AU Foreign Minister 2

http://www.mongolnews.mn/unuudur.php?n=16984

Өнөөдөр » Гадаад харилцаа
А.Даунер: Энд ирсэн нь зөв болж
Б.ЭНХЦЭЦЭГ (2007-04-05)
Хүүхдийн асрамжийн “Лотус” төвийн хашаанаас гарч явахдаа эрхэм зочин ийн өгүүлсэн. Австрийн Гадаад хэргийн сайд Александер Жон Госсе Даунер өчигдөр Буянт-Ухаад буумагцаа гэргий Николагаа дагуулан албан ёсны айлчлалын хөтөлбөрийн дагуу Яармагийн “Арцат”-ын наймдугаар гудамжны 341 тоот хашаанд байрлах хүүхдийн асрамжийн “Лотус” төвийг зорьсон юм.Нийслэлийн захын гэр хороолол дахь хашааныхаа үүдэнд тус төвийн захирал Аманда Калика нутаг нэгт сайдаа угтан дотогш орохыг урилаа. “Лотус” буюу монголчилбол “бадамлянхуа” хэмээх цэцгийн нэртэй энэхүү төв 12 жилийн өмнө хаалгаа нээсэн бөгөөд ядуу өрхийн болон эцэг, эхийн хараа хяналтаас гарсан хүүхдийг асран хамгаалдаг юм байна. Одоо энд 0-18 насны 140 хүүхэд амьдардаг.

Тус төв дэргэдээ цэцэрлэг, бага сургуультай, 14 гэр, байшинтай болжээ. Дунд сургуулийн насныхан ойролцоох 34 дүгээр сургуульд сурна. Эдний хүүхдүүдээс Улаанбаатарын хамгийн өндөр төлбөртэй “Орчлон” дунд сургуульд суралцагсад ч бий. “Төгсөгчдөө коллежид сургаж байгаа. Сургуулийн төлбөрийг Австралийн хандивлагчдын мөнгөөр хийдэг юм. Монголын төр засгаас үзүүлдэг тусламж гэвэл манай бага сургуулийн үдийн цай л байна” гэж “Лотус” төвийн бага сургуулийн менежер Ч.Уранчимэг ярилаа.Хүүхдүүд захирлаа Диди гэж дуудах юм. Австрали эмэгтэй анх Монголд ирэхдээ шархадсан гартай тэнэмэл хүүтэй танилцаж тусалснаар манай улсад халамжийн төв нээхээр шийджээ. Ийнхүү Диди 100 гаруй монгол хүүхдийн “ээж” болжээ.“Лотус”-ын хүүхдүүд Гадаад хэргийн сайд болон түүнийг дагалдан яваа эрхэм зочдод урлагийн тоглолтоо сонирхуулав. Монгол дээл, малгай, гутал өмсөөд дуулж, “Жалам хар”-ыг бүжиглэж байгаа хүүхдүүдийн агшин бүрийг ч алдалгүй хатагтай Н.Даунер гэрэл зургийн хальсанд буулган авч байсан. “Гайхамшигтай” хэмээн Александер Даунер бяцхан жүжигчдийг магтаад “Эдгээр хүүхдийг асран халамжилж, сайхан үйл хийж байгаад чинь баярлалаа, Диди” хэмээн дэргэдээ зогсох Аманда Каликад талархал илэрхийлэв.

Австралийн Гадаад хэргийн сайд хүүхдүүд бужигнасан хашаанд саатаж, 140 хүүхэдтэй өнөр бүлийн эзэгтэй Дидид 10 мянган ам.долларын чек гардуулаад Монгол дахь үйлсэд нь амжилт хүслээ.
Эрхэм зочдын унаа хашааны гаднаас хөдлөхөд хүүхдүүд “bye” хэмээн цовоо дуугаар хашгиралдан үдсэн. Австралийн Гадаад хэргийн сайд ажил алба нэгт монгол сайдтай хэлэлцээ хийхээр эндээс Улаанбаатарын төв рүү хөдлөв.

Гадаад хэргийн яамнаа болсон уг хэлэлцээний үеэр Н.Энхболд, А.Даунер нар Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 35 жилийн хугацаанд хөгжиж ирсэн хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид цар хүрээг нь өргөжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэв. Мөн бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо хэмээн ГХЯ-наас бидэнд мэдээллээ.

А.Даунер өчигдөр үдээс хойш Төрийн ордонд хүрэлцэн очиж, Ерөнхий сайд М.Энхболдод бараалхлаа. Эрхэмсэг зочин өөрийн улсын Монгол дахь ашиг сонирхол улам бүр нэмэгдэж буйг онцлоод, Австралийн Засгийн газрын тэтгэлгээр мэргэжил эзэмших монгол залуусын тоог хоёр дахин нэмж 28 болгох шийдвэр гаргаснаа дуулгажээ.

Түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагаа хамгийн чухал нь хэмээн тэмдэглээд Австрали улс Монгол Улстай уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлсэн байна. М.Энхболд хариуд нь “Монгол Улс АПЕК-ийн гишүүнээр элсэх хүсэлтэй. Австрали АПЕК-ийн нөлөө бүхий орны хувьд манай улсыг дэмжинэ гэдэгт найдаж байна” гэжээ.

Австралийн Гадаад хэргийн сайд дараа нь Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхсан юм. “Монгол Улс Үндэсний хөгжлийн цогц бодлогоо боловсруулж 15-20 жилийн дараа амжилт олох зорилт тавьж байна. Үүнд уул уурхайн салбар сайн эхлэл болох учиртай. Манай оронд эдийн засгийн боломжийн орчин байгаа. Бид сайн түншүүд, зөвлөхүүдтэй хамтран ажиллах сонирхолтой” гэж хэлээд Ерөнхийлөгч “Австрали улс ард түмэндээ уул уурхайн салбараасаа хувьцаа олгодог туршлагыг сонирхож байна” хэмээжээ.

А.Даунер Монгол Улс Австрали улсыг “гурав дахь хөрш” гэж нэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ. Мөн “Австрали улс Монгол Улсад Өргөмжит консул томилох сонирхолтой байгаа бөгөөд ирээдүйд Элчин сайдын яамаа нээх боломжтой” гэжээ. Түүнчлэн Австрали улс дэлхийд ардчилал хөгжүүлсэн хамгийн урт түүхтэй зургаан орны нэг, дэлхийн 13 дахь том эдийн засагтай гэдгээрээ нэр хүндтэй, хууль, татвар, газрын бодлогын шинэтгэл хийхэд Монгол Улсад туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой хэмээсэн байна.

Тэрбээр Монгол Улсад австраличууд бизнес эрхэлж байгаагийн зэрэгцээ дэлхийд томд орох уул уурхайн Би Эйч Пи Биллитон, Рио Тинто зэрэг Австралийн корпорациуд Монголд үйл ажиллагаа явуулж байгааг дурдлаа.

Тус уулзалтад оролцсон Би Эйч Пи Биллитоны дэд захирал Харли “Бид өөртөө болон ажиллаж буй орон нутагтаа ашигтай байдлаар урт хугацаанд хамтран ажилладаг. Ашигт малтмалын “эзэн” оронтой ашгаа олон хувилбараар хуваалцдаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулах орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлд хамтран ажиллах талаар төсөл боловсруулж танилцуулах саналтай байна” гэлээ. Тэрбээр мөн тус корпорац инженерийн чиглэлээр монголчуудыг сургах боломжтойгоо илэрхийлсэн байна.

Дээр дурдсан уулзалтуудын төгсгөлд хоёр орны Гадаад хэргийн сайд нар хэвлэлийн бага хурал хийлээ. “Хугацааны хувьд богино боловч үр дүнтэй айлчлал боллоо” гэж Н.Энхболд тэмдэглэсэн бол А.Даунер “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзах завшаан тохиосонд болон анх удаа айраг амсаж үзсэндээ олзуурхаж байна” хэмээв.

Австрали улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнгийн тухай хамтарсан мэдэгдэл гаргасан талаар тэд онцолж байлаа.

“Австралийн компаниуд зөвхөн ашиг орлого хөөдөггүй, үйл ажиллагаа явуулж байгаа орныхоо байгаль орчин, нийгмийн асуудалд анхаардаг. Монголын тал ч гадаадын ийм компаниудыг хүлээж авахдаа дуртай. Засгийн газар, бизнес, шинжлэх ухааны төлөөлөл бүхий ажлын хэсгүүдээ Австрали улс дэлхийн олон оронд байгуулсан, үйл ажиллагааны арвин туршлагатай. Энэ удаагийн айлчлалаар уул уурхай, эрчим хүчний салбарт Монгол, Австралийн хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар тохирсон” гэж Н.Энхболд сайд мэдээллээ.

А.Даунер сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

МҮОНТ: Уул уурхайн салбарт туршлагатай Австрали улсын сайдын хувьд Монгол Улсын гэнэтийн ашгийн албан татварын тухай хуулийн талаар ямар бодолтой байна вэ?
А.Даунер:
Би гадаад орны хуулийн талаар ямар нэг дүгнэлт хийхгүй. Австралид байгалийн нөөцийн татвар гэж авдаг. Аливаа Засгийн газар татварын бодлогоо уян хатан боловсруулах ёстой. Ашиг орлого их бол татварыг өсгөж, бага нөхцөлд бууруулах жишээтэй. Харин татварын орчинд урьдчилан таамаглах аргагүй томоохон өөрчлөлтийг гэнэт хийх нь бодитой бус юм.

“Өнөөдөр”: Та манай улсын эдийн засагт үзүүлэх Австралийн томоохон хөрөнгө оруулалтын тодорхой саналтай ирсэн үү?
-Монголын уул уурхай, ашигт малтмалын салбарт одоо үйл ажиллагаа явуулж буй Австралийн гурван компанийн хоёр нь дэлхийн хэмжээний корпорациуд. ВНР гэхэд дэлхийн жагсаалтад нэгдүгээрт бичигддэг. Эдгээр компанитай хамтран ажиллах нь Монголд ашигтай. Танай ард түмний аж амьдрал, нийгмийн асуудалд тусалж дэмжиж чадна. Хөрөнгө оруулаад эхэлбэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10 жилийн дотор хоёр дахин нэмэгдэнэ.

Австралийн Гадаад хэргийн сайд Александер Даунерийн айчлал өчигдөр 20.25 цагт өндөрлөж нутгийн зүг жолоо залсан.

673 удаа уншигдав.
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: