Having Credit History

From DayarMongol.com
Top post on DayarMongol – КРЕДИТ оноо буюу FICO оноо

—————

– Гэр бүлийн 2 яаж кредитээ өсгөсөн нь дээр вэ? болон бусад асуулт хариултууд

Зээлдэгч нар хууль бус цагаач нарт зээлийн картыг олгож байна

Зээлийн кард хэрэглэхэд анхаарах зарим нэг зүйлс…

Кредит кард – Асуулт, Хариулт

ХЭРВЭЭ ТА КРЕДИТ ТҮҮХГҮЙ БОЛ….

—————-

Related:

Бусад мэдээлэл: http://gegeen.wordpress.com/2007/10/24/get-credit-history/

Visa-debit-card vs Visa-credit-card

http://gegeen.wordpress.com/2007/09/04/why-private-lenders/

http://gegeen.wordpress.com/2007/06/25/investment-offer/

http://gegeen.wordpress.com/2007/06/25/express-loans/

http://gegeen.wordpress.com/2007/10/28/credit-card-usage/

—————-

2006 оны 12 сарын 13 – Кредит кардуудаа нэгтгэчихвэл ашигтай юу?
– Жил нэг удаа кредит оноогоо үнэ төлбөргүй шалгах эрх бидэнд бий юу?
– Цахилгаан, кабел, гар утас нээлгэхдээ SSN дугааргүйгээр гэрээ байгуулсан тохиолдолд кредит түүхэнд нөлөөлөх үү?
Асуулт: Би нэлээд хэдэн кредит кард ашигладаг юм. Сүүлийн үед нэгтгэчихвэл ашигтай юм шиг санагдах юм. Яах вэ?
Хариулт:
Хэрэв та ойрын үед их хэмжээний зээл авахаар (байр, машин..,) төлөвлөөгүй, зээлийн түүх онц чухал биш байгаа бол balance transfer хийх буюу данснуудаа нэгтгэж, өөр нэгэн зээлийн кард эзэмшиж болно. Энэ нь ойрын хугацаанд ашигтай, мөнгө хэмнэх боловч таны зээлийн түүхийг түр хугацаагаар бууруулдаг юм.
Яаж?
Хэдийгээр бага хэмжээний өртэй зээлийн данснуудын төлбөр хийгдэж зээлийн оноо нэмэгдэх боловч шинээр авсан кардны зээлийн хэмжээ мэдээж өндөр байна. Энэ нь таны зээлийн түүхэнд муугаар нөлөөлнө. Одоохондоо, зээлийн түүхэнд нөлөөлөх утгаараа, balance transfer хийсэн зээлийн дүн, нэг дор хийсэн зээлийн наймаа хоёр нэг ангилалд багтаж байгаа. Жишээ нь: Дорж 3 кредит кардтай. Нэг нь $1000, хоёрдахь нь $1500, гуравдахь нь $2000-ийн зээлтэй. Balance transfer хийгээд $4500-ийн кард авна гэсэн үг. Үүнийг зээлийн түүхэнд зээлийн оноог гаргахдаа $4500-ийн гэнэтийн зээлийн наймаа хийчихлээ гэж авч үзнэ.
Харин даруй зээлийн оноо хэрэглэгдэхгүй тохиолдолд энэ бол мэдээж ашигтай. Ялангуяа дараах нөхцөлөөр: No annual fee, No interest, No balance transfer fee.
Гэтэл энэ олон “NO” дотор “Noo” бас бий.
Тэр “Noo” нь юу вэ?
Universal Default Clause буюу төлбөр хийгдээгүй тохиолдолд нийтээр баримтлах зарчим гэсэн заалт. Энэ заалт бол гэрээний хамгийн доод хэсэгт маш жижгээр бичигдсэн байдаг.
Энэ яадаг “Но” вэ”
Хэрэв энэхүү заалт байгаа бол ямар ч төлбөрийг нэг өдрөөр оройтуулсан, тэр ч бүү хэл байрны түрээс, гэрлийн мөнгөө нэг хоногоор оройтуулахад л таны төлөх хүүгийн хэмжээ огцом өсч, таны зээлийн оноо огцом буурдаг.

Асуулт. FreeCreditReport- ooр Credit-ээ шалгуулахад жилд нэг удаа хураамж төлбөр төлөхгүй гэж тайлбарлаж байгаа зөв үү? Тэгвэл ондоо багтаж нэг удаа үнэгүй шалгуулж болно гэсэн үг үү?
Тэр үнэн. Зээлийн бодлогыг зөв зохистой хэрэгжүүлэх үүднээс 2005 оны 9 сараас эхлэн хүн бүрт жилд НЭГ удаа кредит оноогоо үнэ төлбөргүй шалгах эрх олгосон юм.
Иймд та жилд нэг удаа дараах 3 компаний аль нэгээр кредит оноогоо үнэгүй тогтоолгож болно оо.
A. Equifax http://www.equifax. com 1-800-685-1111
B. Experian http://www.experian. com 1-866-200-6020
C. TransUnion http://www.transunion. com 1-800-888-4213
Эсвэл дараах хаягаар бичгээр хүсэлт гаргаж, зээлийн тайлан болон зээлийн оноогоо мэдэж болно:
The Annual Credit Report Request Service
POBox 105281
Atlanta, GA 30348-5281
Жич: Таны тайлан болон оноонд алдаатай мэдүүлэг орсон тохиолдолд мэдэгдэж засвар хийлгэх эрхтэй шүү.

Асуулт: Цахилгаан, кабел, гар утас нээлгэхдээ SSN дугааргүйгээр гэрээ байгуулсан. Тэгвэл одоо энэ төлбөрийн хугацаа хоцорвол, эсвэл хугацаанд нь төлөх нь Кредит оноонд сайнаар, муугаар нөлөөлөх үү? SSN мэдэхгүйгээр яаж тэр хүний Credit-нөлөөлдөг вэ?
Хариулт: Нөлөөлнө. Зээлийн оноонд оршин суугаа газрын хаяг бас их хэрэгтэй. Хоёроос дээш жил нэгэн хаяг дээр амьдарсан байна уу, үгүй юу гэсэн шалгуур бас бий.
Аль нэгэн хаягыг оруулахад хэн амьдарч байсан болон, одоо хэн амьдарч байгаа, төлбөр тооцоогоо хэрхэн хийж явааг нь тун амархан мэдэж болдог. SSN байгаа үгүйгээс хамаарахгүй. Байвал мэдэхэд улам хялбар.
Иймээс Subprime буюу Дэд ангиллын зээл олгодог байгууллагууд гадаадынханд, байр болон гэрэл цахилгааны төлбөр төлсөн тооцооний түүхээр баримт болгон бас зээл олгодог. 2005 оны эцсийн судалгаагаар 5 сая хүн дэд ангиллын байрны зээл авсан гэсэн тооцоо бий.
Хамтдаа амжилтанд хүрцгээе.
Хүндэтгэсэн Оюунцэцэг Цэвээнгомбо
Сонирхсон асуулт байвал mongolread@yahoo. com
Эсвэл 415-235-3156 утсаар холбоо бариарай.
Senior Associate, Bank of America
Realtor, Peg Copple and Associates

————–

2006 оны 09 сарын 18 Хэрэв та АНУ-д түр жуучилж, амарч, эсвэл ажлаар яваа биш бол, хэрэв та энд урт удаан хугацаагаар байж, суурин амьдрах гэж байгаа бол “Кредит түүх” гэдгийг маш сайн ойлгож, мэддэг байх хэрэгтэй.

М.Дэлгэрцогт
Энэхүү материалыг бэлдэхэд Карлтон Шийтийн Үл хөдлөх хөрөнгийн талаар цуврал хичээлээс ашиглав.

2004 оны нэгдүгээр сар

Хэрэв та АНУ-д түр жуучилж, амарч, эсвэл ажлаар яваа биш бол, хэрэв та энд урт удаан хугацаагаар байж, суурин амьдрах гэж байгаа бол “Кредит түүх” гэдгийг маш сайн ойлгож, мэддэг байх хэрэгтэй. “Кредит түүх” гэдэг нь таны банк, санхүү, зээллэгийн байгууллагуудтай харьцаж байсны чинь үнэмлэх бөгөөд товчоор хэлбэл энэ нь таны “Санхүүгийн сахилга бат, хариуцлагын хэмжүүр” гэж ойлгож  болно. Таны кредит түүх ямар байх нь энд амьдрах, ажиллах, эд хөрөнгө, машин тэрэг, байшин сав худалдан авах, зээллэг авах гэх мэт бүхий л санхүүгийн хөдөлгөөнд чинь маш их нөлөөтэй болно.
Адгийн наад зах нь та дэлгүүрээс 500 долларын бараа зээлээр авья гэхэд л тэд таны кредит түүхийг шалгана. Бид хүн хард хэдэн төгрөг зээлүүлэх болбол энэ маань ямар хүн билээ гэж боддогтой л адил юм.
Америкт буй томоохон кредит түүх тодорхойлдог товчоо, агентлагуудаас нэрлэвэл “National Credit Repository”, “Transonion”, “Equafax”, “Experian”, гэх мэтчилэн дурдаж болно.
Эдгээр нь бүхий л бизнес, санхүүгийн байгууллагуудтай холбоотой байж бусдын санхүүгийн төлбөр, зээллэгийн үр дүнгтэй танилцаж мэдээлэл цуглуулж, түүндээ тулгуурлаж, хувь хүн болон бизнесүүдийг кредит түүхэнд үнэлгээ өгч тодорхой хэмжээний төлбөрөөр үйлчилдэг байна. Энэхүү үнэлгээнээс шалтгаалан бизнесүүд, санхүү зээллэгийн байгууллагууд таньд  зээл олгох, бараа бүтээгдэхүүнээ зээлээр өгөх, эдлүүлэх эсэхээ шийддэг байна. өөрөөр хэлбэл кредит түүх гэдэг маань зээлдэгч болон зээлдүүлэгчийн хоорондох итгэлцлийн хэмжүүр гэж ч ойлгож болох юм. Та ч гэсэн дээрх товчоо, агентлагуудад хандаж өөрийн кредит түүхээ шалгах болох бөгөөд үүний тулд багахан хэмжээний төлбөр төлөх болно. Мөн өөрийн кредит түүхийг шалгаж үзэж, хэрэв ямар нэгэн алдаа мадаг байвал тухайн агентлагт хандан уг алдааг залруулж болдог байна. Статистикаас үзэхэд нийт кредит түүхийн 60-70 хувь нь их, бага алдаатай байх бөгөөд үүнээс 20-25 хувь нь томоохон алдаа мадаг байдаг гэнэ.
Кредит түүх тодорхойлдог товчоо, агентлагууд чухам ямар мэдээлэл дээр тулгуурлаж үнэлгээ гаргадаг вэ? Үүнд:
1.    Та дампууралд орж байсан эсэх, аливаа хөрөнгөө санхүүгийн чадваргүйн улмаас хураалгаж байсан эсэх, өр барагдуулах албадтай орооцолдож байсан эсэх, аливаа төлбөрийг цагаас нь хэтрүүлэн сунжруулж төлж байсан эсэх.
2.    Одоогийн ажил дээрээ хэр удаж байгаа эсэх.
3.    Одоо ямар ажил эрхэлдэг.
4.    Одоогийн хаяг дээрээ хэр удаан байгаа.
5.    Хувийн байшинтай эсэх.
6.    Одоогоор хэдий хэмжээний зээлийн бололцоотой байгаа/ кредит картнууддаа хэдий хэмжээний хэрэглэгдээгүй бланстай байгаа/
7.    Сүүлийн үед зээллэг авах гэж хэдэн удаа хүсэлт гаргасан /бага л байх тусмаа таньд сайн/
8.    Таны нас /50 болон түүнээс дээш насныхан эрсдэл багатайд тооцогдоно/
9.    Кредит түүр чинь хэзээнээс эхэлсэн гэх зүйлүүд хамаарагддаг байна.

Кредит түүхэнд нөлөөлөх үндсэн хүчин зүйлүүдийг хувиар бодож гаргавал:

35 хувь  Төлбөрөө цагт нь хийж байсан эсэх.
30 хувь  Таны санхүүгийн одоогийн байдал ямар байгаа? Хэдий хэмжээний өр зээлтэй байна, хэдэн кредит карттай, тэдгээрт нь хичнээн хэмжээний хэрэглэгдээгүй боломж байна гэх мэт.
15 хувь Кредит түүх хэзээ эхэлсэн. /Эрт эхэлсэн тусмаа сайн/
10 хувь Ямар зорилгоор зээллэг авах гэж байгаа.
10 хувь Одоогийн таны хандаж буй зээлдүүлэгч байгууллага гэсэн харьцаагаар таны кредит түүхэнд нөлөөлөх нь ээ.

Дээрх хүчин зүйлүүд нь тухайн заагдсан харьцаагаар таны кредит түүхийн үнэлгээ, хэмжүүрт нөлөө үзүүлнэ. Хэрэв та кредит түүхгүй бол түүнийг эхлүүлэх гэж шалавласан нь дээр. Кредит түүх чинь муу бол түүнээ сайжруулах алхамуудыг хийж эхлэх хэрэгтэй. Хэрэв та сайн кредит түүхтэй бол түүнийгээ улам сайжруулах нь мэдээж илүүдэхгүй.  Дараагийн дугаар дээр яаж кредит түүхээ эхлэх, түүнийг сайжруулах талаар зөвлөгөө өгөх болно.
Түрүүний дугаарт эхэлсэн kredit түүхний тухай яриагаа үргэлжлүүлье. Энэ удаад таньд яаж kredit түүхээ эхлүүлэх болон сайжруулах тухай зөвлөгөө өгөхийг оролдоё.
Хэрвээ та kredit түүхээ хараахан эхлээгүй бол нэн дариу эхлэх нь таны цаашдын ажил амьдралд амин чухал юм.
Таны баны банкинд 100.000$ байлаа гэж бодоё. Гэвч та өмнө нь банкинд санхүүгийн данстай байгаагүй, аливаа гүйлгээ хийж байгаагүй, нэг ч гэсэн кредит карт авч хэрэглэж байгаагүй бол таны кредит түүх чинь О байна гэсэн үг.
Танд байгаа их хэмжээний бэлэн мөнгө чинь огт нөлөөлөхгүй нь ээ гэсэн үг. Хүмүүс сайн таньж мэддэггүй хүмүүстээ итгэл өгдөггүйтэй л адил.
Кредит түүхээ эхлүүлэх эхний арга зам бол юуны түрүүнд Та кредит карттай болж авах нь чухал. Банк болон төрөл бүрийн барааны том том дэлгүүрүүд (SEARS, JSP, Wall-Mart гэх мэтчилэн/ гэх мэт газруудаас кредит карт авахыг хичээх хэрэгтэй. Дээрх газрууд нь үйлчлүүлэгчидээ булаацалдах бизнес өрсөлдөөн ихэссэн өнөө үед янз бүрийн promotion, хөнгөлөлттай нөхцөл, хямдрал гэх мэтийн үйлчлүүлэгчийг өөрөө татах алхамуудыг хүмүүст санал болгох нь их байдаг.
Гэхдээ эргээд л тэр бүр кредит картны түүхгүй хүнд кредит карт олгох нь элбэг бус. Кредит карт олж авах гэж эн тэргүүнд оролдох газрууд бол бензин борлуулагч компаниуд(gasoline), том департмент store-ууд, нисэхийн компаниуд гэх мэтийн бизнессээ зээлээр ч болсон борлуулахыг оролцогч газруудад хандаж болно. Эдгээр газруудын кредит картууд нь ерөхийдөө хүү өндөртэй, лимит багатай байх нь эбэг байдаг. Тэр нь кредит түүхээ эхлүүлэх, сайжруулах зорилготой буй таньд гол асуудал биш.
Хоёрдахь нь бөгөөд миний бодлоор гол арга зам гэвэл Та банкнаас барьцаатай кредит карт гэгчийг (secured credit card) авах явдал. Энэ маань ямар учиртай юм бэ гэвэл үндсэндээ та банкинд өөрийн мөнгөө хадгалуулаад тэр мөнгөө эргүүлж зээлэн хэрэглэж буй гэсэн үг. Таньд кредит түүхээ хөгжүүлэх чинь гол зорилго гэдгийг дахин сануульяа.
Жишээ авьяа. Та 1000 доллар банкинд тушаалжээ. Тэр мөнгө бол чиний, Таны зээл хэрэглэх баталгаа болж байна гэсэн үндсэн дээр банк таньд 1000$-ийн лимиттэй кредит кард олгоно гэсэн үг. Тэр картаа та өдөр тутмын ахуй амьдралдаа хэрэглэх бөгөөд /гэхдээ өнөө 1000 долларын лимитээ хэтрүүлж болохгүй. Хэтрүүлж хэрэглэе гэхэд болохгүйгээс гадна торгууль оногдоно. Энэ нь кредит түүхэнд муугаар нөлөөлнө/ сарын эцсээр таны хэрэглэсэн мөнгөний чинь нэхэмжлэл ирнэ. Тэрнийгээ та төлөх ёстой цаг тухайд нь яс төлөөд явах ёстой. Ингэж явсаар 6 сараас 1 жилийн дотор та банкинд тодорхой хэмжээний итгэл олсоны үндсэн дээр банк таны хадгалуулсан мөнгийг буцааж чөлөөлөн, кредит карт чинь барьцаагүй болох бөгөөд ихэнх тохиолдолд Кредит картны чинь лимит өсдөг. 1000 долларын лимит чинь 1500, 2000 доллар болох жишээтэй. өөрөөр хэлбэл та ийм хэмжээний мөнгийг банкнаас зээлж хэрэглэх боломжтой болж байгаа юм.
Гэхдээ барьцаат кредит картаа хэрэглэж буй үедээ төлбөр тооцоогоо хоцроох, унжих гэх мэт байдал гаргавал таны барьцааны мөнгийг суллаж өгөх чинь улам удааширна. Барьцаат кредит картаа аль болох хурдан суллаж авах хэрэгтэй бөгөөд үүнийг удаан хэрэглэх нь кредит түүх өсөхөд тийм ч сайнаар нөлөөлөхгүй. Гэхдээ барьцаат кредит карт хэрэглэх үедээ банкныхантайгаа сайн харилцаатай болох нь сайн талтай ажээ. Барьцаат мөнгө чинь суларсанаас цааш та кредит картаа үргэлжлүүлэн хэрэглэж, гол нь төлбөр тооцоогоо цаг тухайд нь яв, цав хийж байх хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд /өнөө балагт 9 сарын 11-ээс хойш/ банкнууд үйлчлүүлэгчээс SSN шаардах болсон хэдий ч зарим жижиг банкууд SSN шаардахгүйгээр карт өгч байгаа билээ.

Та кредит түүхээ хөгжүүлье гэвэл дараах алхамуудыг хийж болох юм.
Үүнд, 3-6 сарын хугацаатай богино хугацааны зээллэгүүдийг авч хугацаанаас нь өмнө төлөх хэрэгтэй. Ийм зээл авахын өмнө ямар нэгэн төлөгдөөгүй өр, кредит картны нэхэмжлэл байвал түүнээ төлж барагдуулсан нь дээр.
Хэрэв таньд хэрэглэдэггүй шахам кредит карт байвал түүнээ хүчингүй болгох хэрэгтэй. Хэрэглэгддэггүй кредит карт байсан нь байгаагүйгээсээ илүү уршигтай.
Зээллэг хүссэн өргөдөл гаргахдаа орлогын хэсэгт эхнэр, хүүхэд, хамтран амьдрагч бүхнийхээ/хэдийгээр тусдаа данстай байдаг байлаа ч гэсэн/ орлогыг нийлүүлж бодох нь дээр. Хэрэв та хувиараа ажил эрхэлдэг бол өөрийгөө компаний ерөнхийлөгч гэх мэт, нарийн бичиг, бичээч хийдэг бол удирдлагын туслах ажилтан гэх мэтээр албан ёсны сүржиндүү нэр хэрэглэх нь ашигтай.
Хэрэв ажил төрлөө солисон бол тусгай хуудсан дээр тодорхой тайлбар бичих хэрэгтэй. Банкинд чекийн болон хадгаламжийн данс байхгүй бол аль алийг нь нэр дээрээ нээлгэвэл нэн сайн. Мэдээж зээллэгэ авах сонирхол нь байр саваа янзлах, сургалтын эсвэл эмчилгээний зардал гэж байсан нь ээлжийн амралтандаа явах гэж зээл авч байна гэснээс хавьгүй илүү үнэмшилтэй байх нь ойлгомжтой.
Таньд зээл олгоход хадгаламжийн данстай эсэх, хувийн байшинтай эсэх, нэг ажил дээрээ хэр тогтвортой ажилласан гэх мэт зүйлс эерэгээр нөлөөлдөг бол хэт олон хүний тэжээгч, асрагч, кредит түүхгүй, хадгаламжгүй, ажлын тогтворгүй байдал, олон дахин ажил солих, өр зээл ихтэй зэрэг нь сөргөөр нөлөөлдөг байна.
За тэгээд богино хугацааны зээл хөөцөлдөөд бүтэхгүй бол та эргээд барьцаат маягийн зээл хөөцөлдөх хэрэгтэй. Үүний тулд Та:
– Ойр хавийнхаа гурван банктай холбоо барьж, богино хугацааны, хамгын бага зээллэгийн хэмжээг мэдэх хэрэгтэй.
– Тэгээд тэр банкуудаараа очиж өнөө минимум зээллэгийнхээ хэмжээтэй тэнцэх хэмжээний зээл хүссэн өргөдөл гарга. Дор хаяж зургаа, түүнээс дээш сараар авахгүй бол уг зээл маань кредит түүхэнд орж, сайнаар нөлөөлж амжихгүй байж болох талтай. Хэрэв банкны ажилтан энэ тухай танаас асуувал кредит түүхээ сайжруулах гэж энэ бүхнийг хийж байгаагаа нуух шаардлагагүй. Тэд ойлгоно.
-Тэгээд авсан зээлээ хугацаанаас нь өмнө төлөх хэрэгтэй.
Хоёрдахь шатанд нь та 60-90 хоногийн дараа нөгөө банкуудаараа очиж энэ удаад барьцаагүй 500 долларын зээллэгэ авах хэрэгтэй. Тэд таныг болон зээлийн түүхийг чинь мэдэх тул энэ нь нэг их төвөг болохгүйгээр бүтнэ.
Тэр зээлээ эргүүлээд хугацаанаас нь өмнө төл. Иймэрхүү алхамуудыг зургаан сар тутамд хийгээд байвал зүгээр… Дараа дараагийн авах зээлийнхээ хэмжээг ихэсгэж, эргүүлж төлөх хугацаагаа улам уртасгах хэрэгтэй.
Кредит түүхийг Карлтон Шийт хүний булчинтай адилтган хэлжээ. Дасгал хийх тусам л улам чангарч хүчтэй болдог байна.
Ингэснээрээ Та кредит түүхээ сайжруулахаас гадна мөн уг банкныхантай сайн харилцаатай /positive record/ болох бөгөөд дараа  аливаа газраас зээл авлаа гэхэд 3 батлагчтай/reference/ болноо гэсэн үг.

Хэрэв таны кредит түүх чинь муу байгаад кредит  кард ер олж авч болохгүй бол кредит  түүх муутай хүмүүст кредит  кард олж өгдөг хувийн товчоонуудад хандаж болох юм. Тэдэнтэй холбоо барих мэдээлэл нь утасны ном, орон нутгийн сонин, мөн интернетээс олдоно.
За тэгээд эцэст нь дахин үглэхэд кредит кард нь хүнд 2-3 байхад илүүдэхгүй ч шоппинг хийх маш дуртай хүнд бол нэг л кард  байсан нь дээр юм даа. Бэлэн мөнгө шиг яг тухайн үедээ халааснаасаа аваад өгчихдөггүй болохоор тооцоонд жаахан хайнга хандвал үрлэг зарлагаа буруу тооцох, их үрлэг гаргаж болох талтай.
Тэгээд төлбөрөө дандаа цагт нь хий. Дор хаяж минимум төлбөрөө, түүнээс 20-30 хувиар илүү хийгээд байвал сайн байна. Эс бол бүгдийг нь нэг мөр төлөөд байсан ч буруудах юмгүй.
Мөн overdraft proteсtion хийлгэсэн нь дээр. Энэ юу вэ гэвэл та хэрвээ санамсаргүйгээр кредит  кардныхаа лимитийг хэтрүүлж хэрэглэвэл тэр хэтэрсэн мөнгийг нь таны чекийн данснаас татчихна гэсэн үг. Тэгэхгүй бол энэ нь кредит түүхэнд муугаас гадна бас мөнгөн торгуульд орно.
Мөнгөө сайн хянаж чадахгүй, санхүүгийн тооцоо муутай байвал кредит кард аваад кредит түүхээ улам л муутгана гэсэн үг.
Миний нэг найз барьцаат кредит кард авч хэрэглээд төлбөр тооцоогоо цаг тухайд нь хийхдээ хайхрамжгүй байж, жаахан замбараа муутай явсан нь кредит түүхэнд нь сайнаар нөлөөлөөгүй юм. “Нэгэнт л төлж байгаа юм, гайгүй биз, сүртэй юм” гэх маягаар хэнэггүй хандвал ёстой л “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” гэдэгтэй адил юм болно.
Кредит түүх сайн байхын ашиг тусыг нуршаад яахав. Наад зах нь энд тэндээс шаардлагатай эд бараа, үйлчилгээгээ бэлэн мөнгөний гачаалд шахагдахгүйгээр авч хэрэглэж болно.
Цаанадаж яривал та 200-300 мянган ам.долларын байшин, орон сууц авлаа гэхэд 20-30 жил уг зээлээ төлөх хүүгийн хэмжээг тодорхойлоход маш их нөлөөтэй. Урт удаан хугацаанд төлөгдөх их мөнгөнд төлөгдөх хүүний багахан зөрөө нь уртын замдаа маш их мөнгөний ялгаа гаргах нь ойлгомжтой билээ.
Сайн өр, муу өр гэж бас байдаг байна.
Сайн өр гэдэгт үнэ өртөг нь цагийн явцад өсөж байдаг үл хөдлөх хөрөнгө, байшин сав, эртний үнэт эдлэл гэх мэт нь ордог байхад муу өр гэдэгт элэгдэж хуучирч, урагдаж дуусдаг машин тэрэг, хувцас хунар гэх мэтийн юмс ордог байх юм.
За тэгээд та бүхэндээ сайн өр үүсгэж, муу өрнөөс зугтааж, төлбөр тооцоогоо цаг тухайд нь ягштал хариуцлагатай хийж, тун сайн кредит  түүхтэй болж, хүний газар, гүний нутагт цог хиймортой гялалзаж яваарай гэж ерөөе.

—————

2006 оны 12 сарын 05

Үл хөдлөх хөрөнгө авах хамгийн анхны алхам бол зээлийн дансаа нэг бүрчлэн нягтлан үзэх явдал юм…
Таны зээлийн түүх дараах хүчин зүйлүүдээс хамаардаг
–    35% нь төлбөрөө хэрхэн барагдуулж байснаас
–    30% нь зээлийн дасны өрийн хэмжээнээс
–    15% нь хэр удаан зээлийн түүхтэй байгаагаас
–    10% нь шинээр данс нэмж нээлгэсэн эсэхээс
Тэгээд одоо яах хэрэгтэй вэ?
Таны төлбөрийн хуудсанд заагдсан төлбөр хийх ёстой он сар, өдөр, төлбөрийн доод хэмжээ бол ХАМГИЙН ДООД хязгаар байдаг. Иймээс төлбөрөө ямагт хугацаанаас нь өмнө заагдсан хэмжээнээс нь дээш хийж байх хэрэгтэй.
За, энэ бол болох л зүйл. өөр?
Гэтэл заасан өдөрт их НО бий. Зээлийн байгууллагуудын төлбөрийн эцсийн хугацааг хагас бүтэн сайн өдөр бүр байж болох боловч БАНКУУД-ийн ажлын өдөр нь БААСАН гаригаар тасалбар болдог. Хэдийгээр Хагас сайн өдөр ажиллаж байвч гүйлгээний өдөр болон бүх программ хангамжууд нь Даваа гаригт шилжсэн байдаг.
Жишээлбэл, таны эцсийн өдөр нь 12.03.06-ны бүтэн сайн өдөр байг. Та төлбөрөө 12.02.06-ны хагас сайн өдөр хугацаанаасаа өмнө төлсөн гэж бодвол энэ тооцоо төлбөр хийгдэх жинхэнэ өдөр нь 12.04.06-ны Даваа гариг болж таардаг.
Хэрэв ийм тохиолдол гарвал дариу 1-800-аар банкруугаа утасдаж мэдэгдвэл засвар хийж болох талтай. Үгүй бол энэ нь таныг төлбөр тооцоогоо оройтуулдаг ангилалд оруулах жишээтэй.
Зарим хүмүүс төлбөрийн доод хэмжээ $12.64 байхыг Чекэн дээрээ $12.46 гэж зөрүүлж бичих явдал нэлээд нийтлэг байдаг. Хэдийгээр хэдхэн цент ч гэсэн энэ нь мөн л таныг төлбөрөө доод хязгаараас доош төлдөг гэсэн ангиллын эгнээний “эхэнд” жагсаах жишээтэй.
Мөн зээлийнхээ зохих хэмжээнээс хэзээ ч хэтрүүлж юм авч болохгүй. Даруй байр авах гэж байгаа бол нэмж шинээр төлбөр, зээлийн кард авах хэрэггүй. Сонирхсон асуулт байвал mongolread@yahoo.com  хаягаар, эсвэл 415.235.3156 утсаар холбоо бариарай.
Оюунцэцэг Цэвээнгомбо
Senior Associate, Bank of America
Realtor, Peg Copple and Associates

———–

Кредит оноо гэж юу вэ?
FICO оноо юунаас хамаардаг вэ?
Хэдэн кредит оноотойгоо хэрхэн мэдэж болох вэ?
Кредит оноогоо хэрхэн сайжруулах вэ? 

Баярсайхан.Д  Sacramento, CA
 bayaraa2004@yahoo.com

Эл материал нь “Даяар Монгол” сонины 3 сарын 30-ны №087 дугаарт нийтлэгдсэн болно

Монголд их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын буюу конкурсны оноо бидний ирээдүйг тодорхойлогч, тухайлбал ямар сургуульд орж, ямар мэргэжил эзэмшихийг шийдвэрлэдэг оноо байсан бол америк гээч энэ оронд нэгхэн онооны үзүүлэлтээс бидний амьдрал маань хамаарч байдаг гэж хэлэхэд хэлсдэхгүй байхаа. Энэ бол кредит оноо юм. Кредит оноо багатай буюу бидний хэлдгээр кредитээ муутгавал байр хөлслөх, элдэв үйлчилгээний данс нээлгэхэд төвөг учирч зөвшөөрөл авч чадахгүйд хүрэх буюу аль эсвэл их хэмжээний барьцаа мөнгө тавихад хүрдэг билээ. Мөн байшин, машин, кредит картны болон бусад төрлийн зээл авч чадахгүй болон авлаа ч хамгийн өндөр хүү төлөх болдог гээд муу кредит онооноос болж гардаг зовлонг тоочвол гарын хэдэн хуруу маань багадах бизээ. Түүнээс гадна бусад талаар, жишээлбэл, кредит оноог шалгаж ажилд авдаг ажил олгогчид, кредит онооноос хамаарч даатгалын төлбөрийг тогтоодог машины даатгалын компаниудын тоо нэмэгдэж байгаа зэргээс үзвэл энэ онооноос Америк дахь гэр бүлийн санхүү шууд хамаарч байна.

Кредит оноо гэж юу вэ?
Зээл хэрэглэгч хүн бүр бие даасан TransUnion, Experian, Equifax гэсэн 3 кредит мэдээлэгч агентлагуудаас гаргасан стандарт 3 оноотой байна. FICO гэж нэрлэгдэг эдгээр оноог анх 50-аад оны сүүлчээр Fair Isaac Corp.-аас анх гаргасан бөгөөд 300-850 хооронд байдаг. Одоогоор Америкийн хэмжээгээр үндэсний дундаж оноо 723 юм байна. Зээл олгогчид хэрэглэгчийн энэ оноог үндэслэн зээл олгох эсэхээ шийдвэрлэх ба зээлийн хүү, торгуулийн хэмжээг тогтооно. Кредит онооны үзүүлэлтийн ач холбогдлыг дараах жишээн дээр харуулъя. 30 жилийн хугацаатай тогтмол хүүтэй 200,000 долларын зээлийн сарын төлбөр болон нийт хүүгийн төлбөр FICO онооноос хэрхэн хамаарахыг дараах хүснэгтэд үзүүлэв.

/2005 оны 8 сард олгогдож байсан зээлийн хүү дээр үндэслэв. 2006 оны 3 сарын байдлаар хүүгийн хэмжээ 0.07%-0.7% орчмаар нэмэгдсэн/

Кредит        Зээлийн         Сарын         30 жилийн турш төлөх
оноо             хүү                  төлбөр         нийт хүүгийн төлбөрийн хэмжээ

720-850       5.793%          $1173         $222.141
700-719       5.918%          $1189         $227.888
675-699       6.456%          $1258         $253.008
620-674       7.606%          $1413         $308.671
560-619       8.531%          $1542         $355.200
500-559       9.289%          $1651         $394.362
Дээрх хүснэгтээс харахад хэрэв таны FICO 720 бол ойролцоогоор 5.7%-ын хүүтэй зээл олгогдоно. Хэрэв таны FICO 550 бол таньд 9,2% буюу түүнээс дээш хүүтэй зээл олгодох магадлалтай. Энэ нь 4 орчим хувиар илүү хүү төлөх буюу жилд $5736, 30 жилд $172,221 илүү төлбөр төлнө гэсэн үг. Дээрхийн адил кредит онооноос чинь таны амьдарч байгаа муж дахь банк санхүүгийн байгуулагын төрөл бүрийн зээлийн хүү, сарын төлбөр хэрхэн хамаарахыг тооцоолж үзэхийг хүсвэл http://www.myfico.com сайтын тооны машин /Сalculator/ хамгийн сүүлийн үеийн өгөгдлийг ашиглаад таньд бодоод өгнө. Дашрамд дурдахад байшингийн гэх мэт томоохон зээл авах гэж байгаа хүмүүс зээлдэгчдээс “хурдан оноогоо нэмэгдүүлэх” /rapid rescoring/  хүсэлтийг тавибал тэд боломжийн үнээр хэдхэн өдөрт алдааг чинь арилгаж оноог чинь нэмэгдүүлэх өгдөг ажээ.

FICO оноо юунаас хамаардаг вэ?
Үндсэндээ FICO оноо таны нас намба, орлого зарлагаас хамаарахгүй бөгөөд дээр дурдсан агентлагуудад тэмдэглэгдсэн таны төлбөр зээлийн өнгөрсөн түүхээс хамаарч тогтоогддог ажээ. Хэдийгээр бидний хувьд FICO онооны үзүүлэлтийг гаргадаг математик томъёог мэдэх боломжгүй ч хэд хэдэн түлхүүр зарчмыг мэдэж байхад кредит оноогоо хянаад байх боломжтой болно.
Үүнд:
1.    Хамгийн чухал бөгөөд энгийн зарчим бол “Төлбөрөө цаг тухайд нь бүрэн хэмжээгээр төлөх” явдал юм.
FICO онооны хамгийн их буюу 35% нь нээсэн данснуудын төлбөрийн түүхээс чинь хамаарна. Кредит картны болон бусад төлбөрөө хожигдуулах, дутуу төлөх, йр цуглуулах байгууллагад төлбөр чинь шилжих, дампуурал зарлах зэрэг нь кредит жагсаалт дээр бичигдэж шууд л энэ оноонд тусна. Харин нэг сайн мэдээ гэвэл FICO-д зөвхөн ойрын үеийн өр зээл тусах бөгөөд ойролцоогоор 7-10 жилийн дараа кредит тайлангаас хасагдах боломжтой юм. Америкт ирсэн анхны Монголчуудын зарим нь мэдэж ойлгоогүйгээс кредит оноогоо муутгаж улмаар нэлээд бэрхшээлтэй тулгарч байгаа билээ. Гэвч Оросын дуучин Валерий Леонтьев “Доктор-Время” гэж дуулдаг шиг цаг хугацаа гэдэг эмч тэдгээр хүмүүсийн анхны муу бичлэгүүдийг эхнээс цэвэрлэж эхэлж байгаа бөгөөд ойрын хэдэн жилд болон цаашдаа дахиж өр төлбөрийн зөрчил гаргахгүйгээр явбал яваандаа кредит түүх нь цэвэрлэгдэж FICO онооны нь 35% нь өснө  гэсэн үг юм.
2.    Дараагийн FICO оноог өсгөх зам бол “credit utilization” буюу “зээлийн хэрэглээ”-ийн хамгийн бага зэргийг тогтоох гэж нэрлэгддэг арга ордог байна.
Энэ нь кредит кард тус бүрээс боломжит зээлийн тодорхой хувийг л ашиглана гэсэн үг юм. Урьд нь хүмүүс кредит картныхаа зээлийн хязгаарыг хүргэж зээл авч байвал оноонд сайн байдаг гэсэн буруу ойлголттой байсан бөгөөд харин ч эсрэгээр буюу кредит картнуудаас зээлийн хязгаарын 50% буюу түүнээс дээшийг хэрэглэхэд л та эрсдэлтэй хэрэглэгч гэж тооцогдож кредит оноо чинь буурдаг байна. Жишээ нь, хэрэв та 1000 долларын хязгаар бүхий 4 карттай байлаа гэж бодвол хэдийгээр сар бүр байнга төлдөг ч тус бүрд 500 доллараас дээш баланстай байлгах нь ухаалаг хэрэг биш болно. Нэг картдаа их төлбөрийн үлдэгдэлтэй байснаас олон карданд бага төлбөртэй байсан нь дээр юм байна. “Сredit utilization”-ын зэрэг нь “нийт өр” гэсэн гарчгийн дор кредит жагсаалтанд орох ба FICO онооны 30 хувь нь үүнээс хамаарна.
3.    Дараагийн чухал зарчим бол FICO-ын 15%-ийг бүрдүүлдэг кредит түүхийн урт юм.
өөрөөр хэлбэл шинээр нийгмийн даатгалын дугаар авч байгаа хүмүүс эртхэн энгийн кредит карт, эсвэл бензин түгээгүүрийн картаар кредит түүхээ эхэлбэл цаашид оноогоо гайгүй байлгахад нэмэртэй гэсэн үг юм. Кредит картын хувьд шинэ карт нь хуучин картуудыг орлож кредит түүхэнд бичигдэхгүй л бол эрт нээлгэсэн картуудаа аль болохоор хаалгахгүй ашигласан дээр гэнэ. Хэрэглэхгүй байгаа картнуудаа хаалгах нь богино хугацаанд оноонд чинь муугаар нөлөөлөх тул ялангуяа томоохон зээл авахын өмнөхөн яаравчлан данснуудаа хаалгах буруу гэж санхүүгийн зөвлөгч нар зөвлөж байна. Нөгөө талаас хэрэглээгүй картанд чинь зарим компаниуд inactivity fee буюу хэрэглээгүйн төлбөр суутгаж магадгүй тул картаа хадгалах нь бас л буруу болно. Иймд хамгийн урт түүхтэй картуудаа /санхүүгийн зөвлөгч нар кредит картны хамгийн оновчтой хэмжээг 3-5 гэж үздэг/ үлдээгээд бусад картны төлбөрийг төлөөд картныхаа компанидаа захиа бичиж дансаа хаалгах хэрэгтэй ба захиандаа “хэрэглэгчийн хүсэлтээр хаав” гэдэг тодорхойлолтыг кредит түүхдээ оруулж өгөхийг хүсээрэй. Мөн төрөл садан, найз нөхдөөс чинь өөрийн удаан хугацаагаар хэрэглэгдэж байгаа, сайн баланстай кредит картны дансандаа таныг зөвшөөрөгдсөн хэрэглэгчээр /authorized user/ бүртгүүлэхийг зөвшөөрвөл энэхүү данс таны тайланд багтаж оноог чинь дээшлүүлэх болно. Гэхдээ энэ нь зөвхөн кредит картанд л хүчинтэй бөгөөд өөр төрлийн зээлийн хувьд таны оноо нэмэгдэхгүйг анхаараарай.
4.    Сүүлийн 20% бол шинэ данс нээсэн байдал болон зээлийн төрөл олон эсэхээс хамаарна.
Богино хугацаанд шинэ зээлүүдийн данс нэмэх нь хэрэглэгчийг зээлдэгчид илүү эрсдэлтэй харагдахад хүргэдэг байна. Иймд том зээл авахын өмнө жилийн дотор жижиг хэмжээний зээлийн данс битгий нээгээрэй. Жишээ нь, ойрын хэдэн сард машин, байшин зэрэг томоохон зээл авах гэж байгаа хэрэглэгчийн хувьд баярын үед худалдан авалтандаа нэлээд хувийн хямдрал өгөх дэлгүүрийн зээлийн картуудын өрөгдлийг бөглөхийнхөө өмнө сайн бодоорой. Мөн нэг төрлийн зээлтэй буюу зөвхөн кредит кардуудын зээл байснаас машин юм уу байшингийн зээл зэрэг зээлийн олон төрөлтэй байвал FICO оноонд /10%/ сайнаар нөлөөлнө. Санхүүгийн зөвлөгчид томоохон зээлийг боломж байвал банкнаас авахыг  зөвлөдөг бөгөөд санхүүгийн компаниас авсан зээл FICO оноог бууруулах муу талтай ажээ.  
5.    Эцэст нь нэг анхаарах зүйл бол банк болон зээлдэгч байгууллагуудын кредит шалгах хүсэлт бүр таны FICO оноог 2 оноогоор унагаах тул олон газар хандаж кредитээ шалгуулахаас болгоомжлоорой.
Харин өөрийн тавьсан хүсэлтэнд оноо унадаггүй бөгөөд машин болон байшингийн зээл олгогч байгууллагуудын 45 хоногийн дотор ирүүлсэн бүх хүсэлтийг таныг худалдан авалтандаа сонголт хийсэн гэж үзээд нэг удаагийн хүсэлт гэж тооцно гэж кредит тайлангийн товчоодын мэдээлэлд дурдсан байна. Гэвч шуудангаар ирдэг болон энд тэнд гуйж бөглүүлдэг банк болон бусад байгууллагын кредит картны хүсэлтийг бөглөснөөр та тэдэнд кредитээ шалгах эрхийг өгнө. Тэдгээрийн хүсэлт бүр таны оноог унагаахаас гадна кредит тайланд бичигдэж үлдэх тул зээлийн хэт их хүсэлт тавих нь зээлдэгчдэд таныг эрсдэл ихтэй харагдахад хүргэдэг. Хэрэв та байшингийн зэрэг томоохон зээл авахынхаа өмнө хүүг тандах гэж зээлийн байгууллагад хандаж байгаа бол өөрийн хэвлэж авсан тайлангийнхаа хувиа өгч болох юм. Түүнчлэн California, Louisiana, Texas, Vermont мужуудад хэрэглэгч өөрийн хүсэлтээр кредит тайланд нэвтрэх боломжийг зогсоож болдог хуулиар олгогдсон эрхтэй юм байна. Үүний тулд хэрэглэгч гурван кредит товчоод тус бүрт тодорхой төлбөрийн хамт захиа бичиж бүх кредит шалгах хүсэлт бүрт татгалзахыг хүсэх хэрэгтэй юм байна. Энэ талаар California-ийн оршин суугчид http://www.privacy.ca.gov сайтаас мэдээлэл аваарай.

Хэдэн кредит оноотойгоо хэрхэн мэдэж болох вэ?
Нэгдсэн улсын хуулиар өнгөрсөн жилээс эхлэн хэрэглэгч бүрийг кредит тайлангаа дээр дурдсан гол гурван кредит товчоодоос тус бүрээс нь жилд нэг удаа үнэгүй авах эрхтэй болгосон билээ. Үүний тулд http://www.annualcreditreport.com сайт руу орж онлайнээр захиалан дор нь үзэж болох төдийгүй тус бүрд $4-$8 төлснөөр өөрийн FICO оноонуудаа ч мэдэх боломжтой юм. Түүнчлэн 1877-322-8228 дугаарын утсаар захиалах болон
Annual Credit Report Service, P.O. Box 105281, Atlanta, GA-30348-5281
хаягаар средит түүхээ авах хүсэлтээ илгээснээр 15 хоногийн дотор шуудангаар авах боломжтой юм.
Анхаарах зүйлс:
–    Зарим хувийн кредит ангентлагууд өөрсдийгөө албан ёсны мэтээр рекламдах тул болгоомжтой байж зөвхөн дээрх сайт буюу хаягийг ашиглах,
–    Түүнчлэн дээр дурдсан 3 товчоод кредит-хянах үйлчилгээ /жилд $100-ээш үнэтэй/ зэрэг онц хэрэгцээгүй үйлчилгээг авахыг санал болгодог тул хэрэгцээгүй үйлчилгээ худалдан авахгүй байх,
Саяхны санал асуулгаар кредит тайлангийн 80% алдаа агуулдаг гэж гарсан тул хэрэглэгч бүр кредит тайлангаа сайтар нягтлан үзэж худал хуурамч өр зээл бичигдсэн эсэхийг нь сайтар шалгах хэрэгтэй юм. Төлбөрийн түүхэнд эргэлзээтэй болон худал зүйл бичигдсэн бол зээлдэгч болон тайланг мэдээлэгч агентлаг уруу  яаралтай холбоо барьж алдааг засахыг шаардах хэрэгтэй юм. Үүний тулд бичгээр хүсэлт тавьсан нь илүү найдвартай бөгөөд баталгаа болгож зохих бичиг баримтын хуулбарыг хавсаргаарай. Эдгээр байгууллага нь 45 хоногийн дотор шийдвэрлэж хэрэв таны зөв бол засагдсан кредит тайланг таньд илгээх болно.

Кредит оноогоо хэрхэн сайжруулах вэ?

1.Мэдээлэл цуглуулах.
Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол мэдээж кредит түүхээ авч мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх явдал юм. Дээрх 3 товчооны түүх өөр өөр байх тул тус бүрийг хэвлэж аваад доорх дүн шинжилгээг хийнэ. Ямар ямар сайн мэдээлэл болон ямар ямар муу бичилтүүд байна, хаана хэдэн хэмжээний өртэй байна, хэзээ тавигдсан өр байна, тогтмол төлбөр үү эсвэл хүүтэй төлбөр үү, хэдэн хувийн хүүтэйгээр өсөж байна, анхны байгууллагын болон хэрэв өр цуглуулагч байгууллагад шилжсэн бол тухайн байгууллагын хаяг, утас, болон буруу мэдээлэл байгаа эсэхийг шалгах.
2.Төлбөрөө төлөх төлөвлөгөө гаргах.
Хэдийн хэмжээний ямар төлбөр байгааг тогтооно. Хамгийн түрүүнд хамгийн өндөр хүүтэй төлбөрөөсөө эхэлж төлбөрөө хийхээр төлөвлөх
3.Зээлдэгч байгуулагатай тохиролцоо хийх.
Тухайн байгууллагатай холбоо тогтоож хэрэв нэг дор бүгдийг төлөх боломжгүй бол төлбөрийн график гаргаж тохиролцох. Эвтэйхэн ярьж гайгүй нөхцөлөөр өрөө барагдуулах тохиролцоонд хүрэхийг оролдох. Тэгж чадвал тэд торгуулиас чөлөөлөх, хүүг багасгах, сар бүрийн төлбөр хийх хугацаа хэрэглэгчдээ тохируулж өөрчлөх зэрэг хөнгөлөлтийг үзүүлнэ.
4.Төлбөрийн хоцролтын талаар муу мэдээллийг засварлахыг оролдох.
Зээлдэгч байгууллагаасаа кредит тайлангаас мэдээллийг хасахыг гуйх буюу өөрсдийнх нь нэрлэдгээр “goodwill adjustment” /сайн санааны засварлал/ хийхийг хүсэх. Үүний тулд маш эелдэг байж энэхүү алдааны цаана хүндэтгэж үзэх шалтгаан байгаагаа дурдаж дахиж ийм явдал дахин давтагдахгүй гэж гуйх нь зүйтэй юм. Мөн зээлдэгч байгууллагатайгаа заргалдаж болох юм. Үүний тулд муу кредит мэдээллээ нотлохыг шаардсан захиа зээлдэгч уруу илгээнэ. Заргалдах хугацаанд тухайн мэдээлэл тайланд байх боловч FICO-д нөлөөлөхгүй байна. Зээлдэгч байгууллага чинь таны кредит тайлан болон таны гомдол чинь дүн шинжилгээ хийж шйидвэр гартал таныг өрөө төлөхөөс түр татгалзуулна.
5.    Хэрэв өөрөө эдгээрийг зохицуулах боломжгүй санагдвал мэргэжлийн байгууллагад хандаж болно.
Кредит зөвлөгөөний компани байгууллагад хандсанаар санхүүгийн төсөв гаргах, төлбөр хийх хуваарь гаргах, зээлдүүлэгчтэй өмнөөс чинь зөвшилцэл хийж аятайхан тохиролцоонд хүргэж өгөхөд тусална. Тэдгээр байгууллагад сар бүр тогтмол төлбөр төлснөөр тэд таны өрийг барагдуулна. Гэхдээ зээлдүүлэгч байгууллага уруугаа утастаж өр төлөгдөж байгаа эсэхийг лавлахад илүүдэхгүй. Зөвлөгөөний төлбөр нэлээд бага төдийгүй үүнийг хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр төлөх учиртай. Хэрэв төлж чадахгүй бол төлөх албатай биш гэсэн үг.

АНХААРАХ ЗҮЙЛ:
Кредит зөвлөх товчоод ашгийн бус байгууллага гэж тооцогддог боловч scam болон нэмэлт хэт их төлбөр авах нь элбэг гардаг тул төлбөрийн талаар ямагт бичгээр гэрээ хийх хэрэгтэй ба гэрээг гэртээ авч явж судлах боломжийг олгохгүй байгаа товчоодтой хамтрах ажиллах хэрэггүй юм. Энэ талаар онлайнээр дараах тусламжийг авч болно.
–    Найдвартай, таньд үнэн сэтгэлээсээ өрнөөс чинь гаргахад туслах зорилготой байгууллагыг хэрхэн сонгож мэдэх талаар хэрэглэгчдэд зөвлөгөө өгдөг debtConsolidationRx.com сайтаас олж унших
–    Зээлдүүлэгч байгуулагатайгаа хэрхэн зөвшилцөл хийх талаарх “өвдгөөр татсан өрөнд” нэртэй зөвлөгөөг Federal Trade Commission /FDC-Холбооны Худалдааны Хороо/-ын дараах сайтаас авч унших http://www.ftc.gov/bcp/conline/pubs/credit/kneedeep.html
–    Кредит зөвлөгч товчоодын нэрсийг Association of Independent Consumer Credit Counseling /Бие даасан кредит зөвлөх товчоодын нэгдэл/-ийн http://www.aiccca.org сайтаас эсвэл National Foundation for Credit Counseling /Кредит зөвлөгөөний үндэсний сангийн/-ийн http://www.nfcc.org сайтуудаас авах боломжтой. Үүний тулд ядаж 5-аас илүү жил тогтвортой ажиллаж байгаа бөгөөд өрийн төлбөрийн графикаас гадна хадгаламж, зээлийн менежментийн сургалтыг санал болгодог байгууллагыг хайх.
–    Дараа нь тухайн байгууллагын талаар өмнө нь гомдол гарч байсан эсэхийг Better Business Bureau-ийн сайтаас http://search.bbb.org/search.html хайлт хийж шалгаарай.
–    Эдгээр байгууллагатай гэрээ хийхийн өмнө ямар асуулт тавибал зохих талаар FTC-ын http://www.ftc.gov/bcp/conline/pubs/credit/fiscal/html  сайтаас олж уншаарай.
–    Эцэст нь сонгосон байгууллагууд уруугаа утастаж тэдгээрийн өр барагдуулах төлөвлөгөө нь таны бүх өрийг шийдвэрлэж чадах эсэхийг нь асуух. Зарим нь байшингийн зээл /mortgage/, оюутны зээл болон өр цуглуулагч товчоонд шилжсэн дансыг хариуцдаггүй байна.
Эдгээр дээр нэмж хэлэхэд Америкт ихээхэн өрөнд орсон хэрэглэгчид 2 замаар асуудлаа шийддэг ажээ. Нэгдүгээрт дээрх зөвлөгөөний адилаар кредит тайлангаа сайжруулах, аль эсвэл дампуурал зарладаг байна. өнгөрсөн жилд гэхэд л 1.5 сая америкчууд өрөө болон зээлдэгч нарынхаа асуудлыг шийдвэрлэхийн тулд дампуурал зарласан байна. Гэвч дампуурал зарласан мэдээлэл тухайн хүний файлд нэлээд удаан хугацаагаар хар толбо болж үлдэх тул аль болох нэгдүгээр аргаар асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй юм. Түүнчлэн өнгөрсөн 10 сард нэгдсэн улсын шинэ хууль нь дампуурал зарлах нөхцөлийг чангатгасан байна. Хэдийгээр Монголчуудын хувьд энэ мэдээлэл онц хэрэгцээтэй биш боловч ямар өөрчлөлт гарсан болон дампуурлаа хэрхэн зарлах талаар сонирхохыг хүсвэл “Personal Financial Choices” нэртэй үнэгүй зөвлөгөөг VISA болон Federal Citizen Information Center-ийн сайтаас ушниж болно. Энэхүү зөвлөгөө нь дампуурлын үндэс, дампуурал зарласны дараа хамгийн түрүүнд төлөгдөх төлбөрийн талаар тайлбарласнаас гадна хэвийн байдалдаа хэрхэн орж болохыг төлөвлөх талаар зөвлөгөөг багтаажээ. Дашрамд дурдахад Federal Citizen Information Center-ийн http://www.pueblo.gsa.gov/ сайтаас эдгээр болон хэрэгцээт төрөл бүрийн ангилагдсан мэдээлэл материалыг үнэгүй уншиж болно. 

———–

Related:

Бусад мэдээлэл: http://gegeen.wordpress.com/2007/10/24/get-credit-history/

Visa-debit-card vs Visa-credit-card

http://gegeen.wordpress.com/2007/09/04/why-private-lenders/

http://gegeen.wordpress.com/2007/06/25/investment-offer/

http://gegeen.wordpress.com/2007/06/25/express-loans/

http://gegeen.wordpress.com/2007/10/28/credit-card-usage/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: