Mongolia-Australia Society

From: http://mozzies.mn
Монгол-Австралийн Нийгэмлэгийн дЇрэм
Tuesday, 08 April 2008

МОНГОЛ-АВСТРАЛИЙН НИЙГЭМЛЭГИЙН ДҮРЭМ

1. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол-Австралийн Нийгэмлэг (цаашид “Нийгэмлэг” гэх) нь Монгол, Австралийн ард түмнүүдийн найрамдал, хоорондын харилцаа холбоог бэхжүүлж, Австрали улсын түүх, соёл, хөгжлийг олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагаа явуулахаар сайн дураар эвлэлдэн нэгдсэн, нийгэмд үйлчилдэг, ашгийн бус төрийн бус байгууллага мөн.

1.2. Нийгэмлэгийн оноосон монгол нэр: “Монгол- Австралийн Нийгэмлэг”; англи нэр “The Mongolia-Australia Society”.

1.3. Нийгэмлэгийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, МТҮП-ын 326 тоот өрөө. Шуудангийн хаяг: Улаанбаатар 210620, Шуудангийн 20-р салбар, ш/х 498.

1.4. Нийгэмлэг нь Төрийн бус байгууллагын тухай хууль, энэхүү дүрэм болон олон улсын харилцааны түгээмэл зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгоно.

1.5. Нийгэмлэг нь хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдлэнэ. Нийгэмлэг нь өөрийн тэмдэг, бэлгэдэл, данс, албан бичгийн нүүртэй байна.

1.6. Нийгэмлэг нь 1998 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдсан болно. Гэрчилгээний дугаар-610, Регистрын дугаар-1016199.

1.7. Нийгэмлэг нь үйл ажиллагаагаа явуулах үүднээс ажлын албатай байх бөгөөд орон нутагт өөрийн салбартай байж болно.

1.8. Нийгэмлэгийн үйл ажиллагаа нь ил тод байх бөгөөд үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь олон нийтэд нээлттэй байна.

1.9. Нийгэмлэг нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцэл, үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгнө.

1.10. Нийгэмлэг нь http://www.mozzies.mn/alumni/index.php хаягтай албан ёсны веб-хуудастай байна. Энэ веб-хуудсанд Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал дараахь мэдээллийг албан ёсоор тавина:

1.10.1. Нийгэмлэгийн нийт гишүүний бүртгэл, гишүүний Нийгэмлэгт хүлээсэн сонгууль, татвар, хандив төлөлтийн байдал;

1.10.2. Бүх Гишүүдийн Хурал болон Нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн шийдвэр.

2. Зорилго, үйл ажиллагааны чиглэл, гишүүнчлэл

2.1. Нийгэмлэгийн эрхэм зорилго нь Монгол, Австралийн ард түмнүүдийн хоорондоо нээлттэй, өргөн хүрээтэй, чөлөөтэй харилцаж хамтран ажиллах орчныг бий болгох; соёл, шинжлэх ухаан, боловсролын ололт амжилт, бизнесийн арга барилыг харилцан солилцож, улс үндэстнүүдийнхээ хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.

2.2. Нийгэмлэг нь зорилгоо биелүүлэхийн тулд дараахь үйл ажиллагаа явуулна:

2.2.1. Монгол, Австралийн ард түмнүүдийн харилцааны хөгжил, Австралийн түүх, соёл, нийгэм, улс төрийн амьдралын талаар мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах;

2.2.2. Монгол, Австралийн найрамдалт хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын төрийн байгууллага, олон нийтийн байгууллага, иргэдээс явуулж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

2.2.3. Австралийн соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан болон бизнесийн хүрээний тэргүүн туршлага, ажлын арга барилыг судалж, амьдралд нэвтрүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх болон гэрээт ажил гүйцэтгэх;

2.2.4. үндэстэн хоорондын хүмүүнлэгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, туслалцаа үзүүлэх зорилгоор хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулах, хандивыг хуваарилан хүргэж өгөх;

2.2.5. ижил зорилготой Австралийн төрийн бус байгууллага, хөдөлгөөн, буяны байгууллага, хувь этгээдтэй харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах, мэдээлэл солилцох;

2.2.6. Монголд амьдарч, ажиллаж байгаа Австралийн байгууллага болон иргэдтэй холбоо тогтоож, хамтран ажиллах;

2.2.7. Нийгэмлэгийн зорилгод чиглэсэн бусад үйл ажиллагаа.

2.3. Нийгэмлэгийн гишүүнээр Нийгэмлэгийн зорилгыг дэмждэг, энэ Дүрмийг хүлээн зөвшөөрсөн хувь хүн, байгууллагыг элсүүлнэ. Нийгэмлэгийн гишүүнээр элсэх хувь хүн, байгууллага нь хүсэлтээ Нийгэмлэгийн тэргүүнд гаргах бөгөөд гишүүний анкет бөглөж, Нийгэмлэгийн Гүйцэтгэх захиралд бүртгүүлж гишүүнийхээ анхны татвар төлснөөр Нийгэмлэгийн гишүүн болно. Нийгэмлэгийн гишүүн байгууллага нь нэг л гишүүний эрх эдэлнэ.

2.4. Нийгэмлэгийн гишүүний эрх, үүрэг:

2.4.1. Нийгэмлэгийн Хурал болон бусад арга хэмжээнд оролцох, Нийгэмлэгийн үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэх,

2.4.2. Нийгэмлэгийн удирдах албан тушаалтнуудыг сонгох, удирдах албан тушаалд сонгогдох,

2.4.3. энэ дүрмийн 4.4; 4.5-д заасан татвар, хандивыг хугацаанд нь төлөх. Хэрэв гишүүн нь татвар, хандивыг хугацаанд төлөхгүй бол түүний эрхийг уг татвар, хандивыг төлөх хүртэл түдгэлзүүлнэ.

2.5. Нийгэмлэг нь Нийгэмлэгийн зорилгыг хэрэгжүүлэх, Нийгэмлэгийг хөгжүүлэн бэхжүүлэхэд үнэлэхүйц бодит хувь нэмэр оруулсан этгээдийг Нийгэмлэгийн хүндэт гишүүнээр өргөмжилж болно. Нийгэмлэг нь хүндэт тэргүүнтэй байж болно.

3. Бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтоолцоо

3.1. Нийгэмлэгийн эрх барих байгууллага нь Нийгэмлэгийн Бүх Гишүүдийн Хурал (цаашид “Бүх Гишүүдийн Хурал” гэх) байна.

3.2. Бүх Гишүүдийн Хурлын бүрэн эрх:

3.2.1. Нийгэмлэгийн Удирдах зөвлөл(цаашид “Удирдах зөвлөл” гэх)-ийн гишүүдийг сонгох, өөрчлөх;

3.2.2. энэ дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх Удирдах зөвлөлийн шийдвэртэй танилцаж, зөвшөөрөх эсэх талаар саналаа илэрхийлэх;

3.2.3. Нийгэмлэгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж батлах талаарх Удирдах зөвлөлийн шийдвэртэй танилцаж, зөвшөөрөх эсэх талаар саналаа илэрхийлэх;

3.2.4. Нийгэмлэгийн жилийн ажлын төлөвлөгөө, төсөв батлах талаарх Удирдах зөвлөлийн шийдвэртэй танилцаж, зөвшөөрөх эсэх талаар саналаа илэрхийлэх;

3.2.5. Нийгэмлэгийг өөрчлөн байгуулах, татан буулгах;

3.2.6. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

3.3. Бүх Гишүүдийн Хурал нь энэ дүрмийн 3.2.2; 3.2.3; 3.2.4-т заасан асуудлаарх Удирдах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчингүйд тооцож уг асуудлыг Удирдах зөвлөл 14 хоногийн дотор дахин хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.4. Бүх Гишүүдийн ээлжит Хурлыг жилд нэг удаа хийх бөгөөд түүнийг жил бүрийн нэгдугээр сарын 26-ны өдөр хуралдуулна. Нийгэмлэгийн нийт гишүүний 50-иас дээш хувийн саналаар, эсхүл Удирдах зөвлөлийн шийдвэрээр Бүх Гишүүдийн ээлжит бус Хурлыг хийж болно. Бүх Гишүүдийн Хуралд Нийгэмлэгийн нийт гишүүний 50-иас дээш хувь нь оролцсон тохиолдолд уг хурлыг хүчинтэйд тооцно. Хэрэв Нийгэмлэгийн гишүүн хуралд хүрэлцэн ирж чадахгүй бол уг гишүүн нь өөрийн томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралд оролцох, эсхүл хуралд ирснээр бүртгүүлж, саналаа бичгээр (факс, и-мэйлээр) ирүүлж болно.

3.5. Бүх Гишүүдийн Хурал хуралдаагүй үед Нийгэмлэгийн үйл ажиллагааг Нийгэмлэгийн Удирдах зөвлөл (цаашид “Удирдах зөвлөл” гэх) удирдана.

3.6. Удирдах зөвлөлийн бүрэн эрх:

3.6.1. Нийгэмлэгийн жилийн ажлын төлөвлөгөө, төсөв батлаж Бүх Гишүүдийн Хуралд танилцуулах. Нийгэмлэгийн жилийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг зохион байгуулах;

3.6.2. Нийгэмлэгийн өмч хөрөнгийг захиран зарцуулах, энэ талаар Гүйцэтгэх захирлын эдлэх эрх хэмжээ ба хүлээх үүргийг тогтоох, өөрчлөх;

3.6.3. Нийгэмлэгийн тэргүүнийг сонгох, өөрчлөх, огцруулах;

3.6.4. Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирлыг шилж сонгох, томилох, чөлөөлөх буюу огцруулах, ажлын тайланг хэлэлцэх, дүгнэх;

3.6.5. Нийгэмлэгийн ажлын албаны бүтэц, зохин байгуулалт, орон тоо, төсөв, ажилтны цалин, урамшууллын дээд хэмжээ болон төрлийг тогтоож батлах;

3.6.6. Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээ, Нийгэмлэгээс зохион байгуулж буй арга хэмжээний гүйцэтгэлийн чанарт хяналт тавих;

3.6.7. Нийгэмлэгийн үйл ажиллагааны тайланг холбогдох байгууллагад жил бүр гаргаж өгөх, Нийгэмлэгийн үйл ажиллагааны тодорхой чиглэл хариуцсан байнгын болон түр ажлын хэсэг байгуулах, тэдгээрийн ажлын тайланг хэлэлцэх, дүгнэх;

3.6.8. энэ дүрмийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, энэ талаарх шийдвэрээ Бүх Гишүүдийн Хуралд танилцуулах;

3.6.9. Нийгэмлэгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж батлах, энэ талаарх шийдвэрээ Бүх Гишүүдийн Хуралд танилцуулах;

3.6.10. хууль тогтоомжид заасан болон Бүх Гишүүдийн Хурлаас олгосон бусад бүрэн эрх.

3.7. Удирдах зөвлөл нь энэ дүрмийн 3.6.1; 3.6.8; 3.6.9-т заасан асуудлаарх шийдвэрээ уг шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор энэ дүрмийн 1.10-т заасан веб-хуудсанд албан ёсоор нийтэлж Нийгэмлэгийн гишүүдэд танилцуулна.

3.8. Нийгэмлэгийн гишүүд нь энэ дүрмийн 3.7-д заасан Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөвшөөрсөн эсэх талаарх саналаа уг шийдвэрийг веб-хуудсанд нийтэлсний дараа 30 хоногийн дотор Нийгэмлэгийн веб-хуудасны хаягаар ирүүлнэ. Хэрэв энэ хугацаанд Нийгэмлэгийн нийт гишүүний 50-иас дээш хувь нь шийдвэрийг эс зөвшөөрсөн бол уг шийдвэрийг хүчингүйд тооцож, Удирдах зөвлөл холбогдох асуудлыг нэн даруй хэлэлцэж дахин шийдвэрлэнэ. Энэ журам нь энэ дүрмийн 3.2-т заасан Бүх Гишүүдийн Хурлын бүрэн эрхийг хязгаарлахгүй.

3.9. Удирдах зөвлөл нь 15-аас доошгүй гишүүнтэй байна.

3.10. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэг хүртэл хувийг жил бүр шинэчлэн сонгоно.

3.11. Удирдах зөвлөлийн ээлжит хурлыг нь жилд 2-оос доошгүй удаа хийнэ. Удирдах зөвлөлийн 3 гишүүний санаачилгаар буюу Нийгэмлэгийн тэргүүний шийдвэрээр Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал хийж болно. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асудлын жагсаалтыг хэлэлцэх материалын хамт уг хурал болохоос 7 хоногийн өмнө гишүүдэд тараана.

3.12. Удирдах зөвлөлийн хуралд нийт гишүүний 50-иас дээш хувь нь оролцсон тохиолдолд уг хурлыг хүчинтэйд тооцно. Хэрэв Удирдах зөвлөлийн гишүүн хуралд хүрэлцэн ирж чадахгүй бол уг гишүүн нь өөрийн томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хуралд оролцох, эсхүл хуралд ирснээр бүртгүүлж, саналаа бичгээр (факс, и-мэйлээр) ирүүлж болно.

3.13. Бүх Гишүүдийн Хурал болон Удирдах зөвлөл нь хуралд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх бөгөөд шийдвэрээ тогтоолын хэлбэрээр гаргана. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ. Хэрэв Удирдах зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж буй асуудлаар Удирдах зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын зөрчилд орж байна гэж үзвэл уг гишүүн нь тухайн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзах үүрэгтэй.

3.14. Удирдах зөвлөл нь Нийгэмлэгийн тэргүүнийг өөрийн гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно. Нийгэмлэгийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил байх бөгөөд түүнийг улируулан сонгож болно. Нийгэмлэгийн тэргүүн Нийгэмлэгийн гишүүнчлэлээс гарсан, огцрохыг өөрөө хүссэн, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс хасагдсан, хууль тогтоомж ноцтой зөрчсөн нь нотлогдсон зэрэг үндэслэлээр түүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө энэ албан тушаалаас чөлөөлж болно. Нийгэмлэгийн тэргүүний түр эзгүйд бүрэн эрхийг нь түүний томилсон Удирдах зөвлөлийн гишүүн хэрэгжүүлнэ.

3.15. Нийгэмлэгийн тэргүүний бүрэн эрх:

3.15.1. Нийгэмлэгийг гадаад, дотоодод төлөөлөх;

3.15.2. Удирдах зөвлөлийн хурлыг товлон зарлах, уг хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах. Бүх гишүүдийн хурал болон Удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулах, даргалах, хурлын явцын тэмдэглэл болон шийдвэрийг үнэн зөвийг магадлаж, ёсчлох;

3.15.3. Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал(цаашид “Гүйцэтгэх захирал” гэх)-тай гэрээ байгуулах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах;

3.15.4. Удирдах зөвлөлийн шийдвэр болон өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах;

3.15.5. хууль тогтоомжид заасан, түүнчлэн Бүх Гишүүдийн Хурал болон Удирдах зөвлөлөөс олгосон бусад бүрэн эрх.

3.16. Гүйцэтгэх захирлаар Нийгэмлэгийн гишүүн хүнийг ажиллуулах бөгөөд энэ албан тушаалд Удирдах зөвлөлийн гишүүнийг томилж болно. Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, ажлын нөхцөл, цалин хөлс, урамшуулал зэрэг асуудлыг 3.15.3-т заасан гэрээгээр зохицуулна. Гүйцэтгэх захирлын түр эзгүйд түүний бүрэн эрхийг Удирдах зөвлөлөөс томилсон этгээд, эсхүл Нийгэмлэгийн тэргүүн өөрөө хэрэгжүүлнэ.

3.17. Гүйцэтгэх захирлын бүрэн эрх:

3.17.1. Нийгэмлэгийн ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

3.17.2. Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд Нийгэмлэгийн өмч хөрөнгийг захиран зарцуулах, Удирдах зөвлөлд санхүүгийн тайлан гаргаж өгөх;

3.17.3. Удирдах зөвлөл болон Нийгэмлэгийн тэргүүнээс олгосон эрх хэмжээний хүрээнд Нийгэмлэгийг төлөөлөх;

3.17.4. Нийгэмлэгээс зохиох сурталчилгаа, олон нийтийн болон бусад ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлын агуулга ба төлөвлөгөөг баталж хэрэгжилтийг зохион байгуулах, ажлын үр дүнг тооцох;

3.17.5. Нийгэмлэгийн захиалгаар ажил гүйцэтгэх хүмүүсийг шилж сонгох, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хангах ба дүгнэх, зохих хөлс, урамшууллыг тогтоож олгох;

3.17.6. Нийгэмлэгийн нийт гишүүний бүртгэл, анкетыг хөтлөх, хадгалах, гишүүний татвар, хандивын тооцоог хөтлөх;

3.17.7. хууль тогтоомжид заасан буюу Удирдах зөвлөлөөс олгосон бусад бүрэн эрх.

3.18. Гүйцэтгэх захирал нь эрх хэмжээнийхээ асуудлаар захирамж гаргах бөгөөд түүнийгээ Удирдах зөвлөлийн хуралд тогтмол танилцуулна.

3.19. Нийгэмлэгийн гишүүн болон ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг Нийгэмлэг хүлээхгүй.

4. Санхүүжилт

4.1. Нийгэмлэг нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана.

4.2. Нийгэмлэг нь хөдлөх, үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгөтэй байна.

4.3. Нийгэмлэгийн орлого дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

4.3.1. гишүүний татвар, хандив, Удирдах зөвлөлийн гишүүдийн хандив;

4.3.2. хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;

4.3.3. Нийгэмлэгийн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж,буяны болон бусад үйл ажиллагаанаас олсон орлого;

4.3.4. Төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс болон гадаадын байгууллага, иргэдээс олгосон хөрөнгө.

4.4. Нийгэмлэгийн гишүүний жилийн татвар нь 10,000 төгрөг, Удирдах зөвлөлийн гишүүний жилийн татвар 50,000 төгрөг тус тус байна. Нийгэмлэгийн гишүүн байгууллагын жилийн татвар нь тус байгууллагад байгаа хүн тус бүрт 1,000 төгрөг байхаар тооцож ногдуулна. Гишүүний жилийн татварыг тухайн жилийн нэгдүгээр сард багтаан Нийгэмлэгийн дансанд шилжүүлэх буюу Гүйцэтгэх захиралд бэлнээр нь төлнө.

4.5. Нийгэмлэгийн гишүүн нь Нийгэмлэгийн зохион байгуулсан, Нийгэмлэгийг төлөөлж явуулсан буюу Нийгэмлэгийн нэрийн өмнөөс оролцсон үйл ажиллагаанаас олсон орлогын 50 хүртэл хувийг Нийгэмлэгт хандивлана.Энэ хандивын хувь хэмжээ, төлөх хугацааг Гүйцэтгэх захирал Нийгэмлэгийн тэргүүнтэй зөвшилцөн тогтооно.

4.6. Нийгэмлэгийн санхүүгийн үйл ажиллагааны тайланг хөндлөнгийн хяналтаар баталгаажуулна.

5. Нийгэмлэгийг татан буулгах

5.1. Нийгэмлэгийг Бүх Гишүүдийн Хурлын шийдвэрээр татан буулгаж болох бөгөөд энэ шийвэрийг Бүх Гишүүдийн Хуралд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонх буюу гуравны хоёроос доошгүйн саналаар баталсан байх шаардлагатай.

5.2. Нийгэмлэгийг татан буулгах тохиолдолд зохих төлбөрүүдийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй төрийн бус, эсхүл боловсролын буюу буяны байгууллагад шилжүүлэх, тийм тохирох байгууллага байхгүй бол Нийгэмлэгийн зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

5.3. Нийгэмлэгийг хуульд заасан үндэслэлээр шүүх албадан татан буулгаж болно.

Last Updated ( Tuesday, 08 April 2008 )

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: