2-Australia by Tamir

Thursday, November 16, 2006

Австрали орноор

Энэ блогдоо явж үзсэн орнуудынхаа талаар бага ч болов бичихээр шийдлээ. Зарим нэгэнд хэрэг болж магад гээд энэ удаа Австрали орны талаар бага ч болов мэдээлэл өгөхийг зорилоо.

Анх Австралид 2006 оны 5-р сарын 22-нд ирлээ. Наашаа ирэхээс өмнө урьд нь энд сурч байсан хэд хэдэн хүмүүстэй уулзаж зөвлөгөө авлаа, бас эртнээс л явах юмсан гэсэн хүсэлтэй байсан тул зарим зүйлийн талаар нилээд төсөөлөлтэй болсон байв. Ер нь уулзсан бүх л хүн үнэхээр сайхан газар гээд л ам сайтай байсан. Зарим нэг нь Америкаас хамаагүй илүү жаргалын орон гээд л баахан л магтаж байлаа. Тиймээс өөрийн гэсэн бараг төсөөллийг толгойдоо нэгэнт бий болгочихсон байв. Ингээд Солонгосын Инчеоноор (би ер нь авиа компаниудаас сонголт хийхдээ МИАТ-ыг сонгодог хэрвээ гуравдагч орон руу явах бол болж өгвөл Korean Air-г сонгодог, яагаад сонгох болсон талаараа дараа нь бичнээ) дамжин Сиднейд газардав. Онгоц газардах үед үүр цайж байсан болохоор Сидней хот дээрээс үнэхээр гоё харагдлаа. Далайн эрэг дээрх өндөр байшингуудынх нь дээд хэсэгт нь нар тусаад л ер нь их л үзэсгэлэнтэй харагдсаныг онцлон хэлэх нь зүйтэй. Би ч дотроо үнэхээр сайхан газар ирж байгаа юм байна гэж бодохын сацуу ийм сайхан газар сурах гэж ирж байгаадаа үнэхээр сэтгэл өндөр байлаа. Австралийн гаалийг их хатуу хэр баргийн юм оруулахгүй гэж олон хүн хэлж байсан учраас хэдэн бэлэг дурсгалын зүйлүүдийг маань оруулдаг болов уу гэж битүүхэндээ санаа зовж байв. Учир нь тэдгээр зүйл нь модон хүрээтэй арьсан дээр зурсан зурагнууд байсан юм. Ер нь наашаа ирэх хүмүүст захихад идэх юм (манайхан ааруул авч явах их дуртай), 2 шилээс илүү архи, ургамал, амьтаны гаралтай зүйл байвал гарал үүслийн бичиг гээд юмнуудаа их нямбай бэлдэхгүй бол хуулийн дагуу маш өндөр торгууль ногдуулна эсвэл түр саатуулж баривчлах заалт ч байдаг юм байна лээ. Сиднейн онгоцны буудал нь нээх ч том биш, Лас Вегасынхтай төстэй санагдсан. Тэнд 5 цаг болоод зорьсон газартаа (Мэлбурн) очихоор дараагийнхаа онгоцонд суулаа.

Ер нь энд анх ирээд ойд ирчихсэн юм шиг ногооны үнэр ханхлаад бас маш их модтой учраас аргагүй л ногоон тив гэж нэрлэхээс өөр яах билээ гэж бодож байж билээ. Ирсэн өдрөө түр буудалласан газрынхаа тооцоог хийх бас халаасны мөнгө хэрэгтэй байсан учир банк руу очиж мөнгө солиулах хэрэгтэй болов. Тэгээд дулаан газар юм чинь гээд дан цамцтай гарсан болохоор бага зэрэг даарсан шүү. Маргааш нь анх удаа сургууль руугаа явлаа, бас л хувцсаа арай л нимгэдүүлсэн байна. Мэлбурн тийм ч дулаан хот биш гэж хүмүүс хэллээ тэр тусмаа өвөл (6-р сараас өвөл эхэлнэ) болох гэж байхад зузаан хувцас өмсөх хэрэгтэйг зөвлөв. Цаг агаарын хувьд өвөлдөө ойролцоогоор 12-14 орчим хэмтэй байдаг.

Оршин суугчид
Энд гудамжинд нь Америкууд шиг инээмсэглээд (худлаа ч гэсэн) зөрөх хүн маш ховор. Миний бодлоор Мэлбурны хүмүүс (гэхдээ бүгд биш шүү) их хүйтэн, арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй хүмүүс юм уу л гэж мэдрэгдсэн. Бас манай хотод Азиуд маш их тэр дундаа Хятад, Ветьнам. Харин хар арьстан нээх их биш, бараг байхгүйтэй адил. Мэлбурны Засаг дарга нь Хятад хүн байдаг болоод ч тэр үү Хятадууд энд дээгүүр албан тушаал эрхлэх нь бий. Америкт хүмүүс нь Мексикүүдэд дургүй байдаг шиг энд Энэтхэгүүдэд дургүй байдаг юм байна лээ. Яагаад гэвэл бүдүүлэг, амиа бодсон, муу санаатай хүмүүс гэж хэд хэдэн хүн хэлсэн нь үнэний ортой. Би мэдээллийн технологийн чиглэлээр сурдаг болохоор манай курсын бараг 60, 70 хувь нь Энэтхэгүүд. Бас нэг юм дурдахад амьтаны эрхийг маш ихээр дээдэлнэ. Хүмүүс нь тэжээвэр амьтадыг хүнээс илүүтэй үзэх нь бий. Тэр явдал нь надад их сонин санагддаг. Ер нь хүүхдэд тийм ч дуртай хүмүүс биш бололтой. Бас Америкуудад битүүхэндээ дургүй хүмүүс. Хэрвээ Америк аялгаар яривал зарим хүмүүс чи яагаад Америк аялгаар яриад байгаа юм гэж байх жишээтэй. Мөн зурагтынх нь зарим нэвтрүүлгээр Америкийг муулах, шүүмжлэх зүйлүүд гарна. Гэсэн хэдий ч улс төрийнхөө түвшинд Америкаас хамааралтай юм шиг санагддаг.

Аж амьдрал
Австрали орон нийгмийн халамж маш сайн. Хүүхдийг насанд хүрэнгүүд залуу хүний хэрэгцээний мөнгө (youth allowance) гэж өгнө, тэр нь 2 долоо хоногт 180 доллар. Ганц бие хүүхэдтэй эмэгтэй хүмүүст 2 долоо хоногт 900 доллар гээд өөрсдийнхөө иргэдэд харамгүй мөнгө өгдөг. Саяхан гаргасан судалгаагаар Австрали улс амьдрахад хамгийн таатай улсуудын 3-т жагссан байна лээ (1-рт Норвеги орсон байсан). Тэр нь 3 үндсэн зүйлээр шалгаруулсан. Үүнд: боловсролын систем, нийгмийн хамгаалал, орлого.

Байр
Мэлбурнд байр түрээслэхэд хугацаа их зарцуулагдана. Хамгийн түрүүнд байраа интернэтээр хайна. (www.domain.com.au, http://www.realestate.com.au, realestateview.com.au) Тэгээд тухайн байр ямар үл хөдлөх хөрөнгийн агентлагт харъяалагдаж байна тэнд нь очиж 50 долларын барьцаа үлдээгээд түлхүүрийг авч байраа очиж үзнэ. Заримдаа түлхүүрийг нь өгөхгүйгээр байр үзэх хуваарь гаргана зөвхөн тэр хуваарийн дагуу л очиж үзэх ёстой. Ингээд байр таалагдсан бол өргөдлийн маягт бөглөж өгнө. Голцуу тухайн байран дээр хэд хэдэн хүн өргөдлийн маягт бичиж өгсөн байдаг юм байна лээ. Тэр маягттайгаа санхүүгийн чадавхиа батлах баримт бичгээ өгнө (агентлагийн хүмүүс нь хувилаад авчихдаг юм). Ингээд л утсаа чагнаад сууна даа. Учир нь таны материалыг цааш нь байрны эзэн рүү нь дамжуулж тухайн эзэн нь байрандаа таныг суулгах үгүйгээ шийднэ гэсэн үг. Хугацаа алдахгүйн тулд хэд хэдэн байранд маягт бөглөөд өгөх нь зүйтэй. Байрны хөлсний үнэ өрөөний тоо, байршил, барилгаасаа хамаарч янз бүр. Жишээ нь 1 өрөө байр (studio буюу гал тогоо нь цугтаа байдаг 1 өрөө) долоо хоногт 150-230, манайхаар 2 өрөө (нэг унтлагын өрөөтэй) буюу 1 bedroom нь долоо хоногт 160-310 доллар байдаг. Шинэ барилгууд нь мэдээж үнэтэй, тийм болоод ч байрандаа нийтийн эзэмшлийн бассейн, саун, мах шарах газар, газрын теннисний талбай бий. Бас түүнээс гадна нэгдсэн хамгаалалттай, голцуу үүдэн хэсэгтээ жижүүртэй байна. (мэдээж манайд байдаг орцны жижүүрээс шал өөр шүү)

Тээвэр
Машин авахад үнэ нь харьцангуй өндөр. 1000 орчим доллараар бүр 1980-аад оны машин авна. За тэгээд 1995 орчим оны машин бол 3000-5000 орчим доллар. Мөн машины татвар гэж жилд ойролцоогоор 500-1000 орчим доллар төлнө. Мөн хотын төвдөө машины төлбөртэй зогсоол л голцуу олдоно. Түүнээс гадна замын түгжрэл нилээд ихтэй. Тиймээс онцын шаардлагагүй бол нийтийн унаагаар явах нь цаг, мөнгөнд хэмнэлттэй. Энд 3 төрлийн нийтийн тээврээр үйлчилнэ. Үүнд: автобус, трамвай, метро. Нэг л төрлийн тасалбараар эдгээр бүх тээврийн хэрэгсэлээр зорчиж болно. Гэхдээ хэр хол явах болон тасалбарын үйлчлэх хугацаанаас хамаараад үнэ нь янз бүр. Мэлбурныг нутаг дэвсгэрийн хувьд үндсэн 3-н бүст (zone) хуваана. Хэрвээ 1-р бүст 2 цаг зорчих тасалбарын үнэ 3.20 доллар, өдрийн тасалбар 6.10, долоо хоногийнх нь 26.70, харин сарынх нь 98 гаруй доллар байна. Хэрвээ 1-р бүсээс 2-р бүс рүү явах гэж байгаа бол үнэ нь 80 орчим хувь нэмэгдэнэ. Мөн 3-р бүс рүү бол бүр л үнэтэй болно гэсэг үг. Харин бүтэн сайн 2.50 доллараар тасалбар аваад тэр өдөртөө аль ч бүс рүү явж болно. Түүнээс гадна хотын төв хэсэгт зорчих city saver хэмээх тасалбар байна. Жуулчлалаар явж байгаа хүмүүс энэ тасалбарыг аваад хотын төв хавьцаа илүү хямдхан явах боломжтой. Мөн тодорхой маршрутаар жуулчидад зориулсан трамвай болон автобус үнэгүй явдаг.

Хүүхдийн цэцэрлэг
5 хүртэлх насны хүүхэд цэцэрлэгт явна. Хэрвээ 5 хүрсэн бол сургуульд явж болно. Хүүхэддээ цэцэрлэг олоход нилээд бэрхшээлтэй. Эртнээс л орон тоо захиж байхгүй бол 2, 3 сар хүлээдэг юм байна лээ. Миний хувьд хувийн бас жоохон үнэтэйвтэр цэцэрлэг олсон болохоор нээх их хугацаа шаардаагүй, ойролцоогоор 3 долоо хоног хайгаад л олчихсон. Цэцэрлэг нь долоо хоногт 230-330 доллар байна. Мөн долоо хоногийн 2 эсвэл 3 өдөр ч өгч болно. Энэ тохиолдолд өдрөөр төлбөрөө авахаар арай үнэтэй болно. Манай хүүхдийн цэцэрлэг долоо хоногт 313 доллар (ажлын 5 өдөр явна гээд хамгийн хямдаар нь тооцоход). Миний хувьд эндэхийн Засгийн газрын тэтгэлэгээр сурдаг учир давуу талууд бий. Эдгээр давуу талуудын нэг нь хүүхдийн цэцэрлэгээс тодорхой хэмжээний хөнгөлөлт авч болно. Түүнийгээ хөөцөлдөөд эхний 2 долоо хоног бүтэн төлбөрийг нь төлсөн. Энэ хөнгөлөлт нь визний ангилал, татвар төлөгчийн дугаартай зэрэгээс хамаараад янз бүр. Цэцэрлэгийн хөнгөлөлтийн эхний материал бүрдүүлж өгөх үед надад болон эхнэрт маань татвар төлөгчийн дугаар байхгүй байсан учир хөнгөлөлт нь долоо хоногт ердөө 12.50 доллар болж байв. Ингээд долоо хоногт 300.50 доллар төлж байлаа. Харин саяхан би өөрийн татвар төлөгчийн дугаараа авсанаар дахин мэдэгдэж хөнгөлөлт маань долоо хоногт 100 орчим доллар болж байна лээ. Одоо долоо хоногт 200 гаруй доллар төлөх байх гэж тооцоолсон. Бусад эх үүсвэрээр (тухайн улсынхаа тэтгэлэг, хувийн гэх мэт) сургалтынхаа зардлыг төлж байгаа оюутнуудад энэ хөнгөлөлт хамаардаггүй юм байна.

Утас, интернэт
Наашаа ирэх гэж байгаа хүмүүс GSM системийнхээ гар утасыг авчрахыг зөвлөж байна. Энд утас нилээд үнэтэй. Гар утасны хэд хэдэн оператар бий. Тэр дундаас Монголчууд маань Optus, Telstra-г илүүтэй хэрэглэнэ. Telstra-ийн хувьд Монгол руу мессеж бичиж болдог давуу талтай боловч үнийн хувьд нилээд өндөр. Optus-ийн хувьд үнэ ара хямд бас хэд хэдэн төрлийн багцийн үйлчилгээ санал болгоно. Ер нь сард ойролцоогоор 20-50 доллар гар утасныхаа төлбөрт төлнө. Интернэт холбуулахад хэрэглээнээсээ хамаарч ямар компанийг сонгохоо шийднэ. Хэрвээ төдийлөн их хэрэглэхгүй мөн гэртээ утас шаардлагагүй гэж үзвэл утасгүй интернэт сонгож болно. Энэ нь сарын 300 МБ хэрэглээний хувьд 50 орчим доллар байна. Бусад интернэт холболтын хувьд гэртээ заавал утастай байх шаардлагатай байдаг болохоор утасны суурь хураамж нилээд өндөр. Сарын 20-30 орчим доллар болно. Түүн дээр мөн интернэтийнхээ төлбөрийн төлнө. Интернэтийн төлбөр нь хурд, хэрэглээнээс хамаарч янз бүр. Жишээ нь: би 512 kbps хурдтай хэрэглээний хязгааргүй интернэт холболтыг Dodo компаниас сарын 79 доллараар авч байгаа (үүнд утасны суурь хураамж багтсан болно). Optus 20 mbps хүртэлх хурдтай интернэт санал болгодог нь хамгийн хурдан нь. Үнийн хувьд мөн л миний хэрэглэж байгаатай ойролцоо боловч хэрэглээний хувьд сарын 4 ГБ хэрэглэх хязгаартай мөн анх суурилуулахад шилэн кабелийн холболт хийх тул цаг их зарцуулна. Гэхдээ ямар ч компанийн интернэтийг холбуулсан дор хаяж 2-3 долоо хоног зарим нь сарын дараа суурилуулж өгнө.
Нэгэн удаа хөлслөх байр хайж яваад саяхан баригдсан гэх хотын төвд байдаг гүүрээр (Yarra голын дээгүүр барьсан South Bank болон хотын төвийг холбодог гүүр) явж байгаад сонин зүйл харлаа. Гүүрний нэг талаар нь дэлхийн улс орнуудын тухай мэдээллийг (газар нутаг, хүн ам, хэл соёл гэх мэт) тус бүрт самбар үүсгэн Англи цагаан толгойн дарааллар байрлуулсан байлаа. Мэдээж Монголынхоо талаарх мэдээллийг тэр дундаас харах гээд л алхаагаа түргэсгэлээ. Гэтэл эх орны маань самбар байдаггүй. Монако гэснээ шууд Моррока гээд дунд байх ёстой улсын маань самбар байхгүйг хэд хэдэн удаа лавлаж хайсны эцэст мэдлээ. Сэтгэл нэг л сонин хэндээ ч юу ч хэлэх билээ дээ. Дараа нь тэнд байдаг хэдэн Монголчууддаа бас тэр талаар хэлсэн боловч тухайн үедээ харамсаад л өнгөрсөн. Бүгд л чухам юу хийхээ мэдэхгүй байлаа. Эрхэм уншигч та ямар арга хэмжээ авч болох талаар мэдэж байвал зөвлөөрэй. Миний бодлоор манай улсыг төлөөлөн суудаг өргөмжит консуль Сиднейд байдаг түүнд энэ талаар ямар ч гэсэн мэдэгдэх хэрэгтэй болов уу, түүнээс гадна Гадаад хэргийн яамны холбогдох албан тушаалтан руу имэйл бичье гэж бодох юм. Одоохондоо зав тааруу, хичээл дуусаад зав гарахаараа энэ талаар хөөцөлдөнө. Тэгээд юу болсон талаар нь эргэж мэдэгдэнээ. Дээр өгүүлсэн гар утасны операторуудаас гадна Vodafone, Primus, Virgin Mobile, Pynk, Think Mobile зэрэг компаниуд бий. Та өөрөө ямар компаниа сонгохоо шийднэ бизээ. Интернэт холболтын хувьд Optus, Telstra, Dodo, Primus, ISP, Unwired гэх зэрэг маш олон компаниудаас сонголт хийж болно. Утас болон интернэтийн хувьд гэрээ хийхдээ гэрээнийхээ хугацааг анхаарах нь маш чухал. Үүнээс хамаарч бас үнэ нь хэлбэлзэнэ.

За үүгээр түр завсарлъя.

Амжилт хүсье

—————-

More:

Монголчуудад зориулсан Австралийн талаарх үнэн бодит мэдээлэлүүд

Австралид: Мongolians-about-Аustralia, Монголчууд: Аustralia-wide-Мongolians

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: