Тавантолгой, Оюутолгойн ордыг ашиглах цаг болсон

From: http://news.gogo.mn/r/45097

Б.Батбаяр: Тавантолгой, Оюутолгойн ордыг ашиглах тусгай тогтоол гаргах цаг болсон

Тавантолгой, Оюутолгойн ордыг ашиглах тусгай тогтоол гаргах цаг болсон

Монголчууд сандайлсан эр­дэнэсээ булаалдан улстөржиж байх хооронд зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр хоёр дахин буурч, биднийг царайчлах хөрөнгө оруу­лагч бараг үгүй болов. Бүх юм болж өнгөрсөн хойно бид “Зэсийн үнэ 9000 ам.доллар хүрэх шахсан тэр сайхан цагт Оюутолгойн ордоо хамтраад ашиглаж эхлэхгүй яав даа” гэсэн хоосон харуусал тээж хоцроод байна.

Оюутолгой, Таван­толгойн стратегийн гол ордод га­даадын хөрөнгө оруулагчид ба Монголын төрийн эзэмших хувийг тогтоож, бас бус эрх зүйн зохицуулалт хийх зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн Ашигт малт­малын тухай хуулийн төсөл хоёр парламент дамнан “зэвэрч” байгаа билээ. Улстөржилт, дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн уналт зэргээс хамаараад эдүгээ тухайн орд бүрээр тогтоолын төсөл батлах хувилбар ярьж эхэллээ. Шинэ УИХ уг хуулийн төслийг цаг үедээ нийцүүлэн боловсруулах Аж­лын хэсгийг дахин байгуулсан. Ажлын хэсгийн гишүүн Б.Бат­баяртай энэ сэдвээр ярилцлаа.

-Ашигт малтмалын тухай хуу­лийн төслийг  энэ онд багтаагаад батал­чихна гэсэн яриа дахиад л замхрах тийшээ хандаж байх шиг. Ажлын хэсгийн гишүүдийн  байр суурь ямар байна вэ?
-Би өөрийнхөө бодлыг шулуухан хэлье. Хөрөнгө оруулалттай хамаатай, эдийн засагт ач холбогдолтой хуулиар их оролдвол юу ч биш болдгийг сүү­лийн хэдэн жилд мэдэрч байна. Хуулиар оролдох тусам улам муу болдог аж. Ашигт малтмалын тухай хуулийг  сүүлийн хоёр жилд хэдэн ч удаа өөрчлөв. Өнөөдөр нэг сайхан хууль баталчихаад  маргааш нь өөр нэг популизм гаргаж ирээд түүндээ нийцүүлж өөрчилдөг.  Гэтэл компаниуд наад зах нь 10-15 жилийн баталгаатай газарт л хөрөнгө оруулахаас жилд хоёр удаа аашаа хувиргадаг улстай хамтарч ажиллахгүй. Тиймээс энэ хуу­лийг нэг их оролдох хэрэггүй. Мон­голд хөрөнгө оруулах сонирхолтой хүн ховор боллоо. Ямар ч бизнесийг ашгийн төлөө хий­дэг учир аргагүй. Тавантолгой, Оюу­толгойн ордод УИХ яаралтай тусгай тогтоол гаргахгүй бол “будаа” болох нь. Дэлхийн санхүүгийн хямрал бүх зүйлийг зогсоолоо шүү дээ.
Хоёр жилийн өмнө Оюутолгойг 2.5, Тавантолгойг  хоёр тэрбум ам.дол­лараар ашиглах байсан бол өнөөдөр хөрөнгийн хэмжээ хоёр дахин өсчихлөө. Дэлхийн санхүүгийн хямралыг туулахын тулд хөрөнгө олгодог банкууд статусаа арилжааных болгон өөрчилж байна. Энэ хямрал хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй. Зургаан сар, эсвэл 60 жил ч байж болно.

Зэсийн нөөцтэй улс нь зөвхөн Мон­­гол биш. Алт, нүүрс, бусад ашигт малтмалын нөөц ч дэлхийд их байна. Гагцхүү хэдэн ам.доллараар түүнийг ухаж гарган, бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах вэ гэдэг л асуудлын гол нь. Өнөө­дөр зэсийн үнэ 3600 ам.доллар байхад “Эрдэнэт” 4000 ам.доллараар олборлож байна шүү дээ. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалт хийх хүн байх уу.

-Зөв цагт баялгаа “борлуулж” чадаагүйн шалтгаан нь улстөржилт үү?
-Цэвэр улстөржилт. Ашиглая гэсэн хүн бүр рүү “чулуу” шиддэг, харддаг байсан.

-Ашигт малтмалын үнэ өстөл шинэ ордод хөрөнгө оруулахгүй гэдгээ “Рио Тинто”-гоос эхлээд мэ­дэг­дэж байна. Таны бодлоор зэсийн үнэ буурчихсан, бас ашигт малтмалын нөөцөөрөө манайхтай өрсөлдөх орон олон байгаа нөхцөлд бид дээрх ордууддаа яаж хөрөнгө оруулалт татах вэ?
-Хөрөнгө оруулагчдад таатай нөх­цөл л олгох ёстой.

-Өнгөрсөн жил баримталж бай­сан 49:51 гэдэг хувь мэдээж өөрч­лөгдөх байх. 34 хувь руугаа буух уу?
-49:51 байтугай 34 хувийг ч хүлээж авах нь юу л бол. Бид хатуурхаад Мон­голын төр “51 хувийг эзэмшинэ” гэж бай­сан. Зэсийн үнэ өндөр байхад шүү дээ. Одоо бол хөрөнгө оруулагч талуудын саналыг л  сонсох хэрэгтэй.

-Тэд мэдээж илүү доогуур хувийг төрд өгөхийг эрмэлзэнэ. Энэ саналыг нь хүлээж аваад Мон­гол Улс ашиг олж чадах уу?
-Бид татвараар мөнгө олно. Олон төрлийн татвар бий. Энэ бол олж буй мөнгөний гуравны нэг нь шүү дээ. Хөрөнгө оруулалтаар хэдэн мян­ган хүнээ өндөр цалинтай ажилтай болгоно. Баялгаа зүгээр л дараад хэвтээд байх уу, эргэлтэд оруулаад мөнгө олж, түүгээрээ өөр аж ахуйгаа дэмжсэн нь дээр үү.
Олон үйлдвэр байгуулмаар байна. Уг мөнгийг эндээс олж болно. Залуусаа эх орондоо ажилладаг болгоё. Их санасан газар есөн шөнө хоосон хономооргүй байна шүү дээ.

-Ерөнхий сайд Ашигт малтмалын хуулийг яаран батлахаас өмнө ту­хайн орд бүрээр тогтоол гаргая гэ­сэн. Засгийн газрын мөрийн хөтөл­бөрийн төсөлд ч энэ санаа туссан. Та үүнийг дэмжиж байгаа бололтой.
-Тавантолгой, Оюутолгойн ордод тусад нь УИХ-ын тогтоол гаргах энэ саналыг дэмжиж байгаа. Маш зөв бодлого. Стратегийн ордуудаа эхлээд эргэлтэд оруулах ёстой. Боломжоо ашиглаж, аль болох бага хохиролтой гарах нь чухал.

-Ажлын хэсгийн гишүүд энэ саналыг дэмжиж байгаа юу. Та нарыг хоорондоо байр суурийг зөр­чилтэй байгаа гэх юм.
-Олонх нь дэмжиж байгаа. Тог­тоолыг хэзээ гаргахыг бид ярилцаж байна. Эхлээд хөрөнгө оруулагчдын саналыг сонсоод, дараа нь болзлоо хэлнэ. Бид “ 50 хүртэл хувийг Монголын тал эзэмших ёстой” гэсэн хязгаар тогтоосон. Тэрэндээ хүртэл ярина. Ийм том ордуудад дангаараа хөрөнгө оруулах компани, улс ховор. Тэр тус­маа ашигт малтмалын үнэ ингэж унасан нөхцөлд. Бид өөрсдийгөө хэтэрхий ихээр үнэлсэн нь ийм байдалд хүргэсэн. Ямар ч бизнест аль аль тал нь ашигтай байх алтан зарчмыг мөрддөг. Үүнийг бид бодох учиртай. Хэтрүүлж үнэлээд бүх зүйлд хориг тавиад байвал юу ч хийж чадахгүй.

-Оюутолгойн ордын асуудал хүнд байгаа ч Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагч олдоно гэх тайвшрал байна.
-Нүүрсний үнэ ч бас унаж байгаа шүү дээ. Цаашаа яахыг бас л  хэн ч мэдэхгүй. Хамгийн том хэрэглэгч болох БНХАУ эрчим хүчний хэрэглээгээ бараг 30 хувиар хязгаарлачихлаа. Энэ чинь нүүрсний хэрэгцээ багасна гэсэн үг. Бас ОХУ-ын нутаг Тувад том нүүрсний орд нээгдсэн учир тэд сонирхлоо татаад авчихсан. Нийлүүлэлт хангалттай байх тусам түүхий эдийн үнэ унах учир тайвшрах цаг биш.

-Тавантолгойн ордод БНСУ, АНУ-гаас хөрөнгө оруулах санал тавь­сан. Ажлын хэсгийнхнээс тэдэнтэй уулзсан уу?
-Энэ чинь хуучин санал шүү дээ. Одоогоор ажлын хэсгийнхэн ямар нэг компанийн удирдлагатай уулзаагүй байна. Тэгээд ч тэд ийм саналыг зөв­хөн Монголд тавиагүй гэдгийг мар­таж болохгүй. Аль боломжтой нөхцөлтэйд нь л хөрөнгөө оруулна. Гэтэл  манайхан дэвэргээд байх юм. Хүн алдаж болно. Харин алдаагаа давтахгүй байх ёстой.

С.Туул

2 Responses to “Тавантолгой, Оюутолгойн ордыг ашиглах цаг болсон”

  1. Амарсайхан Says:

    Өнгөрсөн борооны хойноос Шүхэрээ дэлгэв ээ хөөрхий.

  2. Амарсайхан Says:

    шүхрээ гэх гээд ташаарсныг засч уншина уу


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: