Соёлжих шоoт-кат

From: http://mongolchuud.blogspot.com/2008/10/o-short-cut.html

… Та бидний нутгаа орхиx нэг шалтгаан нь ганцхан мөнгө ч биш, харин нүд тайлж, юм үзэх гэсэн, намгийн мэлхий болохгүй гэсэн эрмэлзэл. Энэ эрмэлзэл залуу хүн бүхэнд байгаа нь манай өнөөгийн нийгэм соёлгүй /өргөн утгаар нь/, иргэдээ тогтоох, хөгжүүлэх үнэт зүйлсгүйг давхар харуулна. Тиймээс ч монгол Монголоосоо “зугтдагийн” нэг шалтгаан нь монголын нийгэм өөрөө, бүр тодруулвал нийгмээ бүрдүүлсэн монгол хүмүүс бид юмаа. ..

Sunday, 19 October 2008

Соёлжих шоoт-кат /short-cut/

Гадаад байгаа Монголчуудад хандаж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Ерөнхий сайд С.Баярын бичсэн “Та нар маань”, “Та нар маань”, “Та нар маань” гэсэн ил захидлыг уншаад харьд суугаа би бараг л уйллаа.

Шоовдорлогдсон хүүхэд тоогдохтой адил – Ерөнхий сайдыгаа ‘доош орон’ ‘хар’ голцуу хүмүүсийг “соёл иргэншлийн их ертөнцөд нэвтрэх санал сэдэл, тэвчээр хатуужил, эрэл эгээрлийн ‘түүчээ’…манай үндэстний хамгийн зоримог, өөртөө итгэлтэй, юуг ч бүтээх увидастай хэсгийн төлөөлөл” г.м. магтахаар – Монголоос зугтсан олон монголчууд магнай нь хагартлаа баярлаж биеэ тооцгоов.

Үнэндээ, урьд нь албан томилолт, арилжааны хэргээр л хааяа зорчдог, эсвэл монгол хүн огт хүрээгүй оронд Та бид нар ядуу, шударга бус, хээл хахуульд баригдсан нийгмийнхээ ачаар бараг өөрсдөө ч сонголгүй хүрч иржээ. (Хэрэв Монгол баян бол бид ингэж харьд хавчигдан амьдрахгүй шүү дээ.)

Монголоос зайлцгаасан бид одоо том хүч болсон болохоор бүр “үнэд орж” Ерөнхий сайд маань хүртэл “Чингисийн байгуулсан их голомтын тасархай нь Та нар маань билээ” гэж бидэнд санууллаа.

Нээрээ л, Монгол гэдэг нэрийг толь бичгээс л харж мэддэг, мэдлээ гэхэд аугаа дээдсийг минь “талын зэрлэгүүд” мэтээр төсөөлдөг харь хүмүүсийн дунд амьдрахаар явсан Та бид нар жинхэнэ эр зориг гаргаж, зарим нь бүр зодоон цохиондоо хүрч, хэрэлдэж уралдаж байж Монгол гэдэг нэрийг “гадаад чихний хэнгэргэнд” хадаж өглөө шүү дээ.

Одоо Нью-Иоркийн тэнгэр баганадсан байшин дотор ч, Лондонгийн Хай Стрийт гудамжинд ч, Токио, Сөүлийн төвд ч, “Монгол гэж улс байдаг юм уу?” гэж хэнбугай ч асууж тэнэгтэхгүй байхаа (Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 10-д жилийн өмнө анх Лондонд ирэхэд онгоцны буудал дээр нь ингэж асуусан гэсэн).

Энэ бол яах аргагүй Монгол улсыгаа амьд биеэрээ рекламдсан Та бид нарын гавьяа. Энэ гавьяаг хойч үе маань мартахгүй бa Ерөнхий сайдын бичсэнээр, монгол хүн бүр үр хойчдоо үлгэр сургаал болгон үлдээх учиртай аж.

Та бидний бас нэг гавьяа бол (Ерөнхий сайд бичсэн) хөгжингүй улсуудыг хөндлөнгөөс биш ойрын зайнаас, бүр дотроос нь харж, өнөөгийн монголчуудынхаа “нүд” нь болсон явдал. Энэ утгаараа ч бид Монгол руу материаллаг болон материаллаг бусаар “их хөрөнгө орууллаа”. Наад зах нь нутаг руугаа моодонд орсон шинэ загварын Дийзель жинс, гар утас, хуучраагүй жийп машин г.м явуулдаг маань манай улсын өнгө үзэмж, хөгжилд их нэмэр болжээ.

Нэрт нийтлэгч Баабарын бахархан ярьснаар, өнөөдөр УБ-т 130 мянган машин явж, сая гурван зуун мянган гар утас ажиллаж байна. Энэ гар утаснуудын хэд нь та бидний явуулсан гар утас байгаа бол; даатгалын компаниудыг хулхидан байж бидний явуулдаг үнэтэй, цайтай гар утаснууд санаснаас ч өндөр хувийг эзлэх байх даа.

Хэдийгээр 18 жилийн өмнө 5$ (дундаж) байсан цалин өдгөө 100$ (доод хэмжээ) болсон ч дарга, сайд болоогүй, боос эзэн хийгээгүй жирийн дундаж иргэн, тэнгэрт хадсан үнэтэй гар утаснуудыг хэрэв та бид үгүй бол барьж, хэрэглэж чадах билүү; xэрэв та бид байгаагүй бол “будагных нь үнэр арилаагүй” шинэ текник текнологийг нутагтаа үлдсэн монгол ах дүүс маань хэрхэн хэрэглэж, гангарч явах билээ. Тиймээ, Та бид нар их гавьяатай!

Энэ гавьяа амархан олдоогүй ээ. Үүнийг Ерөнхий сайд маань мэдэхийн дээдээр мэдэж байна, “Та хэд маань Цагаан сарын Шинийн нэгэнд цэнхэр хангайнхаа овоонд мөргөж чадахгүй бэтгэрч суугаа…буурал дээдсээ буцах замд нь үдэж, Бурхны оронд залах ёсонд ирж чадалгүй элгэндээ бэтгэрч байгаа…ихэмсэг гүрнүүдэд нуугдаж хаагдахын гачланг амсаж яваа… Нэг гаргавал эргээд оруулдаггүй оньс хатуу үүдийг нь бүрмөсөн хаалгачихгүйн тулд тийнхүү зовлонгоо нууж, жаргалыг хурайлан суугаа…” гээд л өөрөө амссан мэт бүгдийг тоочлоо. Ерөнхий сайдын ерөөснөөр эх орон, өрх бүлээ тэжээх гэж яваа ариун үйлс, үнэн сэтгэлийг маань монголын тэнгэр Чингис хааныг ивээсэн шиг ивээх аж. Хурай, хурай, ерөөл бат орших болтугай.

(Ерөөс л, бидний ариун үйлсийг Хөх тэнгэр тэтгэдэг нь батлагдаад байна. Бээжингийн Олимпын анхны мөнгөн медалыг хар! Хэрэв Гүндэгмаагийн ээж Солонгост ажиллаагүй бол Монголчууд “булган сүүлтэй” медалиа аваа ч уу, үгүй ч үү; Гүндэгмаа олимпад оролцоо ч уу, үгүй ч үү; өлбөрөөд үхчихсэн ч байх юм билүү хэн мэдлээ… Хөөрхий ээж нь охиноо медал авсныг мэдсэн ч баригдахаас эмээн олигтой ч баярлаж чадалгүй ажиллаж байсан биз дээ. Ийм л зовлон, зүтгүүрийг туулж байж бид Ерөнхий сайдаар магтууллаа.)

Гэвч шударга яривал – бид гавьяатай ч бас гайтай. Гадаадад гарч чадаагүй олон шударга залуусыг толгой хорогдох байртай болж, эхнэр авах боломжийг нь хаачихлаа -“үнийг нь өсгөөд” шүү дээ. Мөн ар гэрийнхэндээ энэ тэндээс мөнгө, эд хөрөнгө явуулсаар байгаад цамаан зантай болгож, өөрсдөө очоод ч “доошоо орохоор” байдлыг бий болгочихов. Бас “Монголд тогтдоггүй сэтгэлийг” моод болгочихлоо…

Та нар монголын замбараагүй машин замын хөдөлгөөн юунаас үүдэлтэй гэж бодно… Та биднээс шүү дээ. Дарга нар идэж уугаад завгүйг, замын багтаамж нь жижгийг, монголчууд онгироо, бүдүүлэг, машин жолоодох соёлгүйг мэдсээр байж баахан “төмрийн хог” явуулсны л гай шүү дээ. Хэрэв бид, гадаадаас очсон хүн заавал машин унах ёстой гэж боддоггүй бол, бөөнөөр нь машин явуулаагүй бол, манайд ямар “машин ургах биш” ихэнх нь автобусаараа зорчин Хотын даргаа баалсаар ажил хийлгэн нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруулах ч байсан юм билүү?

Одоо монголчууд нийтийн тээврийн унаанд “миа хүн” л суудаг гэсэн ойлголттой болж. “Дуу султай” хүмүүс автобусанд суудаг болохоор Хотын дарга тайван ажлаа хийгээд өдрийн од шиг хэдэн ямбий автобусаа толгой өвдөх юмгүй яажийтал нь мацуулаад сууж байна даа, цаана чинь… Иймд гадаадаас очсон Та бид ганц гомдолж болохгүй зүйл бол машин замын хөдөлгөөн. ХЭРЭВ ЧИ МОНГОЛД ЯПОНООС ОЧООД ЯПОН ТЭРГЭНД ДАЙРУУЛСАН БОЛ ХОХЬ ЧИНЬ!

Сурсан мэдсэн гэхээр зөвхөн бакалавр, магистрийн дипломыг хэлэхгүй харин байшин шавардахаас эхлээд технологи эзэмших хүртэл, хүн хуурч, ажил оромдохыг жигшихээс эхлээд хуулийн хүрээнд амьдарч сурсан чинь хүртэл бидэнд хэрэгтэй. ХХ зуунд Монголын мянга мянган залуус хуучин Зөвлөлт Улс ба Зүүн Европын орнуудад боловсрол эзэмшсэн. Чухамдаа тэд л соёлжиж иргэншсэн Монгол орны хөгжлийн ‘түүчээ’ болсон. Тэднийг үе тэнгийнхэн нь хүндэтгэн бахархаж, даган дуурайсаар соёлжиж, иргэншсээн. Харин өдгөө та нарын ээлж ирлээ гэж Ерөнхий сайд бичсэн нь алс суугаа та бидэнд хариуцлагыг мэдрүүлж, улс орны хөгжлийн ачааг жаахан ч атугай үүрүүлж буй хэргээ.

Нийтлэгч Баабар ч мөн адил, “Та нарын тэр диплом зиплом чинь өөрсөндөө л хэрэгтэй байдаг юм байгаа биз. Энд ажил хийх чадвартай болоод, тодорхой ажлыг хийж чаддаг болоод, сахилга батжаад, иргэншээд, соёлжоод ирж байгаа чинь л Монгол улсыг авч явах хамгийн үнэт зүйл” гэж хэлсэн билээ. Энэ бол яах аргагүй үнэн.

Гадаад буй монголчууд Та бид нарын хамгийн том ГАВЬЯА, ҮНЭТ ЗҮЙЛ бол ажил хийж сураад монгол хүн залхуу биш гэдгийг “нээсэн” явдал. Харь газар ажиллаж, хатуу хүтүүг амссан хүн бүхэн надтай адил ажлын амт шимтийг мэдэрч, монгол хүн залхуу гэдэг онол худлаа болохыг яс махаараа мэдэрдэг… Гэртээ бандаашгаа ч угаадаггүй 19 хүүхэд, хоёрхон сар Англид байхдаа л жигтэйхэн ажилсаг болоод нойр хоолоо хасан хоёр ажил хийгээд, хажуугаар нь сураад явж байна. Энэ юуных вэ?… Мөн Монголд ажилд гологдоод, ажил голоод 30 хүртлээ архидаж явсан аав, харьд очихоороо л сая, сая төгрөг сард хийгээд л архи, тамхиа бага хэрэглээд эхлэдэг нь бас юуных вэ? /Эргээд нутагтаа очихоор дахиад архидаад, дампуураад эхлэдэг нь бас юуных вэ?/

Хэрэв бид төрөлхийн залхуу бол ингэж Ерөнхий сайдаараа үнэлэгдэж, магтуулах түвшинд хүртлээ ажиллаж Монгол руу мөнгө явууллах уу? Үгүй шүү дээ. Тэгээд ч гадаадад хамгийн шилдэг монголчууд нь гарчихаагүй, зөвхөн хотын ухамсартай залуус нь ч дүрэвчихээгүй билээ.

Баян-Өлгийгийн онгоц андуураад Heathrow-д буусан гэж английн монголчууд хошигнодог. Үгүй тэгээд ажиглаад байхад үнэн ч юм шиг. Нэх л ядарсан, царай алдсан, турсан, майга хөлтэй, хацарных нь улаан арилаагүй юмнууд л харайлгаж явах юм байна шүү дээ /надаас авахуулаад л/. Би тэгээд заримдаа боддог юм, “Дан ганцхан хөдөөний хөөсөн мантуунууд ирээгүй л байх. Бид зүгээр л, энэ бие хаа, зүс царай, бөгс, нуруу түрүү сайтай хар, цагаан есөнд шидийн хүмүүсийн дунд орохоороо л хөдөөнийх мэт тодорч харагдаж байгаа юм” гэж…

Товчхондоо, хөдөөнийхөн Англид олон. Харин ч хотынхныг бодвол ажилд шаргуу, мал шиг зүтгэдэг, илүү дутуу юманд мөнгөө бага үрдэг юмшиг надад санагдсан. Тэд бас их хамаатан садансаг /ах эгч, дүүс арвин/ болохоор нэг нэгнээ хурдан татаж бөөгнөрч амьдран амархан хөлөө олдог.

Ер нь, харьд ажиллаж, амьдарч буй монголчуудыг эх орондоо үлдсэн хэсэг маань арай л хэт өргөмжлөх аж. Бид ямар дайлаар мордсон Чингисийн баатрууд биш биднийг “риск хүлээх чадвартай шилдэгүүд”, “монгол үндэстний хамгийн зоримог, өөртөө итгэлтэй, юуг ч бүтээх хэсгийн төлөөлөл” гэх мэт магтах нь арай л ахдаж байна ш дээ. (За тэр, өчигдөр надад агсан тавьдаг нөхөр яг шилдэг байж харагдаач.) Хот, хөдөөний сайнтай, муутай бүх л давхаргын монголчууд эх нутагтаа амьдрах хөл гараа олоогүй учраас гадаад гарсан билээ. Монголд амьдрах нь харьд амьдрахаас ч илүү рисктэй учраас л зарим нь бүр “ум хумгүй зугтсан” шүү дээ, тийм биз дээ?

Гэхдээ биднийг хэн ч буруутгаагүй. Ерөнхий сайд хүртэл ойлгож, хүлээн зөвшөөрчээ. Бас тэгэх ч учиртай. Та бидний зарим нь залуу насаа хань ижлээсээ “харамлан байж”, үр хүүхдийнхээ өсөж торниж буйг хажууд нь харалгүй, өндөр настай эцэг эхээ амраалгүй үр хүүхдээ харуулсаар, хэдэн бор цаасаар л “хамаг гэмээ цайруулж” явааг хэний төлөө гэх үү. Монголын төлөө гэхэд болохгүй гэж үү.

Хэдийгээр Та бид нар жирийн нэг жижиг гарууд ч харин ажлыг урамтай сайхан хийж байнаа. Төрөлхийн залхуу монголыг л ёстой би энд харсангүй. Английн монголчууд ажлыг бол жинхэнэ Чингисийн баатрууд шиг “гялалзуулдаг” гэдгийг хаа ч гэсэн би бардам хэлнэ. Манайхны ганц дутагдал нь хэт сэтгэлээсээ ажиллаад бие, сэтгэлээ дарамталсаар сүүлдээ тэсэлгүй “шатчихдаг” зантай. Үүнийг би ёстой хар архичингаас нь ч харлаа; хар тамхичингаас нь ч харлаа. Бусад орны хүмүүсийг хараад байхаар манайхан шиг тэгэж улайрч ажилладаггүй; биеэ нөөн аажим ажилладаг – энэ нь олон шалтгаантай, гол шалтгаантай та бид хөдөлмөрөө үнэлүүлэх мэдрэмж сул. Тэхээр ганц “мөнхийн асуудлыг” асууя: АЖИЛЧ, ХӨДӨЛМӨРЧ ЗАЛУУС ЭХ ОРОНДОО ЯАГААД АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ЮМ БОЛ?

Мэдээж, Монголд 3 жил – хөгжилтэй оронд 3 жил амьдрах асар ялгаатай. Та бид харьцангуй ихийг сурж, нүд тайлж, ажиллаж, соёлжиж, нийгэмшдэг. Энэ утгаараа харин Ерөнхий сайдынхаа магтаалыг хүлээж авч болох.

Та бидний нутгаа орхиx нэг шалтгаан нь ганцхан мөнгө ч биш, харин нүд тайлж, юм үзэх гэсэн, намгийн мэлхий болохгүй гэсэн эрмэлзэл. Энэ эрмэлзэл залуу хүн бүхэнд байгаа нь манай өнөөгийн нийгэм соёлгүй /өргөн утгаар нь/, иргэдээ тогтоох, хөгжүүлэх үнэт зүйлсгүйг давхар харуулна. Тиймээс ч монгол Монголоосоо “зугтдагийн” нэг шалтгаан нь монголын нийгэм өөрөө, бүр тодруулвал нийгмээ бүрдүүлсэн монгол хүмүүс бид юмаа. /Харьд амьдарч байгаа хүмүүсийг монголчуудаасаа зугтаж байгаа гэж бас хэлж болно шүү дээ./

Үүний бурууг ганцхан төр засаг, дарга сайд, нэгж хүнд тохож болохгүй. Мэдээж хүн бүхний мэддэг шалтгаан бол ядуу болохоор зугтаж байгаа. Ядуу учраас л соёлжиж, иргэншээгүй, нэгтгэх хүчин сул, үнэт зүйлс чадавхигүй, шударга, хүнлэг ёс тогтохгүй байна.

Ерөнхий сайдын бичсэнийг уншихад Монголд иргэнших, соёлжих, хотжих “дотоод их хэрэгцээ” байгаа нь харагдлаа. Энэ хэрэгцээг хангахын тулд яагаад ийм болов гэдэг шалтгааныг эхэлж эрмээр. Миний дүгнэлтээр бол бидэнд ерөөсөө итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн хоосон орон зай буй болсон байна (энэ бол социализмын шууд үр дагавар). Тийм учраас үнэт зүйлс чадавхигүй байгаа; үнэт зүйлс чадавхигүй болохоор соёл үгүй, нэгтгэх хүчин зүйлс сул болжээ (эсрэгээр ч байж болох). Энэ байдлаас болоод монголчууд өөртөө итгэлгүй: өөртөө итгэлгүй учраас бусдад бүр ч итгэдэггүй. (Монголчууд “тамын тогооны үлгэр” гээчийг өөртөө их тусгаж авдаг нь үүний нэг жишээ. Гэтэл оросууд, коммунист дэглэмтэй байсан Зүүн Европын улсууд хүртэл өөрсдийгөө бас ингэж дүгнэдэг юм байна лээ.)

Ерөнхий сайд Та бид нарт соёлжиж, иргэншээд бусдадаа үлгэр дуурайлал бол гэсэн даалгавар өглөө. Энэ бол том хариуцлага. Харин харийн соёлыг “хаман” Монголд аваачихдаа бид ямар хэмжүүр, үнэлэмж, шалгуураар шүүн тунгааж Монголын хөрсөнд соёолуулах вэ? Бидэнд тийм шалгуур, хэмжүүр, үнэлэмж бий юу?

Үнэндээ, XXI зууны Монголд дан гаднаас соёл авчрах бүтэхгүй болов уу. Одоо гаднаас хамаагүй авчирсан соёл, иргэншил (С.Баяр, Баабар нар “иргэншээд”, “иргэншсэн” гэсэн үгс хэлснийг би хотын иргэн гэж ойлгож байгаа) ямагт “гадаадын” байж нэг бол нийгмийн шинэ давхаргыг бий болгоно, эсвэл алс ирээдүйдээ тухай үндэстэн өөрийгөө тодорхойлоход /cultural identity/ будлиан болж салж сарнихад хүргэнэ.

Мэдээж өнөөгийн хөгжилтэй орнуудын соёл, хөгжлийг мэдэрсэн монголчуудын хувь нэмэр их. “Ази хэлбэрийн хөгжлийн удирдлагаас эхлээд Америк маягийн хөгжингүй ардчилал, Англи саксоны ёсорхуу шинэтгэл, аль нь давуу болоод онцлог шинжтэйг дотроос нь Та бүхэн харж байгаа билээ. Тэдний аль нь манайд дэвшил болохыг, аль эсвэл ‘монголчлоод’ буруугаар эргүүлчих гэмтэйг ч бас бодолхийлэн тунгаасан болов уу. Чухам энэ үзсэн мэдэрсэн мэдлэгээрээ туслахыг эх орон чинь хүсэн хүлээж байна.” Гэж Ерөнхий сайд бичжээ.

Гэхдээ, энэ бүгдийг ямар нэг шалгуур, шүүлэггүй Та бид нар энэ тэндээс аваад очвол асар том зөрчил бий болноо. (Ил харагдаггүй юмаа гэхэд дотоод сэтгэлд өрнөх зөрчил.) Хэрэвзээ, аливааг “зөв монголчлох тогоогүй” бол гаднаас импортолсон үнэт зүйлс, зан характер, дадал, санаа оноо, итгэл үнэмшил хоорондоо зөрчилдөнө. Өөрөөр хэлбэл соёл зөрчилдөнө.

Жишээ нь, английн монголчууд нутагтаа очоод ирэхээрээ “Манайхан ёстой аймаар өөрчлөгдсөн, бидний мэддэг Монгол биш болсон. Бөөн л хятад, япон, солонгосууд” гэж харамссан ч юмшиг ярьцгаадаг; cоёлын зөрчил эндээс илэрдэг; нэг хэсэг нь англижаад, нөгөө хэсэг нь солонгосжоод… Бас саяхан би Монголын нэг шинэ кино үзтэл монгол залуус солонгосоор дурлаад, убаадаад, алхаад, хувцаслаад, товчхондоо, маяглаад бүр дургүй хүргэсэн шүү. Бүр өмнөөс нь ичсэн гээч…

Мөн Ерөнхий сайд сая 10 сарын 16-нд Солонгост манай улсыг эргэлт буцалтгүй Зүүн хойт Азийн улс болжээ гэж хэлсэн. Монголд байгаа хүмүүс үүнийг анзаарахгүй, тоохгүй байгаа бололтой. Харин Төв Азийн орон байхад нь яваад Зүүн Хойд Азийн улс болсон хойно нь очиж буй над мэтийн зарим нөхдөд их хэцүү байна.

Тэгэхээр бидэнд заавал өөрийн хөрснөөс соёолуулсан соёл чухал. Тэгэж л бид нэгдэж, өөртөө итгэлтэй, үнэт зүйлсээ хамгаалах чадвартай болно. Харийн соёлуудыг дагаж далдганаад байвал монголчууд Монголдоо бүр тогтохоо байж, тусгаар тогнол ч хэврэгшинэ.

Ерөнхий сайд удахгүй бүх Монголчууд буцна гэдэгт итгэдэг ч соёлын ялгаа ба амьдрах хэв маягаас болж олон хүн буцахгүй ээ.

“Одоо бидэнд чанарын аягүй том дэвшил хэрэгтэй болчихоод байна. Энэ чанарын дэвшлийг та нар олж ирэх учиртай юм л даа” гэж Баабар Та бид нарт захилаа. Гэвч, олон янзын харийнхнийг сармагчин мэт өнгөц дууриаснаар энэ чанарыг дэвшлийг бид олохгүй байх.

Гадаадад буй Та бидний нэг давуу тал бол өөр өөр соёлтой, хөгжсөн улсуудыг дотроос нь ажиглаж байгаа явдал. Эндээс бид хөгжил – ганцхан загваргүй, ямар ч соёлын хөрсөн дээр цэцэглэдгийг анзаарлаа. Харин ч бүр соёл нь өвөрмөц байх тусам хөгжил нь баттай байх тал бий. Америк хүн, Англид ирээд соёлын шоконд хүртэл орж байна шүү дээ. Тэгэхээр ийм олон янзын соёлыг хэрэв бид зөвхөн “усыг нь уувал ёсыг нь дага” гэсээр, өөрийн соёлыг умартан дагавал хэзээ ч эх нутагтаа “чанарын дэвшлийг” аваачихгүй. (Хараалаас өөр шинэчлэл хийж чадахгүй: пиздаг л фаак болгох байх.)

Гэвч бидэнд одоо тэр соёл нь байна уу даа? Уг нь бол байсан байх. Монгол бол хүчтэй үндэстний ухамсар, шашин, соёлтой улс учир цөөхөн тоотой ч хоёр талаасаа хоёр “мангасаар” идүүлсээр байхад л өдий зэрэгтэй явна. Харин одоо бол байхгүй. (Гоёлын дээл шиг авдранд хадгалж байгаад хаяа нэг өмсдөг соёл маань үхээнцэр хүчгүй байна.)

Ганцхан жишээ, ноднин жил Монголоос өндөр боловсрол, соёлтой нэг танил маань ирлээ. Ирэхээр нь дагуулаад “хэдхэн метр” хоёр зээрдээр нь явуулчихсан чинь “Монголд би ингэж алхдаггүй; xөдөөний л майга юмнууд л гудамжаар алхдаг; манай хот чинь ёстой хөдөөний хөөсөн мантуунуудаар л дүүрсэн ш дээ; xотынхон гадаадад гарчихсан; гайгүй хэд нь машинаар л зорчдог” гэж надад учирлав. Тэгээд танил маань надад нэлээн соёл заасан ч, яагаад ч юм бэ? Би түүнээс их ичсэн юмдаг. Хаалгаар хүмүүстэй зөрөх, зуушын газар үйлчлүүлэх нь яс хавталзуулж байлаа. (Унаган англитай анд маань мэдлэг, боловсрол, өмссөн зүүснээрээ биш дээрэнгүй, бардам, сэхүүн зангаараа намайг ичээсэн юм.) Харин 3 хоногийн дараа ажил үйлсээ бүтээгээд дахиж уулзахдаа сэтгэл нь зовсон аятай надад ингэж ярилаа, “Би уул нь Монголдоо бол соёлтой, боловсролтой хүмүүсийн тоонд ордог; xарин энд нэг л биш… Манайд чинь хаалгаар хүнийг эхэлж гаргахгүй, зөрөөд л орно; лифтэнд эхэлж орсон бол хойноос ирж байгаа хүнийхээ хамрын урдуур л лифтнийхээ хаалгыг хаадаг шүү дээ” гээд юу нь болохгүй байнаа гэсэн аятай над руу харж билээ…

Тэгээд би ингэж дүгнэсэн билээ. Хэрэв Улаанбаатар эвдлүүлсэн шоргоолжны үүр шиг биш, хот шиг хот байсан бол, өнөөдөр хөдөөнийхөндөө эзлэгдэхгүй; xотод ирсэн хүн бүхнийг дор нь хотжуулаад, соёлжуулаад хаячих байсан. Жишээ нь, манай танилд алдаагаа ухамсарлахад 3-хан хонох л хангалттай байна. Бүр жинхэнэ хөдөөний хүн Англид жил болсныхоо дараа УБ очоод ирэхээрээ “Пүй, пай УБ чинь ёстой бүдүүлэг газар байна. Дахиж л очихгүй юмдаг” гэсээр буцаж ирдэг юм шүү дээ. Өөрийн ёс, соёл, дэг, амьдралын хэв маягтай жинхэнэ хот гэдэг хүнийг ингэж хурдан хүмүүжүүлдэг аж. Гэтэл Лондонд дэлхийн өнцөг булан бүрээс нэг өдөр ирж байгаа хүнийх нь тоо манай нийт хүн амаас ч илүү гарах биз.

Хот шиг хот байгуулж чадаагүй нь манай түүх, гаднах хүчин зүйлстэй холбоотой байх л даа. Гэхдээ хувь хүнээ хөгжүүлж чадаагүйгээс бас шалтгаалжээ. Хүний хөгжил нийгмийн хөгжилтэй уялдаа холбоотой учир одоо Монголд хүний хөгжлийг бүх л аргаар хурдасгах шаардлага байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд маань Та бид нараас соёл, иргэншлийг авчраачээ гэж бэлэнчлэн гуйлаа шүү дээ.

ХЭРЭВ монголчууд Буддийн шашин гэхээр л бөөс бодоод явчихдаггүй бол бидэнд маш богино хугацаанд иргэнээ соёлжуулах шоот-кат бий. Буддын шашныг ашиглаж, мухар сүсгийг тас хяргаад, богино хугацаанд иргэнээ соёлжиж, иргэншсэн улсын хэмжээнд хүргэх боломж байна. Гэхдээ заавал шашинд орох шаардлагагүй!

Эдүгээ дэлхийн соёл, иргэншилд зайлшгүй хэрэгтэй болохоор нь хөгжингүй улсын эрдэмтэн, судлаачид Буддизмын ёс зүй, ёс суртахуун, үнэт зүйлс/үнэлэмжийг судлан нийгэм, соёлдоо нэвтрүүлэхийг оролдож байна. Энэ хавар Оксфортод английн эрдэмтэн, профессорууд Далай Ламтай уулзаж түүнээс ёс зүйн удирдамж авч байсан.

Хөгжсөн улс орны эрдэмтэд Буддын шашны ёс зүй, үнэт зүйлс өнөөгийн дэлхийд хэрэгтэйг чухалчлаад байхад, бид тэртэй тэргүй, монголчуудын зан заншилд нэвт шингэсэн үнэт зүйлсээр (гажсаныг нь янзлаад) хүнийхээ хөгжлийг яагаад хурдасгаж болохгүй гэж.

Хүчирхийллийг буруушаадаг; эзэн хичээвэл заяа хичээнэ; аливаа зүйлс уялдаа холбоотой, тиймээс бусдыг хайхарна гэдэг бол өөрт тустай; шунал хүсэл, жаргал авчрахгүй учир хэт хувиа хичээсэн үзэл бодлыг хязгаарлаж сурах хэрэгтэй гээд л Буддын шашны олон чухал эрхэмлэх зүйлс бий…

2008/10
*http://www.orloo.info/readfull/politics/3544-gadaadad-suugaa-irgeddee#comments
*http://www.orloo.info/videos?task=videodirectlink&id=467

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: