Young Mongolian’s XAC bank supports small2medium biz

From: http://www.zuvhot.mn/index.php/about/humuunii_amidral/

Ч. Ганхуяг

* Кидан гэдэг нэртэй Монголын хамгийн анхны Хадгаламж Зээлийн Хоршоог санаа нийлдэг 10 найзтайгаа нийлээд байгуулж амжсан

* Хөгжлийн Алтан Сан” нэртэй банк бус санхүүгийн байгууллага болжээ

* “Хас” банкыг байгуулах лицензээ авлаа

* иргэдэд ямар ч барьцаагүйгээр зээл олгож эхэлснийх нь хөдөлмөр өнөөдөр ХасБанк болтлоо дэвжжээ. Тэдний зээлээ буцааж авах баталгаа нь “Монголчууд зээлээ 100 % эргэн төлдөг” гэж бүх сонин, сэтгүүл, мэдээллийн хэрэгслээр цацсан сурталчилгаа уриа байла

.. Өнөөдрийнхөө хүрсэн амжилтыг тэр нэг их амжилтанд хүрчихлээ гэж боддоггүй. Өөрөөр хэлбэл өөрийг нь илүү их ажил хүлээж байна гэж үздэг. “Хүн угаасаа л байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй шүү дээ. Би амжилтыг өөрөөрөө хязгаарламааргүй байна. Улс эх орон маань өндөр хөгжилтэй болж нийтээрээ сэтгэл хангалуун амьдрах цагт өөрийгөө амжилтанд хүрчихлээ гэж хэлнэ. ..

ӨӨРИЙН САНАА ӨӨРТӨӨ ЗӨВ

Энэ залуу уг нь УБ хотын унаган иргэн. Гэхдээ өөрийгөө Дорноговь аймагтай холбож ярих их дуртай. Учир нь түүний аав Чулуун Монголын уудам нутгийн зөөлөн хөрст өлгий болох Дорнын их говийн “элсийг нь идэж” өссөн хүү учраас тэр. Түүний хүү Ганхуяг дэндүү нутаг амьтай нэгэн. Бүр ургийн овгоо нутагт нь тодорсон Дорнын их соён гэгээрүүлэгч ноён хутагт Данзанравжааг бодож Хутагт хэмээн нэрлэсэн гэсэн. Арга ч үгүй биз дээ. Хүний нутагт очиж унагалсан адууны нялх төл хүртэл өсөж торниод эх нутгаа тэмцэн гүйдэг тийм л эх оронтой Монгол хүн юм чинь гэж бахдах бодол төрж байлаа. Ганхуяг ёстой л дэлхийн талыг өлмийдөө сөхрүүлсэн өвөг дээдэс шигээ омголон цустай нэгэн юм. Дөнгөж 10-р ангиа төгсөөд л “Арван жил сурлаа. Одоо боллоо. Дахиж сурахгүй. Ажил хийж мөнгө олно” гээд гэдийгээд суучихаж. Эхлээд энэ тухайгаа ээждээ хэлж ятгасаар байгаад зөвшөөрүүлж дөнгөв. Дараа нь ээжээрээ дамжуулан аавдаа хэлээд зөвшөөрүүлчихнэ гэж бодож байжээ. Гэтэл ээж аав 2 нь зөрүүлээд өөрийг нь сургуульд сур гэж ятгаж эхэлжээ. Өчнөөн тайлбарлаж олон янзаар ятгаж үзсэн боловч Ганхуяг тас гүрийсээр байгаад ялалтыг өөрийн талд байгуулчихлаа. Ингээд хэд хоног “лааз өшиглөв”. Гэтэл яг тэр үед нь Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулах гээд Санхүү эдийн засгийн коллеж буюу одоогийн Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөгчдөд Америкаас ирсэн мэргэжилтнүүд хичээл зааж курст суулгаж байв. Ганхуяг ээжийнхээ танил тал найз нөхдөөр яриулж байгаад энэ курст суухаар боллоо. Ангийнхаа хамгийн бага нь болох дөнгөж 17 хон настай 2 хүүхэд байсны нэг нь Ганхуяг нөгөө нь Ганибалын Амар хоёр байсан гэдэг. Түүнтэй нас чацуу Амар сүүлдээ Гарвардын Их сургуулийг төгсөөд Казкоммерц банкинд орсон гэлээ. Ганхуяг энэ курсыг төгсөхдөө брокерийн үнэмлэх өвөртөлж Монголын Хөрөнгийн биржийн хамгийн залуу анхны ажилтан болж орхив. Энэ газар ажиллахдаа тэрээр Англи хэлийг асар богинохон хугацаанд сурчихсан гэсэн. Эхлээд ажилдаа орохдоо англи хэлийг мэддэг ухааны юм хэлээд “залчихжээ”. Гэтэл хүүе гэхийн завдалгүй түүнийг орчуулагчийн ажилд томилж орхих нь тэр. Үнэндээ Унгарт байхдаа хэсэг хугацаанд бага сага заалгаж байсныг эс тооцвол сайн мэддэггүй байж. Ингээд бөөн хариуцлага хүлээсэн хүн чинь өдөрт дор хаяж 20-30 үг цээжилж, мэргэжлийн орчуулга хийсээр байгаад англиар “ус цас” ярьдаг болж тухайн үедээ нэрлэгддэг байсан цөөхөн хэдэн орчуулагчдын тоонд ордог болжээ. Энэ үе бол 1991 он байсан бөгөөд монголчууд тэр чигээрээ ганзагын наймаанд мордож байсан цаг. Түүний ээж аав 2 ч гэсэн бусдын адил ганзага зөөж эхэлж. Гэхдээ Чулуун гуай угийн сүйхээтэй эр байсан тул бага гарын ганзага хийдэггүй байв. Урдаас авчирсан бараагаа шууд Москва руу онгоцоор зөөлгөж, 7 хоногийн дотор 2 эргэлт хйичихдэг байсан гээд бодоход төсөөлөгдөх байх. Ганхуяг 3 хүүтэй айлын хамгийн том ах нь юм болохоор ажлынхаа хажуугаар аав ээждээ тусалж наймаанд нь оролцож гүйсээр байгаад жилийн дараа гэхэд ажлаа орхиж, наймаагаа дагнах боллоо. Нэр хүндтэй сонирхолтой брокерийн ажлаа орхиж ганзага хийх болсон нь түүний бас нэг огцом шийдвэр байсан юм. Хоёр жил орчим наймаа хийгээд 1993 онд нөгөө л этгээд зангаараа салхи шиг дураараа шийдвэрээ гаргаж “За одоо сурнаа” гээд зүтгэчихэв. Амьдралдаа гаргасан шийдвэрүүдийг нь харахад ямар ч бодолгүй дураараа, зоргоороо гаргасан юм шиг харагддаг. Гэхдээ тэр бүх зүйлийг тооцоолж тухайн нийгмээ урьдчилан харж амжсан байдаг нь хамгийн гайхалтай. Тиймдээ ч бараг алдаагүй гэж хэлж болно. Удалгүй тэрээр эртний танил Унгар улсыг зорьж одлоо.

ЗАМАА ОЛСОН ХҮН

Түүнийг бага ангийн сурагч байхад аав нь Гадаад Явдлын яаманд жолоочоор ажилладаг байжээ. Энэ бол тухайн үед хүн бүрт олдоод байгаагүй завшаан байсан юм. Ингээд Чулууных гэдэг айл Будапешт хотод нүүж ирлээ. Энэ газар Ганхуяг хүүд “үлгэрийн орон” мэт санагдаж байсан гэдэг. Барааны хомсдолтой бүх л зүйл нүдний гэм болчихсон байсан Монголын дэргэд бараа таваар нь элбэг, дэлгүүр хоршоо нь дүүрэн, хүмүүс нь ч гэсэн нээлттэй чөлөөтэй гээд л тэр орны бүх л зүйл нь үлгэрт гардаг юм шиг л санагдаж байж. Унгарт очоод анх удаа кола гэдгийг ууж, гадил жимсийг идэж үзлээ… Нэг тийм сонин мэдрэмж төрж билээ. Яагаад ч юм одоог хүртэл ерөөсөө мартагддаггүй мэдрэмж… Тэнд Ганхуяг Будапешт хотод ажиллаж амьдардаг дипломатчидын хүүхдүүдийн сургуульд сурахаар болжээ. Англи хэлний анхан шатны мэдлэгээс гадна бага сага наймаа хийж сурсан тухайгаа дурслаа. Түүний амьдралдаа хийсэн хамгийн анхны наймаа нь дүүгийн нь олсон тооны машинтай оосоргүй бугуйн цаг байлаа. Тэрээр энэ цагийг ангийнхаа нэг хүүхдэд сайн гэгч нь рекламдаж байгаад жижигхэн мэтч бокс машинаар солилцжээ. Дараа нь тэр машинаа хоёр машинаар сольж дөнгөв. Хоёр нь удалгүй дөрөв болж дөрөв нь найм болж, найман машинаа нэг электрон тоглоомоор наймаалцаад удалгүй гурван электрон тоглоомтой болж түүнийгээ зарж мөнгө болгоод мөнгөөрөө нэг уут дүүрэн эвлүүлдэг тоглоом худалдаад авчихжээ. Энэ тоглоомноосоо нэг онгоц угсарч бас нэг пуужин босгоод эргүүлээд 30 ширхэг жижигхэн машинаар солилцов. Энэ мэтээр тасралтгүй наймаа хийж ашгаар нь өөртөө хэрэгцээтэй юм авч цуглуулсаар байгаад Унгараас буцаж ирэхдээ өрөөний нэг ханын тавиураар дүүрэн өрөөд ч багтахааргүй их тоглоомтой болсон байлаа. Тэр дотор нь тухайн үеийн хүүхдүүдийн сонирхдог байсан каратегийн мунчок, (гинжээр холбосон 2 саваа мод), сагсан бөмбөг, боксын бээлий, машин, онгоц, пуужин, угсардаг тоглоом гээд л ангийн болон үе тэнгийн хүүхдүүдийн хорхойг гозгонуулсан бүх юм байж. Монголчуудын бараг мэддэггүй шахуу электрон тооны машин таван ширхэгийг авчирсан байснаа бүгдийг нь аквариумын загасаар солиод нэг хэсэг баахан загас тэжээсэн гэдэг. Ер нь л багаасаа наймаанд гүйлгээ ухаан сайтай, сэргэлэн хүүхэд байж. Харин хичээлдээ бол яг л дөрөв сурдаг хүүхэд байв. Хоёрдугаар ангид байхдаа нэг удаа гурав авч байснаас хойш ер нь дандаа л сайн дүн авсан гэсэн. Орос 23-р сургуульд, Монголын олон нэртэй сэхээтнүүдийг төлөвшүүлж сургасан сургуульд сурч байсан болохоор хэрэндээ л хичээнэ. Ерөнхийдөө бүх хичээлд дуртай. Гэхдээ математик физик химийн талыг арай илүү сонирхоно. Яагаад ч юм бүх багш нар түүнийг хамгийн урд талын ширээнд суулгана. Магадгүй “энэ нөхөр яаж ч үймүүлж магад” гэж хаширладаг байсан байж болох юм. Гэхдээ манай хүн элдэв янзын хачин сонин юм авчирч үзүүлэх, багш нарыгаа шалгааж байгаад эвтэйхэн “байдалд” оруулах гээд бусад хүүхдүүдээс арай л өөрөөр сахилгагүйтнэ. Хачин сонин юм сэтгэх тал дээрээ ёстой нэг толгой сэргэлэн гэж жигтэйхэн. Аав нь жолооч хүн болохоор машины эд ангиудыг их сайн мэднэ. Машины дугуйны шарикийг дөрвөлжин модонд угсарч урд нь залуур маягийн мод хадаад самокатка гэдэг жижиг тэрэг хийгээд сансрын тунель дээрээс анх удаа гулгаснаар тэр хавьдаа энэ тоглоомын анхдагч нь болж, хурд, эрсдлийн амтанд орсон аж.

МӨНГӨГҮЙ БАЯН

Гэнэт л сургуульд сурахаар шийдсэн “наймаачин” маань Будапешт хотын Карл Марксын нэрэмжит их сургуульд бизнес эдийн засгийн чиглэлээр сурахаар шалгалт өгч тэнцлээ. Энэ сургууль нь нийгмийн шинэчлэл явагдсанаар барууны сургалтын систем арга барилыг нэвтрүүлж англи хэл дээр хичээлээ явуулдаг болсон байв. Тухайн үедээ энэ сургуулийн Монголоос цөөхөн хүн төгссөн байсан бөгөөд тэдний тоог Ганхуяг нэгээр нэмсэн юм. Оюутан болсон анхны жил нь аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд ээж нь “миний хүү яадаг ч байсан сургуулиа төгс” гэж эрс шийдэмгийн хэлсэн нь түүнд нэгийг бодогдуулжээ. Ээж дүү нартаа тусламаар санагдаад сургуулиа хаяад ажил хиймээр санагдаад байсныг ээж нь сайн мэдэж байв. Энэ удаад тэрээр өөр дээр нь асар их хариуцлага ирснийг мэдэрч байсан учраас том толгойлж чадсангүй ээ. Идэж уух өмсөж зүүх гээд жилд дунджаар 10 гаруй мянган ам.долларын зардалтай сурдаг төлбөрийг нь ээж нь өр зээл тавьж идэж уухаа хасаж байгаад я болов төлсөөр том хүүгээ сургуулийг нь төгсгөж чаджээ. Тухайн үедээ нэн хэрэгцээтэй байсан банкны эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг авч төгссөн Ганхуяг ирэнгүүтээ зайрмаг зарж эхэлжээ. Нэгдүгээрт түүнд мөнгө хэрэгтэй байсан. Хоёрдугаарт сургуулиа хувиараа төгссөн. Тийм болохоор яагаад заавал хүний төлөө ажиллах гэж гэсэн шазруухан бодол төрж байлаа. Ээжид нь байсан зайрмагны машин дээр зайрмагаа гараараа хийгээд ааваас нь үлдсэн жижигхэн Нива машинд ачаад Ленин клуб, ард кино театр, их дэлгүүр гээд хөл хөдөлгөөн ихтэй газруудаар нэг нэгээр нь борлуулалтын цэг байгуулаад зарж эхэлжээ. Гурван сар орчим ажиллаад нэг хөргөгч худалдан авч ажил нь овоо цэгцрээд явж байтал монгол банкны дэд ерөнхийлөгч М.Болд гэж хүн түүнийг хүнээр дуудуулжээ. Очихгүй гэж нэг гүрийж үзсэн боловч сүүлдээ очихоор болж өөрт байсан ганц костюм пиджакаа өмсөөд зангиагаа нэг газраас олж зүүгээд яваад очив. Болд дэд ерөнхийлөгч түүнтэй уулзаж, “манай сургуулийг ойрд монгол хүн төгсөөгүй, харин чи төгсөөд ирсэн чинь сайн юм болж. Би сургуульдаа, бас чамд итгэж байна” гээд хяналт шалгалтын хэлтэст шууд томилжээ. Орос Англи Унгар хэлтэй байсан болохоор түүнийг ажилдаа орсноос хойш гуравхан сарын дотор АНУ явах анхны томилолт өгөв. Ажилд ороод ийм богино хугацаанд гадаадад явах томилолт авсан тохиолдол өмнө нь огт гараагүй байлаа. Ингэж тэрээр найман жилийн өмнө сурч байсан англи хэлээр нь ярьдаг улсдаа анх удаа очиж ирэнүүт нь Унгар руу дахин томилов. Энэ мэтээр түүний томилолтууд ар араасаа цуварчээ. Маш богино хугацаанд ажлыг хийх гэж ёстой шуугиулж гарав. Гэвч дөнгөж нэг жил ажиллаад өнөөх Ганхуяг ээлжит гэнэтийн шийдвэрээ гаргаж ажлаасаа гарахаар боллоо. Үнэндээ түүнд том тоглолтын жижиг оролцогч байснаас жижигхэн ч гэсэн тоглолтын гол тоглогч буюу “гоол хийдэг гар” байх хүсэл дийлж байлаа.

ЦОДГОР ХҮҮГИЙН НҮҮДЭЛ

Ажлаасаа гарчихсан Ганхуягт дэмий суух зав байсангүй. Монгол банкинд байхдаа Ядуурлыг Бууруулах Үндэсний Хөтөлбөрөөс мөнгө зээлээд “Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зөвөлгөө өгөх төв” гэдэг ТББ-ыг байгуулчихсан байсан учир түүндээ ажиллаж эхлэв. Бас Кидан гэдэг нэртэй Монголын хамгийн анхны Хадгаламж Зээлийн Хоршоог санаа нийлдэг 10 найзтайгаа нийлээд байгуулж амжсан байна. Тэр нь одоо ч гэсэн амжилттай ажиллаж хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Ном их уншдаг байснаасаа болоод хүүхэд байхдаа “махан бурхан” нэр хүртэл авч байсан тэрээр нэг өдөр сонин гарчиглаж суугаад “Микростарт” гэдэг жижиг зээлийн төсөл дээр удирдагч шалгаруулж авна гэсэн зарыг олж харжээ. Тэгээд тэр шалгаруулалтад 100 гаруй хүнтэй өрсөлдөөд тэнцэв. Уг нь төслийг хэрэгжүүлэхээр ирсэн НҮБ-ын ажилтан Роберт Кэйтэрт уг нь нэлээд хэдэн жил ажиллачихсан ажлын туршлагатай хүн хэрэгтэй байж. Гэхдээ чухам яагаад 25 хан настай энэ залууг авахаар болсныг хэн ч мэдсэнгүй. Ганхуягийг төслийн оффис руу утсаар ярьтал “Бид одоо яг хөдөө явах гэж байна. Одоохон вокзал дээр хүрээд ир” гэж дуудав. Гэрээрээ хам хум орж хувцсаа сольсон болоод вокзал дээр гүйсээр ирэхэд шинэхэн ажилтантайгаа хэдхэн үг сольсон Роберт Кэйтэр “за сууцгаая” гээд галт тэргэндээ орцгоожээ. Түүний суусан галт тэрэг сэтгэлд нь хамгийн ойр санагддаг Дорноговь аймгийг нь зорин довтолгосон бөгөөд “замдаа унш” гэж бичил зээлийн талаар 2 ном өгөхөд НҮБ-ээс хэрэгжүүлж буй энэ төсөл нь түүнд цагаа олсон цаашид ирээдүйтэй санагдсан учир маш өөдрөг сэтгэлтэй явлаа. Замдаа энэ төсөлдөө “Хөгжлийн Алтан сан” гэдэг нэр бодож өгчээ. Уг нь Ганхуяг товчилсон “Хас” гэдэг нэрийг нь түлхүү ашиглах гэсэн боловч шүүмжлэлд өртөж байсан гэдэг. Тэдний багийнхны буусан хамгийн эхний өртөө нь Дорноговийн Хар айраг сум байсан бөгөөд түүнийг “төслөө танилцуул” гэж гэнэт тулгах нь тэр. Ганхуягт энэ даалгавар давшгүй даваа шиг санагдаж байсан ч давжээ. Энэ нь түүнийг өөртөө улам итгэлтэй болгосон гэдэг. Хэдийгээр ажил нь түүнд маш их таалагдаж байсан ч банк байгуулах юмсан гэсэн санаа нь үргэлж дотроос нь хатгаж байсан болохоор ажлаа хийхийн сацуу давхар судалгаа хийсээр явав. Нэлээд судалсны эцэст 1997 онд хэсэг найзуудтайгаа нийлж “Нэтмон” нэртэй банк бус санхүүгийн байгууллага байгуулжээ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1999 оны намар “Хөгжлийн Алтан Сан” төсөл нь “Хөгжлийн Алтан Сан” нэртэй банк бус санхүүгийн байгууллага болж гэрчилгээгээ авлаа. Харин 2000 онд “Хөгжлийн Алтан Сан”, “Говийн Эхлэл”, БСББ, “Нэтмон” зэрэг байгууллагууд хэлэлцээр хийж “Хас” банкыг байгуулахаар тохиролцоонд хүрчээ. Ингээд 2001 оны 12-р сарын 27-ны өдөр гурван тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар банк байгуулах лицензээ авлаа. Ингэж Монголын банк санхүүгийн салбарын хөлөг дээр нэг цодгор хүү гарч ирсэн нь сүүлдээ бэрзний нүүдлээр нүүх болж, улмаар жинхэнэ сонгодог нүүдлээ хийж эхлэв.

ЗАЛУУ ХҮҮГИЙН ӨВГӨН САНАА

Түүний бодож санасан бүхэн ёстой л оросуудын хэлдгээр талхан дээр түрхсэн масло шиг торох юмгүй гулгаж байлаа. Цаг хугацааны тал дээр ч, нийлж ажилласан хүмүүсийн тал дээр ч бүх нөхцөл бүрдсэн байв. Дэлхийн жишгээр бол банк байгуулахад дор хаяад арав болон түүнээс дээш жилийн хугацаа шаардагддаг аж. Гэтэл “Хас” банкийг ердөө гуравхан жилийн дотор байгуулж. Хичнээн их эрсдэлтэй байсан ч бүх ажил нь түүний санаснаар бүтэж байв. Гэхдээ энэ бол зүгээр нэг “аз” биш гэдгийг тэрээр өөрөө онцолж байсан юм. Хийхээр төлөвлөсөн ажил бүрээ найз нөхөд, хамт олон, мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж, насандаа баймгүй хашир зангаар бүх тооцоог нь нарийн хийж байж л хөдөлдөгийн үр дүн гэж боддог. Долоон жилийн дотор ХасБанк бүх аймаг, хөдөө орон нутагт салбаруудаа нээж чадлаа. Барааны зах нь хов хоосон, тэр бүү хэл цайны гуанз, халуун усны газар ч үгүй байсан Дорноговь аймгаас эхлүүлээд олон аймгийг электрон барааны төрөлжсөн дэлгүүр, интернет кафе, ресторан, аялал жуулчлалын бааз гээд төв суурин газарт байж болох бүхийл зүйлтэй болгож чадсан юм. Үнэндээ, түүнээс ч илүү гавьяа бол хүмүүст бизнес эрхлэх хөрөнгө мөнгөтэй болох итгэл найдварыг Ганхуяг өгч чадсан юм. Сайхан амьдралын төлөө өөрсдөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг ухамсрыг хүмүүст бий болгосон. Мөнгө бол үнэ цэнэтэй, мөнгө зээлж авсан бол өсгөхөөс, хөдөлмөрлөхөөс өөр арга зам байхгүй, нэгэнт хүнээс мөнгө зээлж авсан бол эргээд төлж чаддаг байх хэрэгтэй гэсэн соёлыг хүмүүст төлөвшүүлсэн. Өртэй хүн бол ядуу хүн биш, харин өсөж дэвшиж байгаа хүн гэдэг ойлголтыг нийгэмд бий болгосон… гээд хүмүүсийн сэтгэлгээнд, ялангуяа санхүүгийн сэтгэлгээнд оруулсан өөрчлөлт дэвшил бол яах аргагүй Ганхуягийн болон түүний багийнхны хийж чадсан асар том гавьяа билээ. Банкууд зээл өгч чаддаггүй, зээл авсан хүмүүс нь дампуурчихдаг байсан тэр хүнд жилүүдэд ХасБанкны одоогийн удирдлага болсон хэсэг залуучууд хөдөө орон нутгаар хөндлөн гулд хэрж хаана юу хийдэг нь тодорхойгүй хэн ч мэдэхгүй энгийн иргэдэд ямар ч барьцаагүйгээр зээл олгож эхэлснийх нь хөдөлмөр өнөөдөр ХасБанк болтлоо дэвжжээ. Тэдний зээлээ буцааж авах баталгаа нь “Монголчууд зээлээ 100 % эргэн төлдөг” гэж бүх сонин, сэтгүүл, мэдээллийн хэрэгслээр цацсан сурталчилгаа уриа байлаа. Яагаад ч юм бүх хүмүүс тэдний зээлийг эргэн төлөгдөхгүй байх гэж ярьдаг байсан гэдэг. Гэтэл өнөөдөр ХасБанкнаас зээл авч хөл дээрээ боссон өөрийн гэсэн бизнестэй болж түүнийгээ улам том болгон өргөжүүлсэн хүмүүсийг тоочиж баршгүй олон болж. Зарим нь 30-40 хүнийг ажлын байраар хангаж 60-70 мянган ам.долларын зээл аваад ажиллаж байхад заримд нь ХасБанк арай жижигдэж илүү том банкнаас их хэмжээний зээл авч хамтран ажилладаг болсон нь ч цөөнгүй байна. Зах дээр лангуу түрээслэж наймаа хийдэг байсан залуу хүнсний жижиг мухлагтэй болж, дараа нь найман нэрийн барааны дэлгүүртэй болж одоо супермаркет ажиллуулж л байна. Эсгийгээр ойр зуурын юм хийдэг байсан гарын дүйтэй хүн зах зээлээ тэлж компани, албан байгууллагуудаас гэрээний дагуу захиалга авч нийлүүлдэг үйлдвэртэй болсон. Гэрийн мод хийдэг байсан хүн хүүхдийн асрамжийн газар байгуулсан. Гэрийнхээ шарах шүүгээнд талх хийдэг байсан нэгэн гэр бүл талхны үйлдвэртэй болж гуч гаруй ажилтантай болсон гээд санаанд оромгүй амжилтуудыг жагсаагаад байвал ямар урт дараалал гарахыг таашгүй. Энэ бүхэн бодит түүх юм. Хүмүүс зээлээ эргэн төлөхөөр барахгүй дахиж бага хүүтэй урт хугацаатай зээл авдаг болж, одоо ХасБанк 60 мянга гаруй харилцагч зээлдэгчидтэй болжээ. Яг л ингэж эхний амжилттай ажилласан зээлдэгч нар нь дараа дараагийн зээлдэгч нартаа амьд сурталчилгаа болж урам зориг үлгэр дууриал болох ёстой гэдгийг Ганхуяг бас л тооцоолж төлөвлөсөн байжээ. Мэдээж зээл бүхэн 100% эргэн төлөгдөөгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь түүнд тийм ч чухал биш байлаа. Хамгийн гол нь дэлхийн жишигт хүрсэн сонгодог банкийг Монголд байгуулах санаа нь л түүнд чухал байв… анх ажлаа эхлүүлж байсан үе нь саяхан мэт. Өөрөө л ганцаараа бүх ажлаа нугална. “Улаан загалмайн байранд өрөө түрээслэж, дэнжийн мянгын зах орж өрөөндөө дэвсэх хивсэнцэр аваад шөнөжин эхнэрээрээ хөшиг оёулаад өрөөгөө тохижуулж байснаа санаж байна. Бас болоогүй ээ: Нэг найзаасаа Америкаас авчирсан компютерийг нь худалдаж авсан…” гээд инээмсэглэв. Тэгээд л Дэлгэржаргал, Бат-Очир, Соронзонболд, Батаа гээд үеийн залуучуудтай нийлээд гэртээ ч харих завгүй шөнөжин ажиллаж эхэлжээ. Өнөөдөр ХасБанкны нийт үндсэн ажилтны тоо 1000 хол давсан бөгөөд хагас цагийн болон сайн дурын ажилтны тоо нь
аль хэлийн 300 хүрчихсэн явна. Өдөр бүхэн л хурал уулзалт зөвөлгөөн сургалт гээд бужигнаж байдаг газар. Гүйцэтгэх Зөвлөлийн хурал, Менежементийн хорооны хурал, Зээлийн хорооны хурал, ажлын хэсгийн хурал гээд л ээлж дарааллаа хүлээгээд оочирлож байдаг гэхэд хилсдэхгүй. Нэг зүйл ажиглагддаг нь иргэд Ганхуягийг өөрөө зээл олгодог гэж бодоод байдаг явдал юм. Тэр ерөөсөө ч зээл олгодоггүй. Хийдэг ажил нь Банкныхаа үйл ажиллагааг бүхэлд нь хянах, аливаа асуудлын аргачлалыг нь зөвлөх, байр савыг нь бэлдэж өгөх, түрээслэх, сургалт зохион байгуулах, гадаад эх үүсвэрээс мөнгө босгох, удирдах албан тушаалд ажилтан шалгаруулж авах гээд зохион байгуулалтын түмэн янзын ажил хийнэ. Түүний ажлын өдөр нь өглөө 8.30-д хүүгээ сургуульд нь хүргэж өгөхөөс эхлэнэ. Дараа нь ажил дээрээ ирээд мэйл хаягаа шалгаж нэг бүрчлэн уншин шаардлагатай нэгэнд нь хариу бичнэ. Ингээд л хурал уулзалтууд цуврана даа. Манай сэтгүүлд ярилцлага өгөх хугацаа нь сарын өмнө өдөр цаг минут үргэлжлэх хугацаатайгаа товлогдсон гээд бодоход энэ хүний ажлын хэмнэл нь яаж зохион байгуулагддаг нь төсөөлөгдөнө. Сард хамгийн багадаа 1-2 удаа гадаадад томилолтоор ажилладаг болохоор эндэх ажлыг нь удирдлагын баг нь амжуулна. ХасБанкны төв байрандаа шууд харилцаж ажилладаг 30 гаруй, өдөр тутам уулзаж ажилладаг 10 орчим хүнтэй. Тэд нь гол ажлаа нугална. За тэгээд оффисоосоо гараад Засгийн газрын ордон, санхүүгийн байгууллагууд, олон нийтийн газрууд гээд банктайгаа холбоотой бүхий л ажиллагаанд оролцохгүй бол болохгүй. Ер нь л “өргөсөн дээр суусан хүн” гээд тодорхойлчихож болмоор хөдөлгөөнтэй.

САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ

“Ямар ч хүнд үндэсэрхэг үзэл эх оронч сэтгэл байх ёстой” гэж тэр үздэг. Бүр амьдралдаа баримталдаг зарчмуудынх нь нэг. Хаана ч явсан Монгол гэдэг нэрийг хамгийн өндөрт өргөж явах ёстой гэж боддог болохоор энэ тал дээр ч өөртөө өндөр шаардлага тавина. Хэрэв та анзаарвал ХасБанкнаас гаргадаг виза, мастеркартууд дээрхи зурагнуулд бүгд л Монгол улсын түүх, соёл, зан заншлаас илэрхийлнэ. Төв оффисийнх нь ханаар өлгөөтэй зурагнууд, салбар тооцооны төвүүд дээрх түүхэн фото зурагнууд, бүүр хадгаламжийн дэвтэрний нүүрэн хэсгийн дизайн гээд бүхий л зүйлээс нь “Монгол” гэсэн соёл нэвт харагдана. Эх орноо бага боловч суртачилж байгаа гэдгээрээ тэр сэтгэл хангалуун явдаг. Харин шашин талдаа жаахан “маруухан нэгэн” гэж өөрийгөө тодорхойлно лээ. Гэхдээ өөрийн гэсэн часхийсэн бодолтой. “Би бурхан гэдгийг ямар нэгэн дүрсээр эсхүл хүнээр төсөөлөх боломжгүй гэж боддог. Бурхан бол тэнгэрт байдаг гэж төсөөлөөд ганданд очиж мөргөөд арц хүж асааж мөнгө төлөөд ямар нэг ламаар ном уншуулаад л өөрийгөө буян хийчихлээ, эсхүл нүглээ цайруулчихлаа гэж боддог хүмүүстэй санал нийлдэггүй. Хүн алхам тутамдаа буян хийж явах ёстой. Нүгэл хийсэн л бол түүнийг наминчлаад гарах гарц гэж байхгүй гэж би боддог. Тийм учраас нүгэл хийхгүй байх хэрэгтэй. Миний бодлоор бол нүгэл намайг үхэн үхтэл хамт явдаг…” гэж тэрээр хэлж байлаа. Ингэж боддог болохоороо буддын шашныг амьдрах арга ухаан болон, гүн ухаан философи гэдэг утгаар нь ихэд дээдэлдэг. Саяхан зурагтаар хамт лам Чойжамц гуай энэ тухай ихэд сонирхолтой ярьж өөрийнх нь эргэлзэж гайхаж явдаг олон асуудлуудыг тайлбарлаж байсныг нь мань хүн олоод үзэж. Тэгээд нэг өдөр хамбыг ажил дээрээ урьж илэн далангүй сайхан яриа өрнүүлэхээр төлөвлөж байгаагаа ч хэллээ. Хүний санаа зөв байхад заяа үргэлж зөв явдаг гэдэгт тэр бат итгэдэг хүн аж… Ганхуяг 3 хүүтэй хүн. Гэр бүлийн хүнийг нь Г. Уянга гэнэ. Өглөө ажилдаа гараад оройтож ирдэг. Байнга л гадаад дотоодод ажлаар явж байдаг завгүй хүн болохоор ар гэрийн ажлыг нь эхнэр нь л зохицуулна. “Ар гэртээ санаа зовохгүй сэтгэл амар ажиллаж чаддаг хүн л амжилтанд хүрдэг юм билээ. Манай хүн арын албыг сайн зохицуулдаг болохоор миний сэтгэл амар” гэж ярьж байлаа. Чөлөөт цагаараа ихэвчлэн спортоор хичээллэнэ. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн жинхэнэ хорхойтон. Сүүлийн үед гольф их сонирхдог болсон гэнэ. Биед ядаргаа багатай, бэртэл гэмтлийн талаар дурсах ч хэрэггүй энэ спортын ногоон зүлэг, нам тайван байдал нь түүнд амралт болдог аж. Гэхдээ амарч байхдаа ч толгой нь байнга ажиллана. Ширүүн өрсөлдөөнтэй салбарт ажилладаг, ихээхэн хурд шаардагддаг ажил болохоор түүний тархи чөлөө завгүй сэтгэнэ. “Ямар ч хүн бодлоо захирч чаддаггүй. Миний бодлууд ч гэсэн маш замбараагүй. Энд тэнд давхилдаад л.. бие биентэйгээ мөргөлдөөд л унаад л, тэгээд зарим нь мартагдаад л…” гээд тархиндаа болж байгаа үйл явдлыг нүдэнд үзэгдтэл дүрслэв. Ан гөрөөнд нэг их хорхойсохгүй. Ан ав хийх биш, харин газар ус үзээд толгой доторхи бодлуудаа цэгцэлж авах нь илүү таашаалтай. Тэгээд ч өөрөө эдийн засагч хүн болохоор “анд явж байгаа нь энэ гээд л өдөржин шөнөжин бензин тос шатаагаад, машин тэргээ эвдлээд давхиад байх цаг нь хайран л даа ” гэж байлаа. Өнөөдрийнхөө хүрсэн амжилтыг тэр нэг их амжилтанд хүрчихлээ гэж боддоггүй. Өөрөөр хэлбэл өөрийг нь илүү их ажил хүлээж байна гэж үздэг. “Хүн угаасаа л байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй шүү дээ. Би амжилтыг өөрөөрөө хязгаарламааргүй байна. Улс эх орон маань өндөр хөгжилтэй болж нийтээрээ сэтгэл хангалуун амьдрах цагт өөрийгөө амжилтанд хүрчихлээ гэж хэлнэ. Түүнээс биш өчнөөн асуудал байхад би өөрийгөө амжилтанд хүрчихлээ гэж үзээд ч яах юм билээ дээ…” Одоо түүний санаанд ХасБанкийг бүс нутагтаа, бүр цаашлаад олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг банк болгочих юмсан гэсэн бодол байнга хатгаж сууна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: