What is Culture Shock

Related: http://gegeen.wordpress.com/new-arrivals/ 

Таныг Австрали улсад Оюутнаар ирэх үед Сургуулийн чинь International Office -с таньд соёлын шоктой холбоотой, яаж үүнээс гарахтай холбоотой материал өгөх нь хэвийн үзэгдэл. Монголчуудын хувьд тэр бүр шоконд ороод байдаггүй боловч гадаадад их удчихаад Монголд харьсан хүмүүс илүү их шоконд орох магадлалтай байдаг билээ. Юутай ч шинэ газар ирж буй хүмүүстээ зориулсан ийм нэгэн мэдээлэл монголоор олдлоо. Та бусад эх сурвалжуудаас хайгаад илүү сайн нийтлэлүүд өөр хэл дээр олох боломжтойг бас санаж явахад илүүдэхгүй.

http://www.sonin.mn/?p=16755#three

СОЁЛЫН ЯЛГААНААС ҮҮДЭХ БАЛМАГДАЛ

2007.12.09

ПҮРЭВИЙН УВШ. PhD

Блүүмингтон, ИНДИАНА
Гадаадад амьдарч ажиллаж байгаа хүн бүрт заавал тохиох, даван туулах нэг онцгой үзэгдэл бол шинэ орчинд орж, сэтгэл зүйн хувьд балмагдах явдал юм. Үүнийг англиар cultural shock гэдэг. Энэ нь хүн гадаад орчныг, юуны өмнө дотоод сэтгэлээрээ мэдэрч, хүлээн авдгийг анх гадаадад хөл тавихдаа хэрхэн гайхаж шагшиж, түгшин баярлаж бас барьц алдаж, магадгүй ганцаардаж, уугуул хүмүүстэй чөлөөтөй харьцаж чадахгүй байгаадаа урам хугарч, сэтгэл санаа тогтворгүйтэж, эх нутаг, элгэн саднаа санагалзах нэгэн зурвас үе юм. Аливаа улс үндэстэн өөрийн гэсэн соёлтой байдаг. Хүн амьдарч ажилллах орчин нөхцлөө солиход ахуйн орчноос гадна сэтгэлзүйн хүчтэй өөрчлөлтөнд нэрвэгдэнэ. Сэтгэл зүйн энэ өөрчлөлтийг социологч, угсаатны зүйч Карл Оберг 1960 аад онд анхлан бичиж, түүний илрэлийг:

1. дасаж зохицох гэж чармайснаас байнгын дарамтад байх
2. ажил мэргэжлээрээ харилцахдаа барьц алдах, балмагдах, харилцаж
чадахгүй байгаагаа мэдрэх,
3. Шинэ соёлруу нэвтэрч чадахгүй, түлхэгдэж байгаагаа мэдрэх
4. Шинэ орчинд байр сууриа, үнэ цэнээ зөв олж баримжаалж чадахгүй байх
5. Бусдын үйлдэл, үйл ажиллагаанд хар санах, болгоомжлох, дургүйцэх,
6. Шинэ орчинд дасаж зохицож чадахгүй, хүчин мөхөсдөж байгаагаа мэдрэх
явдал гэж үзсэн.

Соёлын ялгаанаас үүдэх балмагдал нь зүй ёсны үзэгдэл бөгөөд шинэ нөхцөл байдалд дасан зохицоход зайлшгүй дамжих үйл явц бөгөөд тухайн улс орны амьдрал, соёлын тухай өмнөх ойлголт, төсөөлөл бодит байдлаас зөрөх үед үүсдэг.

Ер нь ялгаатай соёлын үед хүн алмайрах нь улс, үндэстэн бүрийн харилцааны өвөрмөц онцлогтой холбоотой. Энэ нь харилцагчид бие биенээ хүлээн авах, мэдрэх чадвар, мөрдөж ирсэн амьдралын хэв маягаа өөрчлөх, бусдыг өөртөө татах чадвар зэргээс хамаарна. Харилцаа нь аман буюу аман бус гэж байна. Аман бус харилцаа нь өгүүлэх аялга, сэтгэл хөдлөл, аялга үгс, харц, дохио зангаа, биеийн байрлал, нүүр царайны хувирал, аман бус харилцааны илрэл болох үйлдлүүд олон cоёлд суралцахад хамгийн чухал үүрэгтэй. Ер нь харилцааны 40-70 хувийг аман бус харилцаа эзэлдэг бөгөөд хүртэж мэдээлэх эх үүсвэрийн 7 хувийг үгээр, 38 хувийг ярих аялгаар, 55 хувийг нүүр царайн хувирлаар илэрхийлдэг гэж судлаачид тогтоосон байдаг. Харилцагчийнхаа яриаг дэмжихэд санаа алдах, уулга алдах, инээх, хоолой засах, зогсоц хэрэглэх нь ярианы үр дүнд нөлөөлж, сэтгэл хөдлөлийн эерэг таашаал үүсгэдэг. Ийм болохоор харилцааны аман бус хэрэглэгдэхүүнийг олон соёлын нөхцөлд хэрэглэхдээ тухайн газар нутаг, үндэстэнд мөрдөгддөг хэм хэмжээг нь сайтар мэдсэн байх учиртай нь монголынхоор бол Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэгтэй агаар нэг юм.

Харилцааны агуулгыг үгээр илэрхийлдэг бол сэтгэл хөдлөлийн хүрээг аман бус хэрэглэгдэхүүн буюу билэгдлүүд илэрхийлнэ.Эдгээрээс зарим нь гар барьж мэндчилэх гэх мэт улс бүрт түгээмэл тархаж байдаг бол зарим дохио зангаа билэгдэл улс бүрт өөр өөр санааг илэрхийлэх жишээтэй. МК Доналдс компани цоглог (Америк маягийн) инээмсэглэлийг өөрийн бүтээгдэхүүний илэрхийлэл гэж үздэгийг бид мэднэ. Энэ ч утгаараа 1990-ээд онд МК Доналдс компани Москвагийн төвд салбараа нээж менежмэнтээ тодорхойлохдоо ажилчдыг үйлчлүүлэгчээ хүндэтгэн нүүр дүүрэн инээж угтахад сургасан байдаг. Гэтэл Оросын ёс заншилд огтоос танихгүй хүн рүү шууд инээж хандах нь энэ хүний харилцаа нэг л хуурамч өнгөц байгаа сэтгэгдэл төрүүлж хуурамч инээмсэглэл байна гэж ойлгогддог. Иймд тус компани оросын нутаг дэвсгэрт энэ аргыг хэрэглэх эсэхийг нээлттэй үлдээж байсан гэдэг. Нэг төрлийн дохио улс гүрэн бүрт өөр өөр утгатай байхыг ч анзаарахад илүүдэхгүй.Тухайлбал Америкт алдартай Окей гэж эрхий долоовор хуруугаа цагираглуулан нийлүүлж харуулдаг билэгдэл Япон улсад мөнгө, Францад тэг Латин Америкийн улсуудад доромжлон гутаасан утга илэрхийлэх жишээтэй.

Олон соёлд суралцан дасан зохицоход нүүрийн илэрхийлэл, харц ч багагүй үүрэгтэй. Нүүр царайны илэрхийлэл өгүүлэгчийн санааны баталгаа, эсвэл үгүйсгэл болохыг шууд харуулна. Итгэл үнэмшилтэй яриа, түүнийг дагалдан зохицсон нүүр царайны илэрхийлэл ажил хэргийн яриа хэлэлцээрт эерэг үр дүнг бүрдүүлнэ. Харин гөлөлзсөн, тогтворгүй, шал ширтсэн харц уг хүний дотоод сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болохын хувьд ажил хэрэг, яриа хэлэлцээрт сөрөг нөлөөлнө. Ер нь харилцагч руугаа эгц ширтэн ярих нь Америк маягийн харилцаанд тооцогддог бол энэ нь Ази чиглэлийн хүмүүст төдийлөн эерэг сэтгэгдэл төрүүлдэггүй байх жишээтэй.

Харь соёлоос үүдэн алмайрах, балмагдах, даван туулах үе шатыг судлаачид дөрөв ангилан үздэг.

Нэгдүгээр үеийг баяр баясгалан, өөдрөг байдлын буюу анхны сэтгэгдлийн үе гэж нэрлэж болно. Шинэ газар ирсэн, бүртгүүлсэн, шинэ хүмүүстэй танилцсан, шинэ орчиноо таашаасан, бишэрсэн, тааламжтай мэдрэмж давамгайлсан үе байдаг. Судлаачид энэ үеийг 6-8 долоо хоног үргэлжилдэг гэх ба зарим жуулчин ажил хэрэгч хүмүүсийн тухайн орны тухай сэтгэгдэл зөвхөн энэ үеэр хязаарлагдаж болдог. Төсөөлбөл энэ үе хуримын бал сарын аялал лугаа болой.

Сэтгэл гонсойх, горьдлого тасрах үе бол балмагдалын хоёр дугаар үе юм. Өмнөх бал сарын үеийн төсөөлөл, үйл ажиллагаа өөрчлөгдөж, бодит байдал тухайн хүний өмнө нь эзэмшсэн мэдлэг, амьдралын хэвшил, үнэт зүйл, мэдрэмжтэй нийцэхээ больж ирнэ. Энэ нь өдөр ирэх тусам нэмэгдсээр уур уцаарыг бий болгож, урам хугарах, сэтгэл гонсойх, бас дайсагнал, хонзогнол бий болох нь байдаг. Сэтгэл гонсойх ба дайсагнахад хүргэх нөхцөл байдал нь тухайн орны үнэт зүйл, үнэлэмжийн тогтолцоо, ажил эрхлэх, үйлдвэрлэл явуулахтай холбоотой удирдлага, ёс зүйн номлол, харь хэл, хоол хүнсний хэрэглээ, дасал зохицол, биеэ авч явах шинэ горим, албан ба албан бус харилцааны хэм хэмжээ, спортын шинэ төрөл, хандлага, автомашин жолоодох эрх үүргийн зөрөө, банк санхүүгийн харилцаан дахь ялгаа,өөр мөнгөн тэмдэгт зэрэг байж болно. Энэ үеийг даван туулах нь тухайн хүний сэтгэлийн хат, орчиндоо дасан зохицох, дасан зохицох орчноо бүрдүүлэх чадвар зэргээс хамаарна. Энэ үеийг давж чадахгүй бууж өгөх, тухайн орноос бүр мөсөн явж, тэр орон, улсын тухай сөрөг сэтгэгдлээ удаан хугацаанд хадгалах үзэгдэл цөөнгүй байдаг.

Гуравдахь сэхэх сэргэх үе-д хүн өмнө нь учрыг нь олохгүй байсан дадал заншил үйлийг ойлгож эхлэн, урамшиж, өөртөө итгэлтэй болж ирнэ. Энэ үед хоёр орны үйл явдал, бодит байдлыг харьцуулах чадвар ямар нэг хэмжээгээр бүрдэж эхэлнэ.

Сүүлчийн дасан зохицох үе цаг хугацааны хувьд хязгааргүй байна.Эх орондоо буцаж очсноор дуусгавар болно.Энэ үед хүн байгаа улс орныхоо онцлогийг мэдэж эзэмшин, өөрийн үйлдэл, биеэ авч явах хэм хэмжээг тухайн орны иргэдтэй адилтгах бөгөөд байгаа орныхоо соёлын үнэт зүйл, тогтолцоог хүлээн зөвшөөрч, өөрийнхөө соёл уламжлалд шүүмжлэлтэй хандана.

Америкад амьдарч буй монголчууд америкийн амгалан тайван байдал хэв журам, иргэдийн идэвх санаачлага зэргийг үнэлэхийн зэрэгцээ өөрийн орны хөгжилд сэтгэл дундуур байх, зах зээлийн сөрөг үзэгдлийг шүүмжлэх, харьцуулах, жиших хандлага өсдөг. Гадаадад удаан хугацаагаар сууж байгаад эх орондоо буцаж очсон хүн анх гадаадад очсонтойгоо адил алмайралд ордгийг миний нэг шавь өөрийн бие дээр хэрхэн мэдэрснээ ярьж байж билээ. Үнэндээ удаан хугацааны дараа эх орондоо очсон хүн эх нутгийнхаа шинэ орчинд дахин дасан зохицох, гайхах, эгдүүцэх, бухимдах, урам хугарах, шүүмжлэх хэрэг заавал гардаг байна. Үүнийг олон соёлын ялгаа, балмагдлын тав дахь үе шат гэж нэрлэж болох юм. Гадаадад байгаа хүн өөрийн орны соёл уламжлалаа хэт үнэлэх, гадаад соёлыг үгүйсгэх хандлага давамгай илэрдэг бол эх орондоо ирээд соёлын балмагдалд орсон хүн гадаад соёл , үнэт зүйлийг давуу үнэлэх, өөрийн соёл үнэт зүйлээ дутуу үнэлэх, үгүйсгэх урвуу хандлага илэрдэг. Соёлын ялгаа алмайралыг даван туулах гол арга нь гадаад хэл мэдэх явдал юм. Амьдарч байгаа орныхоо хэлийг мэдсэнээр харилцааны арга боломж нээгдэж, ингэснээр тухайн орны соёлын бэрхшээлийг хамгийн хурдан даван туулах, дөт зам нээгддэг. Тухайн оронд танилтай байх, тэдний болон өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн тусламж дэмжлэгийг авах нь эерэг нөлөө үзүүлнэ.

“Даяар Монгол” сонины № 86 дугаараас…

Related: http://gegeen.wordpress.com/new-arrivals/ 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: