7-Australia by Tamir

Friday, February 23, 2007

Австрали орноор – 4


Харийн оронд хоног хугацаа өнгөрөх тусам шинэ зүйл хуучин мэт санагдаж орчиндоо дасах шинжтэй. Тиймээс эх орны маань хөгжил энэ түвшинд хүрчихвэл сайхансан гэсэн үүднээс дараах зүйлүүдийг тэмдэглэн үлдээв.

Энэ удаад технологийн хөгжлийн талаар жаал тэмдэглэл хөтлөөдхье. Австрали технологийн хөгжилдөө асар их мөнгө зарцуулдаг гэж байна. Тэр тусмаа Мэдээлэл холбооны технолог(МХТ)-ийн хөгжлийг илүү анхаарч аль болох сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхийг Засгийн газраас нь онцгой анхаарч дэмждэг бололтой. Миний сонссоноор гар утасны CDMA системийг Америкууд Австралид анх туршилтын журмаар зах зээлд нэвтрүүлж улмаар амжилт олсоны үндсэн дээр Солонгос, АНУ зэрэг улсууд өөрсдийн зах зээлд нэвтрүүлсэн гэж ярих юм. Бас 21 орчим сая хүн амтай хирнээ 20 орчим сая орчим гар утасны хэрэглэгчтэй гээд олон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд явдаг бололтой. Энд мэдээж гадаадын оюутан, оршин суугч гэх мэт хүмүүсийн гар утас эзэмшиж байгаа тоо нь орсон гэж бодохоор нялхсаас бусад нь гар утас хэрэглэдэг бололтой. Энэ дашрамд хэлэхэд манай сургууль өөрийн ажилтнууддаа зориулсан бяцхан гар утасны оператортой. Энэ нь хоорондоо ярихад үнэгүй байх бөгөөд сургуулийн хотхонуудын (нийт 6 хотхон бий) эргэн тойронд ажиллах ба холдоод явчихвал ажиллахгүй.
За тэгээд зурагтаар нь манайд гардагтай адилхан улс төрчдийн хэрүүл тэмцэл гарч л байдаг юм. Голцуу л дайнтай холбоотой асуудлаар тэмцэлдэнэ дээ. Бас өнгөрсөн жил манай улсын төсөв илүүдэлтэй гарсан гээд байгаа түүнтэй адил эднийд ч бараг жил бүр шахам илүүдэлтэй гардаг юм шиг. Тэр илүү гарсан мөнгөө яаж үрэхэв гээд “толгойгоо гашилгадаг” гэж байгаа (2006 оны байдлаар ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ нь 32200 доллар). Технологийн талаар бичье гэсэн чинь бүр хадуурах нь.

Bandwidth

Уг нь энэ үгийг дамжуулалтын багтаамж гэж орчуулах байх гэхдээ цаашид интернэтийн хурд гээд нэрлэчихье. Хэдийгээр манай оронтой адил газар нутгийн хувьд өргөн уудам нэг хүнд ноогдох газрын хэмээ их боловч дэд бүтцийн хөгжил сайн болохоор хаана ч очоод интернэтэд холбогдоход чирэгдэл учраад байхгүй. Нэг удаа сургуулийнхаа лабораторид сууж байгаад оллоо.мн руу орох гэсэн нилээд удаад харин бусад вэбсайтууд руу дараад л ороод байдаг юм байна. Тэгээд интернэтийн хурдыг нь хэмжиж үзтэл зөвхөн нэг компьютераас интернэтэд холбогдох хурд нь 20 mbps байдаг юм байна. Энд хэдэн мянган комптьютер интернэтэд холбоотой гэж бодохоор зөвхөн нэг сургуулийн нийт интернэтийн хурд нь багаар бодоход хэдэн зуун мегабит эсвэл бүр гигабитээр хэмжигдэх тоо гарч мэднэ. (Гэтэл манай орны хэдэн интернэтийн компаниудын нийт интернэтийн хурд нь хэд байдаг билээ)

Мэдээллийн систем

Нийт их сургуулиуд нь дундаа ашигладаг нэгдсэн мэдээллийн сантай бөгөөд тэнд нь бүх л төрлийн мэдээллүүд байдаг. Илтгэл тавих, тайлан, эссэ бичих зэрэгтээ хэрвээ электрон хэлбэрийн мэдээллийн эх үүсвэр хэрэглэх бол аль болох тэр мэдээллийн сангаасаа материалаа хайхыг шаарддаг ба интернэтээс мэдээлэл авахыг төдийлөн зөвшөөрөөд байдаггүй. Мэдээж сонин, сэтгүүл болон бусад найдвартай эх үүсвэр бол болно, харин вики хэлбэрийн мэдээллийн санг хэрэглэгч өөрчилчихөж болно гэж үздэг учир үүнийг эх үүсвэрээ болгоход дурамжхан ханддаг.
Мөн бүх л байгууллагууд нь сүүлийн үеийн мэдээллээ тэр дор нь интернэтэд байрлуулах ба энэ нь XML-ийн ачаар бусад сайтуудтайгаа холбогдоод “талаар нэг тарчихна”. Манайд ядаж төрийн байгууллагууд нь ийм нэгдсэн систем байгуулчихвал ч…

Voice recognition (яриа танигч)

Манай хүүхэд цэцэрлэгт явдаг ба төлбөр нь чамгүй үнэтэй, гэхдээ бид эндэхийн Засгийн газраас нь багахан хэмжээний хөнгөлөлт авдаг ба одоо хичээл ном эхэлж байна цаг зав муу боллоо гэх маягаар “баахан зовлон” тоочиж байгаад хөнгөлөлтийнхөө хэмжээг нэмэгдүүлчих санаатай саяхан утсаар ярив. (ер нь эндэхийн оюутанууд хүний өмнөөс сурч байгаа юм шиг төлбөрөө төлж хүчрэхгүй бол сургуулиасаа ажил шаардана, бас ажил хийдэг нэг нь хичээлийн цаг ажилтай давхцлаа өөрчилж өг гэх мэтээр “эрхэлж” өгнө дөө) Тэгээд 1300ххх хэмээх дугаар луу залгаад оператортой холбогдов.
Оператор:
– Өдрийн мэнд, та centrelink рүү холбогдлоо. Орлогын мэдүүлгээ өөрчлөх гэж байгаа бол нэг, хувийн мэдээллээ өөрчлөх гэж байгаа бол хоёр, бусад асуудлаар гурав гэхээр нь рефлексээрээ л 3-ын тоон дээр дарав. Тэгсэн болдоггүй. Урьд нь ингэж холбогдож байсан утаснууд бүгд л тухайн тоогоо оруулаад улмаар од эсвэл чагт товчлуур дарж цааш холбогддог байсан юм. Дахин оператор зааврыг хэлж байна тэгсэн чинь товчлуур дээр дарах биш тэр тоог нь хэлэх юм байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан их ухаалаг систем юм байна. Тэгээд “гурав” гэж хэлэнгүүт цааш холбогдож байна. Тэгээд ажилтантай холбогдов. Ажилтан хэлж байна
– Лавлагааны дугаар чинь хэд вэ?
– ххх хэмээн хэлтэл
– Бишээ 4 оронтой тоо байх ёстой таньд өгсөн бичигний баруун дээд өнцөгт нь байгаа гэж байна. Тийм тоо байна уу?
– Тийм тоо алга
– Хэрэв байхгүй бол доод талд нь байгаа 9 оронтой дугаарыг хэлнэ үү
– ххх гэж тоогоо хэллээ
– Та ххх гэж хэлсэн зөв үү?
– Зөв
– Таны нэр Жаргалсайханы Тамир мөн үү?
– Мөн
– Баярлалаа. Тэгээд 2, 3 секунд болсоны дараа жинхэнэ ажилтан нь ярьж байна.
– Ямар асуудлаар холбогдох гэсэн юм? Тэгэхэд нь л урьд хүнтэй биш автомат яригчтай яриад байснаа гэнэт мэдэв. (яг л хүн шиг ярьж байсан юм даа) Мэдээж хөнгөлөлт авах гэж байгаа хүн чинь автомат яригчтай “ярьж” байхдаа “Өдрийн мэнд. Манай хүүхэд цэцэрлэгт явдаг танайхаас хөнгөлөлт авдаг юм. Их талархаж явдаг шүү” “би энд сурдаг оюутан байгаа юм” “манай хүүхдэд цэцэрлэг нь их таалагддаг учир явах их дуртай” гэх мэт панаалын хэдэн үг хэлж илүү дутуу юм ярьж байсан маань нөгөө хаданд хашгирна гэдэг шиг хий хоосон яриа болсоныг мэдээд инээд хүрэв. Арайх гэж л инээдээ барилаа. Тэгээд арайх гэж учир байдлаа тайлбарлаж хэлэнгүүт сая “-Ойлголоо, ирэх долоо хоногоос эхлэн хөнгөлөлтийг чинь нэмэгдүүлэх болно” гэснээр бидний яриа өндөрлөв. Харилцуураа тавиад хэсэг инээв, дараа нь ичив, бас технологийн дэвшлийг бишрэв. Хэрвээ тэр автомат яригч байхгүй байсан бол дугаарыг нь асууж мэдээллийн сангаасаа хайх зэрэгт багагүй цаг зарцуулах байсан болов уу мөн нөгөө хүн нь яаж ч будилаа билээ. Энэ л лав хүний ажлыг дор хаяж 50 хувь хэмнэж чадаж байна. Ингэснээрээ ямар их ач холбогдолтой болохыг энд дурдаад яахав.

Мал аж ахуй дахь мэдээллийн технологийн хэрэглээ

Австралийн иргэд нь битгий хэл мал нь хүртэл ID карттай байх юм. Эндэхийн бүх моринд чип (chip) суулгасан. Тэгээд хэрвээ янз бүрийн юм болвол (байгалийн гамшиг, өвчин тусах, алдагдах гэх мэт) тухайн холбогдох байгууллагаас нь (даатгалын компани, татварын газар, мал эмнэлэг гэх мэт) хүн хүрч ирээд чипийг нь уншаад л бүх мэдээллийг нь авчих нь. Жишээ нь: өвчин туслаа гэхэд хэзээ төрсөнөөс нь авахуулаад урьд нь ямар өвчин тусч байсан, ямар ямар тарилга, дархлаажуулалтад хамрагдаж байсан, төлбөрийг нь төлж байсан эсэх гэх мэт бүх л мэдээллийг нь авчихна. Бас даатгалын компани тэр чипийг нь уншуулаад өвчин их тусдаг мориноос өндөр төлбөр авах эсвэл ямар төрлийн даатгал хийлгэсэн гээд л хэрэгтэй мэдээллээ авчихдаг.

Онлайн хичээл

Урьд нь Сискогийн онлайн сургалтанд хамрагдаж байсан. Мөн АНУ-ын их сургуулийн онлайн хичээл ч хэрхэн явагддагыг мэднэ. Гэхдээ эд нар нь бүгд интернэтэд суурилсан байдаг байлаа. Интернэтэд холбогдох боломжгүй бас зөөврийн комптьютер байхгүй бол тэгээд хичээлээ үзэх боломжгүй гэсэн үг. Манай сургууль 2005 оноос эхлэн анх удаа онлайн сургалтаа гар утсаар явуулж байгаа юм байна. Энэ нь оюутан хаа ч явсан лекцэндээ суух боломжтой төдийгүй хичээлээ хийгээд байж болно гэсэн үг. Сүүлийн хэдэн жил “электрон” хэмээх тодотголтой үйлчилгээнүүд (e-commerce, e-procurement, e-government гэх мэт) олноор бий болсон. Тэгтэл бас mobile “хэмээх” үйлчилгээнүүд (m-commerce, m-learning, m-government гээд л…) бий болж байгаа билээ. Иймээс эдгээр үйлчилгээнүүд нь хэрэглэгч нарт салангид зүйл мэт санагдаад байдаг учир нэг мөр цэгцлэхийн тулд буцаад мэдээллийн системийн үйлчилгээ гэж нэрлэх нь зүйтэй гэж эд нар үзэж байгаа бололтой. Тиймээс энэ жилээс эхлээд бүх сургуулиуд “электрон худалдааны менежмент” хэмээх хичээлийнхээ нэрийг өөрчилж мэдээллийн системийн өөрчлөлтийн (хувьсалын) удирдлага гэх мэт нэртэй болгож байгаа юм байна.

Эдгээр технологийн дэвшлүүд нь манай улсад аль болох түргэн нэвтрээсэй гэсэн ерөөлөөр энэ удаагийн бичлэгийг өндөрлье.

—————-

More:

Монголчуудад зориулсан Австралийн талаарх үнэн бодит мэдээлэлүүд

Австралид: Мongolians-about-Аustralia, Монголчууд: Аustralia-wide-Мongolians

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: