Is it easy to make MONEY overseas

From: www.news.mn
Related: Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?

Гадаадад гарч мөнгө олох амархан уу?
2008-11-20, 11 цаг 14 минут

Англид амьдарч байгаа Р.Батрагчаа хэмээх залуу NEWS.MN-ийн хаягаар өөрийнхөө санал бодлыг илэрхийлжээ. Ингээд түүний бичсэнийг хүргэж байна.

Саяхан Монгол Улс байгууллагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн нь дэлхийд Монгол Улсыг таниулсан томоохон үйл явдлын нэг болсон хэмээн манайхан дор бүрнээ шуугиж байдаг. Англи улсад энэ байдал үнэндээ мэдрэгдсэнгүй өнгөрлөө. Английн BBC-гээр л хальт гарсан төдийхөн. Миний мэдэхийн англичууд Монголын тухай огт мэдлэг байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэд зөвхөн Чингис хаан л гэж мэдэхээс өөр зүйл мэдэхгүй. Зарим нь бүр Хятадын нэг муж уу гэж асууна. Зарим нэг нь бол бүр сонсоогүй байдаг. Африкт байдаг уу, ийм царайтай хүмүүс Африкт амьдардаг юм уу ч гэх шиг. Гэтэл бид Монголын талаар дэлхий мэдэж байна хэмээн хийрхэж байдаг. Харин гадаад дахь монголчууд маань бидний цусаар өвөг дээдсийн минь эрдэм мэдлэг, оюун ухаан, эрч хүч гүйж байдаг юм шүү гэсэн итгэл сэтгэлээр бүх зүйлээ бүтээх гэж зүтгэдэг. Ингэж байгааг нутагтаа байгаа хүмүүс ойлгох нь их ховор. Гэтэл гадаадад амьдарч буй тэд чинь л жинхэнэ Монгол Улсаа гадаадынханд таниулж байдаг юм.

Миний бие энэхүү сэтгэгдлээ зөвхөн англичуудын тухай тэдний монголчуудад хэрхэн хандаж, харьцаж байдаг тухай үнэн мэдээллийг олгоход чиглэж байгаа болно. Гэхдээ энэ өгүүлэлд Английн тухай саар мэдээллүүд багагүй орох тул Английн Элчин сайдын яам болон бусад холбогдох албаны ажилтнуудаас хүлцэл өчье. Монголчууд бид гадаадынхны тухай сайныг нь л их бичихээс тэдний яг үнэн дүр төрхийг бичихгүй хэрнээ их ярьцгаадаг.

Дэлхий дээрх их гүрний үзэл тэдний ард түмэнд хүртэл гүн шингэсэн байдгийн адил англичуудад ч мөн адил дээрх үзэл шингээстэй. Анх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад хөл тавихад ямарч сайхан соёлтой, ажилсаг ард түмэн бэ гэж өөрийн эрхгүй л бодогдож байсан. Харин дунд нь ороод хамт сурч ажиллаад ирэхээр арай өөрөө. Тэдний сайхан харьцаа, бусдыг ажил хийлгэхийн тулд яаж сайхан урам өгч байгаан цаана нэг л юм нуугдаастай. Энэ юу юм бол доо гэж зарим хүмүүс гайхаж магад. Магадгүй танд их гүрний дээрэнгүй үзэл юм болов уу гэж бодогдох байх. Харин ч тэд хар, халтарууд шиг өөрийгөө хэн байснаа мартаад онгирч дээрэлхэх гээд байдаг шиг тийм муухай зан гаргадаггүй найрсаг ард түмэн. Хэдий тийм ч тэдний хамгийн муухай зан бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах. Монголчуудыг FUCKING CHINESE гэнэ. Харин “би Хятад бишээ монгол байна” гэсэн монголчууд угийн найрсаг, нөхөрсөг ард түмэн тулдаа тэдний хайр хүндэтгэлийг хүлээхдээ амархан. Гэхдээ л англичууд бүр цусандаа шингэсэн байдаг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах зангаа тавихгүй. Биднийг хараад учиргүй инээмсэглэж мэндлэнэ. Цаашаа харж амжаагүй байхдаа л ярвайчихна. Тэгээд хамгийн хүнд хэцүү ажлаа биднээр хийлгэх гэнэ. Тэгсэн хэрнээ хар, халтар хүмүүстээ жигтэйхэн сайн. Арга ч үгүй биз дээ, эрт дээр үеээс колони байсан улсуудынх нь хүмүүс арай дотно санагддаг биз.

Манайхан болсон хойно ихэвчлэн хараар ажиллаж амьдарч байдаг тул энэ байдалд нь зуршил болоод тоохоо больчихдог. Магадгүй энэ ажлаас халагдчихвал ахиж ажил олдохгүй байх гэсэн айдас ч дээрх зуршилд нөлөөлдөг байх. За энэ ч яахав дүүрч гэж бодъё. Гэтэл гудамжаар сэтгэл амар тайван явах, орон гэртээ амар жимэр амьдрах бололцоог нутгийн хүүхдүүд ёстой нэг алдагдуулна. Биднийг fucking Chinese, ни хау гээд өнгөрвөл баярлах хэрэгтэй болдог. Миний хувьд “Би хятад бишээ” гэдэг. Дуугүй өнгөрвөл харин дээрэлхэх янзтай. Идэж байсан зүйлээ шидэх, чулуу нүүлгэх бол энүүхэнд. Би тэднийг ямар аймшигтай болохыг хэдэн жишээ татаж тайлбарлая.

Тэд гадаадынхан их амьдардаг газар бас ч гайгүй. Харин гадаадынхан их амьдардаг газарт харууд хамгийн аюултай субъект болчихдог. Англичууд ихэвчлэн амьдардаг хороололдоо гадны хүн ирвэл үзэхгүй. Манай нэг найз /хувь хүний нэр төрийн асуудал яригдах тул энд дурдагдаж буй зарим хүмүүсийн нэрийг нууцласан болно/ жирэмсэн эхнэрийнхээ хамтаар англичууд ихэвчлэн амьдардаг хороололд байр хөлслөөд амьдардаг байна. Аминдаа л өвс ургамал сайтай томхон цэцэрлэгтэй байранд хүүхдээ өсгөчих санаатай байтал нутгийн хүүхдүүд хоёр долоо хонохгүй нөгөө хоёрыг маань шоглож эхэлдэг юм байна. Тэд эхнэрийг нь жирэмсэн гэдгийг мэдсээр байж хоёр дахь долоо хоног дуусахын өмнөхөн тэднийг дөрвөн шөнө дараалж зовоожээ. Эхний шөнө нөхрийнх нь машины толийг суурьтай нь хуга цохьсон гэнэ. Хоёр дахь шөнө уг машины урд салхины шилийг хагалж, гурав дах шөнө гэр рүү дайран орж халгыг нь хэмхлээд, дөрөв дэх шөнө нөгөө нөхрийнх нь машиныг шатаажээ. Энэ шатааж байгаа үйлдлийг манай хоёр дүрс бичлэгийн хальсан дээр буулгаад маргааш нь цагдаагийн ажилтнуудад үзүүлэх гэтэл “Чи үүнийг ашиглаж болохгүй, хэрвээ үүнийг ашиглах гэвэл тэр хүүхдүүдийн эцэг эх чиний эсрэг шүүхдэх болно. Ер нь чи эндээс хурдан нүү” гэж зөвлөн найзынхаа байр хөлслүүлдэг байгууллагын хаягийг хүртэл зааж өгсөн байдаг. Ингээд манай Монгол хоёр шинэхэн хос маань сайхан байранд орсон биш асар их хохирол амсаад хоёрхон долоо хоноод уг байрнаасаа нүүсэн юм даг.

Мөн Английн Liverpool хотод арван хуруунд багтам цөөхөн монголчууд амьдарч байна. Гэтэл тэдний ихэнхийг нутгийн дүрсгүй хүүхдүүд гэрт нь орж хулгай хийх, гар утсыг нь дээрэмдэх зэргээр шоглоод амжжээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн сүүлээр  тэнд амьдардаг нэгэн гэр бүлийн эхнэр нь машиндаа утсаар яриад сууж байхад тэр хавийн хүүхдүүд ярьж байсан гар утсыг булаах гэж оролдоод бүтэхгүй болохоор машины салхины шилийг хагалаад явчих шижээтэй. Мөн тэрнээс хойш удаагүй  машины хаалгыг нь эвдээд дотор нь байсан эд зүйлсийг хулгайлсан ажээ. Үүгээр ч зогсохгүй дээрх явдлуудаас хойш хэдхэн долоо хоногийн дараа бас нэг залууг гудамжинд хоёр залуу дээрэмдэн гар утсыг нь аваад явчихаж байгаа нь тэндэхийн монголчуудад түгшүүр төрүүлж байсан юм.

Энэ мэтчилэн бичээд байвал барагдахгүй балагтай явдал Англид их. Манайхан гадаадад л гарчихвал мөнгө тарьчих юм шиг боддог. Би ч бас тэгж л бодож байсан. Сурахынхаа хажуугаар байр машины мөнгө өлхөн хийчих санаатай. Гэтэл энд ирэнгүүтээ л шууд өрөнд орж эхэлсэн. Хэдийгээр сайн найзууд маань тусалж байсан ч энд өртөг өндөр байдгаас болж сурахын хажуугаар ажиллах биш, ажлынхаа хажуугаар сурах болчихдог юм байна. Тэгж байж нутагтаа тавьсан өр, Англид бий болсон өрөө дарах хэрэгтэй. Юун хичээл давтах ажил, сургууль, гэр тэгээд хоол хийж идээд унтах. Англи дахь оюутны амьдрал яг л ийм. Магадгүй тэтгэлгээр ирсэн юм уу төрийн мөнгөөр баяжсан хүмүүсийн хүүхдүүд арай өөр байдаг байх л даа.

Англид ирээд мөнгөний ургац хураачих гэсэн миний санааг гурван жил дайрсан ган гачиг, зудын аюул юу ч үгүй хийсгэсэн. Эндэхийн Монголчуудын хувьд хэлний бэрхшээлээс эхлээд зовлон мундахгүй. Ихэнх нь л энэ байгалийн гамшигт нэрвэгдэнэ. Гэхдээ зунд сайхан, зуданд өнөтэй давсан зөндөө л хүмүүс байдаг. Яагаад гэвэл тэдний ихэнхэл аз гийсэн явдал тохиолдсон байдаг. Харин азгүй хүмүүс тэднээс хамаагүй олон байдаг. Монголд байгаа ар гэрийхэн нь “Энд ирээд хэрэггүй амьдрал өдрөөс өдөрт л дордож байна, ажилгүй ч гэсэн наанаа л байж байгаарай” гэнэ. Тэгсэн хэрнээ ажилгүй тэднээсээ байнга мөнгө нэхнэ. Аргагүй л дээ мөнгө тарьдаг хүн нь гадаадад байгаа гэж боддог юм чинь.

Харин Монголоос гарсан хүмүүс гадаадад ирэнгүүтээ л учрыг сая мэдэж ухаардаг. Буцах арга байхгүй бөөн өр тавиад баахан амлалт аваад ирсэн хүнд буцах зам байхгүй. Харин өр тавиагүй нэг нь бол амь биш, заяа биш, биеийнхээ эрүүл дээр хурдан буцъя гээд нутаг явсан банкны захирал, компаний захирлууд зөндөө. Арга ч үгүй дээ тэд бас л гадаадад гарчихвал мөнгө тарьчих юм шиг л бодож ирээд бүтэхгүйг ойлгоод буцаж байгаа нь тэр. Монголд ядаж 300,000 төгрөгнөөс дээш цалинтай ажил хийдэг хүмүүс гадаад явж баяжина гэвэл ёстой л мөрөөдсөний гарц. Яагаад гэвэл тэд энд 300,000 төгрөгний орлого олж чадахгүй л байхгүй юу. Тиймээс бид гадаад гарж мөнгө олон байртай болох биш, нутагтаа яаж гайгүй тогтвортой ажил олж хийн зээлээр байр яаж авах вэ гэж бодвол арай л хялбар байх болно гэдгийг Монголд байгаа гадаадад гарах гэж тэмүүлж буй хүмүүст хэлмээр байна.

Монголд тогтвор суурьшилтай ажил хийдэг хүмүүс ийм бодлоо гээх нь тэдний ирээдүйд л хэрэгтэй болдог. Яагаад гэвэл тэд гадаадад нэг гарчихвал дор хаяж хоёр жилдээ нутагтаа буцаж ирэхгүй. Тэр хооронд хамт ажилдаг найз нөхөд нь маш сайхан гялалзсан амжилт үзүүлж тэдний гадаадаас авч чадаагүй бүхнийг л авчихсан байдаг. Мөн тэднийг хоёр жилээс илүү хугацаагаар гадаадад байвал тэдний нийгэмд эзлэх байр суурь маш бага болсон байдаг учир таныг эх орондоо байж Монголынхоо төлөө ихийг бүтээгээсэй, хайран залуу насаа гадаадад шал, жорлон, аяга шанага угаах зэрэг хар ажил хийн сурсан мэргэжлээ бүү гутаан доромжлоосой хэмээн хүсч байна. Харин дөнгөж арван жилийн сургуулийн ширээнээс холдон амьдралын их айл руу хөл алдан алхан орж буй залуусын хувьд бол өөр хүсэлт байна. Тэд харин гадаадад гарч эрдэм ном үзэн, эцэг эхээсээ хол байн бие дааж амьдрах чадварыг сураасай гэж боддог. Үүний төлөө Монголын засгийн газар их зүйл хийгээсэй гэж хүсдэг.

Эцэст нь тэмдэглэхэд гадаадад гарч мөнгө олох амархан уу? гэдэг асуултыг та өөртөө бус гадаадад байгаа хүмүүсээс асуугаарай. Тэдний 98 хувь үгүй л гэх байх. Гэхдээ л тэдний зарим нь нутаг руугаа явах гэж яардаггүй хүмүүс. Яагаад гэвэл цөөнгүй монголчууд нутгаасаа гараад удчихсан, хүүхдүүд нь бүгд гадаадад төрж өсөн, сурч байгаа болон мөн гадаад улсын иргэн болсноос шалтгаалдаг. Ийм хүмүүст бурууг хэзээ ч өгч болохгүй. Монголд маш их хөрөнгө оруулж байдаг ийм хэсэг хүмүүсийг манай Засгийн газар дэмжих хэрэгтэй юм шиг санагддаг. Яаж вэ гэхээр Монгол Улсад иргэний хоёрдмол харъяаллыг хүлээн зөвшөөрөх. Тэгэхгүй бол гадаадад төрсөн зарим хүүхдүүд Монголд очоод харъяалалгүй иргэний тоонд ороод байгааг УИХ-ын гишүүд маань ойлгоосой хэмээн дахин хүсч байна.

Р.Батрагчаа. Монголын төлөө залуучуудын холбоо

Related: Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: