Uniting Mglians Overseas

Mongolchuud gadaadad amidral haij nuudelleh bolsonoos hoish olon jil ongorchee. Gadaadad ajillah, suraltsah gedeg ni Mongolchuudiin huvid heviin uzegdel bolson bn. Tegvel too ni olshirch bui gadaad dahi Mongolchuudiin army huchee avch, tomorch buin ilrel boloh Songuuli ogoh erhiin tuhai, Gadaad dahi Mongol Community orgojih tuhai, Gadaadad baigaa Mongolchuud gar niilj yum hiih tuhai urialga haa saigui haragdah boljee. Doorh jishee bol delhii dayar tarhsan mongolchuud tus tusdaa dovoo sharluulj, zorilgodoo hureh gej mahran zutgeed bui zarim yumaa hoorondoo yariltsaj, medlegee share-lej, turshlaga soliltson, negen deevriin door avchrah zamaar asuudluudiig hongovchilj boloh tuhai sanaa ogson yum shig baina.

ОРОН БҮХЭНД БАЙГАА МОНГОЛЧУУД ЯАЖ НЭГДЭХ ВЭ? (үргэжлэл)
http://dayarmongol.com/

http://www.orloo.info/

“Орлоо.ком”, “Даяар Монгол” вэбсайтyyд дээр нийтэлсэн “Орон Бүхний Монголчууд Нэгдэгтүн” нийтлэлийг минь уншаад, сэтгэгдэл болон миний e-майлд хандсан олон санал бодлыг уншаад үүнийг бичихээр шийдлээ. Надад хандаж, бичсэн нийтлэлийг минь дэмжиж, надад урам хайрлаж, олон асуудал, санал дэвшүүлсэн Америк, Англи, Япон, Өмнөд Солонгос, Швед, Герман, Австралид сурч, ажиллаж, амьдарч байгаа өөдрөг үзэлтэй Монголчууддаа тун их баярлaлаа.

“Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэгчлэн нэгэнт асуудал хөндөж тавиад орхих минь чамлалттай санагдаж “хэрхэн нэгдэх вэ?” гэсэн асуултанд тань хариу болгож, өөрийн бодол санаагаа задлан дэлгэрүүлж, санал, төсөл хэлбэрээр бичлээ. Энэ маань зөвхөн миний хувийн санал бодол болохоор эндүү ташаа бас дутуу дулимаг зүйл байж болох хэдий ч бас байж болох нэгэн хувилбар гэж бодож байна. Харин өөдрөг үзэлтэй олон Монголчууд үүн дээр минь тулгуурлан, олон шинэ санал санаагаар баяжуулан, ажил хэрэг болгохоор идэвхийлэн оролцоосой гэж хүсч байна. “Xийвэл бүү ай, айвал бүү хий!” гэдэг билээ. Овоог би босгов. Олон олон шаазгай цуглан сууж, “эвт шаазгай буга барих”-ын үлгэрийг үзүүлнэ буй за. Гадаадад байгаа Монголчууд нэгдэцгээж, өөрийн Монгол орноо хөгжүүлэгтүн!

zohion-baiguulalt.jpg

Орон бүхний хот болгонд байгаа Монголчууд цуглан ярилцацгааж, өөрсдийн Монголчуудын Холбоог байгуулж, ажиллах зарчим, дүрэм журмаа боловсруулж, удридлагаа сонгож, тэднийг дэмжиж ажиллах нь энэхүү ажлын эхлэл юм. Мэдээж оршин буй орныхоо хууль эрхийн актыг нь судалж, албан ёсны байгууллага болгон бүртгүүлэх нь хэрэгтэй байх. Дээрхи схем дээр ерөнхий чиглэл, байж болох загварыг дүрслэв. Ийм байгуулга Америкт байгаа Монголчуудын дунд буй. Зөвхөн Вашингтон хотод “Монголчуудын Холбоо”, Саруул-Эрдэнийн байгуулсан “Монгол Соёлын Төв”, хуульч Ганзоригын байгуулсан “Хууль зүйн Товчоо”, Тайван Ариунаа нарын байгуулсан “Орлоо.ком”, Батбаяp, Ганчимэг нарын байгуулсан “15 минут” телестуди гээд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр санаачлагууд нь хоорондоо нэгдэхгүй тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг учраас тэдний ажлыг бусад Монголчууд төдийлөн мэддэггүй. Тэгэхээр нэгдэл маань эндээс л эхлэх учиртай байх. Бусад орон, хотуудад салангид үйл ажиллагаагаа явуулж байгаа иймэрхүү төвүүдийн үүсгэн байгуулагчид уулзан ярилцаж, бие биедээ байгаа боломжуудаа илэн далангүй ярилцаж, нэгдмэл үйл ажиллагаанд оролцох нь НЭГДЛИЙН үндэс суурь болно гэдэгт итгэж байна. Эсвэл ярилцаад цоо шинээр ч байгуулж болох юм. Гэхдээ Монголчууд бид цөөхүүлээ гэдэгээ л мартаж болохгүй. “100 ямаанд 60 ухна” гэдэгчлэн олон хүч тарамдсан байгууллага хэрэгтэй юу гэдэгийг бас санууштай.1. Соёлын Төв.
Одоогоор Америк, Германд ийм байгууллага байгаа бололтой. Тухайн оронд байгаа Монголчууддаа зориулж, үндэсний 2 их баяр болох төрийн наадам, цагаан сарын арга хэмжээнээс гадна урлагийн төрөл бүрийн тоглолт, спортын тэмцээнүүд зохион байгуулж болох юм,.Түүнчлэн тухайн орны түүх соёлтой танилцуулах, Монгол орноо сурталчлах олон арга хэмжээ зохион байгуулах боломжтой.

2. Мэдээллийн Төв.

Тухайн оронд байгаа Монголчуудаа мэдээллээр хангах, Монголчуудын Холбооныхоо үйл ажиллагааг сурталчлах, иргэдийг хооронд нь холбох, бие биедээ дэмжлэг үзүүлэх зорилгоор вэбсайтууд нээж, сонин гаргаж, теле нэвтрүүлэг хийж, зар сурталчилгаагаар хангах боломжтой.

3. Хууль зүйн Төв.

Тухайн оронд байгаа хууль зүйн өндөр мэдлэг, боловсролтой хуульчдаа түшиглэж Монголчууддаа хууль зүйн зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангах, эрх зүйн тусламж үзүүлэх ажлуудыг хийж болох юм. Энэ бол тун чухал ажил. үүнийг заавал хийх хэрэгтэй.
4. Бодлогын Төв.
Тухайн оронд сургууль төгсөж, боловсрол мэргэжил эзэмшсэн, тухайн мэргэжлээр Монголд ажиллаж байсан болон гадаадад ажиллаж байгаа, түүнчлэн сонирхогч хэн болов оролцон, аль ч салбарын талаар бодлого боловсруулж төсөл хийх боломжтой. Энэ бол ирээдүй рүү чиглэсэн алхам. Төслийг Монголд зориулж хийн, өөрсдөө баг болон нэгдэж, Монголд хэрэгжүүлэх боломжоо эрж хайж олно гэсэн үг. Үүний тулд уг төсөлдөө тухайн орны ижил төст байгууллагуудын дэмжлэг авах, олон улсын байгууллагуудад хандах, ердийн дэмжигч санхүүжүүлэгч олох, Монголын Засгийн газрын анхаарлыг татах олон арга замууд бий. Энэ бол ирээдүйн Монголыг хөгжүүлэх, өөрсдөө хэрэгжүүлэгч болоход чиглэсэн үйл ажиллагаа юм.
5. Төслийн Төв.
Энэ нь Монголдоо болон тухайн орондоо Монголчууд хэсэг, бүлгээрээ хамтран жижиг бизнес эрхлэx боломжийг хангах, дэмжих зорилготой. Үүний тулд сонирхож, хүссэн иргэдэд мэдээлэл, зөвлөлгөө өгөх, өөрсдийнх нь санал хүсэлтэд тулгуурлан төсөл хийж өгөх, мөн бусад сониpхогчидтой холбон зуучлaх зэрэг ажлуудыг хийж болох юм. Энэ бас л их чухал. Ийм байгууллага бүх оронд бий. Үүнийг яагаад Монголчууд хийж чадахгүй гэж!

Хоёр. Санхүүжилт

“Хэлэхэд амархан хийхэд хэцүү” гэгчээр хамгийн гол асуудал нь санхүүжилт. Одоогоор дээрхи үйл ажиллагааг зав чөлөөгөөрөө, бусдын тусламж, хандивт дулдуйдан нэг ёсондоо “бор зүрхээрээ” хийж үзэж байгаа хэдий ч төдийлөн амжилтанд хүрэхгүй байгаа нь нууц биш. Америкт олон олон аятайхан эхлэл үйл ажиллагаа, санал санаачлагyyд санхүүжилтийн дэмжлэг муугаас зогсч, зохион байгуулагчдын урам нь хугарч байгааг би лав мэдэрч байсан. Энэ тохиолдолд дагалдаж гардаг хийж буй ажлыг нь гутаах, луйвар хийлээ гэж “хардах” илэрхий доромжлох нь олон хүний “урмыг ууцтай нь” хугалж орхидог. Гэсэн хирнээ бие биенээ өмөөрч урам өгч чадаагүй “дуугай байх” нь нөгөө бүдүүлэг, соёлгүй, атаархуу нэг хэсэг хүмүүсийг өөгшиж даврах, бусдыг бүдүүлэг байдлаар дарамтлах боломжийг олгож, өөрсдөө сэтгэл дотроо л гутрахаас илүү гардаггүй. Шуудхан хэлэхэд бидний хамгийн том саад, тээг бол энэ юм. Үүнийг л эрс таслан зогсоох хэрэгтэй. Бүх вэбсайтуудад, сонин мэдээллийн хэрэгслэлүүд”п-да, хулгайч, луйварчин, новш” гэх мэт бүдүүлэг үг хэллэг оролцсон сэтгэгдлүүдийг нийтлэхгүй, оруулахгүйгээр “блоск” хийх хэрэгтэйгээр барахгүй шаардлагатай. Та өөрийгөө болон бусдыг бүдүүлэгээр доромжлуулах гэж энэ вэбсайт бүтээж сонинг гаргаагүй биз дээ?! Асуудлыг нөгөө талаас нь авч үзье. Америкт байгаа хэн ч (даатгалгүй бол) шүд өвдөхөд Солонгос эмчид очоод үзүүлэхэд 150$, захын хуульчаас зөвлөлгөө авахаар очиход 100-200 $ төлөхдөө харамсдаггүй мөртлөө Монгол эмч шүдийг нь 50$ үзээд өгөх, Монгол хуульч 100$-аар зөвлөлгөө өгөхөд, Монгол хамтлаг дуучид урьж шинэ жил тэмдэглээд 80$ авахад л очоод үзэх мөртлөө “луйварчин”-гаар нь хараан зүхэж, элдвээр сурталчилж, бусдыг үзэн ядах сэтгэлгээнд уриалан дуудна. Хүний хийж буй зүйлд алдаа байж, таны сэтгэлд таaлагдаагүй байж болно. Үүний төлөө гадаадынханы хийсэн зүйлс “бизнес” монголчуудынх болохоор “луйвар” гэж бусдад үнэмшүүлэхийг оролдох хэрэг байна уу? Хэн ч тодорхой ашгийн төлөө энэ бүхнийг хийсэн байгаа нь ойлгомжтой шүү дээ! Нэг удаа муу хийгээд 2,3 дахь удаа муу хийвэл тэнд хэн ч очихгүй, дампуурах нь биднээс шалтгаалдаггүй бизнесийн хууль. Харин алдаагаа засаад, улам сайжруулаад хүмүүс илүү их очиж үйлчлүүлээд мөнгөө төлж, тэд ч их ашиг олох нь биднээс шалтгаалахгүйгээр урган гардаг бизнесийн хууль бас л мөн. Үүний төлөө бусдыг харааж зүхэх, доромжлох, бусдыг үзэн ядалтад уриалан дуудах нь үнэхээр тэнэг хэрэг. Энэ бол үеэ өнгөрөөн мөхөж байгаа “социалист үзэл санаа”. Үүнийг бид ялгаж салгаж, ойлгож мэдэрч, хэрэгжүүлэх нь бидний цаашдын эв нэгдэлийн баталгаа болно.

Бидний санал болгож буй “төв”-үүд яаж санхүүжиж болох вэ?!

1. Соёлын Төв.
Зохиож байгаа олон арга хэмжээнүүдэд аль болох олон хүн мөнгөө төлж оролцох нь санхүүжилтийн эх үүсвэр болно. Харин зохион байгуулагчид нь үнээ бодитой тогтоож, хүмүүст зөвөөр ойлгуулж байх хэрэгтэй. Энд нэг л зарчим байдаг. Хүн төлсөн мөнгөндөө тохирсон үйлчилгээ авч хаа хаанаа сэтгэл хангалуун байх нь цаашдын үйл ажиллагааны урьдчилгаа болдог гэдгийг л мартаж болохгүй.

2. Мэдээллийн Төв.
Мэдээж үүний гол орлого нь реклам, зар, сурталчилгаа. Хүмүүст хүсч байгаа мэдээлэл, нийтлэл, гэрэл гэгээ, урам зориг өгсөн материалуудаар л өөртөө татна. Хэдий чинээ уншигчид, үзэгчидтэй болох тyтам хүмүүс зар, сурталчилгаа, рекламаа ихээр тавих нь бас л бизнесийн хууль. Харин энд хэвлэл мэдээллийн ёс зүй гэж заавал байж таарна.

3. Хууль зүйн Төв.
Өөртөө олон Монгол үйлчлүүлэгчидтэй байхын тулд үнээ уян хатан байлгаж, итгэлийг нь олох нь чухал. Мэдээж гадаадад байгаа хүн бүрт л ямар нэгэн асуудал, хэлний бэрхшээл тулгардаг. Энэ боломжийг зөв ашиглан, шударга үнэнч, зөв сэтгэл, итгэлээр ажиллавал энд хангалттай санхүүжилт олдоно.

4. Бодлогын Төв.
Энэ бол цэвэр эх орон ч сэтгэлээс үүдэлтэй болохоор эхний удаад өөрсдийн боломжийг ашиглах хэрэгтэй байх. Харин бодлого, төслөө боловсруулсаны дараа дэмжлэг авах, “мөнгө босгох “ажлууд нь таны овсгоо самбаанаас хамаарна. Харин ирээдүйд их ашиг олох, та дуртай ажлаа хүссэнээрээ хийх нь таны болон танай багийн мэдлэг боловсрол, уйгагүй хөдөлмөр, их тэвчээрээс хамаарна.

5. Төслийн Төв.
Энд харин мэргэжлийн эдийн засагчид, програмчид мэргэжилтэнүүд шаардагдана. Гадаадын ийм олон компаниуд байдаг. Үүний жишгээр ажиллахад л хангалттай. Мэдээжээр жаахан мөнгө цуглуулчихсан, Монголдоо очоод яаж амьдрах вэ? гэж эргэлзэж тээнгэлзсэн олон Монголчууддаа туслах юм шүү дээ. Монголдоо хэд хэдээрээ нийлээд бэлэн төслөөрөө бизнес хийхээр очих, эсвэл очоод учраа олохгүй байж байтал хамаг мөнгө нь “урсаж” дуусаад дахиад хаа нэгтээ одохоор “виз” хөөцөлдөх зовлонт ажлын аль нэгийг сонгоход л туслах юм шүү дээ… Мөнгөө хэмнэх үүднээс, та энд хандаж, мөнгө төлж зөвлөлгөө, эсвэл төсөл аваад явах нь ашигтай байх болов уу.

Монголчууд бид ямар нэгэн зүйлийг хийхээр эхлэхдээ л шууд “хадив” буюу “гуйлга гуйдаг” муу зуршилтай. Хийх зүйлээ сайтар төлөвлөж, бэлтгэж бас сурталчилж, ойлгуулж байгаад хийвэл, нэг хийсэн ажлаа дахин дахин сайжруулж хүмүүсийн талархлыг хүлээж чадвал та санхүүгийн хувьд хөл дээрээ босно гэсэн үг. Харин хэн нэгний хийх гэж байгаа ажлыг дэмжиж өөрсдөө болон найз нөхөдөө дагуулан очиж мөнгөө төлж оролцох нь, түүнчлэн сэтгэлд хүрээгүй зүйл болон алдаа оноог нь чин сэтгэлээсээ хэлж зөвлөх нь бие биендээ үзүүлж буй том дэмжлэг.

“Хөдөлвөл хөлс, зогсвол зоос” гэдэг үгээр хийх гэж буй бүхнийг нь дэмжээд үзэхэд бидэнд алдах юм ер үгүй. Та бас ч юу ч үгүй бус, ажил хийж мөнгө олж байгаа болохоор өчүүхэн жааханыг ч атугай шинэ зүйл хийх гэж буй Монголчууддаа сэтгэл гарган зориулбал, эргээд танд тус болж, хожим таны ээлж ч болж болох шүү дээ. Бие Биеэ Дэмжигтүн Монголчуудаа!

Харин энэ 5 төвүүд санхүүжилтийн хувьд ийм хэлбэрээр бие даан ашигтай ажиллаад ирэхээр Монголчуудын Холбоо буюу Нэгдсэн Төв, төв бүрийн ашигт тодорхой хувиар татвар буюу санхүүжилт авах боломж бүрдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монголчуудын Холбоо буюу Нэгдсэн Төв, энэ төвүүдийн үйл ажиллагааг нэгтгэн удирдаж, бүх боломжийг олгож, үүний хариуд иргэдээс бус төвүүдээсээ санхүүждэг байх нь илүү үр дүнд хүрэх боломжтой. Үүнээс илүү их боломжууд байж болохыг та бүхний оуюн ухаан мэднэ.

Гурав. Хэн яаж ажиллах вэ?

Одоогоор Америкт байгаа Монголчуудын Холбоо болон төвүүд, сонин болон вэбсайтууд ажил хийж, мөнгө олохын хажуугаар, чөлөөт цаг гарган сонирхолын журмаар хийгдэж байна. Яг орон тооны болгоод, бие даалган, хүн авч цалинжуулж ажиллуулна гэхээр дэмжлэг авч чадвал бие даан ажиллах боломжтой. Харин Соёлын Төв, Монголчуудын Холбоо Нэгдсэн Төв нь 1-2 орон тоотой, зохион байгуулагчид байнга ажиллаж, мэдээллийг нэтгтэж бусдыг мэдээллээр хангах, хийгдэх ажлын бичиг баримтууд боловсруулж, бэлтгэл хангах, олон нийттэй харилцах зэрэг ажлуудыг хийж болох юм. Харин бодлогын Төв нь сайн дурын нэгдэл болж, цугларч ажилладаг нэг өдөртэй, түүнчлэн салбар тус бүр өөрийн вэбсайттай байж болох ч талтай. Эдгээр нь зөвхөн эхлэл. Цаашид үйл ажиллагаа нь жигдэрч, эмх цэгцээ олоод ирэхийн цагт өөрийн санхүүжилт, ашиг орлогодоо тулгуурлан хэдэн ч орон тоотой, бие даасан байгууллага байж болно. Гагцхүү энд монголчууд бидний бие биеэ дэмжих дэмжлэг л чухал нөлөө үзүүлнэ.

Эдгээрийн удирдлага, албанд ажиллах хүмүүс мэдлэг боловсрол өндөртэй, зөв чигч санаа бодолтой, харилцааны өндөр соёлтой, ирээдүйдээ болон өөртөө итгэлтэй, шударга, сайн зохион байгуулагч, аль ч насны хүмүүс байж болно. Аливаа ажил хэрэгт ойворгон, хувийн амбиц ихтэй, “од” болон алдарших хүсэлтэй, бусдын санаа бодлыг хүндэтгэгдээгүй хүмүүс оролцоод ирмэгц, хүмүүсийн итгэл алдарч, оролцох дэмжлэг оролцоо нь суларч аажмаар холдож эхэлдэг.

Дөрөв. Бидэнд ямар ирээдүй байна вэ?

Гадаадад ажиллаж, амьдарч, суралцаж байгаа Монголчууд нь өөрсийн зардлаар өөрсдийгөө хөгжүүлж байгаа “үнэт капитал”-ууд. Тэд Монголдоо байгаа Монголчуудаас юугаар илүү болох тухай, бид нэгдэн нийлж, бие биеэ дэмжиж зохион байгуулалтад орох нь Монгол орны ирээдүйн хөгжилд тун чухал болохыг миний бие өмнөх нийтлэлдээ тодорхой дурьдсан билээ. 2008 онд Монголд улс төрийн сонгууль болох гэж байна. Эндээс үнэнийг хэлэхэд би ямар ч үр дүн, сайн сайхан зүйл хүлээхгүй байна. Бага зэрэг нааштай ур дүн гарч болох хэдий ч , талцсан, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг сонирхолд тулгуурласан улс төр, бидний хүсэн хүлээсэн өөрчлөлтийг авч ирэхгүй, чадах ч үгүй. Харин 2008-2012 он хүртэл хугацаанд гадаадад байгаа Монголчууд эвлэлдэн нэгдэж сайтар зохион байгуулалтанд орж, зөв, бодлоготой үйл ажиллагаа явуулж чадвал хүссэн ч эс хүссэн ч 2012 оны сонгуульд бид маш хүчтэй нөлөөлж чадах болно. Монголд цэргийн эргэлт биш, Гадаадад байгаа Монголчуудын эв нэгдэл л бүхний хүссэн өөрчлөлтийг авч ирнэ. Монгол оронд Монголчууд бүтэн 18 жил хийрхэж, ардчилал, хүний эрх чөлөө, чөлөөтэй тайван амьдрах боломжийг минь “ардчиллын” нэрээр хэрхэн дэвсэлт хаяхыг нүдээр харцгаалаа. Одоо бид, өөрсдийн боломж, нөхцөл байдлаа зөв үнэлж, гар гараасаа хөтлөлцөн итгэлтэйгээр урагш алхах хэрэгтэй байна.

2008-2012 оны хооронд Гадаадад байгаа Монголчуудын Нэгдсэн Төв байгуулагдаж, Гадаадад байгаа Монголчуудаа дэмжих, тэдэнд бизнес эрхлэх, сургалтын төлбөр зээл олгодог байх, олон чадварлаг, эх орон ч залуучууд Монголыг хөгжүүлэх төсөл боловсруулцгааж, олон сайхан залуучууд дэлхийн “чанарын тэмдэг”-тэй боловсон хүчин болон бэлтгэгдэж, Гадаадын нэр хүнд бүхий олон байгууллагууд Монголын хөгжлийг дэмжихэд бэлэн болно гэж итгэж байна. Чухам үүний дараа бидний нэг хэсэг нь Монголдоо очицгоож, өөрчлөлтөд оролцoх болно. Хожим хойно бидний үр хүүхдүүд минь гадaадад ажиллаж мөнгө олох гэж биш, суралцаж, аялаж жуулчилж, нүд тайлах гэж ирцгээх болно. Та үүнийг хүсэхгүй байна гэж үү?! Үүнийг эвлэлдэн нэгдэж хийх нь, харь оронд хүний ааш аяг царайчлан хар ажил хийхээс хэцүү гэж үү?! “Үнэт капитал” та бологтун, ухаарагтун!

Тав. Төгсгөл

Үүнийг бичигч би вээр ердийн л багш мэргэжилтэй, сурган хүмүүжүүлэгч хүн. Боловсролын салбарт 20 жил , бизнесийн салбарт 6 жил ажиллаж, Америкт ирээд 2 жил гаран болж байна. Монгол орондоо хайртай болохоор, Монгол орны хөгжлийн төлөө, Монгол хүний өдрөөс өдөрт алдагдаж буй үнэт чанаруудын төлөө сэтгэлдээ харуусч, шаналал маань миний зүрх сэтгэлийг амраадаггүй болохороо үзэг цаас нийлүүлж, цаасан дээр буулгадаг юм. Би зохиолч бас улс төрч бүр биш. Тийм болохоор бичсэн зүйл маань хүн бүрт таалагдах албагүй. Харин үүнийг миний зүрх сэтгэлийн “шаналал” гэж ойлгож, өөрийн “шаналалаа” хуваалцах, хамтран ажиллах хүсэлтэй хэнийг ч дэмжнээ. Чин хүсэл минь хоёрхон сая гаран хүнтэй асар уудам нутагтай. аугаа хаадын өлгий нутаг Монгол орон минь өнөөдөр “үнгэгдсэн цаас” шиг болж, хэдхэн луйварчид, бүлэглэлүүд төрөөр эгээ л “казино” шиг тоглож байгааг өөрчлөх явдал юм. Үүнийг бид хамтдаа хийж чадна. Өөрсдийн үр хүүхэд, хойч үеийнхнийхээ сайн сайхны төлөө юм шүү!
Монгол төрийн сүлд, аугаа өвөг дээдсийн минь сүнс та биднийг ивээг.

Харнууд овогт Гомбосүрэнгийн Галбадрах
2-р сарын 5, 2008
e-майл: gala_mn@yahoo.com

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: