Миний мэдэх Англи орон

From: http://tiim.blog.mn/index.m?p=1

..Английн хувьд түүхэн онцлог нь олон зуун жил дэлхийн Ази, Африк, Америк тивд “колони” улсуудтай, тэднээсээ татвар, түүхий эд усан онгоцоор тээвэрлэж хэрэгцээгээ хангадаг байсан учир одоо ч тэр улсуудтайгаа холбоотой байдаг бөгөөд “Сommon wealth countries” (53 тусгаар улсыг нэгтгэнэ) гэж нэрлэнэ. Миний мэдэхээр Австрали, Шинэ-Зеланд, Энэтхэг, Нигери, Канад-ын зарим хот, Сингапур, Балба, Бангладеш, Пакистан, Өмнөд Африк гэх мэт. Тэдгээр улсууд шинэ соргог ямар зүйл нэвтэрсэн байна, түүнийг “копидоно”. Копидох ч бас учиртай шүү дээ. ..

Миний мэдэх Англи орон

Thu Nov 13, 2008   04:42

Миний мэдэх Англи орон
Манайхан Англи гэж яриад сурсан. Албан ёсны нэр нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс гэж явдаг. Учир нь энэ улсад 4 улс нийлж өнөөгийн бидний мэдэх “Англи” бүрдэнэ.
Энд Лондонд нийслэлтэй Англи буюу Британи, Эдинбург-т нийслэлтэй Шотланд, Кардифф-т нийслэлтэй Уэлс, Бельфаст-д нийслэлтэй Хойд Ирланд багтана.
Та бидний кинон дээрээс олонтаа үзсэн, бас миний багадаа түүхийн багшийн хичээл дээр “дүн авах болзолтой’ хувьсгалуудыг он дарааллын дагуу цээжилж асуугдах гэж хэрэндээ зовдог байсан санагдана. Тэгээд л хөрөнгөтний хувьсгал аж үйлдвэржилтийн эхэн энд тавигдсан гэдэг утгаараа би жинхэнэ “капиталист улс” энд бий гэж найз нартаа ярих дуртай. Гол зүйл нь чи ‘хөдөлмөрлө, юу чаддагаа үзүүл, хий тэгээд л амьдар’ гэдэг болзолтой гэх үү дээ. Манай улс ч энэ чиглэлд явж байгаа боловч арай ч бүрэн капиталист болоогүй ээ.
Тус бүр өөр өөрсдийн далбаа, сүлдтэй боловч бүгд нийлээд Юньёон Жак далбаан дор нэгдэнэ.
Миний амьдардаг Шотланд улс
Шотланд хүн бол нэлээд хатуу акценттай яридаг, бас намхан. Ер нь дундаж монгол шиг намхан шүү. Шотланд виски, юбка-тай залуу, гольф-ын талбайнуудаараа алдартай.
Англи хүмүүс Өндөр, туранхай, ихэмсэг бардам. Миний л бодол шүү. Нэг зүйл санаанд орлоо. Нэг семинарт оролцож байхад Англи хүн бусад үндэстний гол зан ариншин, ялгаа юу вэ гэсэн сэдвээр ярилцаж байсан. Багш бидэнд тайлбарлаж нэмж хэлэхдээ ’англи хүн маш их зовж байсан ч сэтгэлийн хөдөлгөөнөө дарж байх’ өөрөөр хэлбэл хичнээн хэцүү байсан ч хүнд муугаа үзүүлэхгүй гэж нейтрал төрх гаргах гэж хэлж байсан түүнээс ч болж тэгж харагддаг байж болох юм.
Англи нийгэм дэхь хүмүүсийг 3 хувааж болмоор. Мэдээж судалгаагаар бол үүнээс олон ангилж болно л доо.
Дээд язгууртан буюу хаан хатан, гүнлэг зэрэг хэргэм зэрэгтэй үе дамжсан ихэс дээдэс, тэдгээр хүмүүсийн хувь заяа төрөхөөсөө л тусгай байдаг. Гэрийн асрагч үйлчлэгч, дээдсийн хүүхдүүдийн сурдаг сургууль гэх мэт. Энд Sandhurst, Eton college зэрэг багтана. Жишээлэхэд, хатан хааны ач Уиллим, Харри энэ сургуулийг төгссөн. Ирээдүйн эхнэр болох хүнийг ч дээд хүрээллээс сонгоно. Ирээдүйн улс орныг авч явах хүн гэдгээр нь тэгдэг болов уу.
Нэг бодлын тэд бол маш хязгаарлагдмал, жирийн хүүхдүүд шиг эрх чөлөтэй биш “азгүй”. Энэ ангиллын хүн маш цөөн. Дээд нийгмийн давхаргын хүмүүс уран зургийн галлерейд өдрийг кофе ууж, ярилцаж өнгөрөөсөн шигээ, янжуур зууж, бас маш дэгжин хувцастай. Кинон дээр гардаг даа. Нэг гартаа шүхэр бариад, бүрх малгайтай, эрвээхий зангиатай эмэгтэйгээ эхэмсэгээр сугадаад цэцэрлэгт алхаж яваа эр.
Дундаж ажилчин өрх, энд бол ер нь сайхан ажилаа хийгээд байхад амьдрал нь баталгаажчихсан хүмүүс орно. Дээд боловсролтой, хөдөлмөрч ажилдаа үнэнч шударга. Хүссэн зүйлээ авахад цалингийн зөв хуваарилалт хийхэд л боломжтой. Үр хүүхэддээ мөн боловсрол, ёс суртахуунтай хүн болоход их анхаарна.
Дундаас доогуур буюу ажилчин анги. Ерөнхийдөө хөдөө орон нутагт амидардаг, үйлдвэрийн ажилчин, боловсрол нимгэн. Цагийн ажил хийгээд олсноороо амьдраад л дуусдаг хүмүүс.
Энэ ангилал бол ерөнхий ангилал бөгөөд цагаач ихтэй, түүхэн улбаатай улс учир энэтхэг, өнгөт арьстангууд ихтэй, урьд элэнц хулац нь энэ нутагт ’зарц’ болж ирсэн бол, харин одоо үр ач нар нь хөлөө олчихсон хэдэн үе нь англи гэдэг улсад өсөж төрсөн хүүхдүүд нь унаган англи хэлтэй, өндөр боловсролтой өндөр орлоготой эмч, инженеер, банк санхүүд ажиллана. Benz, BMV унаж гангарах дуртай. Бас их нөхөрсөг, шургуу ажилсаг. Лаг баян энэтхэгүүд, харууд ихээ. Мэдээж бүгд бол тийм биш л дээ.
Английн хувьд түүхэн онцлог нь олон зуун жил дэлхийн Ази, Африк, Америк тивд “колони” улсуудтай, тэднээсээ татвар, түүхий эд усан онгоцоор тээвэрлэж хэрэгцээгээ хангадаг байсан учир одоо ч тэр улсуудтайгаа холбоотой байдаг бөгөөд “Сommon wealth countries” (53 тусгаар улсыг нэгтгэнэ) гэж нэрлэнэ. Миний мэдэхээр Австрали, Шинэ-Зеланд, Энэтхэг, Нигери, Канад-ын зарим хот, Сингапур, Балба, Бангладеш, Пакистан, Өмнөд Африк гэх мэт. Тэдгээр улсууд шинэ соргог ямар зүйл нэвтэрсэн байна, түүнийг “копидоно”. Копидох ч бас учиртай шүү дээ.
Бас Англи хэл дэлхий дахинд түгээмэл хэл болж буйн хувьд бүх улс орны хүмүүсийн төлөөлөл Лондонд байдаг гэдэгт би огт эргэлздэггүй.
Анх ирээд маш их гайхаж байсан зүйлийн нэг гэвэл гивлүүр зүүсэн араб хүүхнүүд байлаа. Пингвин шиг хар нөмрөгтэй, зарим нь хамартаа тэмээний бурантаг шиг алтан зүүлт зүүсэн ч байх шиг. Тэд баян л даа. Лондонд зун ихэвчлэн ирж шоппинг хийдэг. Олуулаа л явж байдаг, бодуул 1 эрийн олон эхнэрүүд байдаг байх. Энэ бол Арабын ертөнц, сэдвээсээ хальчихлаа.
Англи эрчүүд хөл бөмбөгт нугасгүй ээ. Тоглолтын тасалбар нь жилийн өмнө зарагдсан байдаг гэсэн. Хүмүүс нь дэмждэг багынхаа ороолт, малгай, футболк-оор гоёно, гудамжиндаа гарч ирээд хожсон багийнхаа сүлд дууг дуулна. Тоглолт эхлэхээр ойр хавийн Паб-нууд дүүрэн хүнтэй, гаднаас нь чанга хашгарч яриж байгаа нь сонсогдоно. Урьд нь би яг цэнгэлдэх хүрээлэнгийн эсрэг талд байр түрээслэдэг байлаа. Тоглолт болсон өдрийн орой гэртээ харина гэдэг асуудалтай. Түгшүүртэй. Замаар хүмүүс бүчиж дуу дуулалдан замын хөдөлгөөн хаах бөгөөд цагдаа нар ойр ойрхон машинтай эргүүлд гарсан байдаг.
Хөрш Жон-оос учрыг лавлахад улайрсан фенүүд нь арьсны үзэл гаргах, эмх замбараагүй байдал бий болгохоос урьдчилан сэргийлж цагдаа нар гардаг гэж байсан. Яаг тэр үед нэг орлоготой зүйл нь хот-дог буюу манайхаар талханд хавчуулсан зайдас юмуу даа. Одоо ч тэр сонгины эхүүн үнэр үнэртэх шиг болж байна. Сайн зарагдана даа. Тэд нар нь тоглолт болохын өмнө ирээд вагончикоо байрлуулчихна.

Бороогүйгээр англи орныг яаж төсөөлөх вэ. Өвөлдөө усан бороо орноо. Гэхдээ зун бол нарлаг өдөр байдаг шүү. Цаг агаар нь тийм ч хүйтэн, бас өмнөд азийн орнууд шиг бүгчим халуун биш. Утаа байхгүй. Үйлдвэржилтийн зуунд бол агаар нь үйлдвэрийн утаагаар бохирлогдсон, гол усаар нь хар шороо эргэлдэж, үйлдвэрийн хаягдал бохироор цутгаж байсан гэдэг. Цагтаа гол ус нь маш ихээр бохирдож, уул уурхай хөгжих гэж их л зүдэрч байсан болов уу гэх дүр төрх санагддаг юм.
Хөгжих гэж байгалиа сүйтгэж байсан ч харин одоо хамгийн чанд хутуу байгаль хамгаалах хуультай Европын холбооны орнуудын нэг. Гэхдээ энд Азийн барууд шиг, Нью-Юорк шиг шил толь болсон тэнгэр баганадсан барилга байшин бараг байхгүй. Хуучны чанартай хэдэн саарал байшингууд ноёлоно. Хотын төв Оксфорд гудмаар 5 -6 давхар 17, 18 зууны уран хийцтэй саарал барилга гудамны 2 талаар эгнэнэ. Гэхдээ барилгын тааз нь маш өндөр (миний мэдэх стандартаас лав өндөр). Барилгын тааз өндөр, уран чимэглэлтэй байх нь барилгын үнэ цэнэтэйг илтгэдэг гэнэ. Ер нь Англи хэв маяг бол шинэ гоёдоо биш хуучны, удаан эдэлгээ даах чанартай зүйлийг шүтдэг зан. Суурин соёлтой болоод ч тэр юмуу аль хэддэгээр зууны (миний хувьд дээр үеийн, европын дээр үе гэдэг ойлголт бидний дээр үе гэдэг ойлголт хоёр өөр гэж санаад),  их дээр үеийн ном зохиол, ширээ сандал байж л байна. Бүүр тэрийгээ дуудлага худалдаанд оруулж үнэд хүргэж зарна, тийм хуучны зүйлс сонирхож цуглуулдаг хоббитой хүмүүс байна. Манай нэг америк байрны найз эмэгтэй хуучны пянз, зураг, оёдлын машин гээд этгээд юм цуглуулдаг хоббитой.
Үргэлжлэл бий.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: