

Хүн бүр өөрийгөө ямар хүн гэдгийг мэддэг. Өөрийгөө өндрөөр үнэлэх нь хүний байдалд сайнаар нөлөөлж, амжилт гаргахад тусалж, аз жаргалтай болгодог гэж ярьдаг. Энэ үнэн, гэхдээ ийм үнэлгээ нь бодит байдалтай нийцэж байвал шүү дээ. Үндэслэлгүйгээр өөрийгөө хэт дээгүүрт үнэлдэг хүмүүс сэтгэлзүйн бэрх шээлтэй тулгардаг, тэдэнд хүнлэг дулаан сэтгэл, уудам өршөөнгүй сэтгэл дутагддаг, бусадтай нийцтэй байж чаддаггүй. Тэд амжилт бүхнийг өөрийнхөө гавъяа гэж үзэн, бүтэлгүйтвэл хэн нэгнийг буруутгадаг. Харин өөрийгөө хэт доогуур үнэлдэг хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд үүнээсээ болж их шаналдаг. Ихэнх хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлгээ нь бусдын буюу дарга, удирдах ажилтнуудын санаа, бодлоос хамаардаг. Уг нь энэ тохиолдолд отгэлзүйчийн тусламж хэрэгтэй. ”Нөхөр нь хүнд өвчтэй, ээжийн хараа муудаад байгаа учир ганцааранг нь гэрт орхиж болохгүй байна, хүү маань гадаадад ажиллаж байгаа, гэтэл хүүхдүүдээ мартчихсан бололтой, мөнгө явуулахаа байлаа, хажуугаар нь эхнэрээсээ салж буй сурагтай” гээд л асуудал ундраад байдаг. Та бүх асуудлыг нэг мөсөн шийдэх гэж улайраад амжихгүй болохоор сэтгэлээр унаж, бухимдаж, уйлж унждаг уу? Үүний оронд та сэтгэлзүйчид ханд. Өөрөөсөө дэндүү ихийг шаардахаа боль. “Өдөрт нэг л ажил амжуул”. Энэ бол одоо таны уриа. Өөрийн үнэлгээгээ дээшлүүлэхэд заримдаа ялимгүй зүйл шаардагддаг. Тэвчишгүй гэж үзэж байсан амьдралын орчны ганц зүйлийг өөрчлөхөд л бүх зүйл өөрөөр харагдана. Танай ганц өрөөнд хоёр хүүхэдтэйгээ амьдардаг, нэг нь нялх гэж бодьё, суурь даавуу угаах, хөхүүлэх, угж сүү, хоол унд танд маш сайхан хэтийн төлөв бүхий шинэ ажил санал болгожээ, таны унтаж байсан эрч хүч сэргэж, бүхнийг амжуулаад зогсохгүй, огт танигдахгүй цоо шинэ хүн болно. Энэ бол ч өөрийгөө зөв үнэлж чадсаны ач. Та үе үе гэнэт ямар ч шалтгаангүйгээр уурлаж уцаарладаг болсон уу? Хамт ажилладаг хүмүүсийн үйлдэл, шүүмжлэл таныг галзууруулах шахдаг уу? яагаад гэж өөрөөсөө асуу. Хүн болгон л таныг чадах гээд санагдаад байна уу? өөртөө итгэлтэй хүний толгойд хэзээ ч ийм бодол төрөхгүй гэдгийг ойлго. Энэ бүхэн бол та өөрийгөө хэт доогуур үнэлдэгийн баталгаа. Түүнээс гадна байнга түгших, огт шалтгаангүйгээр айх, бухимдах, бүхэнд хайхрамжгүй хандах, бусдаас үргэлж юм гуйх хүсэх, гомдоллох, өөрийгөө байгаа байдлаасаа дор муугаар харагдуулахыг, хичээх зэрэг олон шинж байдаг. Эдгээр шинж танд илэрвэл өөрийгөө эрхлүүл, дуртай хоолоо хийж ид, ямар нэг юм худалдаж ав, амралтанд долоо хоног сайхан амраад ир. Өөрийн үнэлэмжээ дээшлүүлэх арга: 1. Хагас цаг тайван суугаад бод. Одоо хийж байгаа бүхэн чинь бүгд тийм чухал уу? Олон хүн өөртөө амарч тайвшрах 5 минут ч гаргадаггүй. Гэтэл энэ нь сэтгэцэд муугаар нөлөөлдөг. 2. Байж болох муу бүхэнд өөрийгөө буруутгаж байдгаа боль. Нэг хүнд муу зүйл хий сэн бол ахиж тийм явдал бүү гарга. 3. Муу муухай юм бүү бод. Хэрэв хэн нэгэн таныг шүүмжилвэл дотроо өөрийгөө сайхан, ухаантай, аятайхан гэж бодож суу. Тэд ярьж л байна биз. 4. Хорвоо төгс биш. Бүтэлгүйтэх болгонд надаас болсон гэж гэмшихээ боль. Яагаад ийм бодол төрдөг шалтгааныгол. Хэн нэгнийг санамсаргүй гомдоосон бол уучлал гуй. Тэгээд өөрийгөө уучил. 5. Cap жилээр гомдлоо дотроо хадгалж болохгүй. Гомдлоо мартаж чаддаг хүмүүс л жинхэнэ ёсоор эрх чөлөөтэй байдаг. Хорвоогийн бүх хүмүүсийн тухай муугаар боддог хэрнээ өөрийгөө сайнаар боддог байж болохгүй. 6. Цандаа золиос болж байдгаа боль. Өөрийгөө хэт доогуур үнэлвэл бусад хүмүүс ч танд муугаар хандах болно. Хүн өөрөө өөрийгөө хүндэтгэх ёстой гэдгийг үргалж санаж яв. 7. Үгүй гэж хэлж сур. Олон хүн бусдад ялангуяа найз нөхөддөө татгалзаж чаддаггүй.Тэгээд дургүй зүйлээ, эсвэлхийж чадахгүй зүйлээ амладаг. 8. Өдөрт нэг удаа толинд хараад “Өөрийгөө өндрөөр үнэлж, хайрлаж байна” гэж хэл.

Бичсэн огноо Баасан, 2007 оны 12-р сарын 7 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 1 Сэтгэгдлүүд

Та бүтээлч сэтгэж чадна…

1. Чадна гэдэгтээ итгэ. Ямар нэг зүйлийг хийж чадна гэдэгтээ итгэсэн үед түүнийг хэрэгжүүлэх шийдлүүд заавал олддог. Боломжтойд итгэх нь тэр шийдлийг олох замыг нээдэг. “Боломжгүй”, “Тус болохгүй”, “Би чадахгүй”, “Туршиж үзээд ч нэмэргүй” гэдэг үг хэллэгүүдийг үгсийнхээ сангаас бүр мөсөн хас. 2. Үхширмэл байдалд бодол, оюуныг тань явцууруулах боломж бүү олго. Шинэ санаа бодолд нээлттэй бай. Туршигч бай. Шинэ зүйлсийг турш. Хийдэг бүх зүйлдээ дэвшилттэй бай. 3. Өөрөөсөө өдөр бүхэн ” Яаж би илүү ихийг хийх вэ” гэж асуу. Нөөц бололцоо тэр үеийн итгэл үнэмшлээс шалтгаалдаг. Өөрөсөө дээрх асуултыг асуусан үедээ та бодол санаагаа үүнд хэрэгтэй шийдлүүдийг олоход чиглүүлж байна гэсэн үг. ажил хэргийн ертөнцөд илүү сайн, илүү ихээр ажиллах нь амжилтыг бий болгодог. 4. Асууж, сонсож сур. Асуу, тэгээд сонс. Ингэснээрээ зөв шийдвэр гаргахад хэрэгтэй түүхий эдийг та олж авах болно. Агуу их хүмүүс сонсохыг, өчүүхэн хүмүүс ярихыг гол болгодог гэдгийг бүү март. 5. Бодол оюунаа тэл. Шинэ очуудад нээлттэй бай. Танд шинэ бодол санаа бий болгох, эсвэл ажлаахийхийн тулд шинэ шийдэлд хүрэхэд тань тус болох хүмүүстэй холбоотой бай. Заримдаа өөр өөр мэргэжлийн өөр сонирхолтой хүмүүстэй уулзаж бай. Дараах зүйлсийг битгий мартаарай 1. Эрхэмсэг оршихуйгаар аж төр. Энэ нь ашиг тустай, хэрэгтэй зүйл бодож сэтгэх, хэрэгтэй хүн гэдгээ мэдрэхэд тань тус болно. Таны гадаад үзэмж тантай ярьдаг. Гадаад өнгө үзэмж тань урам зориг өгч өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхүйц байг. Таны гадаад үзэмж бусадтай ч гэсэн ярьдаг. Гадаад төрх, үзэмж тань ийм зурвасыг илгээж байх ёстой. “харж байна уу, Их эрхэм хүн. Ухаалаг, аз жаргалтай, итгэж болохуйц хүн”. 2. Ажлаа хүндэтгэ. Ийм маягаар бодож сэтгэвэл ажлаа илүү сайн хийхэд тус болох гайхамшигтай шинэ сэдэл санаанууд таны толгойд орж ирэх болно. Ажлаа хүндэтгэвэл, тантай хамт ажиллаж байгаа хүмүүс ч өөрийн ажлаа хүндэтгэх болно. 3. Өөрийгөө зоригжуулах яриаг хэдэн өдрийн турш үрэглжлүүлэн хий. “Өөрийгөө өөртөө танилцуулах” рекламаа бич. Боломж гарах бүрийд илүү сайн байж чадна гэдгээ өөртөө сануул. 4. Ямар ч нөхцөлд өөрөөсөө ” Өөрийгөө хүндэтгэдэг хүн ингэж бодох байсан уу ” гэж асуу. Өөрийг тань дэмжих орчныг бий болго 1. Орчиндоо анхаарал тавьж бай. Бие организмын дэглэм эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. бол оюуны дэглэм ч бас оюуны чадавхид сайнаар нөлөөлдөг. 2. Орчноо өөрийн эсрэг бус, өөрийнхөө төлөө ажиллуул. “Чи үүнийг чадахгүй” гэж байгаа үгүйсгэгчдийн хүслийг биелүүлж ялагдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. 3. Өчүүхэн бодолтой хүмүүст танд саад болохыг нь бүү зөвшөөр. Атаархуу хүмүүс таны доголж байгааг харахыг хүсдэг. Тэднийг ингэж бүү баярлуул. 4. Зөвлөгөөг амжилтанд хүрэгсдээс ав. Таны ирээдүй чухал. Ирээдүйгээ үхээнц амьдарч сайн дурын зөрчигчдөөс хамгаал. 5. Байн байн сэтгэл зүйн наран шарлага хийж бай. Шинэ группуудэд элс. Шинэ сонирхолтой зүйлс олж хий. 6. Бодлын хорыг орчноосоо зайлуул Хов живээс зайлсхий. Хүмүүсийн тухай ярих үедээ эерэг талыг баримтал. 7. Хийдэг бүх зүйлээ дээд зэргийн чанартай гүйцэтгэ. Дээд зэргийнхийг сонгож бай. Өөрөөр байхад мөнгө, санхүүгийн боломж тань хүрэлцэхгүй

Бичсэн огноо Баасан, 2007 оны 12-р сарын 7 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 0 Сэтгэгдлүүд

Тэвчээр

Алдартай каратеч болох нь Мицумигийн цорын ганц хvсэл. Гэвч тvvний аав, ээж гэр бvлийхэн нь энэ хvслийг нь огт хvлээн зєвшєєрдєггvй байлаа. Гэтэл нэгэн єдєр азгvй тохиолдлоор хvv машины осолд орж зvvн гараа тайруулжээ. Энэ vед хvvгийн сэтгэл санааны хvнд байдлыг ойлгосон эцэг эх нь хvvгийн каратегийн багш хєлслєв. Багш нь анхны хичээл дээр хvнээ баруун гараараа бариад эргvvлэн унагаах мэхийг зааж єгчээ. Тэгээд 2 дахь, 3 дахь ер нь бvх хичээл дээр энэ мэхийг давтан хийлгэсээр байв. Нэг мэх давтан хийсээр байгаад уйдсан хvv багшаасаа “ Би ганц л мэх хийсээр байгаад уйдаж байна. Єєр мэх заахгvй юм уу? “ хэмээн асуухад багш нь хvлээн аваагvйгээр барахгvй дэлхий дээр тvvнээс єєр энэ мэхийг хамгийн хурдан хийх хvн vгvй болтол хийх хэрэгтэй гэж хэлжээ. Хvv ч маш хурдан болж нvд ирмэхийн хооронд л хийдэг боллоо. Нэгэн гайхамшигтай єдєр багш нь гартаа тvvнийг залуучуудын каратегийн аварга шалгаруулах тэмцээнд орж болохыг нь зєвшєєрсєн бичиг барьсаар хvрч ирлээ. Мицуми маш их гайхсан боловч юм хэлсэнгvй харин дараагийн єдєр тэмцээн дээр анхны єрсєлдєгчтэйгээ тулалдахаар рингэнд гарахын ємнє багшдаа “ Багшаа би зєвхєн ганцхан мэх мэднэ. Мэдээж би ялагдах байх “ гэж хэлэхэд багш нь “Чи зєвхєн мэхээ л хий” хэмээн хариулжээ. Мицуми мэдэх ганц мэхээ хийсээр байгаад эцсийн тоглолт хvртэл амжилт байгуулав. Эцсийн тоглолтонд тvvний єрсєлдєгч тvvнээс 2 дахин том биетэй нэгэн байлаа. Мицуми хэдийгээр айж байсан боловч урьдын адил мэдэх ганц мэхээ хийж тvvнийг ялан аварга болжээ. Тэр маш их баярлан багш дээрээ гvйж очоод “ Багшаа би зєвхєн ганц л мэх мэднэ, тэгээд бас зєвхєн ганц гартай хэрнээ аварга болчихлоо. Юу болоод байгааг би ойлгохгvй байна” гэхэд багш нь тvvн рvv харж инээмсэглэн хэлсэн нь: “ Чиний хийсэн мэх бол каратегийн хамгийн хэцvv мэхvvдийн нэг юм. Энэ мэхийг хариулах ганц арга байдаг нь эсрэг хvнийхээ зvvн гараас барих,,,”

Бичсэн огноо Баасан, 2007 оны 12-р сарын 7 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 0 Сэтгэгдлүүд

ЗӨВ ОРЧИН

Орчин ямар байна, та тийм л байна.Хүмүүн бид бүхнийг байнга орчин тойрон оршиж байдаг бөгөөд хуучинаар оршиж байсан орчинд та орж болох бөгөөд бас шинээр орчинг бүрдүүлж чадах хүчин танд бас байдаг.Ямар орчинд та аж амьдралаа бэхжүүлж тордоно таны аж амьдрал яг л тийм байх болохоор өөрийнхөө хийж буй бүх үйлс болон бодон төлөвлөж байгаа зорилго бүхнээ өөрийн сэтгэл зүрхэндээ тунгаан бясалгаж чадваас таны орчин маш зөв байдлаар оршин тогтнохын үндэс тавигдаaд зогсохгүй бусдад үлгэр дууриал болж таны орчин зөв байдлаар оршин тогтнох болно. Маргааш юу хийх гэж байгаа болгоноо дотороо зөв үү? буруу юу? гэдгийг бодож сурваас таны үйлс хэрэгт алдаа дутагдал бага байхаас гадна зөв орчинг бүрдүүлэх эх үндэс тэндээс л ундарахыг ойлгож сурах хэрэгтэй.Амьдралд аливаа ажил үйлс зөндөө,учирч нөхөрлөх найзууд олон таарах тул өөрөөсөө илүүтэйдээ нь нөхөрлөхийг дээдэд үзсэнээр таны орчин бат бэх оршихоос гадна таны ухаан бодол болон сэтгэл санаа уужим болж цэцэглэх нь гарцаагүй.Түм буман ертөнцөд янз бүрийн нөхцөл байдалтай төрөл бүрийн орчин ахуй оршиж байдаг.Таны эргэн тойронд гэр бүлийн орчин,найз нөхөдийн орчин,ажил хөдөлмөрийн орчин гээд л бүх л анги давхрагад орчин оршиж байдаг боловч хүн тус бүрд харилцан адилгүйгээр үйлчилэхдээ зөвхөн таны зан харилцаа,ёс зүй, ухамсар оюунтай зохицолдох буюу үл зохицолдон оршдог. Тиймээс өөрийн амьдралынхаа өдөр бүрийг тордон арчлан цэцэглүүлэж үр шимийг нь хүртэн аж төрөхийн тулд зөв орчинг эрэн хайх буюу зөв орчинг буй болговол таны цорын ганц дээдийн дээд хүсэл болох аз жаргалд хүргэж өгөх гүүр тань болно. Орчин болгон адилгүйгээр танаас зан харилцаа,ёс зүй болон оюуны ухамсарыг шаардах бөгөөд зөв орчинд орох эсхүл таны шинээр бүтээх гэж буй орчины бүх л нөхцөл бололцоо ганцхан танаас шалтгаална гэдгийг мартаж болохгүй.Орчин гэдэг энэ нэр үгний цаана бүх л бүтэн өгүүлэхүүн өгүүлэгдэхүүн байгаа болохоор тэр бүхнийг энд бичих нь уншигч таныг залхаана гэдэг нь лавтай учир зөвхөн энд өөрөө өөрөөрөө зөв орчинг бий болгох тухай бичиглэх гэсэн юм.Сайн хүнийг олж танихад бэрх байдаг болохоор өөрийн зөв орчинг бүрдүүлэхийн тулд таны хийх эхний алхам бол харилцаж буй хүнээ сайтар шинжихийн ялдамд бусад хүмүүстэй хэрхэн нөхөрлөдөгийг ажиглавал зохино.Тэрхүү хүмүүн өөр бусадтай муухан харилцаж байна уу?эсхүл сайн харилцаж байна уу? гэдгийг зан харилцааны угаас язгуур сэтгэлийг нь шинжэх хэрэгтэй.Язгуур сэтгэлийг нь үл ойшоон зөвхөн өнгөцхөн дүгнэлтийг гаргавал алдаа болох нь дамжиггүй.Муу хүмүүс аливаа нөхцөл байдалд жинхэнэ нүүрээ халхлаж сурсан байдаг болохоор та андуурч болзошгүйг анхаар!Иймээс өөрөөсөө дээд хүмүүнтэй нөхөрлөвөл илүү ихийг мэдээд зогсохгүй таны оюун ухаан тэр хэмжээгээр тэлэх учир зөв орчинд орох буюу зөв орчинг буй болгоход амар буйзаа. ”Ном бол ертөнцийг харах цонх мөн” М.Горькийн сүүрс алдан хэлсэн энэ үгний цаана жинхэнэ өөрийн зөв орчинг бүрэлдүүлэх уг үндэс оршиж байна.Зөв орчин ахуйг бүрэлдүүлэхийн тулд та өөрөө зөв чигтэй байх ёстой.Энэ бол таны хийх хоёрдахь алхам юм.

Бичсэн огноо Баасан, 2007 оны 12-р сарын 7 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 2 Сэтгэгдлүүд

Урвалт

Хэн нэгэн хүнд үнэнчийг эвдэх, итгэл эвдсэн зан байдал, алхам. Урвалт шарвалт гэдэг бол маш аюултай үг. Үнэхээр хэрвээ үгэнд түүний утгатай нь нийцсэн өнгө байдагсан бол эдгээрийг хар бараанаар будахсан билээ. Хамгийн түрүүнд хүний толгойд дайн тулалдаан, дайсантай үзэлцэхэд амиа хоохойлох гэж айхдаа эх орон, нөхөд, цэргийн тангаргаасаа уравсан явдал орж ирнэ. Өөрийнхөө дураар хялбар амжилт, материаллаг сайн сайхны хойноос хөөцөлдөх нь хамгийн аймшигт урвалт юм. Илүү том нийгмийн харьцаанд үнэнч байх баталгаа бол чухамхүү өөрийнхөө мөрөөдөлд үнэнч зүтгэх явдал болно. Өөрийгөө хүмүүжүүлэх дадлага Өөрийгөө хүмүүжүүлэх гэдэг нь бидэнд дуиагдаж байгаа зан авирын шинж авьяас чадварыг өөртөө зорилго чиглэлтэй тэмүүлэлтэй биеэ дааж хөгжүүлэх явдал, хүний хүрэх гэж хүсэж байгаа зүйл, байгаа байдлын хоорондын зөрөөг арилгах гэсэн тэмүүлэл юм. өнгөрсөн ба одоо үеийн нэрд гарсан олон зүтгэлтнүүд төрөлхийн алдаа дутагдлаа засах зан суртахууны хэрэгтэй чанарыг хөгжүүлэхэд тус болох өөрийгөө хүмүүжүүлэх нэг бүрчилсэн аргыг өөртөө боловсруулан хэрэглэдэг байна. Янз бүрийн оронд янз бүрийн цаг үед хувь хүний үзэл санааны тухай өөр өөрийн төсөөлөл, хүмүүжлийн тусгайлан боловсруулсан өвөрмөц хууль дүрэм, арга байсан. Өөрийгөө хүмүүжүүлэх нь өөртөө зан суртхуун, мэргэжлийн өндөр чанарыг хөгжүүлэхэд хэрэгтэй төдийгүй бидний уураг тархи, биеийн аварга их нөөцийг ашиглаж сурахад хэрэгтэй юм. Өөрийгөө хүмүүжүүлэх систем юунаас тогтох вэ? Нийцтэй зорилгыг сонго. Зөвхөн энэ л бидний бүх хүчдэлийг утга учиртай болгож та нарын бодол, хэрэг явдлыг нэг зүгт чиглүүлнэ. Ямар нэг хугацаа өнгөрөхөд та нарын амьдралын төлөвлөгөө өөрчлөгдсөн ч та нар энэ эгшинд онцгой чанар болох тэмүүлэлт зорилгоо сонгож чадна. Олон нэрт зүтгэлтний зам идэр залуудаа болон бүр хүүхэд байхаасаа эхэлжээ. Гэтэл зорилгогүй амьдрагч хүмүүс хурдан хөгширч тэдний авьяас чадвар нь эрт унтардаг билээ. Зорилготой болж хүмүүж. Энэ бол бидний өөрөө өөртэйгээ тэмцэх гол зэмсэг юм. Дунд зэргийн авьяас чадвартай зоригтой хүмүүс их зүйлд хүрсэн нь ховор бус. Зориггүй авьяас бол юу ч үгүйтэй адил байдаг. Америкийн нэрт шатарч Роберт Фишер зориггүйн ховор дүрийг харуулсан юм. Тэр олон жил болж байж хүрсэн дэлхийн аваргын титмээ хамгаалж, Анатолий Карповтай тоглох халз тэмцээнээс хулчийж нэгч тэмцэлгүй бууж өгчээ. Зориг гэдэг юу вэ? хэрэгтэй гэснийгээ хийх чадвар юм. Үүнийг булчинтай адилхан наад захынхаас нь эхлэн ачааллыг бүхий л талаар өсгөж нэмэгдүүлэн дасгалжуулж болно.

Бичсэн огноо Баасан, 2007 оны 12-р сарын 7 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 0 Сэтгэгдлүүд

Мөнгө өөрийг нь хайрласан хүнийг л хайрладаг

Тиймээс та цаг алдах хэрэггүй. Аль болох түргэн түүнийг “хайрла”. Гэхдээ таны хайр гал халуун, унтаршгүй байх ёстой шүү. Мэдээж хэрэг мөнгийг хайрлах гэдэг нь таны залуу насандаа хэн нэгнийг хайрласан хайр шиг амаргүй байх болно.Бидэнд бас өөр төрлийн хайр ч бий л дээ. Жишээ нь, танд ямар нэгэн хайрладаг эд зүйл бий л биз дээ. Тоглоом, ном, машин… гээд юу ч байж болно. Тэгвэл мөнгийг тэдгээр хагацахад харам хайртай эд зүйлийнхээ тоонд багтаачих. Эхэндээ энэ амаргүй мэт санагдаж болох. Гэсэн ч та мөнгийг хамгийн үнэт зүйлээ болгох хэрэгтэй. Харамч бай Өөрийгөө харамч болгон “хүмүүжүүлэхээс” өмнө үүндээ бахдан баярлаад байх хэрэггүй. Юуны түрүүнд та илүү тооцоотой, хэмнэлттэй байхыг хичээ. Мэдээж хэрэг танд энэрэнгүй сэтгэлээр “буян” үйлдэх хэрэг бишгүй л гарна. Ядуу буурай нэгэнд тусламж үзүүл. Гэхдээ хамгийн багаар бодоход та сэтгэл санааны таашаал авах хэмжээнд энэ үйлсийг хийгээрэй. Эцэг өвгөдөөс өв уламжлан баян болсон бус харин цэвэр өөрийн хөдөлмөрөөр хөрөнгө хураасан хүмүүс эд хөрөнгөнөөсөө салах тун дургүй байдгийг сана. Тэд мөнгө хуримтлуулахын үнэ цэнийг хэнээр ч заалгалтгүй сайн мэднэ. Тэд “тэнгэрт хадсан” үнэтэй автомашин, хаус өөртөө зориулан худалдан авч тансаглаж чадах ч түүнээсээ дээд зэргийн тав тух, чухал хэрэгцээг мэдэрсэн тохиолдолд л үрлэг зарлагаа зөвтгөх болно. Ийм баячууд зарлагаа нөхөхөөс нааш сэтгэл тайван байж чаддаггүй. Худалдаж авсан зүйл нь хожим эргээд их орлого оруулах тооцоог тэд хэдийнэ гаргачихсан байдаг юм. Тусалсан ч, эс тусалсан ч таныг үнэлэхгүй Харин одоо таны мөнгөө хэрхэн үрэх тал дээр анхаарлаа хандуулъя.Танил тал, найз нөхөд, хамаатан садан, ах дүүдээ мөнгө өгсөн бол та тэднээс ямар нэгэн барьцааг авах хэрэгтэй юу? Хэн нэгний талархлын үг нь танд чухал уу эсвэл өөр зүйл үү? Та тэднээс хариуд нь юу ч авахгүй байсан юм бол өгөхийн хэрэг байсан юм уу? Та тэд нарт яагаад тусалдаг вэ гэвэл тэгэх хэрэгтэй учир, тэгэхгүй бол тэд таны талаар муугаар бодно эсвэл ямар нэг онцгүй үг хэлэх учраас л? Тэгвэл тэд нар, тодруулбал, мөнгөөр тусалсан хүмүүс чинь тэртэй тэргүй таныг муугаар боддог. Тэдэнд тун багыг өглөө… Харамч амьтан… гэх мэтчилэн. Хэрвээ та мөнгөө огт хүсээгүй зүйлд дэмий хоосон үрснээс болж цаг ямагт хямарч шаналж явдаг бол мөнгө зүгээр л таныг хайрлахаа больчихно. Харамч байх ямар хэцүү гээч Энэ бол славянчуудын ярих дуртай хэллэг. Бид мөнгөө хэмнэж сураагүй. Бага орлоготой байлаа ч үрэлгэн зангаа хазаарлаж чаддаггүй. Тэр тусмаа өгөөмөр сэтгэлээр харилцан туслаад сурчихсан тийм зан заншилтай бол бүр ч хэцүү. Эргэн тойрныхондоо туслах гэсэн хүсэл чинь амар заяа өгөхгүй байлаа ч та “Би мөнгөний үнэ цэнийг мэднэ. Би нэг мөнгийг ч тооцож хэмнэнэ. Би мөнгийг зөвхөн өөртөө, өөрийн хэрэгцээнд л үрнэ” гэсэн ишлэлийг өөртөө улиг болтол олон дахин хэл. “Өөрийн хэрэгцээ” гэдэг утгын доор мэдээж хэрэг ахуй талаасаа танаас хамааралтай амьдардаг үр хүүхэд, аав ээж, настангууд багтах болно. Жагсаалт ингээд л болно. Тэднээс бусдад туслах оролдлого хийх бүрт мөнгө танаас зугтаах болно шүү. Бид зөвхөн хэлэлцэж байна Хэрвээ танд энэхүү шүүмж таалагдахгүй байгаа бол үүний тухай зүгээр л мартаж орхи. Хүн бүр өөрийнхөөрөө сонголт хийх, амьдрах эрхтэй. Харин бодит байдалтай эвлэрэхэд бидний энэ зөвлөмжийг уншигчдын аравхан хувь нь л хэрэгжүүлж чаддаг юм даа. Гэхдээ яагаад Та тэдний тоонд багтаж болохгүй гэж.

Бичсэн огноо Пүрэв, 2007 оны 12-р сарын 6 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 1 Сэтгэгдлүүд

Д.Урианхай : МОНГОЛ ЗАН

1993.08.07. “Нарлаг” хороолол, 33-а байр 16-р өрөө 1998.07.13. Хүн чулууны хөндий [Дэлгэрэнгүй унших]

Бичсэн огноо Пүрэв, 2007 оны 12-р сарын 6 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 1 Сэтгэгдлүүд

Д.Урианхай: ЕРТӨНЦИЙН ТОХИРУУЛГА

Дусал илүүдэх газраа далай ихээр илүүдэж, дутах газраа далай ихээр дутна. Гагцхүү хэрэгтэй газраа хэмжээ зохиж дутууг гүйцээнэ. илүүг зохируулна. Дүүрэнд дутуу буй. Дүүрэн юм тэр “дутуу”-гийн хэмжээгээр дундуур байлаа ч “Дундуур юм” гэгдэхгүй, “Дүүрэн”-ийхээ нэр. чанараа хадгална. Дүүрэнд илүү ч буй. Дүүрэн юм тэр “илүү”-гийнхээ хэмжээгээр халин байлаа ч “Илүү юм” гэгдэхгүй, “Дүүрэн”-ийхээ нэр, чанараа хадгална. Дусал бол “дүүрэн”-ий хийгээд “дундуур”-ын нэр. чанар хадгалагдахуйн дэнс-тэнцэтгэл юм. Дусалын хэмжээ үл ялиг ч хэрэгтэй газраа аугаатай тэнцэнэ. Дуслын аугаа нь Ихийг бусдаас их, Багыг бусдаас багг. болгох, “бага”-ыг “их”-эд хүргэн гүйцээх, “Их”-ийг “бага”– хүргэн хороох шид хүчинд буюу “үл ялиг”-ын ихэсгэх-багасгах гүйцээх-дутаах зохис хэмжээний хүчирхэг чанарт оршино. Ертөнцийн гоо сайхан гэгч нь алив юмны илүү үгүй. дутуу ч үгүй төгс зохисоор шүтэлцсэн хэв хэмжээ бөгөег юмыг ихэсгэгч-багасгагч, гүйцээгч-дутаагч аугаа “үл ялиг”- ын чанар, хэмжээгээр тохируулагдана. Дусалын “дусалхан” чанар, хэмжээний аугаа хүч .т ертөнцийн гоосайханы бүтэх, эс бүтэхийн оньс агаал “дусалхан” чанар, хэмжээний аугаа нь дусал дусал чигээрс- байхад нь илрэх бус гащхүү “их”-тэй нийлэх, нэгдэх ор:: хугацаанд л илрэнэ…

Бичсэн огноо Пүрэв, 2007 оны 12-р сарын 6 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 5 Сэтгэгдлүүд

Хүмүүсийн бүх ялгаа

Хамгийн сайн хүн ихэнхдээ өөрийн санаа бусдын сэтгэл хоёроор амьдардаг бол хамгийн базаахгүй хүн бусдын санаа өөрийн сэтгэл хоёроор амьдардаг. Үйл ажиллагааны энэхүү дөрвөн үндэс, учир сэдлийн янз бүрийн хослолд хүмүүсийн бүх ялгаа оршдог. Зөвхөн өөрсдийн сэтгэл мэдрэмжээр амьдардаг хүн араатан л гэсэн үг. Аугуу ихийн өмнө бөхөлзөх биш харин түүнийг давж гарахын төлөө эрмэлзэх нь хүний мөн чанар. Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи хэн бэ? гэдэг л гол юм. Өөртөө тохирох хүнийг хайснаас Өөрөө хүнд тохирч сур Чамд ганц олдох хайр гэж байна Чиний өмнө өөрөө ирэх зүйл ч байна Харин чи тэр болгонд гэнэдэж болохгүй Хүний сэтгэлийг тэр болгон олохгүй

Бичсэн огноо Пүрэв, 2007 оны 12-р сарын 6 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 4 Сэтгэгдлүүд

Єглєє бvр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та тєсєєл дєє

Єглєє бvр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та тєсєєл дєє. Тэр мєнгєнєєс та хvссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно. Гагцхvv тэр єдєр л єнгєрвєл vлдэгдлийн хэмжээ ямар ч байсан хамаагvй дансны тань тооцоо хvчингvй болно. ЭНЭ ТОХИОДОЛД ТА ЮУ ХИЙХ ВЭ? Эцсийн ганц центийг ч vлдээлгvй авч хэрэглэх байсан байж ч магад. Хэдий бид vvнийг сэтгэлдээ тєсєєлж, зєвхєн мєрєєдєж байгаа боловч бодит амьдрал дээр хvн бvхэнд ийм банк бий. Энэ бол ЦАГ ХУГАЦАА. Тиймээ, цаг хугацаа гэгч энэ банк єєрийн гэсэн хууль дvрэмтэй таны хєрєнгє. Харин ганц ялгаа нь доллар, центийн оронд, хором мєчvvдийг дансанд тань оруулдаг. Хэрэв та тухайн єдрийнхєє хормыг vр ашигтай хэрэглэж чадалгvй vлдээвэл тэр бvхэн хог болон хаягдах бєгєєд єєр хэн ч биш та л хохирч vлдэнэ. Дараа єдрийнхєєсєє урьдчилгаа авна гэсэн ойлголт байхгvй. Тэгэхлээр таны гарт зєвхєн єнєєдєр л байгаа. Єнєєдєр дуусч, маргааш болоход єчигдрийн бvх юм арилж, танд шинэ данс нээгдэнэ. Гар дахь хєрєнгєє хамгийн vр ашигтай, зєв зарцуулж чадвал тэр бvхэн танд эрvvл, энх, аз жаргал, амжилт бvтээлээр дvvрэн амьдрал болон vлдэнэ. Цаг хугацаа харван одоход vнэлж баршгvй их баялаг урсана. Нэг ЖИЛИЙН vнэ цэнийг та -нєгєєх л ангидаа улирч хоцорсон сурагчаас асуу Нэг САРЫН vнэ цэнийг та -нялх vрийг тээж тєрvvлсэн эхээс асуу Нэг ДОЛОО хоногийн vнэ цэнийг та -тэр хугацаанд сэтгvvл гаргагч редактороос асуу Нэг ХОНОГИЙН vнэ цэнийг та -тэртээд алслах галт тэргэнээс хоцорч vлдсэн аялагчаас асуу Нэг ХОРОМЫН vнэ цэнийг та -автын осолд ороод шаналж хэвтээ євчтєнєєс асуу Нэг МЄЧИЙН vнэ цэнийг та -алтан медаль энгэртээ зvvсэн аварга сурагчаас асуу Эцэст нь Та энэ бvхнийг єєрєєсєє асуугаад vзээрэй. Тэр цаг, мєч, хором бvрийн vнэ цэнэ мэдрэгдэх болно. Єчигдєр бидний хувьд єнгєрєн одож, маргааш оньсого таавар болон хvлээж байгаа. Харин єнєєдєр бол бидэнд оногдсон vнэт шагнал юм.

Бичсэн огноо Пүрэв, 2007 оны 12-р сарын 6 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 2 Сэтгэгдлүүд

Нэг цагийн үнэ цэнэ

Өнгөрч байгаа нэг цаг бүр биднийг орхиод явчихдаг, эргэж ирдэггүй гэдгийг хүн бүр мэддэг. Харин түүнийг ашиглаж болох тухай тэр бүр олон хүн боддоггүй нь харамсалтай. Шинэ өглөө бүр шинэ зүйлийг авчирдаг. Харин түүнийг олж харж, амжуулж, ашиглахгүй юм бол бид хэвээрээ үлдэж, харин эрт босч, орой унтсан нэг нь хөгждөг. Та өнгөрсний тухай бодох, юу хийхээ төлөвлөх, ирээдүйгээ төсөөлөх зэрэгт битгий хэт их цаг зарцуулаарай. Харин түргэхэн шиг барьж аваад шууд л хийгээрэй. “Залхуурал нь хүний амьдралын маш их цагийг дэмий үрж, хүн өөрийнхөө эзэн нь байхад маш бага цагийг үлдээж байгааг би мэдэрсэн” гэж Линкольн дуу алдсан удаатай. Үнэхээр дэмий зүйл хийж үргүй өнгөрөөх цагаасаа ганцхан цагийг нь өөртөө зарцуулбал хэдхэн сарын дотор маш их хөгжих боломжтой юм. Хүн нэг цагийн дотор 20 хуудас зүйлийг анхааралтайгаар уншиж чаддаг гээд тооцвол жилд хамгийн багадаа 7000 хуудас буюу хэдэн арван ном уншиж чадах хугацаа. Гэтэл бид амьдралынхаа өдөр бүрээс 4-5 цагийг ямар ч үр бүтээлгүй, юу хийж яаж өнгөрөөсөнөө ч мэдэхгүй болтлоо залхуурсан байдаг шүү дээ. Амжилтанд хүрсэн олон хүмүүс цэнгэх, амрах цагнаасаа жаахан жаахнаар хумсалж байж амжилтанд хүрсэн байдаг. Гарриет Бичер-Стоу өөрийн алдарт “Том ахын овоохой” номоо ар гэрийнхээ өчнөөн ажлын хажуугаар бичиж дуусгасан. Берне ихэнх алдарт шүлгүүдээ ферм дээр ажиллаж байхдаа амсхийх зуураа бичсэн. Линкольн барааны агуулахын манаач байхдаа хуулийн номуудыг бие даан судласан. Жон Стюарт Милл бичиг хэргийн ажилтан байхдаа өөрийн суут бүтээлүүдээ туурвисан. Чарльз Фрост хэмээх гуталчин өдөрт нэг л цагийг шинжлэх ухаан, математикийг судлахад зарцуулж байя гэж шийдэж, түүнийгээ яс сууж биелүүлдэг байснаар хожим АНУ-ын томоохон математикч болсон. Александр Гумбольдт маш их завгүй байдаг байсан учир шинжлэх ухааны судалгааны ажлуудаа хүмүүс унтаж байдаг үүрээр эсвэл шөнөөр хийдэг байж. Ингээд харахад алдарт хүмүүс цагийг маш их харамладаг, хайрладаг байсан учраас л амжилтанд хүрсэн байдаг юм. Цаг бол алт. Энэ үнэт зүйлсийг нэгэнт олж авч эсвэл худалдаад авчихаж болохгүйгээс хойш хайрлаж, хий дэмий өнгөрөөхөөс л зайлсхийх хэрэгтэй. Өөртөө зориулаад өдөрт ганцхан цаг зарцуулж чадахгүй тийм завгүй хүн гэж ямар хүн байна вэ? Цаг хугацааны галт тэрэгнээс хэзээ ч бүү хоцор.

Бичсэн огноо Пүрэв, 2007 оны 12-р сарын 6 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 0 Сэтгэгдлүүд

Аз жаргалын тvлхvvр

Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдvvлэхээр хамгийн мэргэн ухаантай хvн рvv хvvгээ явуулжээ. Залуу хvv 40 хоногийн турш элсэн цєлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан харш байхыг олж хараад тийшээ очжээ. Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв. Мэргэнтэй уулзах гэсэн хvмvvс харшаар дvvрэн байлаа. Энэ харш хvvгийн бодож байсан шиг тийм сайхан vзэсгэлэн тєгс харагдахгvй л байлаа. Хvv бvтэн 2 цаг хvлээж байж сая мэргэн ухаантантай уулзах завшаан олжээ. Хvvгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хvvг харшийг vзэж танилцаад 2 цагийн дараа ир гэжээ. Гэхдээ “ Єєрєєс чинь нэг зvйлийг хvсье! “ гээд хvvгийн гар бага зэрэг шингэн тостой халбага єгєєд “Ордноор зугаалж байхдаа халбагатай тосоо асгаж болохгvй” гэж анхааруулжээ. Хvv ч ордны шатаар єгсєж уруудан єнцєг булан бvрээр явжээ. Гэвч халбагатай тосноосоо нvд салгасангvй. Хоёр цагийн дараа мэргэн ухаантан дээр эргэж ирэв. Мэргэн ухаантан “ За хvv минь ордноор зугаалж байхдаа хоолны єрєєний хажуугийн уран гоё хийцтэй хивсийг, цэцэрлэгчийн маань 10 жилийн хvч хєдєлмєрєє зарж босгосон цэцэрлэгийг, номын санд байгаа сайхан илгэн цааснуудыг маань харав уу? гэж асуужээ. Хvv ч санаа зовон, халбагатай тосоо асгачихгvйн тулд єєр юу ч анзаарч чадаагvйгээ хvлээжээ. Мэргэн “тэгвэл яваад ордны бvх сайхныг хараад ир” гэв. Санаа амарсан хvv халбагатай тосоо аван ордонтой дахин танилцахаар гарчээ. Энэ удаа явахдаа хананд єлгєсєн урлагийн сайхан бvтээлvvдийг анхааралтай харж хичнээн сайхан болохыг нь мэдэрч байлаа. Yзэсгэлэнт сайхан цэцэрлэг, уран гоё хийцтэй сайхан бvтээлvvдийг харж нvд, сэтгэл баясгажээ. Танилцаж дуусаад хvv харсан vзсэн бvх сайхан зvйлээ мэргэн ухаантанд ярьжээ. Тvvнийг анхааралтай сонссон мэргэн ухаантан хvvгээс “ чамд єгсєн халбагатай тос хаана байна? “ гэж асуухад хvv сандран гар луугаа хартал тос нь аль хэдийнээ асгарсан байлаа. Юм харж алмайрсан хvv гарт байгаа халбагатай тосоо мартсан байжээ. Yvнийг харсан мэргэн ухаантан хvvд хандан, “ Чамд єгєх ганцхан зєвлєгєє байна: Аз жаргалын тvлхvvр нь “ халбагатай тосоо асгалгvйгээр бvх юмны сайхныг олж харах юм” гэжээ. Орчин vед аз жаргал нь итгэл vнэмшил, амжилт, албан тушаал, алдар нэр, гэр бvл, асуудалгvй жигд амьдрал гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хэмжигддэг. Гэвч мартаж болохгvй хамгийн чухал зvйл бол “халбагатай тос” буюу хvний мєн чанар юм.

Бичсэн огноо Пүрэв, 2007 оны 12-р сарын 6 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 1 Сэтгэгдлүүд

Усны нөөц, бохирдол

Газрын гадаргуугаас тодорхой гүнд орших уулын чулуулгын ан цав нүх сүвүүдэд хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй хэлбэрээр байгаа усны хэмжээг газар доорхи усны нөөц гэнэ. Энэ нөөцийг статик динамик гэж ангилдаг. Статик нөөц: Уулын чулуулгын нүх сүвүүдэд агуулагдаж байгаа усыг шүүрүүлэх замаар ашиглаж болох хэмжээг хэлнэ. Динамик нөөц: Уст үеийн усыг багасгахгүйгээр аль хэр хэмжээний ус авч ашиглаж болохыг хэлнэ. Усны нөөц тоо чанарын хувьд цаг хугацаа орон зайд байнга хувьсч байдаг. Байгалийн усны эргэлтээр сэлбэгдэж, тунгалагших явцдаа байгаль орчны бүрэлдэхүүний нэгэн хэсэг болдог. Усны нөөцийг байгалийн бусад нөөцтэй харьцуулхад хэд хэдэн онцлог чанартай. Ус бол юугаар ч сольж болшгүй амин чухал эрдэс бодис, засаг захиргааны хил зааг үл хамаарах хийгээд хатуу шингэн хийн төлвийг дамжин хийн мандал, чулуун мандал, шим мандалд чөлөөтэй шилжих онцлогтой билээ. Монгол орны усны тухай хуулинд гол мөрөн нуур усан сан, булаг шанд, мөстлөг, мөсөн гол газрын доорхи ус бүхэлдээ нэгдмэл нэгэн сан хэмээн тодотгон томъёолсон байдаг. Байгалийн усны нөөц, чанарт үзүүлж буй хүний үйл ажиллагааны нөлөөлөл нь нийгэм эдийн засгийн үр дагаварын үүдэлтэй байна. Гол, нуур, мөсөн гол зэрэг эх газрын усан сан далайн гаралтай хур чийгээр тэжээгдэнэ. Эх газрын ус далайд цутгана. Энэхүү байгалийн усны эргэлтийн хүрээнд усны нөөц харилцан адилгүй хугацаанд нөхөн сэргэгдэнэ. Аливаа нөөцийг нөхөн сэлбэгдэх хэмжээнээс нь хэтрүүлэн ашиглаваас уг нөөц шавхагддахад хүрнэ. Манай орны гадаргын усны нийт нөөц нь 599 шоо км. Үүнийг хувиар бодож үзвэл усны нөөцийн 83.7 хувь нь нуур, 10.5 хувь нь мөсөн гол, 5.8 хувь нь голын ус юм. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус эзлэнэ. Үүний 93.6 хувийг Хөвсгөл нуурт хамаарагдана. Хамгийн богино хугацаанд нөхөгдөх нөөц бол голын ус юм. Энэ нь дунджаар 20 хоногт буюу жилд 18 удаа солигдоно. Монгол орны нутагт бүрэлдэх гол, мөрний жилийн дундаж нөөц 30.6 шоо км, ОХУ, БНХАУ нутгаас ирэх урсацыг оролцуулан тооцвол 34.6 шоо км болно. Манай орны усны нөөц дэлхийн ус хагалбарын 3 ай савд багтдаг. Үүний 51.5 хувь нь хойд мөсөн далайн ай савд , 36.7 хувь нь төв азийн гадгаш урсгалгүй ай савд 11.8 хувь нь номхон далайн ай савд тус тус багтаж байна. Усны чанарын ангилал Гол мөрний усны цэврийн зэргийг голын усны чанарын индексээр илэрхийлэнэ. Энэхүү индекс нь аммианы болон нитратын азот, эрдэс, фосфор, периматын эсэлдэх чанар жинлэгдсэн бодисын усан дахь агууламжийг усны чанарын стандартад заагдсан зөвшөөрхүйц дээд агууламжтай харьцуулан бохирдлын төвшинг зэрэгт хувааж 5-25 баллаар дүгнэж үнэлнэ. Усны чанарыг дараах зэрэглэлд хуваадаг. Үүнд: • 1-р зэрэг маш цэвэр /5-7 балл/ • 2-р зэрэг боломжийн цэвэр /8-12 балл/ • 3-р зэрэг бага бохирдолтой /13-17 балл/ • 4-р зэрэг бохирдсон /18-22 балл/ • 5-р зэрэг маш бохирдсон /22-оос дээш балл/ Манай орны гол мөрөн бүхэлдээ 1-3-р зэрэгт хамрагдаж байна. Төв азийн гадагш урсацгүй ай савийн голууд бусад ай савийнхаас илүү цэвэр цэнгэг юм. Энэ ай савийн нийт голын 50 орчим хувь нь маш цэвэр ба боломжийн цэвэр зэрэгт багтаж байгаагийн зэрэгцээ бусад ай савийн ижил зэрэгт хамрагдах голынхоос нэгээс хоёр баллаар илүү байна. Харин номхон далайн ай савийн гол мөрөнд бусдаас ахиу бохирдол илрэнэ. Төв суурин газрын доод хэсэгт дээдхээсээ 1-2 баллаар усны чанар доогуур байдаг нь эдгээр төв суурин газрын аж ахуй үйл ажиллагаа сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна. Харин бохирдуулагч бодис тус бүрээр авч үзвэл нитратын агууламжаар маш цэвэр, эрдэс фосфор, перманганатын агууламжаар маш цэврээс боломжийн цэвэр, умбуур бодисын агууламжаар цэврээс бага зэргийн бохирдолтой, аммонийн азотийн агууламжаар боломжийн цэврээс бага бохирдолтой зэрэгт тус тус багтана. Манай орны цэвэр усны нөөц ойрын жилүүдэд багасч байгаа нь хүний зохисгүй үйлдэлтэй холбоотой. Ой модыг их хэмжээгээр огтлох нь гүний усны нөөцийг багасгах шалтгаан болдог.

Бичсэн огноо Пүрэв, 2007 оны 12-р сарын 6 бичсэн Lkhamjav

Бичсэн категори Амьдрал | 1 Сэтгэгдлүүд

Advertisements

One Response to “Knowledge is not only Freedom, but also Power”

  1. Mikani Says:

    Sain uu? Lkhamaa! Ih heregtseetei sedveer heregtei medeelliig niitlejee.Bayrlalaa.Zarim bagahaan hesegt ni jaahan ergelzsen ch taalagdlaa.Setgehui, setgel zurh ni zuv shudarguu humuus olon bgaad mash ih bayarlaj bna.Chi ih zuv bodoltoi yum bna, uund chine ih bayarlalaa.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: