Орифлэймийн Оюунгэрэлийн Амжилтын Нууцаас

From: www.news.mn

Хатагтай Г.Оюунгэрэлийн үг:

Амжилтанд хүрэхийн тулд баримталж ажилласан зарчмуудаа Та бүхэнд дэлгэе. Амжилтын оргилд хэрхэн хүрэх вэ?

1.Биеэ засах: “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг. Өөрийн биеийг засч чадаагүй хүн өрөөлийг засч,  амжилтанд хүрч чадахгүй.

2. Цаг үетэйгээ зэрэгцэн хөгжих: Бие даан хөдөлмөрлөх чадвартай, өөрийгөө хувь заяаныхаа эзэн гэж итгэдэг …

“Орифлэйм”-ийн Оюунгэрэлийн ертөнц
1 цаг 2 минутын өмнө

(Сэтгүүлчийн тэмдэглэл)

 1. Орифлэймийн тухай

Орифлэйм гэдэг нь галын дөл гэсэн утгатай франц үг юм байна. Хагас мянган жилийн тэртээ Францын нэгэн дайнч хаан байлдааны тугаа ийн нэрийддэг байж. Энэ нь ялагдашгүй, дийлдэшгүй, бөхөшгүй гэсэн утгыг давхар илэрхийлнэ.

1967 онд ах дүү Йонас ба Роберт Йокникууд “Орифлэйм Косметикс”  компанийг үүсгэн байгуулж, халаасан дахь хорин мянган ам.доллараар бизнесийн гараагаа эхэлж байсан. Өнөө үед  “Орифлэйм Косметикс”  компани нь жилдээ 1.3 тэрбум еврогийн борлуулалт хийдэг. Дэлхийн 61 оронд үйл ажиллагаагаа явуулдаг, нийтдээ 2.5 сая зөвлөхтэй. Зөвлөх гэдгийг нь компанийн албан ёсны борлуулагч хүн гэж ойлгож болно. Энэ компани Шведдээ шилдэг тавд, Европт шилдэг зууд, дэлхийд шилдэг таван зууд (Fortune-500) багтаж байна.

Швед, Польш, Энэтхэг, Орос, Хятадад өөрийн үйлдвэртэй, Ирландын Дублин хотноо Дэлхийн технологийн төв хэмээх Шинжлэх ухааны академитай гэнэ. Стокгольмын бирж дээр жилдээ 1.9 тэрбум еврогийн хувьцаа арилжаалдаг.

Монгол дахь үйл ажиллагааг “Орифлэйм-Монгол” ХХК удирдан зохион байгуулна. Тус компанийн Ерөнхий захирал Л.Сэлэнгэ нь Швед дэх төв байгууллагаасаа “Дэлхийн шилдэг менежер” цол хүртсэн нэгэн. Хатагтай Л.Сэлэнгийн тайлангаас үзвэл Орифлэймийн үйл ажиллагааны үр дүнд зөвхөн 2007 онд Монгол Улсын төсөвт 3.3 тэрбум төгрөгийн татвар төлснөөс гадна, монгол зөвлөхүүдэд 3.8 тэрбум төгрөгийн цалин шагнал олгосон байна. Дээр дурдсан мөнгөн дүн 2008 оны эцэс гэхэд нэг дахин өсөх төлөвтэй байгаа нь бага мөнгө биш, Монголын нийгэмд тус дэм өгч буй нэг хэлбэр.

Ах дүү Йокникууд Шведийн хатан хаан Сильвиягийн тэргүүлдэг “Дэлхийн хүүхдийг хамгаалах сан”-г үүсгэн байгуулагч, санхүүжүүлэгчид юм  байна. Энэ сан 2002 оноос Монголд буяны үйл ажиллагаагаа явуулж эхлэн, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд багагүй хандив өргөжээ.

Сүлжээний бизнес нь янз бүр байдаг бөгөөд ихэвчлэн аль нэг компанийг сонгон дистрибъютерээ болгох нь түгээмэл, харин “Орифлэйм Косметикс”  компани нь албан ёсны борлуулагч буюу зөвлөхөөрөө дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Францын “Ив Роше” фирмийн бүтээгдэхүүнийг “Наран трейд” компани борлуулах эрх эдэлж, ашгийг нь хүртдэг. Харин Орифлэймийн бүтээгдэхүүнийг борлуулах эрхийг Монголын мянга мянган жирийн иргэн эдэлж буй. Тэд гоо сайхны таашаалыг ард олондоо мэдрүүлж, тэр хөдөлмөрийнхөө үр шимээр хангалуун сайхан амьдарч яваа билээ.

Орифлэймийн бүтээгдэхүүнийг худалдах цэг байдаггүй, нийтийг хамарсан реклам сурталчилгаа хийдэггүй нь аль нэгэн зөвлөх зах зээлд дангаар ноёрхохоос болгоомжилсон, зөвлөхүүддээ ижил тэгш гараанаас шударга ажиллах боломж олгосон ухаалаг менежмент ажээ. Бүтээгдэхүүнийг интернэтийн онлайн хэлбэрээр захиалах, төлбөрөө хийх боломжоор хангагдсанаас хойш, зөвлөхүүдийн хамаг цагийг бардаг байсан “механик” ажлуудыг ердөө л хурууны үзүүр орлох болсон байна.

Орифлэймийн зөвлөхийн цол ахих шатлал нь мэргэжлийн сумочдын зиндаа дээшлэхтэй яг адил. Захирлаас эхлээд Очир ерөнхийлөгч хүртэл 16 цол бий. Эдгээр цолыг мөнгөн шагнал дагалддаг. Шведүүд хүний хөдөлмөрийг гайхамшигтай үнэлж чаддаг хүмүүс юм. Нийгмийн салбарт жил бүр олгодог Нобелийн шагналын тухай сонсоогүй хүн бараг үгүй биз ээ. Нобелийн шагналыг нэг сая ам.доллар дагалддаг. Тэгвэл Шведүүд бизнесийн салбарт бас Нобелийн шагналтай дүйцэх шагналыг  бий болгожээ. Энэ нь «Очир ерөнхийлөгч» хэмээх Орифлэймийн оройн дээд цолыг дагалдах нэг сая ам.долларын шагнал юм. Харин Орифлэймийн 16 цолыг авахад нийтдээ 2.3 сая ам.долларыг зөвхөн шагналд авах юм байна.

«Очир ерөнхийлөгч» хэмээх цолонд хүрсэн үед жилийн цэвэр ашгийн хэмжээ нь нэг сая ам.долларт хүрнэ.  Үүнд Монголчуудаас хамгийн ойрхон байгаа хүн нь Орифлэймээр овоглосон Гомбосүрэнгийн Оюунгэрэл юм.

 2. Шаврон хутагтын түүх

“Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэлийн удам судрыг сөхөж ярихад сонирхолтой зүйл багагүй юм билээ.

Эцэг Гомбосүрэн 1925 онд төрсөн, одоо амьд сэрүүн буй Монголын цорын ганц тамгатай хутагт ажээ. Гомбосүрэнг гурван настайд нь Ванчинбогд хувилгаан таван зуун хүүхдийн дундаас тодруулж, Шаврон хутагтаар өргөмжилсөн түүхтэй.

Гомбосүрэнгийн эцэг Сэмжааны Маамдүү Энэтхэгийн Баруун зууд 25 жил ном үзсэн маарамба хүн байжээ. Элстэй тулманд хийсэн хугархай ясыг туламны гаднаас илээд эвлүүлчихдэг байсан гэхээр маарамбын эрдмийг гарамгай эзэмшсэн гэдэг нь илт. Их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд эцэг Маамдүү нь гурван ч удаа хөрөнгөө хураалгаж, орон шоронд орж байв. Одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл суманд том толгой лам байсан гэдгээр Гомбосүрэнгийн ах дүү олон хүн хэлмэгдсэн байна. Ийм ч учраас Шаврон хутагт Гомбосүрэнг  нууцлахаас өөр аргагүй байдалд хүрч, хэлмэгдлийн хар шуургыг өнгөрөөжээ.

Шаврон хутагт хар багаасаа л нутгийн ард иргэдийн алга болсон мал харыг алгандаа харж, олж өгдөг далд увдистай нэгэн байв. Тэрбээр гуравхан насандаа хутагтаар тодорч, арван нас хүртлээ Хөөврийн хийдэд шашны эрдэм судалсан. Тухайн үеийн цаг төрийн үймээнээс эмээсэн нагац ах нь өөрөөрөө овоглож, хийдээс холдуулан хар болгож аваагүй бол, ямар ч эмгэнэлтэй байдалд хүрэх байсныг таахын аргагүй.

Амар амгалан амьдрахын эрхээр эгэл хар хүн болсон Гомбосүрэн мэргэжил эзэмшин нэг хэсэг бага эмчээр ажиллаж байснаа МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн ангид суралцан төгсгөжээ. Их эрдэмтэн Чой.Лувсанжавд  шавь орж, орос, англи, төвд хэл сурсан байна. Гомбосүрэн гуай үр хүүхдүүддээ Монголын эрт эдүгээгийн түүх, соёл, урлаг, утга зохиолын амтыг мэдрүүлэн өсгөсөн буянтай буурал юм. Сэтгэл мэдрэлийн эмч мэргэжилтэй Банзрагч хэмээх бүсгүйг ханиараа сонгож, найман сайхан хүүхэдтэй болсны нэг нь “Орифлэйм”-ийн Оюунгэрэл.

Шаврон хутагтынд нэгэнтээ очих үед өвгөн настай болсон ч олон төрлийн хөгжим тоглон үзүүлж, ном судар бичгийн арвин их цуглуулгаа сонирхуулж байж билээ. Харамсалтай нь, сүүлийн үед бие лагшин чилээрхүү байгаа сурагтай.

Хатагтай Г.Оюунгэрэлийн үг:

Олон хүүхэдтэй айлд өссөний давуу тал бол багаасаа бие дааж амьдардаг, эгч, ах, дүү нар гэх олон төрлийн зан ааштай, янз бүрийн насны хүмүүстэй багаасаа харьцаж сурдаг, дүү нараа чирч өсгөх явцад лидерийн бүх шинжийг багаасаа эзэмшдэг болов уу. Миний аав номын хүн. Аавын минь эрдэмд хичээнгүйлэн суралцдаг чанар намайг хар багаасаа өсч хөгжихийн төлөө тасралтгүй ажилладаг болгосон. Бүх юм хаалттай байдаг байсан социализмын үед аав минь ажил ихтэй ч оройдоо “Эрдэнийн эрхи”, “Субашид”, “Монголын нууц товчоо”, “32 модон хүний үлгэр”, “Гэсэр”, “Жангар” зэрэг номуудыг уншиж өгдаг, Ричард Диксоны англи хэлний сурах бичгийг өөрөө пянз тавьж сурдаг, Эрмитаж, Третьяковскийн галерейн фото альбомыг үзүүлж, тайлбарлаж ярьж өгдөг байсан нь намайг дэлхийн соёлтой танилцуулдаг байсан. Ийм аавын дэргэд би эрдэм боловсролтой, соёлтой, мундаг эмэгтэй болно гэж багаасаа мөрөөдөж өссөн.

 3. Гомбосүрэнгийн Оюунгэрэл гэж хэн бэ

Г.Оюунгэрэл багадаа нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд онц сурахын зэрэгцээ хичээлээс гадуур төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, дуулах, бүжиглэх, хөгжимдөх зэрэг төрөл бүрийн авьяастай охин байжээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав хөдөлмөрийн гараагаа анх нэгдүгээр сургуулийн хөгжмийн багшаас эхэлж, анхны уран бүтээлүүдээ туурвиснаас “Сургууль минь баяртай”, “Эхийн тухай дуу”, “Пионерийн дуу” зэрэг нийтэд түгсэн дууг Г.Оюунгэрэл дуулж, Монголын Радиогийн алтан фондод бичүүлж үлдээсэн байдаг.

1984 онд Москва хотноо Ломоносовын нэрэмжит Улсын их сургуулийн химийн факультетийг  төгсгөж, 1988 онд МУИС-ын англи хэлний ангид, 1991 онд Тайландын Төрийн захиргааны удирдлагын их сургуульд суралцан мэдлэг мэргэжлээ дээшлүүлэв.

Шинжлэх ухаан, дээд боловсролын улсын хороонд эрдэм шинжилгээний ажилтан, ЗГХЭГ-ын боловсон хүчин хариуцсан зохион байгуулагч, «НИК» концерний хэлтсийн дарга, TAСIS хөтөлбөрийн орчуулагч, зохицуулагч зэрэг ажил алба эрхэлж байгаад 2000 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж явжээ. Сонгуульд ялагдсаны “ачаар” өөрийгөө өөрчилж шинэ салбарт хүч сорин, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн нэгэн. Одоо улс төрөөс хол хөндий байдаг юм билээ.

Ерээд онд Монголчуудын амьдрал ихэнхдээ ядуу, улс орны ирээдүй ч бүрхэг байсан. Г.Оюунгэрэл ч мөн адил, өрх толгойлсон эмэгтэйн хувьд боломжтой гэсэн болгоныг шүүрч хийн, амьдралын төлөө зүтгээд нэмэр багатай. Нэгэн удаа амьдралд нь эргэлт авчирсан явдал тохиов. Химийн харшилтайн улмаас гоо сайхны бүтээгдэхүүн таардаггүй байсан Оюунгэрэлд санамсаргүй авч хэрэглэсэн Орифлэймийн бүтээгдэхүүн гойд таарч сэтгэлд нь нийцсэн аж. Эхлээд Орифлэймийн бизнесийн учрыг өөрөө ч сайн ойлгоогүй байж. Орос бүсгүй Елена Сахинова, Ольга Сазонова нараар энэ бүхний учир начрыг заалгаж байсан Оюунгэрэл одоо Орос багш нараа ардаа орхиж, дэлхийн 2.5 сая зөвлөх дундаа айргийн тавд багтах болсон нь түүний үйл ажиллагааны царааг илтгэх буй заа.

Найман жилийн хөдөлмөрийнх нь эхний хоёр жил Шведийн “Орифлэйм” компанийн салбарыг Монголд оруулж ирүүлэхэд зориулагджээ. Шведийн зуун хувийн хөрөнгө оруулалтыг Монголдоо татахын тулд Орифлэймийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын салбараас хил дамнуулан ганзагын наймааны хэлбэрээр зөөж, ганзагачны амьдралаар хоёр жил орчим амьдарсан. Хөрөнгө оруулалтыг ч татаж чадлаа. Үүний үр дүнд “Орифлэйм-Монгол” ХХК байгуулагдаж, Монголд албан есоор үйл ажиллагаагаа явуулах болсон бөгөөд энэ нь захиргааны аппарат юм. Өөрөөр хэлбэл, Л.Сэлэнгэ захиралтай “Орифлэйм-Монгол” ХХК нь Монгол дахь Орифлэймийн зөвлөхүүдийнхээ үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажилладаг, харин зөвлөхүүд нь бизнесээ гардан явуулдаг юм байна лээ. Зөвлөхүүдээс Монголдоо хамгийн том цолтой нь Индранил гүйцэтгэх захирал цолтон Гомбосүрэнгийн Оюунгэрэл юм. Үүнийг ялгаж салгаж ойлголгүй андуурч будлих явдал хааяа гардаг.

Хатагтай Г.Оюунгэрэлийн үг:

Хүний бодол, мөрөөдөл, зорилго тухайн хүний амьдралын ирээдүйн зургийг зурдаг гэдэг. Би их эрдэмтэй хүн болно гэж мөрөөддөг байсан учраас Монголын урдаа барьдаг лаборатори нэгдүгээр дунд сургуульд суралцаж, гайхамшигтай багш нарын шавь нь байж, “5 онцын эзэн” бүх эрдэмд жигд суралцдаг охин байлаа. “Багшийн эрдэм шавьд” гэдэгчлэн сайн багш нарынхаа ач буянаар эрдмийг дээдэлсэн хүн болох суурь маань бага насанд тавигдсан. Энэ нь миний цаашдын амьдралд том байр суурь эзэлнэ гэж тухайн үедээ ухаарч ойлгоогүй. Москвагийн Их сургуульд дэлхийн шилдэг эрдэмтдийн буянд насан туршид минь намайг тэтгэсэн бие даан суралцаж, ажиллах арга барил, аналитик сэтгэлгээг олж авсандаа баярладаг.

4. Г.Оюунгэрэлийн амжилтын товчоон

Орифлэймийн бизнест хүч үзэж буй зөвлөхүүдийн ажлыг “хичнээн хүний амьдралыг өөрчлөв, хэдэн хүнийг саятан болгож амьдралыг нь дээшлүүлэв” гэдгээр үнэлж дүгнэдэг юм байна. Энэ үүднээс авч үзвэл Г.Оюунгэрэл шавь нартайгаа хамтарч 600-гаад  хүнийг саятан болгосон их буян хийжээ. Монголчууд маань «Дээдийн дээд буян бол насаараа идэх хоолоо олох ухааныг заах явдал» гэдэг. Манайхны саятан Орифлэймчид бүгд л Г.Оюунгэрэлийн сургалтыг дүүргэжээ. Эд нар сард 500 мянгаас найман сая төгрөгийн орлоготой. Харин сард 200-500 мянган төгрөгийн орлоготой болсон иргэн мянга мянгаараа байдаг гэнэ.

Шведийн Орифлэйм компани 2.5 сая зөвлөхүүдээ жил бүр амжилтаар нь эрэмбэлж «ДЭЛХИЙН ШИЛДЭГ 15»-ыг тодруулдаг. Энэ шилдгүүд дэлхийн аль ч улс оронд  «Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд»-ын түвшинд Орифлэймийг төлөөлөх эрхтэй, Орифлэймийн бэлгэ тэмдэг нь билээ. 2008 он Оюунгэрэлийн хувьд амжилт ололтоор дүүрэн жил байлаа. Нэгдүгээр сард Хонконгд болсон олон улсын хурал дээр «ДЭЛХИЙН ШИЛДЭГ 15»-ын 13-т багтаж, дэлхийд зарлагдсан бол, долдугаар сарын байдлаар “ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТАВ”-д шалгаран Орифлэймийн дэлхийн шилдэг Удирдагчийн өргөмжлөл хүртэж, Удирдагчдын зөвлөлдөө сонгогдсон байна. Мөн хувьцаа эзэмших эрхтэй болжээ. Дэлхийн томоохон компанийн хувьцааг эзэмшдэг Монголын хэдэн иргэн байдгийг би мэдэхгүй. Харин Г.Оюунгэрэл «Орифлэйм Косметикс» хэмээх жилдээ 1.3 тэрбум еврогийн орлоготой том компанийн хувьцаа эзэмшигч болсон байх юм. Г.Оюунгэрэл ойрын хоёр жилд ДЭЛХИЙН ШИЛДЭГ №1 болохоор зорилго тавин ажиллаж байна.

Бээжингийн олимпт манай тамирчид төрийн далбаагаа мандуулж байх тэр мөчтэй давхцан Грекийн Афин хотноо болсон Орифлэймийн томоохон арга хэмжээний үеэр манай далбаа бас мандсан нь бэлэгшээлтэй. Орифлэймийн гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт энэ онд дэлхийн хэмжээгээр 24 хувийн өсөлттэй байхад, Монголд 144 хувь өсчээ. Зөвхөн 2007 оны өсөлтийн дүнгээрээ манай зөвлөхүүд дэлхийд тэргүүлж, 500 мянган ам.долларын шагнал хүртсэн бол, хатагтай Г.Оюунгэрэл хувийн дүнгээрээ дэлхийд №1 болж 170 мянган ам.доллараар шагнууллаа. Зүтгэх л юм бол Монгол хүнд ямар их боломж байдгийг дээр дурдсан жишээ харуулж байгаа бус уу.

Тэрбээр Монголдоо анхдагч нь боловч “энэ бүхэн хамт олны минь дэмжлэг, би ганцаараа хэн ч биш” хэмээн өгүүлэв. Хэнд ч, юу ч амлаагүй атлаа нэг л мэдэхэд 50 мянган хүнийг ажлын байраар хангачихсан, 500 хүнийг хангалуун амьдралд хүргэчихсэн байгаа юм.

Хатагтай Г.Оюунгэрэлийн үг:

Миний амжилт бол өөрөө өөрийгөө өөрчилсөн, ялан дийлсэн тэр л түүх. Би дөчин таван насандаа амьдралаа шинээр эхэлж, шинэ Оюунгэрэл болсон нь бодит үнэн. Өөрийгөө ялан дийлж, амьдралын түмэн бэрхшээлийг даван туулж амжилтанд хүрч чадсан маань Монгол гэдэг нэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах, ямар охин төрүүлснээ эцэг эх минь мэдэх, ямар иргэнтэй гэдгээ Монгол Улс мэдэх тэр амжилтын суурь болсон гэж би боддог.

Өнөөдөр миний амьдралд сэргэн мандалтын он жилүүд үргэлжилж байна. Би аз жаргалаар дүүрэн, амжилтаар  жигүүрлэн амьдарч байна. Гэхдээ энэ бол сохор аз биш шүү. Энэ бол өөрөө бүтээж, цогцлоож чадсан амжилт, аз жаргал минь юм.

5. Гандан буурахгүй бизнес

Орифлэймийн бизнест оройтно гэсэн ойлголт ер үгүй, харин ч бүх зүйл өмнө чинь байгаа гэж Г.Оюунгэрэл зөвлөлөө. Юуны өмнө, одоо Орифлэймийн гоо сайхны бүтээгдэхүүний чанар чансааг нэг үеэ бодвол манайхан мэддэг болсон. Нөгөөтэйгүүр, Орифлэймийн зөвлөх хүн өөрийн бизнесээ дэлхийн 43 оронд өргөжүүлж хөгжүүлэх боломж нээлттэй, наад зах нь бидний хажуу хавирганд Орос, Хятад, Энэтхэг гэх мэт асар том зах зээл байна.

Монголдоо ажиллаад жилдээ 20-30 сая төгрөг олоод байх боломжтой ч гадаадын зах зээл дээр сар тутам 100 мянган ам.долларын ашигтай ажиллах сонголтыг ч хийж болох. Удирдагч байдлаар ажиллахыг хүсвэл уулзаж, сайн зөвлөгөө авах хэрэгтэй.

Г.Оюунгэрэлийн хувьд Орифлэймийн бизнест зааж сургах ажлыг сүүлийн зургаан жил хийж иржээ. Сургалтын мөн чанар нь Монгол хүний үнэ цэнэ, оюун ухаан, хүч чадлыг мэдрүүлэхэд оршино. Шавь нартаа: “Энэ дэлхийд заяагдсан хосгүй ухаантай, гайхамшигтай ард түмэн бол Монголчууд. Бид юу ч хийж, бүтээж чадна. Зөвхөн өөртөө итгэх л хэрэгтэй. Амьдралдаа том зорилго тавь. Өөрөө баяжсанаас  бусдад буян болохыг бодвол амжилт хурдан ирнэ» гэж сургана. Бас:  “Та нар энэ бизнесийг эрхлээд сайхан орон сууцтай, унаа машинтай, барууны орнуудад хүүхдээ сургах мөнгөтэй болж чадахгүй юм бол миний шавь гэж битгий бодоорой” гэж тоглох, үгүйн хооронд хэлдэг гэнэ. Нэг хэсэг ядуусын удирдагч гэж шоолдог байсан, одоо бол гангачуулын багш гэж хэлүүлэх нь халаг байдаг. Солонгост 5-7 жил ажиллаж олох мөнгийг Орифлэймийн зөвлөхүүд жилдээ л олж байгаа болохоор арга ч үгүй биз.

Хийсэн бүтээснээ эргээд харахад сэтгэл хангалуун байдаг, өөрийгөө энэ зэргийн бизнесмэн болчихно гэж бодоогүй гэж тэр хэлэв. Хатагтай Г.Оюунгэрэлийн хувьд энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаадын зах зээл дээр амжилттай ажиллаж байгаа юм байна. Тэрээр одоо Монголын зуун хүнийг тэрбумтан болгох зорилго тавьжээ. Үүний тулд тодорхой нөхцөл, эх суурийг бүрдүүлэх ажлыг эхлүүлжээ. Орос, Англи хэл сурсан нь чамлалттай санагдан, өдгөө Өвөр Монголын Их сургуулийн хятад хэлний ангид суралцаж буй. Монгол хүний дотор заавал нэг бодол бий гэдэг дээ.

Хатагтай Г.Оюунгэрэлийн үг:

Амжилтанд хүрэхийн тулд баримталж ажилласан зарчмуудаа Та бүхэнд дэлгэе. Амжилтын оргилд хэрхэн хүрэх вэ?

1.Биеэ засах: “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг. Өөрийн биеийг засч чадаагүй хүн өрөөлийг засч,  амжилтанд хүрч чадахгүй.

2. Цаг үетэйгээ зэрэгцэн хөгжих: Бие даан хөдөлмөрлөх чадвартай, өөрийгөө хувь заяаныхаа эзэн гэж итгэдэг, капиталист амьдралын хэв маягаар амьдрахыг хүссэн хүмүүс л энэ нийгэмд сайхан амьдарч чадна. Тийм хүмүүс  “капиталист” бизнесийг ойлгож хийнэ. Тэд л амжилтанд хүрнэ

3. Эерэг сэтгэлгээ: Хүн бүрт чөлөөт сонголт байна. Та муу юм бодож, гутрал гансрал, атаа жөтөө, хорсол гомдолд идэгдэх, эсвэл сайн юм бодож, өөдлөн дэвжих, баярлах, хайрлан хүндэтгэх сэтгэл өвөрлөж, түүнийхээ үр жимсийг хүртэх. Алиныг сонгох нь таны эрх. Хүн ямар үр суулгана, тийм ургацыг хураадаг учиртай.

4. Өөртөө итгэх: Ядуу зүдүү, аз жаргалгүй амьдралын үндсийн үндэс нь хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэхгүй өөрийгөө голж, дутуу үнэлэх явдал юм. Амжилтанд хүрдэггүй гол шалтгааны нэг бол “Би эгэл жирийн хүн” гэж өөрийгөө голдогт оршдог. Оюун ухаант хүн бүр гайхамшгийг бүтээхээр илгээгдсэн байдаг. Бид техник технологийн хөгжлийг гайхан биширдэг. Тийм “мундаг” компьютер гэж ярих дуртай. Тэгвэл хүн та өөрөө энэ дэлхийд бүтээгдсэн хамгийн боловсронгуй компьютер юм.

5. Айдас хүйдсээсээ салах: Хүмүүсийг айдас хүйдэст авахуулж, цаашид хөдлөх аргагүй болгодог чөдөр тушаа бол бүтэлгүйтэл юм. Ямарваа зүйлийг хийгээд бүтэлгүйтэх бол юу ч биш. Хамгийн чухал нь тухайн үйлийг хийж буй таны сэтгэл зөв байх естой. Бүтэлгүйтэл бол агуу их багш, алдаа  бол ухаарлын сургамж хэмээн хандлагаа өөрчилж чадвал та амжилтанд хүрнэ.

6. Шүүмжлэлийг дайснаа биш холбоотноо болгох: Хүмүүс бид өөрийн дадал зуршилдаа дасан, түүнийгээ зөв гэж бодож, өөрчлөхдөө эмзэглэдэг. Бидний зөв явах, аливааг ухаарахад үндэслэлтэй, шударга шүүмжлэл ихэд тустай учир гомдож, атаат дайсан мэт хорсолгүйгээр харин ч холбоотон болгох хэрэгтэй.

7. Амьдралынхаа зорилгыг маш тодорхой болгох: Хүмүүсийн 95% нь зөвхөн “өнөөдрөөрөө” амьдардаг. Тэд жил, тав, арван жилийн дараах амьдралаа төсөөлөн хардаггүй, харахыг ч хүсдэггүй. Энэ нь амьдралын зорилгоо тодорхойлж чаддаггүйд оршдог. Та зорилгоо тодорхойлсон бол ажлын чинь 90% бүтсэн гэж бод.

8. Мэдлэг, чадварынхаа доголдлыг арилгах: Саяхан зах зээлд орсон манай орны хувьд бидний хөдөлмөр бол цоо шинэ бизнес, цоо шинэ харилцаа, цоо шинэ мэдлэг. Анх хийж байгаа ажилд мэдэхгүй чадахгүй зүйл их тулгарна. Хэзээ ч  их мэдэгч болох хэрэггүй. Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч, хамгийн шилдэг мэргэжилтнүүдэд ханд. Тэгвэл цаг, амжилт аль алиныг нь хожих болно..

9. Хамгийн богино хугацаанд дээд зэргийн амжилт гаргахыг хүсэх: Би ДЭЛХИЙН №1 ОРИФЛЭЙМИЙН ЛИДЕР болохыг хүсдэг. Амбици ихтэй гэж хэн нэг нь ойлгож болох л юм. Эх орны болон өөрийн нэр төрийн төлөө энэ биеийг умартан би зүтгэж байгаа. Цаашид ч зүтгэх болно. Гомбосүрэнгийн Оюунгэрэл гэдэг нэрийг гадны хүмүүс зөв, бүтнээр нь дуудаж чадахгүй байж болно. Тэгвэл МОНГОЛ гэдэг нэрийг зөв дууддаг юм. Монгол гэдэг үг намайг тодорхойлдог нь эрхэм билээ. БИ МОНГОЛ ХҮН.

10. Мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуудах: Анх намайг хүмүүс үлгэр ярьдаг, бурдаг хүн гэж шоолох дуртай байсан. Тухайн үед үлгэр мэт л хол байсан бол уу. Би бизнесийнхээ ирээдүйн талаар өөрийнхөө мөрөөдлийг Зөвлөхүүддээ хэлдэг байсан. Зургаан жил гэдэг харвасан сум шиг л нисэн өнгөрч.  Миний шавь нар монгол талдаа машинаар хөлхөлдөж, гадаадын орнуудаар зугаацаж, тэдний үр хүүхэд нь АНУ, Англи, Сингапур, Малайз, Австралийн их дээд сургуулиудад суралцаж, дэлхийн дэвжээнд гарц маань ч нээгдлээ.   Миний мөрөөдөл биелж байгаа.

11. Түншүүд, халамжлан хүмүүжүүлэгчээ татан оролцуулах: Орифлэймийн бизнес бол цөөн хүний сонирхлыг төрүүлж, олон хүнийг хөдөлгөж чаддаг. Хайртай шавь нар минь байгаагүй бол би өдийд нөгөө л нэг эгэл жирийн монгол эмэгтэй Оюунгэрэл байсан байх болов уу. Би үзэл бодол нэгтэй, ажилсаг, дайчин, чин шударга хүмүүсийг олж, тэднийг нээж, зааж сургаж, хөгжүүлж чадсан.

12. Харьцаагаа үр дүнтэй, итгэл үнэмшилтэй болгох: Зарим нэг нь биднийг гоо сайхны барааны борлуулагч гэж ойлгодог. Бид амжилтын, аз жаргалын, гоо сайхны борлуулагчид. Хэрвээ бараа борлуулдаг байсан бол худалдагч болоход л хангалттай. Бид хүмүүстэй харьцдаг. Тухайн хүнд бид мэдлэг, чадвар, сэтгэл, хайр халамжаа өгч чадвал борлуулалт хийж чадна. Борлуулалт бол орлого, амжилтын үндэс.

13. Цаг хугацаа хожих: Орифлэймийн ертөнцөд асар богино хугацаанд, жижигхэн зах зээл дээр, хамгийн хүнд нөхцөлд, хамгийн богино хугацаанд том том цолыг би хүртсэн. Би цаг хугацаатай уралдаж амьдардаг. Би яст мэлхий шиг хөдөлж, нэг байран дээрээ дүлж суудаг хүмүүсийг харахаараа бачуураад, хаяад нисчихдэг. Холыг харж, хором бүртэй уралдан нисч буй жигүүртэн шиг амьдрах дэндүү сайхан.

6. Хатагтай Оюунгэрэлийн ганцаардал

Хатагтай Г.Оюунгэрэл санхүүгийн эрх чөлөөг эдэлж байна, түүнд эдийн засгийн талаас дутагдах гачигдах юм огтхон ч алга. Охин, хүү хоёр нь тусдаа гарч амьдралаа аваад явж байна. Нэгэн бодлын амьдрал нь тэгширчээ гэж хэлмээр. Гэхдээ энэ хатагтайд үгүйлэх зүйл бас байдаг ажээ. Ажил гэж явсаар хувийн амьдралаа гаргуунд нь орхичихсон тийм нэгэн хүний дүр санаанд бууна. Ид насан дээрээ удаан хугацаагаар ганц бие амьдрах нь хэн бугайд ч нэгийг бодогдуулах буй заа.

Шинэ жил, цагаан сар, наадам гэх зэрэг томоохон баярын үеэр тэр Монголд байх хэцүү санагддагаа нуусангүй. Хүн бүхэн хань ижилтэйгээ хөтлөлцөн алхахыг харахад ганцаараа хүнд их хэцүү байдгийг амнаас нь сонсоод, өөрийн эрхгүй сэтгэлийн гүнд нэгэн бодол төрнө.

Ихэвчлэн эмэгтэйчүүдийн хүрээлэл дунд цаг наргүй ажилладаг, архи уудаггүй, “шоудаад” байдаггүй болохоор хүнтэй танилцах боломж тэр бүр гардаггүй биз. Гадаад хүнтэй суухыг огтхон ч хүсдэггүй нь монгол эр хүний нөмөр нөөлгийг үгүйлдгийнх болов уу. Ханийн жаргал нь эдийн жаргалаас дутахгүй гэдэг, тэгээд ч эр нөхөртэй болж эрхэлмээр, хайрлуулмаар санагдах хүсэл нь эм хүний сэтгэл зүрхнээс яахин амар арилах билээ.

Хатагтай Г.Оюунгэрэлийн үг:

Амьдралын  минь сэргэн мандалтын он жилүүд эхэллээ гэж би зүгээр нэг хэлээгүй. Сэргэн мандалтын өмнө доройтол, шаналал гэж бас байсан. Бэрхшээлийн ард түүнтэй тэнцүү буюу түүнээс хэд дахин илүү амжилт, ялалт, аз жаргал, баялаг байдаг гэдгийг би өөрийнхөө амьдрал дээр үзсэн, үнэнийг нь мэдэрсэн. Би нэг гэгээн цагаан өдөр дээд тэнгэрээс бууж ирсэн баян хатагтай биш. Би амьдралд алдаж, онож, уйлж дуулж, инээж баясаж, бас гуньж гутарч, ханилан сууж, бас салж сарниж, амьдралд байдаг жаргал, зовлонгоос аль алиныг нь эдэлж явсан эгэл жирийн монгол эмэгтэй, монгол ээж. Өнгөрүүлсэн амьдралаа эргэн санахад миний өдий зэрэгт хүрсэн нь эцэг эх, үр хүүхэд, элгэн саднаа хайрлах хайрын хишиг, амьдралын төлөө сэтгэлийн тэнхээтэй байсных, хүмүүст туслах сэтгэл өвөрлөн сайн санаж явсных гэж би боддог.

7. Энерги судлаач, бясалгалч

Гомбосүрэнгийн Оюунгэрэлийг зөвхөн Орифлэймийн бизнес эрхлэгч гэдгээр ойлговол, өрөөсгөл болно. Тэр энерги судлал, бясалгалын гүн ухаантан. Монголчууддаа өөрийгөө хайрлах, үнэлэх, хүндэтгэх, өөртөө итгэхийн учрыг ухааруулж, сэтгэлийн амар амгаланг олох, эрүүл байх, хүч ухаанаа төвлөрүүлэх бясалгал зааж сургадаг эгэл бус хүн. Эцэг өвгөөс удамшсан ч юм болов уу гэмээр далдын нууц мэдрэмж буй. Өвөг дээдсийнх нь төрсөн нутаг Дорноговийн Хамрын хийд дэх дэлхийн энергийн төв түүнд энэ бүхнийг өвлүүлсэн ч байж болох юм.

Сэтгэл гэдэг нь нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй агуу их энергийн хуримтлал, анагаахаар эдгэдэггүй өвчнүүдийг хүний энергийн урсгалыг засах замаар анагааж болно гэх зэргээр ойрын бус холын юм ярихыг нь анх сонссон хүнд гайхах, эргэлзэх сэтгэл төрдөг байж мэднэ. Түүнийг хэдэн жилийн өмнө ийм юм ярихад нь шизотой гэдэг байсан хүмүүс одоо хэлсэн үгнээсээ ичдэг болсон байх. Гадаадын энерги судлаач эрдэмтдийн бүтээлийг олноор нь цуглуулж, уншиж судалдгийг нь хараад сэтгүүлч миний хувьд бишрэх сэтгэлээр сонсож ойлгодог болсон. Энергийн тухай лекц, бясалгалд нь сууж үзсэний дараа зүсэн зүйлийн энергийн урсгалд хүний бие хаа, сэтгэл санаа, ажил үйлсэд өөрчлөлт гардаг тухай онолын үндэслэлийг бага сага гадарлах болсон билээ.

Олон жил эмнэлгээр эмчлэгдээгүй архаг хууч өвчтэй хүмүүс Г.Оюунгэрэлийн бясалгалд суусан хэдхэн минутын дотор эдгэрдэг нь гайхалтай. Хамгийн наад зах нь  “өвдгөнд яс ургасан” гэдэг оноштой хэдэн зуун хүмүүс шууд л таягаа хаяад, гүйгээд явчихдаг гэнэлээ. Г.Оюунгэрэл түүнийг ямар ч яс ургаагүй, харин “энергийн зогсонгишил” хэмээн оношилж ахар богино хугацаанд эдгээдэг юм байна.

Монголчууд бидний хөх толбо нь энергийн томоохон төвлөрөл учир, бид тэнгэр заяатай, босоо хийморьтой ард түмэн юм байна. Энэ мэтчилэн бичвэл цаг, цаас үл хүрэх.

Хатагтай Г.Оюунгэрэлийн үг:

Өөрийгөө өөрчилж, төгс хүн болохын тулд би сүүлийн жилүүдэд сэтгэл зүй, энерги, далд оюун ухаан, хүний оюуны чадамж гайхамшгийн талаар их зүйлийг уншиж судалж, өөрийн амьдралд хэрэгжүүлсэн.

Энэ дэлхийд хүн ямар дуудлагаар ирдэг, яавал эрүүл энх, аз жаргалтай, элбэг хангалуун амьдардаг тухай би мэддэггүй байсан учраас амьдралаа бэрхшээл хүндрэлтэй болгож, өөрт заяасан оюун ухааны чадамжийн нэг хувийг ч ашиглаж чадаагүй байснаа ойлгосон. Ганц хувиа ч ашиглаагүй байхдаа тэгтлээ дор ороогүй хүн өөрийнхөө дотоод хүч нөөцийн ядаж арван хувийг ашиглахад л амьдралаа орвонгоор нь өөрчилж чадах юм байна гэдгийг ойлгож, хонгилын үзүүрт гэрэл ёлтойх биш, бүр аварга том гэрэлтүүлэгч асах шиг болсон. Сайхан амьдралын үндсийг өөрөөсөө эрсэн маань оносон.

8. Тэмдэглэл дуусах болоогүй

Энэ тэмдэглэлийг бичиж байх үед “Орифлэймийн бизнесийн талаар бидэнд зааж зөвлөж өгөөч” гэсэн хүсэлтийг Энэтхэгийн олон нийтийн байгууллага, иргэдээс ирүүлсэн нь Монголынхоо Оюунгэрэлээр бахархах сэтгэлийг сэтгүүлч надад төрүүлсэн билээ.

Хатагтай Г.Оюунгэрэлийн ажил, амьдралын зах зухаас дурдахад ийм байна. Гэхдээ хэсэг хугацааны дараа дахиад уулзахад, уншигч авгайг уйдаахгүй гэдэгт би итгэж байгаа. Тэгэхээр өчүүхэн сэтгүүлч миний тэмдэглэл дуусах арай болоогүй. Дараа уулзацгаая.

Тэрбээр одоо гадаад оронд байгаа учир Та бүхэн 96774545, 321967 дугаар утас цохин, менежерээр нь дамжуулан холбогдож болно.

Хатагтай Г.Оюунгэрэлийн үг:.

Би 2008 оноос компанийхаа урилгаар дэлхийн хамгийн том зах зээлд ажиллах болсон. Дэлхийн хүн ардад аз жаргалтай амьдрал бэлэглэх буяны ажил маань үр дүн авчирна гэдэгт би  итгэлтэй байна. Хил дамнан үүрч дүүрч, уйлж, зодуулж, хураалгаж, “шатаж”, зовлонгоо эдлэн Орифлэймийн бүтээгдэхүүнийг ганзагаар зөөж, Шведийн хөрөнгө оруулалтыг Монголд оруулахаар зүтгэж явсан тэр он жилүүд өнгөрөн оджээ.  Одоо Орифлэймийн бизнест хөл тавьж байгаа хүмүүст хүндрэл бэрхшээл байхгүй болсон.

Хөдөлмөр зүтгэл минь олон хүмүүст аз жаргал бэлэглэж байгаад би сэтгэл хангалуун байдаг. Насан туршдаа хоолоо олж идэх ухааныг бусдад заасан маань надад хэдэн зуу дахин үржиж ирсэн. Энэ буянаа би зөв шингээх ухаантай болсон. Намайг хүн болж төрүүлсэн эцэг эхдээ би хайртай. Надад жигүүр ургуулж, зүүдний юм шиг амьдрал бэлэглэсэн Орифлэймдээ би хайртай. Бусдын сайн сайхны төлөө зүтгэж, Монгол улсдаа Орифлэймийн бизнесийг оруулж, олон зуун саятныг төрүүлсэн өөртөө би хайртай. Намайг мөнхийн залуу байлгаж чаддаг Орифлэймийнхээ бүтээгдэхүүнээр би бахархана. Надад хайр бэлэглэсэн хүн бүхэнд би хайртай.

Амьдрал гэдэг дэндүү тансаг бүжиг юм даа. Бүжиглээд л баймаар байна. Та бүхэнд амжилт хүсье.

Галигаагийн БАЯРСАЙХАН

One Response to “Орифлэймийн Оюунгэрэлийн Амжилтын Нууцаас”

  1. Enkhee Says:

    Bi oriflame-d tunshilj ajillaad 3 sar bolj bn enehuu company-tai hamtarch ajillaj bgada mash ih bayarlaj bn. Ene company-d orsnooroo bi amsh ih zuiliig medeh bolson. Bi odoo Altan zahiral tsoltoi 21 honogtoo 500.000-800.000 togrogiin tsalin awdag ta buhniig ch bas enehuu saihan bolomjiig bu aldaasai gj bodoj bn. Nadtai hamtarch ajillah hun baiwal deerh mail hayagaar holbogdooroi. Ta buhend amjilt husey.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: