AU FairPay Law Case

From: http://www.forum.mn/contents.php?coid=1011&cid=130

Монголын “эмгэг”

. . 1907 онд Австралийн хөдөө аж ахуйн машин техник үйлдвэрлэдэг Sunshine Harvester Company Ltd (буюу цаашид монголчлон “Ургац хураагч ХХК) нь өөрийн ажилчиддаа тавьж буй өдрийн 7 шиллингийн цалинг шударга бөгөөд үндэслэлтэй цалин мөн эсэхийг шалгуулахаар зарга үүсгэжээ. Зарга маргааны түүх нь татвар ногдолтоос эхэлсэн байна. Тэр үеийн татварын алба уг компанийн үйлдвэрлэж зарсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн тал хувьтай тэнцэх онцгой татвар ногдуулж орхисон байна. Ажилчиддаа бага цалин өгч, хямд өртгөөр үйлдвэрлэсэн комбайнаа Их Британиас оруулж ирсэн импортын комбайнтай адил өндөр үнээр зарж “үндэслэлгүй” их ашиг олж байна гэж татварын алба үзэж л дээ. Шүүхийн олон шат дамжсаар хамгийн эцсийн шат буюу Австралийн Арбитражийн шүүх уг заргын амин сүнс болсон “шударга бөгөөд үндэслэлтэй цалин” гэгч юу болохыг тодорхойлох үүрэг ногдсон байна. Тэрээр “Дундаж ажилчинд соёл иргэншилтэй нийгэмд амьдарч буй хүний хувьд шаардагдах ердийн хэрэгцээнд үндэслэсэн цалинг шударга болоод үндэслэлтэй цалин гэнэ” гэдэг алдарт тодорхойлолт хийсэн нь тухайн үеийнхээ аж үйлдвэржсэн ертөнцөд цууриа болон давтагдсан гэдэг. Дашрамд дурдахад Ургац хураагчийн тэрхүү 7 шиллингийн (өдрийн) цалинг шударга ба үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Тэгвэл амьдралын наад захын шаардлагатай ердийн хэрэгцээ буюу үндсэн хэрэгцээ, амьжиргааны стандарт гэж юуг хэлэх вэ гэдэг удаах асуулт зайлшгүй ургана. Австралийн мөнөөх мэргэн шүүх нэмж тогтоохдоо “Хүний амьдралаар амьдарч, гэрлэж, үр хүүхэд өсгөж, амьдралын өртөг ямар байгаагаас үл хамааран бага зэргийн тохилог байдалд гэр бүлээ болон өөрийгөө авч явах явдал бол хүний наад захын хэрэгцээ” гээд “Дундаж ажилчин эхнэр, хоёр хүүхдийн хамт дөрвөн өрөө ба гал тогоотой байшинд сууж, эрүүл мэнд, ажиллах чадвараа барьж байхад хүрэлцээтэй, хямд төсөр, энгийн ч гэсэн чанартай хоол идэхэд хангалттай мөнгөнөөс гадна 1907 онд шүүхээс тогтоосон бусад зардлыг оруулсан цалинг амьжиргааны доод цалин гэнэ” гэжээ.

(delgerengui)
Монголын “эмгэг”

Бүдрагчаагийн Баяр

Orgаnization for Economic Cooperation and Development буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага гэдэг олон улсын байгууллагад дэлхийн зөвхөн өндөр хөгжилтэй 30 орон ордог. Тэдний хөгжлийн нууц юу вэ? Тэд:
(i) Бие биенийгээ хүнийх нь хувьд хүндэтгэдэг,
(ii) Хүндэтгэхдээ хоосон хүндлэл үзүүлээд байдаггүй, зохих урамшууллаар илэрхийлдэг,
(iii) Урамшуулал авсан хүн хийж бүтээх, сурах боловсрохыг эрхэмлэдэг,
(iv) Хийж бүтээж, сурч боловсорсноороо өөрийгөө хөгжүүлдэг,
(v) Өөрийгөө хөгжүүлсэн олон иргэдийнхээ хамтарсан, бүтээлч хөдөлмөрийг ашигласан,
(vi) Хамтын бүтээлч хөдөлмөр дээр суурилсан эдийн засаг дан шинийг эрэлхийлж, шинэ технологи нэвтрүүлж, шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгосон учраас дэлхийд дийлж байна.
Бид болохоор энэ гинжин урвалын сүүлээс эхлэх хүсэлтэй, төр засгаас хүртэл олон төрлийн хөтөлбөр, дэд хөтөлбөр боловсруулсан боловч бие биеийгээ “чи хий” гэж загнаад, мухардмал тойрогтоо түгжигдээд суудаг улс юм.
Тухайлбал, “Бид дан зэс, алт, мах, арьс шир, ноос, ноолуур гэхчлэн түүхий эдийн экспорт хийгээд хол явахгүй, боловсруулах салбар хөгжүүлэх мөн мэдээлэл, холбооны технологи гэхчлэн шинэ тэргүүний салбарыг барьж авах хэрэгтэй байна” гэж сэтгээд, номлоод байгаа хэсэг хүн байна. Дээрхийн зургаадахь үе шатыг яриад байгаа нь энэ. Түүнээс тавдахь шатыг ашиглана гэхээр олон бэрхшээл дурдана. “Mонголчууд залхуу, санаачилгагүй, амиа бодсон улс, ашиглая гэсэн ч ажлыг тогтвортой, чанартай хийх хүн нь ховор, ажил хийсэн хүнд аятайхан урамшуулал өгнө гэдэг Mонголд цөөн хэдэн тохиолдлоос өөр байдаггүй зүйл, тэр худлаа” гээд л нэг хэсэг нь загнана. Дөрөвдэх шатны талаар яриад, IQ зэргийг идэвхтэй сурталчилдаг хүмүүс байна. Энд ч мөн түмэн бэрхшээл дурдах нь олон. “Боловсролын системийн чанар суларч, сурч боловсрох тэмүүлэл алга болж” гэлцэнэ. Гуравдахь шатны арга хэмжээ авах гэтэл өгдөг цалин нь гадны хүний инээд хүрмээр, ажил хийсэн шиг хийдэг, хийхийг сонирхдог, ажил дээрээ тогтдог, хариуцлага хүлээдэг хүн алга болжээ. “Ядуу улс тэгэхээр ямар юмаараа хөгжих вэ ” гэсэн дүгнэлтээр 6 ба 3 хоёрын хооронд, тулга тойрсон маргааны дунд мухарддаг.
Одоогоос арван нэгэн жилийн өмнө 1994 онд НҮБ-ын Хөгжлийн программаас гаргасан илтгэлд: “Mонголын хүн амын 26,5 хувь ядуурлын түвшинд байгаа гэж Засгийн Газар тооцож байгаа боловч үнэн байдал үүнээс хавьгүй илүү” гэж бичсэн байдаг. Засгийн Газрын тэр үеийн тооцоогоор манайд 1989 онд ядуурал байгаагүй, 1992 онд хүн амын 17 хувь, 1993 онд 23 хувь, 1994 онд 26,5 хувь нь ядуурсан гэдэг. НҮБ-ын илтгэлийг бичигчид манай ядуурлын түвшин тогтоох аргын өчнөөн дутагдлыг шүүмжлээд “ядуурлын түвшинг үе үе хянан үзэж тогтоож байгаа арга ажиллагаа нь хэт нүсэр мэт санагдаж байна. Амьдралын доод өртгийн хэмжээг эцсийн дүнд Засгийн Газар тогтоож байна. Энэ нь ядуурлын түвшинг олж сонгоход улс төрийн байр сууринаас хандаж байгаа болов уу гэсэн сэрдэлт төрүүлж болох боловч тийм ч биш байж магад. Ийм сэрдэлтээс зайлсхийхийн тулд хоёр жилд нэг удаа явуулдаг амьдралын доод стандартын хэмжээг тогтоох ажиллагаанд дээд албаны улс төрийн зүтгэлтнүүдийг оролцуулахгүй байх нь дээр юм” гэжээ. Тэд цааш нь тэмдэглэхдээ, “Энэ тооцоогоор бол ядуурлын түвшинг тогтоох ямар ч бололцоо байхгүй. Хүн ам, хөдөлмөрийн яам, Улсын статистикийн газрын төлөвлөгчдийн хүсэл зоригийн дагуу тогтоосон нормоор орлогоо хэрэглэжээ гэж үзэхэд хэдэн хүн хэрэгцээгээ хангаж чадахгүй байх вэ гэдгийг л энэ тооцоо их сайндаа харуулж байна” гэсэн байдаг. Дашрамд хэлэхэд дээрх экспертүүд маань засгаас тогтоосон тэр нормыг бас “өглөгч бус” гэж нэрлэсэн байдаг. Албан ёсны баримтаар нотолж чадахгүй ч, монголчуудын иддэг махных нь 50 хувь таван цул, гурилын 70 хувь хоёрдугаар гурил биш бол ядуу нь ядуу, тэгэхдээ тийм ч их ядуу биш гэсэн стандарт тогтоосон тухай би хаа нэгтээ уншсан юм.
Тэгэхээр үнэн бодит ядуурал ямар вэ? Эрх баригчид бүгд л дээрх тоог 2000 онд 33 хувьд хүрсэн гэж зарлаж байсан. 2002-2004 онд энэ нь 36 хувь болж байх шиг байна.
Ардчилсан хувьсгалын өмнө цөөн хэдэн хүнээс бусад нь бараг бүгд ядуу байсан ба 1991 оноос хойш хүн амын ядаж 10 хувь гайгүй чинээлэг аж төрөх болсон гэж үзвэл ойролцоогоор 90 хувь одоо ч гэсэн ядуу байсаар байгаа гэж би хувьдаа үздэг. 2001 оны наймдугаар сард Mонголын барилгын салбарын тэргүүлэх компаниудын зарим удирдлагатай уулзаж байх үеэр өнөөдөр 40-120 мянган долларын үнэтэй байр бариулж, худалдаж авч байгаа хэсэг бүлэг хүмүүс Mонголын нийт хүн амын 10 шахам хувь л байгаа байх гэсэн таамаглал дэвшүүлж байсан. Mөн Голомт банкнаас явуулсан нэг судалгаагаар өнөө үед манай нийт гэр бүлийн 5-10 хувь нь л сард 500 мянгаас нэг сая төгрөгийн орлоготой гэжээ. Гэтэл энэ нь нөгөө хөгжингүй орнуудын хамгийн бага орлоготой хүний орлогод ч хүрэхгүй шүү дээ. Өрнөдийн эдийн засагчдын судалгаагаар Европ, Америкт өндөр мэргэжилтэй ажилчид, дээд мэргэжлийн хүмүүс, бизнес эрхлэгчдээс бүрдсэн дундаж анги нийт хүн амын дийлэнх хэсэг байна. Тэгвэл хүн амын цөөнх болсон ядуу ажилчны орлого хэд вэ. АНУ-д хамгийн бага цалинг цагийн 6 доллар 50 центээр тогтоосон байдаг. Энэ нь манай хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 42 мянган төгрөгтэй харьцуулахад 40 дахин их байгаа юм.
2004 оны сонгууль Монголын ядуурлын бас нэг хэмжүүр болж өгсөн. Үүгээр Монголын ард түмний наад зах нь 50 хувь нь хүүхэд бүрийнхээ төлөө 10 мянган төгрөг авах сонирхолтой өөрөөр хэлбэл нэн ядуу байна гэдгээ харуулсан. Ядуурал 36 хувьтай гэж өөрийгөө болон өрөөлийг хуурч суугаа улстөрчдөд бас нэг сургамж юм.
Монголд эмгэг ужиг бий. Энэ нь сүүлийн 15 жилийн ардчиллаар ч үүсээгүй, өмнөх 70 жилийн коммунизмаас ч буй болоогүй, харин түүний өмнөх боолын нийгмээс эх үүсвэртэй юм.
Дээрх гинжин холбоотой зургаан учир шалтгааны сүүлчээс эхлээд дөрвийг нь манайд хэрэгтэй, дутагдаад байгаа гэдгийг бид олоод, тодорхойлоод, шийдье гэж байгаа боловч харамсалтай нь цаана нь байгаа үндсэн хоёр учир шалтгаан руу хүрч ойлгоход бие биеэ боолчилж ирсэн түүх, коммунизмын үеийн сурсан зан заншил, мухар шашин шүтлэг, амьдралын хэв маяг зэргээсээ болоод ой ухаан маань хүрсэнгүй бололтой. Гэхдээ Mонголчууд бид бас тийм ч харанхуй биш, хоёр дахь шалтгаан буюу зохих урамшуулал үзүүлэхийн тухайд бид бие биеэ дэмжиж сураагүй гэдгээ мэднэ. Үүний нотолгоо нь нөгөө “чөтгөрийн тогооны” тухай наргиа юм.
Бид хэзээ ч мэдээгүй, ойлгоогүй, ойлгохыг хүсэхгүй байгаа, бидний хувьд эцсийн боловч дээрх 30 орны хувьд хамгийн нэгдүгээр шалтгаан болох бие биеэ хүнийх нь хувьд хүндэтгэх явдал л талхны мөнгөнд нэмэртэй урамшууллын үндсийн үндэс юм. Одоо үүнийг мэдэж, ойлгож, эрэгцүүлж, шүүмжилдэг болмоор байна.
Хөдөлмөрчдийн орлого доор байгаа тул Засгийн Газар байдлыг хүндрүүлэхээс эмээж бүх үнийн тулгуур болсон эрчим хүч, түлш, газар, орон сууцны түрээснйн үнийг доор барьсаар байгаа бөгөөд үүний хажуугаар үнийн хязгаарлалт тогтоогоогүй бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлийн түвшинд хүрч, зарим нь давав. Ядуурлыг арилгах гэж зарим арга хэмжээ авч буй боловч энэ нь нийт хүн амын 36 хувь гэж өөрсдийгөө тайвшруулаад байгаа алдаатай тооцоонд үндэслэсэн, зөвхөн тэр бүлэгт хандаж буй учир нийтээр газар авсан байдлыг эмнэж чадахгүй байна. Орлогын дорой байдлаас болж үйлдвэрлэлд зайлшгүй хэрэгтэй бүтээлч, санаачлагатай, идэвхитэй, үр бүтээлтэй, тогтвортой хөдөлмөрийн урамшуулал арилж, хөдөлмөрийн бүтээмжид ахиц гарахгүй байна. Ингэж нөөц бололцоо ашиглагдахгүй, өөрөөр хэлбэл орлогогүй учраас эрэлт буй болгодог нийт хэрэглээ үүсэхгүй, эрэлт хэрэглээ байхгүйгээс борлуулалт хийгдэхгүй, борлуулалт үгүйгээс орлогогүй болсон “мухардмал тойрогт” орчихоод байгаагаас Засгийн Газар уг “тойрог” руу дахин дахин гадны зээл тусламжийн амь тариа хийж, гагцхүү энэ амь тарианы хүчээр эдийн засгийн өсөлт ойрын ирээдүйдээ тогтвортой байгаа боловч алсын ирээдүйдээ өсөх найдвартай эрч хүчээ авч чадаагүй байна. Хамгийн аюултай нь үүнийг хэлдэг, ярьдаг хүнгүй, байдал газар авч даамжран, ард түмэн өлөн хоосон байдалдаа удах төлөвтэй болоод байна.
Хүнийг хүндлэх, хүнийг үнэлэх явдал өндөр хөгжилтэй орнуудад өнгөрсөн зууны эхээр биеллээ олж, жирийн хөдөлмөрчин хүний амьжиргааг “боол, зарц”-ын байдлаар биш харин эрх чөлөөт иргэнийх нь хувьд хангах болсон билээ.
. . . 1907 онд Австралийн хөдөө аж ахуйн машин техник үйлдвэрлэдэг Sunshine Harvester Company Ltd (буюу цаашид монголчлон “Ургац хураагч ХХК) нь өөрийн ажилчиддаа тавьж буй өдрийн 7 шиллингийн цалинг шударга бөгөөд үндэслэлтэй цалин мөн эсэхийг шалгуулахаар зарга үүсгэжээ. Зарга маргааны түүх нь татвар ногдолтоос эхэлсэн байна. Тэр үеийн татварын алба уг компанийн үйлдвэрлэж зарсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн тал хувьтай тэнцэх онцгой татвар ногдуулж орхисон байна. Ажилчиддаа бага цалин өгч, хямд өртгөөр үйлдвэрлэсэн комбайнаа Их Британиас оруулж ирсэн импортын комбайнтай адил өндөр үнээр зарж “үндэслэлгүй” их ашиг олж байна гэж татварын алба үзэж л дээ. Шүүхийн олон шат дамжсаар хамгийн эцсийн шат буюу Австралийн Арбитражийн шүүх уг заргын амин сүнс болсон “шударга бөгөөд үндэслэлтэй цалин” гэгч юу болохыг тодорхойлох үүрэг ногдсон байна. Тэрээр “Дундаж ажилчинд соёл иргэншилтэй нийгэмд амьдарч буй хүний хувьд шаардагдах ердийн хэрэгцээнд үндэслэсэн цалинг шударга болоод үндэслэлтэй цалин гэнэ” гэдэг алдарт тодорхойлолт хийсэн нь тухайн үеийнхээ аж үйлдвэржсэн ертөнцөд цууриа болон давтагдсан гэдэг. Дашрамд дурдахад Ургац хураагчийн тэрхүү 7 шиллингийн (өдрийн) цалинг шударга ба үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Тэгвэл амьдралын наад захын шаардлагатай ердийн хэрэгцээ буюу үндсэн хэрэгцээ, амьжиргааны стандарт гэж юуг хэлэх вэ гэдэг удаах асуулт зайлшгүй ургана. Австралийн мөнөөх мэргэн шүүх нэмж тогтоохдоо “Хүний амьдралаар амьдарч, гэрлэж, үр хүүхэд өсгөж, амьдралын өртөг ямар байгаагаас үл хамааран бага зэргийн тохилог байдалд гэр бүлээ болон өөрийгөө авч явах явдал бол хүний наад захын хэрэгцээ” гээд “Дундаж ажилчин эхнэр, хоёр хүүхдийн хамт дөрвөн өрөө ба гал тогоотой байшинд сууж, эрүүл мэнд, ажиллах чадвараа барьж байхад хүрэлцээтэй, хямд төсөр, энгийн ч гэсэн чанартай хоол идэхэд хангалттай мөнгөнөөс гадна 1907 онд шүүхээс тогтоосон бусад зардлыг оруулсан цалинг амьжиргааны доод цалин гэнэ” гэжээ.
Цалингийн доод хэмжээ түүнд таарах амьжиргааны наад захын стандартыг төрийн өмнөөс тогтоох гол үүрэг голцуу шүүгчдэд оногдож, олон зуун мянган хүний амьдралын амин чухал асуудлыг шиийдэх гол институт болж байсан учраас тэд сайшаал, гэхдээ шүүмжлэл дайралтын аль алиныг сонсож байсан нь мэдээж.
Амьжиргааны доод стандартыг ингэж тогтоосны дараа түүнд таарах цалингийн доод хэмжээг тогтоох амаргүй тэмцэл эхэлсэн. Өрнөдөд Харвестерийн шийдвэр буюу дээр дурдсан, өдрийн 7 шиллингийн цалингаас эх үүсвэр авч төрөөс цалингийн зохицуулалт буюу цалингийн доод хэмжээг тогтоох явдал эхэлсэн гэж хэлж болно. ХIХ зууны сүүлчээр “солиотой мөрөөдөл”, “улстөрийн эдийн засгийн ухааныг огт мэддэггүй хүний дэмийрэл” гэж нэрлэж байсан цалингийн зохицуулалт дэлхийн нэгдүгээр дайнаас хойш хэд хэдэн удаа аж үйлдвэржсэн орнуудад хийгдэж ирсэн байна.
Учир нь энэ үед “Хөлөргөх”-ийн эсрэг хөдөлгөөн гэгч аж үйлдвэржсэн орнуудад эхэлсэн байна. Хөлөргөх гэдэг нь тухайн улсын хэмжээнд, тухайн хөдөлмөрт зохицсон дундаж хөлснөөс хэт буюу зүй бус доогуур хөлс төлөхийг хэлж байсан ба уг хөдөлгөөний хүчээр зохих ахиц гарч байжээ. Үүнтэй холбогдуулаад 1918 онд Шинэ Зеландын Арбитражийн шүүхээс гаргасан нэгэн шийдвэрийг дурдахад илүүдэхгүй биз ээ. Инагахуа гэдэг районд ажиллаж байсан алтны уурхайнууд алдагдалтай ажиллаж эхлээд удаж байсан тэр үед ажилчид нь цалин нэмэх шаардлага тавьсан байна. Ингэвэл бүх уурхай зогсоно гэж уурхайн удирдлагууд мэдэгджээ. Засгийн газар ч уг хэрэгт гэрчээр оролцож, алтны уурхайнуудыг хаавал улсын алтан сан хомсдож, хямрал үүснэ гэхчлэн шүүхэд нөлөөлөхийг оролдсон. Шүүх асуудлыг хянан үзээд “Хэрэв аж ахуйн салбар ажилчиддаа үндэслэл бүхий амьжиргааны цалин тавьж чадахгүй юм бол түүний ажиллагааг зогсоох нь нийт нийгмийн эрх ашигт нийцнэ. Харин үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх явдал үндэсний эрх ашигт тийм чухал ач холбогдолтой юм бол Засгийн газар татаасаараа зохицуулах нь зүйтэй” гэж тогтоожээ.
Монголчуудыг ажилтай тэгснээрээ орлоготой болгож, улмаар хэрэглээг нь дээшлүүлэхийн тулд Mонгол хүний амьжиргааны наад захын хэрэгцээ буюу амьжиргааны доод стандарт, түүнд нь хүрэлцэх ч үгүй шахам байгаа “боолын” цалингийн доод хэмжээг тогтоож байгаа “хуарангийн социализмын” норм, монгол хүнийг “хөлөргөж” байгаа практикаас салж орчин үеийн соёл иргэншилтэй нийгмийн байвал зохих түвшинд нь шинэчлэн тогтоож, хуульчилж, уг цалингаас доош хөлс төлсөн байгууллага, аж ахуйн нэгж түүний удирдлагыг шийтгэдэг, хэрэв ийм цалин хөлс төлж чадахгүй бол үйлдвэрлэл, үйл ажиллагааг нь дампуурлын механизмаар зогсоодог болох цаг аль хэдийнэ болжээ.
Цалингийн зохицуулалтыг би өнөөгийн эдийн засагт буй болсон мухардлаас гарах шийдвэрлэх ач холбогдолтой арга гэж үзэж бусад арга хэмжээтэй (тухайлбал, үнийн зохицуулалт, татварын бодлого, ажилгүйдэл, мөнгөний бодлоготой) хослуулсан багц арга хэмжээ болгохыг санал болгож байна. Mонголд зах зээлийн жинхэнэ өрсөлдөөн, сонгон шалгаруулалтыг нэвтрүүлж, өөрөөр хэлбэл бүгдээрээ ядуурч байснаас чадалтай, чадвартай нь баяжиж, тэнхрэх, улмаар бололцоогүй бусдыгаа өөд татах нөхцөл бололцоо буй болгохыг санал болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл баяжсан нь боолын эзэн болохгүй байхаар тоглоомын дүрмээ шударга болгож, эмгэгт автсан системийг илааршуулж номын ёсоор нь ажиллуулмаар байна. АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннеди “Бид олонх болсон ядуучуудаа аварч чадахгүй бол цөөнх болсон баячуудаа аварч чадахгүй” гэж хэлсэн байдаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: