Boss Student Success

From: www.dailynews.mn

Захирал оюутан
Saturday, September 27 @ 16:26:11 GMT+8
Холбоо, мэдээллийн технологийн төгсөх ангийн оюутан Н.Гэрэлтулгатай ярилцлаа. Тэрээр сурахын хажуугаар компани байгуулж, хэдийнэ хөл дээрээ босчээ. Ингээд захирал, оюутантай ярилцлаа.

-Оюутан хүн сурахын хажуугаар ажиллана гэдэг нэлээн ачаалалтай байна гэсэн үг. Өөрийг чинь би хувийн компанитай гэж сонслоо. Хэзээнээс бизнес хийхээр шийдэв дээ?

-Одоо би дөрөвдүгээр курс. 21 настай. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 19-тэйдээ бизнес хийж эхэлсэн. Хоёр жил болж байна.

-Ямар чиглэлээр…

-Интернэтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо “My content”, “ITE” гээд хоёр компанитай. “ITE” ком­пани болохоор 12,13, 15 ду­гаар хороолол, Жуковын му­зейн орчим чиглэлд үйлчилгээ үзүүлж байгаа. “My content” компани маань Хан-Уул дүүр­гийн 10 дугаар хороо буюу Нисэх хороолол болон Таван шар, 21 дүгээр хороолол орчимд үйл ажиллагаа явуул­даг. Анх бизнесээ дөнгөж эхэлж байхад мэдэхгүй зүйл зөндөө байсан. Компанийн бичиг баримтаа бүрдүүлэ­хээс эхлээд эхэндээ мэ­дэхгүй чадахгүй юм олон байсан.

-Компаниа хэн нэгэнтэй хамтарсан уу?

-Нэг нь хамтарсан ком­пани. Нөгөөхийг нь хэн нэ­гэнтэй хамтраагүй ээ.

-19 насандаа гэдэг чинь оюутан болсны дараагийн жил гэсэн үг үү?

-Гуравдугаар курст байх­даа эхэлсэн юм байна.

-Тухайн үед энэ талын мэдлэг, туршлага хэр их байсан бэ. Яагаад заавал энэ чиглэлийг сонгох бо­лов?

-Анх 2006 онд бизнесээ эхэлж байхад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ком­пани цөөхөн байсан л даа. Өмнө нь бас мэргэжлээрээ нэг төсөл дээр программист хийж байсан юм. Тэндээсээ гараад өөрөө хувиараа юм хийе гээд компани байгуу­лахаар шийдсэн. Тэгж л эхэлсэн.

-Анх компани байгуу­лахад ямар хөрөнгөтэй байсан бэ?

-Анх эхлэхдээ ахаасаа 300 доллар зээлж авч байсан. Яг миний бизнесийн хувьд техник хангамж, тоног төхөө­рөмж их шаардлагатай бай­даг. Тийм учраас мөнгө нэлээн хэрэгтэй байсан. Анх 300 доллартай эхлээд дараа нь 500 мянган төгрөгийн зээл авсан. Түүнийгээ төлж дуу­саад дахин 300 мянган төг­рөгийн зээл авлаа. Энэ мая­гаар жил гаруй болсон. 2007 онд Ерөнхийлөгчийн санаа­чилгаар “Хас” банк хамтраад оюутны зээл гэдгийг гаргасан. Тэрэнд шалгараад арван­нэгдүгээр сард таван сая төгрөгийн зээл авсан. Тэр мөнгөөрөө бизнесээ улам өргөжүүлээд, амжилттай явж байна.

-Энэ зээлийг авах үед компани овоо хөрөнгөтэй болсон байв уу?

-Бизнесийн амжилт хуга­цаа шаарддаг. Би бага мөн­гөөр эхэлсэн ч гэсэн бизнес маань тодорхой хэмжээний ашиг олдог, түүнийгээ буцаа­гаад эргэлтэд оруулдаг бай­сан. Эхний жилийн тайланг үзэхээр гуравдугаар улирал гэхэд бид НӨАТ төлдөг бол­сон байсан. Жилдээ 12 сая төгрөгийн борлуулалт хийсэн байв.

-Таван сая төгрөгийн зээлээр хамгийн түрүүн юу хийв дээ?

-Таван сая төгрөгийн зээл аваад үйлчилгээгээ чанар­жуулахын тулд 13 болон Сан­сар хороолол руу шилэн ка­бе­лийн сүлжээ татсан. Цаа­шаа Жуков орчим бас сүл­жээгээ татсан. Шилэн кабель маань үнэтэй болохоор таван саяын зээлээ бараг бүгдийг нь түүнд зарцуулсан даа.

-Интернэт үйлчилгээ гэхээр айлуудад холболт хийнэ гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Хэр хэцүү вэ?

-Яахав, анх төсөөлж байс­наас маш хүнд байсан. Одоо хамгийн хэцүү зүйл нь юу байдаг вэ гэхээр нэгд, хэрэг­лэгчийн мэдлэг. Монголын хэрэглэгчид интернэт гэж юу байдаг, хэрхэн ашиглах та­лаар хомс мэдээлэлтэй бай­даг нь жаахан хэцүү л дээ. Түүнтэй холбоотой засвар үйлчилгээ хийх шаардлага гарна. Дээр нь манай бизнес маш их мөнгө шаарддаг. Яг л барилгын салбар шиг их хэм­жээний мөнгөө оруулаад сүүлд нь нөгөө мөнгөө нөхөж авдаг л даа. Ийм учраас мөнгө санхүүгийн хувьд хүнд­­рэлтэй байсан.

-Хоёр компанитай гэ­лээ. Хоёулангийнх нь за­хирал уу?

-Тийм ээ.

-Хэр олон хүн ажил­луулдаг вэ?

-Арваад хүн л ажилладаг. Гурав нь мэргэжлийн инже­нер. Үлдсэн нь энэ чиглэ­лээр сурч байгаа оюутнууд.

-Цалин боломжийн уу?

-Инженерүүд бол бүгд нийгмийн даатгалд хамрагд­даг. Ахлах инженер нь сард 300 мянган төгрөгийн цалин авдаг.

-Компанийн орлого гэ­вэл?

-“ITE” компани одоогоор 500-гаад хэрэглэгчтэй. Сар­даа зургаан мянга орчим долларын борлуулалттай бай­даг. Нөгөөх нь хоёр мянга гаруй долларын борлуулалт хийдэг.

-Өнөө жил сургуулиа төгсөх юм байна. Компа­нийн ажлаа үргэлжлүүлээд явах уу?

-Манай салбарт өрсөл­дөөн ихтэй болсон. Дээр нь гадаадын хөрөнгө оруу­лалт­тай хоёр ч том компани бай­гаа. Сүүлд байгуулсан “My content” компаниа интернэт мэдээллийн чиглэлээр түлхүү ажиллуулах сонирхол байна. Чадвал энэ ондоо багтаагаад хийнэ.

-Оюутан, хажуугаар нь компанийн захирал. Хэр цаг зав гарч байна вэ?

-Зав зай гайгүй дээ. Төг­сөх курс болохоор 100 кредит үлдсэн. Өмнө нь мэргэж­лээрээ ажилласан болохоор гайгүй ээ. Дипломын сэдэв маань бэлэн байгаа.

-Чи хэр баян бэ?

-Баян гэдгийг би хоёр янзаар ойлгож байна. Нэгд, эдийн засгийн хувьд, хоёрт, боловсролын хувьд. Эдийн засгийн хувьд өөрийнхөө хувьд харьцангуй гайгүй. Мэдлэгийн хувьд би өөрийгөө гайгүй гэж ойлгож байгаа. Яагаад гэхээр би дөнгөж 17-хон наснаасаа эхлээд мэр­гэжлээрээ нэг жил дадлага хийгээд үлдсэн жилүүдэд нь дандаа мэргэжлээрээ ажил­ласан.

-Гэрийнхэн чинь чамайг хэр дэмждэг вэ. Танай аав, ээж чинь ийм мэргэжилтэй юу?

-Манайд энэ чиглэлийн мэргэжилтэй хүн байхгүй. Одоо бол намайг дэмждэг. Анх дөнгөж эхлэх гэж байхад нэлээн эсэргүүцэж байсан.

-Яагаад?

-Чадахгүй гэхээсээ илүү ямар ч бүтэхгүй санаа байна гэсэн байдлаар хандаж бай­сан. Манайх гэрээсээ тавуу­лаа л даа. Ах, эгч хоёр маань бизнес хийдэг.

-Орлогоо яаж зарцуулж байна даа?

-Одоохондоо хуримтлал үүсгэж чадаагүй байгаа. Гэх­дээ өөрийнхөө бүхий л хэ­рэгцээг хангачихна.

-Ангийнхаа хүүхдүү­дийг компанидаа ажил­луулдаг уу?

-Надтай ажиллаж байгаа хоёр нь манай ангийн хүүхэд л дээ. Оюутнуудыг ажиллуу­лах сонирхол байгаа. Мэ­дээж, цалин хөлсний талаас ч тэр, тэд өөрсдөө сурч мэдэх талаасаа ч тэр хаана хаанаа хэрэгтэй. Гэхдээ оюутнууд сэтгэлд хүртэл сайн ажиллаж чаддаггүй.

-Хоёр компани маань нийлээд хичнээн хөрөн­гөтэй болсон бол…

-“ITE” компани одоогоор 20-иод сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй. Нөгөөх нь 10-аад сая төг­рөгийн хөрөнгөтэй.

-Танай компанийн өдөр тутмын ажил гэвэл…

-Инженерүүд маань дууд­лагаар очиж засвар үйлчилгээ үзүүлнэ.

-Хэр хэл ам гардаг вэ?

-Эхний жил залхтал гом­дол ирж байсан. Жилийн да­раа бид шилэн кабелиа та­виад дуусгасан болохоор харьцангуй гайгүй болсон. Одоо айлууд юунаас болж дуудлага өгч байна гэхээр ихэнх нь өөрсдөөсөө шалт­гаалсан, компьютер нь ви­рустсэн ч юм уу тиймэрхүү дуудлага ирдэг. Гэхдээ бид тодорхой хэмжээний үйл­чилгээ үзүүлж байгаа боло­хоор янз бүрийн ааш аран­шинтай хүмүүс таарна. Хэцүү ааштай хүн ч байна.

-Хамгийн хүндрэлтэй нь юу вэ?

-Дуудлагын үйлчилгээ. Хүмүүс чинь аашилж загнана.

-17-тойдоо мэргэж­лээ­рээ ажиллаж байсан гэлээ. Суурь мэдлэгээ хаана ав­сан бэ?

-Санаандгүй л дээ. Би ШУТИС-ийн математикийн ангид сурдаг байсан юм. Нэг­дүгээр курстээ төсөл дээр ажиллаж байсан гэж түрүүн хэлсэн дээ. Төслийн удирдагч нь манай аавын найз байсан юм. Тэнд байхад “Чи энэ мэргэжлийг сонго. Бүтээл гардаг” гэж надад хэлдэг байсан. Тэгээд л энэ мэргэж­лийг сонгохоор болсон юм. Тэгээд сургуулиа ч сольсон.

-Чинийхээр бизнест ба­римтлах хамгийн чухал зүйл юу вэ?

-Анхнаасаа бүх зүйл шу­дарга байх хэрэгтэй гэж бод­дог. Хэрэглэгчдэдээ ч шудар­га хандах хэрэгтэй. Өөрөө өөртөө ч шударга, ажилч­дадаа шударга хандах хэ­рэгтэй.

-Чиний зорилго?

-Анх бизнес эхлээд дөнгөж хоёр сар болж байхад 500 мянган төгрөгийн алдагдалд орсон байсан. Мөнгө зээлсэн байсан үе л дээ. Юу юугүй дампуурахад бэлэн байсан. Тэр үед манайх 12 дугаар хороололд интернэт тавьж байсан юм. Ямар ч байсан 13 дугаар хорооллыг бүхэлд нь авах юм шүү гэж бодож бай­лаа. Тэгээд хүссэндээ хүр­сэн. Цаашдаа бол энэ чиг­лэлээсээ илүү олон нийтийг хамарсан чиглэлд ажиллах сонирхолтой байгаа. Мэдээж, олонд танигдсан том компани болохыг зорьж байгаа.

-Өрсөлдөгчид олон бай­гаа. Том компаниуд ч бий. Ялгарч гарахын тулд яах ёстой вэ?

-Одоохондоо үнийн хямд бодлого барьж байна. Үйл­чилгээгээ улам чанаржуулна. Бусдаар бол ялгараад байх юм байхгүй.

-Бизнес хийснээс хойш өөртөө зориулж авсан хам­гийн үнэтэй зүйл юу вэ?

-Мэдээж, Notebook.

-Ямар үнэтэй вэ?

-Эндээс 1536 ам.дол­ла­раар авч байсан. Ажлын гол бааз хэрэгсэл маань.

-Найз охинтой юу?

-Байхгүй ээ. Би ч ажил гэр, ажил гэр шүү дээ.

Д.Оюунтуяа

2 Responses to “Boss Student Success”

  1. Unuruu Says:

    zaluu mini ajilin amjilt hvsie.

  2. Мика Says:

    Таньдаг блогчин байна. Амжилт хүсий::


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: