Америкт байгаа монголчуудын бизнес амжилт

Official web: http://www.monamerchamber.org/index.php

From: http://omega.argamag.com/uulzalt/overview.html

Өнөөдөр Америкт өөрийн хувийн бизнес эрхлээд тодорхой амжилтад хүрч буй монголчууд цөөнгүй байна. Чулууныхан, дэлгүүрийнхэн, цэвэрлэгээнийхэн, компьютерчид, утасныхан, машин засварынхан, телевизийнхэн гээд л монголчууд зөвхөн ажилладаг биш, бизнес эрхэлдэг салбарынханыг жагсаахад энэ шүү дээ.

Саяханыг хүртэл бид нутаг ярих утасны картаа азийн жижиг зах, дэлгүүр мухлаг, бензин колонк, вэб сайт хаа таарсан газраасаа арабуудаас, хятададуудаас, оросуудаас, ер нь хэнээс авч байгаагаа ч мэдэхгүй зайлшгүй л гадныханаас авдаг байлаа. Тэгсээр өвөрмонголчуудынхаа картаар үйлчлүүлдэг болсон. Одоо бол аргамаг, колл2монголиа, асуулт, монголтавн, орлоо, замдаан, омега карт гээд монгол хүмүүс эрхэлдэг, зохицуулдаг, худалддаг өөрсдөө бизнесээ бүрэн мэддэг утасны картаар ярьж байна.

Саяханыг хүртэл Америк компанид ажлаад алдарт Майкрософт, Сиско-н бүтээгдхүүнээр мэргэшиж , Америкуудад өндөр үнэлэгдэн жирийн мэргэжилтэнээс эхлээд зөвлөх, ахлах зөвлөх зэргээр шат дараалан алхаж компаныхаа дэд ерөнхийлэгч хүртэл дэвшиж байсан монгол залуу одоо мэдээллийн технологи, интернэтийн чиглэлээр өөрийн компаниа байгуулан Америкуудыг байлдан дагуулж байна.

Вашингтон ДиСи орчимд чулууны ажил амар олддог, цалин гайгүй гэж яригддаг байсан үе хэдийнээ өнгөрч одоо Монгол компаниар үйлчүүлэхэд сайхан байна гэж Америкчууд дуу алдаж байна. Жишээлбэл,

I just wanted to say what a great job the Tristate Granite and Marble team did on my project.
Project Location: 25 Roxbury Street, Huntington Station, NY 11746 Kitchen Countertops
Also the estimate was very fare and included everything; the measure up crew was punctual,
knowledgeable, kind and courteous and last but not least the installation was beautiful.
My Very Best to all,
Curtis Taufman, Architect

хэмээн бичиж байгаа нь бодит үнэн.Америкт хууль, эрх зүйн мэдлэг алхам тутам зайлшгуй хэрэг болдог. Хэл, зан заншил өөр ч ойлголцоход арай дөхөм, бас хямд үнэ зэргээс болж орос ах нар, хятад хуульчдад хандах нь элбэг. Тэгвэл бид одоо өнөөдөр Монгол хүний хуулийн фирмтэй харьцаж болох болсон байна. Хуулийн мэдлэг боловсрол Орост эзэмшиж, мастер, доктортой нь суралцаж, улмаар Монголын дээд шүүхэд ажиллаж байсан туршлагатай, чадалтай монгол хуульч Америкийн хуулийн сургуульд мастер хийж, цаашлан доктор хэмээх цолыг мөн л Америкт хамгаалахаар зүтгэхийн зэрэгцээ өөрийн хуулийн компани байгуулаад тодорхой амжилтад хүрч байна.

Саяхан л ЭмБиЭй хийнэ гээд ирж байсан монгол залуу суралцаж байх хугацаандаа H&R Block, Semco Incorporated, Office Depot, Монгол Улсын Вашингтон дахь элчин сайдын яам зэргээр дамжин, суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийж, туршлага олсоор өнөөдөр Америкийн топ даатгалын компанийн агент болж даатгал, санхүүгийн үйлчилгээний компани байгуулаад жил боллоо.

Мөн өчигдөр мэт санагдаж байгаа нь, цөөнгүй найзууд маань ажил хайсаар солонгосчуудын дэлгүүрт худалдагч болж байж билээ. Өнөөдөр тэд өөрсдийн тав зургаан дэлгүүрийн эзэд болоод байна.

Вашингтон ДиСи орчимд Сандагаа гэдэг нөхрийг танихгүй монгол байтугай Америк ч байхгүй байх. Машин нь эвдрэх, саатах бүрт хаа холоос ч нутаг нэгтнүүд нь үргэлж утас цохиж мань хүнээс лавлана. Тэдний нэг нь яах аргагүй би билээ. Унааныхаа албан ёсны засварын газарт очоод дугуйгаа солих гэтэл жаахан үнэтэй дугуй зарчих гээд байхаар нь залгана, машин шинээрээ л байх гэтэл ээлжит жилийн үзлэг давахгүй нэг муу жижиг резин урагдсан ч мань хүн рүү залгана, тайминг бээлт солих лут ажилд найздаа туслаадахсан ч залгана. Надад лав Сандагаагүй шийдсэн машины проблем байхгүй дэг ээ.

Энэ өвөл Чикагод сургалтанд явлаа. Онгоцны буудал дээрээс монгол жолоочтой таксигаар буудалдаа хүргүүлэх ч сайхан байлаа. Таксиныханы ярьдагаас дуулгахад, манай нэг залуу хэдэн такси худалдаж аваад нэгийг нь хэл амар ойлголцохоор нь гээд хойд ахынхаас ирсэн залууд түрээслэсэн гэж байгаа. Тэгээд цаадах нь гэртээ нэг дагуулж очсон байна. Жолооч эхнэртээ “энэ манай босс” хэмээн танилцуулж, эхнэр нь ч хөл алдан дайлсан гэнэ. Энэ үед манай хүнд тун сонин сэтгэгдэл төрж, нуруугаар нь жирс хийжээ гээд инээлдэх нь маньд нээрээ сайхан санагдаж байлаа.

Мөн нэг удаа сайн танил утас цохиж байна аа. Энэ нягтлан бодох бүртгэл гээч чинь амархан юм шиг мөртлөө яг тулахаар код бичихээс амаргүй юм байна гэж байсан монгол залуу өнөөдөр Америк стандартын аккаунтинг програмаа биччихсэн танайх хэрэглэж үзээч гэж байх. Мань хүний дараагийн алхам Америкийн мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтуудыг давах гэнэ. Тэгвэл одоо үзүүлж байгаа татвар бодох үйлчилгээгээ маш боломжийн хэмжээнд өргөжүүлж, санхүү нягтлан бодох бүртгэл, аудит хийх хэмжээнд очно гэнэ.

За энэ мэтээр дурдаад байвал монголчуудын бизнес амжилтын талаар барагдахгүй их зүйл бичиж болно. Монгол хоолны газрууд, монгол ТВ үзүүлэх үйлчилгээ, маркетинг, бизнесийн үйлчилгээ, монгол риэлтэр, мөнгө зээлдэх санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч монгол, аутсорсинг хийж эх нутагтаа цөөнгүй ажлын байр, шинэ төрлийн бизнес хийж буй монгол, барилга засварын үйлчилгээ хийдэг монгол … бичээд байвал нээрээ энэ жагсаалт дуусахгүй нь.

Бас нэгэн зүйл нэмэхэд, Америкт байгаа монголчуудын холбоо олноор байгуулагдлаа. Амжилттай сайхан ажиллаж байна. Манийг анх Америкт ирэхэд Бэй Эйриад Ш.Баатар баруун эргийн монголчуудын соёлын сан гээд нэг холбоотой байлаа, Чикагод Баяраа ах, Гэрлээ эгчийн Америк-Монголын холбоо байж. Хожим нь Дэнвэрт, ДиСи-д холбоо байгуулагдсан. Одоо Сакраменто, Лос Анжелос, Сиатлид монголчуудын холбоо байгуулагдаад амжилттай ажиллаж байна. Эд нар чинь ТББ, бизнестэй ямар хамааралтай гэж энд дурдав хэмээх нэгэн гарах л байх. Миний бодлоор эд бол монголчуудын бизнес юм. Ашгийн бус энэ байгууллагууд ашиг олох хуримтлуулахын тулд биш, олсондоо багтаагаад бусдад хэрэгтэй, өгөөжтэйгөөр үрэх ёстой л болохоос мөнгө төгрөгтэй харьцах үйл ажиллагаа ихээр явуулдаг, тэгээд ч Америкийн хуулиар ашгийн бус бизнес гэсэн ангилалд ордог нь ч учиртай.

За дахин нэг зүйл дурдалгүй өнгөрч чадахгүй нь, АНУ-д байгаа манай элчин сайдын яаманд илүү хамааралтай юм уу даа. Америкт байгаа монголчууд өөрсдийн бизнестэй боллоо, Монгол Улсын иргэдийн өмч Америкт бий болчихлоо, тодруулбал Монгол Улсын эрх ашиг гээч юм Америкт бий болчихлоо шүү дээ, таминь ээ. Одоо яах ёстой вэ?

Одоо бид бүгд нэг дор уулзана, нийлж хэн нь юу чадаж байгаагаа үзүүлж харуулж, туршлага солилцоно. Чадахгүй, хүрэхгүй байгаагаа нөхөлцөнө. Үнэндээ би аккаунтинг хөтлүүлэх, татвар бодуулах, нэгдсэн улс, муж улсын элдэв форм бөглөж явуулах, хуулч хөлслөх бүртээ Америк хүнтэй л харьцдаг. Одоо бодох нь ээ, яагаад монгол хүнээр, монгол бизнесээр хийлгэж болохгүй гэж …

Э.Жагдагдорж
Колумбиа, Мизури
2007-3-28

Америкт бизнес эрхлэдэг монголчуудын уулзалт

2007 оны дөрөвдүгээр сарын 22 • Chicago

Яагаад энд оролцох хэрэгтэй гэж?

Уулзалтаар америкт бизнес хэрхэн эрхлэх, хууль эрх зүйн зөвлөгөө, татварын зөвлөгөө, бизнес даатгал болон бусад сонирхолтой сэдвээр мэргэжлээрээ америкт олон жил ажиллаж байгаа монголчууд зөвлөгөө өгч, оролцогчид чөлөөт ярилцлага хийнэ.

Яг одоо конгрессоор хэлэлцэгдэж байгаа цагаачлалын хууль, түүнийг бизнэс эрхлэхэд хэрхэн хэрэглэж болох, ямар ямар боломжит хувилбарууд байгаа талаар ярилцах хэсэг тун сонирхол татна гэдэгт эргэлзэхгүй байна.

Хэн хэн оролцох вэ?

Таньтай уулзаж ярилцах, танилцах, хамтран ажиллах хүмүүсийн жишээ болгож дурдвал :

  • Хуульч;
  • Даатгалын мэргэжилтэн;
  • Мэдээлэл холбооны тэхнологийн мэргэжилтэнүүд;
  • Нягтлан бодох, санхүүгийн мэргэжилтэнүүд;
  • Бизнэсийн чиглэлээр суралцдаг оюутнууд;
  • Янз бүрийн грант, санхүүжилтын үйл ажиллагааны прожект бичих талаар ажилладаг, суралцдаг хүмүүс;
  • Төрөл бүрийн бизнес эрхлээд эхэлсэн хүмүүс;
  • Жижиг бизнес эрхэлж байгаа болон зэхэж байгаа ногоон кард эзэмшигчид;
  • Жижиг бизнест хөрөнгө оруулсан, ажиллах эрхгүй, эсвэл тогтсон ганц газар ажиллах эрхтэй хүмүүс;
  • Жижиг бизнес эрхэлдэг харласан улс;
  • Хувийн бизнес эрхлэхээр зэхэж байгаа бусад хүмүүс;

Та энэ уулзалтад оролцсоноор америкт бизнес эрхлэх мэдлэг, чадвараа сайжруулна, олон хүнтэй харьцаж, танилцаж, хамтарч ажиллах болно гэдэгт итгэж байна.

Асуулт байвал 630/210-1021 утсаар, amgaa@argamag.com имэйлээр хандаарай

Argamag Inc.
3505 Bray Ave
Columbia, MO 65203
Phone: 573/268-5312
http://www.argamag.com

Ilios Networks LLC
1805 Paddington Ave
Naperville, IL 60563
Phone: 630/210-1021

B.Sukhbaatar ( Student)
Phone: 202/270-0540

Bold Agent LLC
109 E.Walnut St
Columbia, MO 65203
Phone: 573/529-9624
http://www.farmersagent.com/uyadamsuren/

Ganzorig Consulting Inc.
Suite #609
2009 North 14th Street
Arlington, VA 22201
Phone: 703/312-7041
http://www.ganzorigconsulting.us

Orloo Web Team
Phone: 703/868-0103
http://www.orloo.com

Sandagaa Auto Service
Phone: 301/675-5015

U.Ganbayar & family (Oakland, CA)

Mongoltown
http://www.mongoltown.com

Hamag Mongol
Phone: 702/215-9055
http://www.hamagmongol.net

banjig.net
Phone: 314/898-5962
http://www.banjig.net

БАМХ
Бэй ариа дахь Монголчуудын холбоо

MGL Trans Inc.

American Mongolian Association
Phone (773) 299-0729

SOLEX Academy
Phone (847) 229-9595
http://www.solexone.com

BIR Training Center
Phone: (773) 977-1416
http://www.birtraining.edu

Arbonne International
Сүлжээний гишүүд

NU SKIN
Сүлжээний гишүүд

Chicago Mongolian Center
* Уулзалтыг спонсорлох хүсэлтэй байгууллага, хүмүүс
jagdag_e@yahoo.com имэйлээр хандана уу!

From: http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=58

Америкт Бизнес Эрхлэгч Монголчуудын Чуулганы Тэмдэглэл

4 сарын 22-нд Чикаго хотноо Америкт бизнес эрхлэгч монголчуудын анхдугаар чуулган болж өнгөрлөө. Хамаг Монголын вебмастер М. Сувдмаа энэ чуулганы талаарх хувийн тэмдэглэлээ энд танилцуулж байна.Юуны түрүүнд чуулганд маш олон хүмүүс Америкийн өнцөг булан бүрээс өөрсдийн зардлаар хүрэлцэн ирсэн нь надад өндөр сэтгэгдэл түрүүлсэн. Нийт 150 гаруй хүмүүс оролцсон, 1/3 хувь нь урдчилан бүртгүүлээгүй ирсэн ч уулзалтын зохион байгуулалт сайн болж, тараах материал, зууш хүртээмжтэй, техникийн ямар нэгэн саатал гараагүй. Solex Academy-ийн байранд тэндхийн монгол ажилчид Болор, Ундрам нарын туслалцаагаар, мөн гол зохион байгуулалтын ажлыг Аргамаг компаны Жагдагдорж, Амгаабатар нар нугалж энэ үйл ажиллагаа амжилттай боллоо. Олон дэмжигч, спонсоруудын ачаар уг уулзалтын зохион байгуулалт, санхүүгийн асуудал шийдэгдсэн бөгөөд тэдгээрийн талаарх мэдээлэл болон чуулгантай холбоотой бусад нарийн мэдээллийг эндээс үзнэ үү.

Миний хувьд Калифорниа, ДиСи-ээс ирсэн хүмүүсийг бодвол харьцангуй богино зай туулж, Иллинойс мужийн Champaign хотоос 3 цаг машинаар явж уулзалтанд очив. Урьд нь зөвхөн нэрийг нь сонсож, имэйл, утсаар харилцаж байсан олон хүмүүстэй нүүр тулан учирч мэнд усаа мэдэж, санал бодлоо солилцсон нь их сайхан хэрэг болов. Онлайн нэг нэгэнтэйгээ өрсөлдөж, зарим тохиолдолд хэрүүл маргаан хийж явдаг хүмүүс гар барилцахыг харах сонин байлаа. Америк дахь монголчуудад зориулан үйл ажилаагаа явуулдаг гол вебсайтуудын эрхлэгч нартай уулзлаа, үүнд Orloo.com-ийн Тайван, Ариунаа хоёр, Asuult.net-ийн Хундага, DayarMongol.com-ийн Номинчимэд, Zamdaan.com-ийн Цэрэндорж, Banjig.net-ийн Амгаа зэрэг зорилго нэгтэй нөхдүүдтэй уулзав. Америк дахь монголчуудаа мэдээллээр хангах гэж өөрийн цаг, хүчээ зориулан, үндсэн ажил төрлийнхөө хажуугаар зүтгэж буй энэ хүмүүсээр бахархах сэтгэл төрөв. Дашрамд дурдахад, MongolTown.com-ийн хүмүүс ирж чадаагүй ч, чуулганы үйл ажиллагааг дэмжиж спонсордсон юм.

Энэ зургыг Banjig.net-ээс авав. Чуулганы бусад зургуудыг эндээс үз.

Чуулганы гол зорилго нь бизнес эрхэлж буй хүмүүсийг цуглуулж, нэгтгэсэн холбоо байгуулах, бизнест хэрэгтэй зөвлөгөө, сургалт явуулах, бизнес болон байгууллагынхаа талаар бусаддаа танилцуулга хийх боломж олгох явдал байв. Бизнес танилцуулгын хувьд маш олон газрууд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд, үүнд дээр дурдсан Америкт дахь монгол вебсайтууд, Колорадо, Чикаго-ийн монголчуудын холбоод, Arbonne, Nu Skin гоо сайхны сүлжээнүүд, Аргамаг утасны карт, Solex Academy хэлний сургууль, Америк дахь монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн, монгол эм, эмнэлэг, American Taxi Co зэрэг байгууллагууд танилцуулга хийв.

Зөвлөгөө, сургалтын хувьд Колорадогийн монголчуудын холбооны Хулан америкт бизнес хэрхэн нээх, бизнесийн төрлүүд зэргийг тайлбарлан ярив. Ganzorig Consulting-ийн Ганзориг бизнес эрхлэх эрх зүйн үндэс, бизнэс эрхлэгчдийн цагаачлалын асуудал зэрэг сэдвээр яриж, маш олон хүмүүсийн асуултанд хариулав. Farmers Insurance Group-ийн Өлзийболд бизнесийн даатгал хэрэгтэй юу, ямар төрлүүд байдаг талаар илтгэв.

Би өөрөө “Интернет Маркетинг Хямд Үнээр” гэсэн гарчигтай бяцхан сургалт явуулсан бөгөөд энэ нь “Бизнес Вебсайттай Болох”, “Онлайн Сурталчилгаа Хийх” гэсэн хоёр хэсэгтэй байв. Эхний хэсэгт бизнест вебсайт хэрэгтэй юу, хэрэгтэй бол хэрхэн домэйн нэрээ авах, вебсайт хийлгүүлэхдээ анхаарах зүйлс, сайтаа хаана байрлуулах, онлайн төлбөр хүлээн авах зэрэг сэдвээр ярьсан. Хоёр дахь хэсэгт вебсайтаа хэрхэн онлайн лавлах, хайлтуудад бүртгүүлэх, сайтын линк, бэннераа байрлуулах, Google Adwords гэж юу болох, бизнесээ онлайн сурталчлах үнэгүй ямар аргууд байна гэсэн сэдвүүд хөндөн ярив. Миний энэ яриандаа үзүүлсэн материалыг эндээс татан авна уу (анх PowerPoint файл байсан, одоо PDF руу шилжүүлсэн).

Мөн уг чуулганд Америкт дахь Монголын элчин сайдын яамнаас албаны төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Яамны 1-р нарийн бичгийн дарга, монгол-америкийн худалдаа хөгжлийн асуудлыг гардан хариуцдаг Х. Түмэнбаяр оролцсон юм. Тэрээр яамны зүгээс, мөн монголын засгын газрын зүгээс Америк дахь бизнес эрхлэгчдэд ямар дэмжлэг, тусламж үзүүлэх боломжтойг дурдаад, мөн монгол-америкийн эдийн засгийн өнөөгийн харилцааны талаар маш дэлгэрэнгүй тоо баримт танилцуулав. Нэг сонирхолтой тоо баримт гэвэл монголын эдийн засгийн нэлээд хэсэг нь гадаадад буй монголчуудын ар гэртээ явуулдаг мөнгөн (remittance) дээр тогтдог, сүүлийн үеийн тоогоор жилд $80,000,000 гэсэн байх (?). Мөн одоогийн барагцаагаар АНУ-д 20,000 гаруй монголчууд оршин сууж байна.

Чуулганы төгсгөлд Америкт бизнес эрхлэгч монголчуудын холбоо (нэр нь шийдэгдээгүй байгаа) үүсгэн байгуулах асуудлаар ярилцаж, холбооны дүрэм, гишүүний татварын талаар санал хураасан. Уг нь санал хураалтын үед байсан хүмүүс “Mongolian American Business Association” гэсэн нэрэн дээр олонхын санал авсан. Гэвч холбооны жинхэнэ гишүүд нь бүртгүүлсэн хойноо дахин санал хураалт хийж өөр нэр сонгож болзошгүй (жишээ нь, “Mongolian American Chamber of Commerce”). Мөн тухайн үед холбооны гишүүдийг санал өгөх эрхтэй, эрхгүй гэх мэтээр ангилалгүй, бүгд адилхан эрхтэй, адилхан хураамж төлнө гэж тогтсон. Одоогоор хураамжийн хэмжээ жилд $600, гэхдээ гишүүд бүртгүүлсэн хойноо дахин санал асуулт явуулж өөрчилж магадгүй. Миний хувийн бодлоор нэг их ашиг хөөдөггүй, зөвхөн үйл ажилаагааныхаа зардлыг нөхдөг Хамаг Монгол мэтийн мэдээллийн байгууллагад арай ахдах хураамж юм. Гэхдээ бид энэ холбооны үйл ажиллагаанд оролцох хүсэл их байна, мөн уг холбоог болон гишүүдийг мэдээллээр хангах, зар сурталчилгаанд нь туслах боломжтой.

Бичсэн М.Сувдмаа

http://www.zamdaan.com/manai_zochin.html

АРГАМАГ.КОМ-ын Э.Жагдагдорж

ӨНӨӨДӨР БИЗНЕС ЭРХЛЭЭГҮЙ Ч “МИХАЙЛД НЭГ БОДОЛ БИЙ” ГЭЭД АЛХАЖ ЯВАА МААНЬ ОЛОН ШҮҮ ДЭЭ

Америкт бизнес эрхлэж буй Монголчуудын уулзалтыг зохион байгуулагчдын нэг Эрхэмбаярын Жагдагдоржтой интернэтээр хөөрөлдлөө. Тэрээр “-Бид одоо хамтын тоглолт хийх цаг болжээ.” хэмээн санал бодлоо дэлгэн ярьж байна.

Ийм уулзалт зохиох бодит хэрэгцээ гарч ирж байна уу?

Байлгүй яахав. Монгол Улсын иргэд Америкт анх ирсэнээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Олон хүн Америкийн нэртэй их дээд сургуулиудад боловсрол эзэмшлээ. Дийлэнх нь нутаг буцаж эх нутгийнхаа бүтээн байгуулалтад оролцож байна. Энд үлдээд мэргэжлээрээ болон өөр чиглэлээр ажилласан хүмүүс бий. Нийтдээ арван мянга давсан , заримдаа хорин мянга тоо албан бусаар яригддаг. Эднээс өөрийн жижиг бизнес эрхлээд явж байгаа улс цөөнгүй.

2005 онд өөрийн тань “Америкт анх ирсэн монголчууд амьдрах арга ухааны эхний зам мөрийг зөв тавьсан гэж би боддог” гэсэн ярилцлагыг уншиж байхдаа олон зүйлд санаа нийлж байсан. Ялангуяа “Ер нь манайхан Америкт ажиллаж амьдарч эхэлсэн арав хүрэхгүй жилийн хугацаанд гараа хумхиад зүгээр суусан хүн байхгүй, бүгдээрээ л зав зайгүй ажиллаж байна” гэдгийг бүр хоёр гараа өргөөд дэмжиж байж. Тэр үед би үндсэн ажлынхаа хажуугаар жижиг бизнест хөрөнгө оруулагч болоод жил гаран болж байжээ. Одоо ч түүнийгээ үргэлжүүлсээр амрах завгүй л зүтгэж байна. Энд байгаа хүн бүр ийм зам туулж байгаа.

Гэхдээ тэр үеийг бодвол олон хүн бусдын байгуулагад ажиллах биш өөрийн бизнес эхлээд байна. Олон хүний өмнө ажил яаж олох вэ гэж биш хаанаас сайн хуульч олон вэ, ямар даатгал хэрэгтэй вэ, энэ татварыг хэрхэн өөртөө хэрэгтэйгээр шийдэж болох вэ, хэнтэй нийлж, хэнийг бизнес хамтрагчаа болговол илүү найдвартай вэ гэх мэт асуудал тулгардаг болоод байна.
Эндээс л уулзалтын хэрэгцээ гарч ирж байгаа юм.

Энэ удаагийн бизнес уулзалтаар ямар асуудал шийдэхээр зорьж байгаа вэ?

Юутай ч эхлээд уулзах, ярилцах хэрэгтэй. Санал бодлоо хуваалцая, туршлага, мэдлэгээ солилцоё гэж шийдсэн. Тэгээд зүгээр уулзаад ярилцах биш өнөөдөр бидний өмнө, Aмерикт бизнес эрхэлж байгаа монголчуудын өмнө ямар асуудал тулгарч байна, ямар бэрхшээл байна гэдгийг бодож үзээд тэр талаар хэн илүү мэдээлэлтэй, мэдлэгтэй, туршлагатай нь бусдадаа зөвлөхөөр болсон. Тэгтэл ч зөвлөх улс маань хаа очиж дандаа “high professional” болж таарсан нь маш их олзуурхууштай сайхан байна. Бод л доо, хуулийн боловсрол мастертай нь, доктортой нь Орост эзэмшээд, Монголын дээд шүүхэд ажиллаж байсан туршлагатай хуульч, америкт хуулийн мастер хийж, цааш нь докторт суралцаж, бүр өөрийн хуулийн фирм байгуулаад явж байна. Мөн Москвагийн олон улсын харилцааны сургууль төгсөөд америкт ирж суралцаж байсан залуу бизнесээр мастер хийгээд сурсан мэргэжлээрээ мөн л өөрийн бизнесээ нээгээд монгол, америк, мексик, солонгос, хятад үйлчлүүлэгчтэй болжээ.

Монголчууд маань АНУ-чууд, түүний дотор энд гаднаас ирсэн цагаачидтай мөр зэрэгцэн ажиллаж байна. Гэхдээ бид эв нэгдэлгүй ч юм уу, биеэ даах дуртай ч юм уу, дандаа ганцаарчилсан тоглолт хийгээд байх шиг санагддаг. Одоо ер нь хамтын тоглолт хийх цаг болжээ.

Энэ л хамтын багийн тоглолтыг бий болгох анхны оролдлого хийж байгаа нь одоо болох уузлалт.

Зөвхөн бизнес эрхлэгчид биш нийт монголчуудын өмнө уулзалтын үүд нээлттэй байгаа. Үнэндээ өнөөдөр бизнес эрхлээгүй ч “Михайлд нэг бодол бий” гээд алхаж яваа маань олон шүү дээ. Түүнээс гадна өөрөө бизнес эрхлэх хүсэлгүй, эсвэл боломжгүй нэгэн ажиллах сайн газраа, бизнес эрхлэгч нь мэргэшсэн сайн боловсон хүчнээ ч эндээс олж болно.

Уулзалтын дараагийн асуудал бол америкт бизнес эрхэлдэг монголчуудын эрх ашиг, сонирхлыг хамгаалах байгууллага, холбоо буюу нэг “дээвэртэй” болох асуудал байгаа юм. Бид холбооныхоо дүрмийн төслийг боловсруулсан, одоо хэлэлцүүлэг явагдаж байгаа. Хурлаар баталж, холбоо байгуулсанаа зарлана.

Хүмүүс оролцох саналаа хэр ирүүлж байна, сонирхож байна уу?

Анх П.Амгаабаатар, Б.Сүхбаатар, Я.Өлзийболд бидний хэдэн нөхөд уулзалтыг санаачилсан. Тэр дор нь газар бүрээс хүн бүр л дэмжсэн. Туршлагатай хуульч Г.Ганзориг хамгийн түрүүнд дэмжихэд маш их урам орсон. Дэнвэрийн монголчуудын холбооны шинэ тэргүүн Л.Батбаяр, ХамагМонгол вэбийн М.Сувдаа, Орлоо вэбийн Б.Тайван, Монголтауны Б.Хас-Эрдэнэ, Саммис авто сервисийн Д.Сандагаа нар холбоо бариж, дэмжиж, уулзалтыг ивээн тэтгэхээр болсон. Мөн Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Түмэнбаяр утасдаж Элчин сайдын болон яамны дэмжлэгийг уламжиллаа.

Үүнээс гадна их олон хүн утасдаж, имэйлдэж, харилцан холбоо барьж байгаа.
Ер нь цагаа олсон, бодож санаж явсан асуудал гээд санал бодлоо солилцож буй хүмүүс санаснаас тун олон. Онлайнаар бүртгэл хийдэг систем хийсэн. Яг одоогоор хурал болохоос долоо хоногийн өмнө гэхэд 30 гаруй хүмүүс онлайн бүртгүүлээд байна. Эдний дийлэнх нь хурал болох Чикаго орчмоос биш, холоос баруун зүүн эргээс ирэх юм. Чикагогийнхaны хувьд тэндээ утсаар холбогдож бүртгэлээ хийж байгаа. Надад одоо мэдэгдэж байгаагаар зуу орчим хүн байна гэсэн. Мөн байдлыг харзнасан, за та хэд юутай ч эхэлж л бай, хэрэгтэй гэж үзвэл нэгдэнэ ээ гэсэн улс бас бий. Тэднийг би ойлгож байгаа.

Очиж амжихгүй нь, юугаар тус болох вэ, юу хэрэгтэй байна, ганц хоёр зуун цаас хандивлавал багадахгүй биз дээ гээд урам хайрлах хүмүүс олон байгаад ч бид маш их баярлаж байгаа. Хурлын дараа хэн ингэж хэлсэн, хэн юугаар тус дэм болсон, хэнээс авсан хэдийн хандив юунд зарцуулагдсан бүгдийг тайлагнанаа.

Мөн Америкт гардаг мэдээллийн бүх л вэбүүд манай зарыг гаргаж бусдад хүргэлээ. Замдаан, Монгол таун, Монгол мэдээ, Чикагомонголс, Даяар монгол, Орлоо вэб, Хамаг монгол, Ньюс цахим тв бүгд л мэдээлж, биднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Ер нь Америкт бие даан бизнес эрхлэж байгаа Монголчууд хэр олон байгаа болоо?

Энэ талаар албан ёсны тоо байхгүй. Манай Элчин сайдын яам энэ талаар судалдаг эсэхийг мэдэхгүй. Би өөрөө л баримжаагаар тоолоод жагсаалт гаргахад тоо нь гурван оронтой байна лээ. Миний тоолсон нь л тэр, заримыг нь бас бизнес гэхэд багадана аа, зарим нь яг бизнес гэж бүртгүүлэлгүй хувиараа эрхлэх маягаар явдаг юм билээ. Ийм үед нэгдсэн улсын, тухайн муж улсын, орон нутгийн хуулиар үүнийгээ хэрхэн зөв явуулах талаар хууль эрх зүйн зөвлөгөө, гарцыг Ганзориг хуульч ярьж зөвлөнө. Гэхдээ нийт тоо бол “ханатай” байх. Хурлын дараа нарийн зөв тоо, албан дүн гардаг болж ч магад. Тэр үед л яг шалгая.

Монголчууд бидний хувьд ямар салбарт жижиг дунд бизнесийн орон зай илүү байна вэ?

Яг одоо онцлоод хэлчих салбар миний хувьд алга. Монголчууд энэ хэдэн жилд ажиллаж, сурч мэдлэг чадвар олж авсан чиглэл бүрээрээ зүтгэж байна. 4-5 жилийн өмнө энэ хажууханд хэдэн найзууд Солонгосчуудын дэлгүүрт ажилладаг байлаа. Миний мэдэх 30 гаруй монголчууд энэ замаар “будаа тээсэн.” Одоо Солонгосуудаас дэлгүүрийг нь худалдаж аваад өөрийн жижиг бизнес эрхэлж байна. Монголчуудын нийт таван дэлгүүр бий. Дэнвэр, ДиСи хавиар миний мэдэх цөөнгүй монголчууд барилга, хувийн хаусны төрөлжсөн засвар сайн хийж байна. Мөн ДиСи-д “чулууныхан” гээд ёстой лут “гэр бүл” үүсээд хөл дээрээ тогтчихлоо.

Миний хувьд бол мэдээлэл холбооны технологи, тодруулбал компьютер, харилцаа холбоо, интернэт сонирхон хийж, хоолоо олдог ажил маань. Мэргэжлийн хүний хувьд би энэ салбарыг ирээдүйтэй салбар гэж боддог. Энэ салбарт монголчууд цахиур хагалахад ойрхон гэж би итгэдэг, зүтгэдэг. Nasdaq хавиар уул уурхайнхан биш, ноос ноолуурынхан биш, мэдээллийн технологийнхон л эргэлдэж, америкчуудын халаасыг “тэмтэрч” явдаг. Баруун эргийн монголчуудын холбооны анхны тэргүүн Ш.Баатар ахын бичсэнээр Калифорни мужийн Оранж каунтид хэсэг залуучууд оутсорсинг хийж байна гэсэн. Ш.Баатар ах ч өөрөө мэдээллийн технологийн “шонхор”. Энэ чиглэлээр манайхан “чулуу” атганаа. Дот комуудын дараагийн давалгааг монголчуудаас өнгөлөлцөнө гэж найдаж байна.

Мөн Сөул дамжаад хэд нисээдэхсэн чинь тэгсэн үү, маний нэг банкны стэйтмэнт англи болон солонгос хэлээр ирдэг болсон. Нэг л өдөр Америкийн Монголчууд монголоороо бичсэн банк стэйтмэнт авна гэж боддог.

Түүнчлэн Монголд л будилуулаад, завхаруулаад, хүний итгэл эвдээд хаячихсанаас кредит юнион буюу хадгаламж зээлийн хоршоо америкт их амжилттай ажилладаг. Би Миззу кредит юнион, компьютерийн программ зохиогчдын зээлийн хоршооны гишүүн болж дэмжлэг давуу талуудыг хүртэж байдаг. Америк дахь монголчуудын кредит юнион бий болбол гишүүн болохоос татгалзахгүй.

Бизнес эрхлэж байгаа Монголчууд нэгдсэн зохион байгуулалтанд орж чадвал ямар боломжууд нээгдэх бол?

За үүнийг би дурдаж барахгүй биз. Хамгийн түрүүнд биеэ биеэ хуураад худлаа мэдээллээр нутаг нэгтийнхээ хармааг сэгсэрэх нь багасна байх. Мэдээлэл дутуу, буруу мэдээлэлтэйгээс болж гэнэн итгэмтгий нэгэн, нутгаас шинээр ирэгсэд хохирох явдал цөөнгүй байна.

“Эвт буга шаазгай барина” гэдэг дээ. Хамтын хүчээр, зохион байгуулалттайгаар ажиллах нь ганцаараа, өөрийн хүч итгэл найдвараар зүтгэсэнээс хавьгүй илүүтэй. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Ер нь тэгээд бид л биеэ биеэ дэмжихгүй бол хэн биднийг татаж авах билээ. Адаглаад л ямар бизнес эрхэлж байгаа хүн ямар мэргэжилтэй хүнийг хэрхэн ном ёсоор нь эх нутгаасаа авчирч болох вэ гэдгээ мэддэг болно. Заавал нэг буруу аргаар бөөн төлбөр хийж байж авчраад тэгээд бас л нөгөө “өөрийн хуучин жимээр” алхуулах хэрэг юун.

Америкт Хятад, Япон, Солонгос зэрэг томоохон үндэстнүүд өвлөж авсан хөрөнгө мөнгөтэй бизнесийн сүлжээ бүтэцтэй байдаг.
Аль нь ч байхгүй бидний хувьд бүхнийг эхнээс нь тавих шаардлага гарч байна. Юунаас эхлэх вэ?

Хүн бүр өөрийн сурсан, мэдсэн, дадсан, чаддаг болсоноосоо эхлэх нь хамгийн зөв. Энд нэг ид шидтэй томъёо байхгүй. Тэгээд биеэ биедээ итгээд, итгэсэн нэгнийхээ итгэлийг даагаад хамтраад зүтгэхэд “чулуу” болгож л таараа. “Нэг ухаантай тархи ихийг бүтээнэ, гэхдээ хоёр тархи бүр ихийг хийнэ” гэж зүгээр ч хэлээгүй байх аа. Нэг нь барилгын ажлаар мэргэшиж байхад нөгөө нь санхүү бүртгэлийг нь яс мэдэж, яаж хэрхэн хуулийн дагуу татвар бага төлж байхыг, бас нэг нь гэнэтийн осол эндэл гарахад учирч болох зүйлийг нь зөв хэрэгтэй даатгалаар хангаад, өөр нэгэн машин техникийг нь яс сайхан засаж сэлбээд, нэгэн монгол нь “дээвэр долоох шахан олсон” хэдийг нь зөв зүйтэй стокод байрлуулаад л гэх мэтээр хамтарч ажиллах боломж, потенциал бид бүгдэд байна. Энэ бүх холбоос хэлхээ нь хэн хэнийхээ эрх ашгийг хамгаалж, “дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргэн” хамтран ажиллахын үүд хаалга болно. Бид ингэж л хамтарч ажиллах хэрэгтэй санагдаж байна. Энэ л одоо бидний хийх алхам.

Ямар ч бизнес эхлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, зээл мөнгөний тал дээр хүндрэл гардаг байх, Америкт жижиг бизнест зориулагдсан банкны зээлийн систем хэр үйлчилдэг вэ?

Энэ талаар би нарийн мэргэжилтэн биш ч ойр зуурын зөвлөгөө найз нөхдүүддээ өгчихөөд байдаг юм. Банкууд жижиг бизнесийг ихээхэн дэмждэг. Адаглаад free cheching accoung нээж өгнө. Урт хугацаанд хийх бизнесийн санаа, төлөвлөгөө байгаа бол санүүжилтын талаар харилцдаг банкандаа хандаж болно. Түүнчлэн тухайн орон нутгийнхаа жижиг бизнес дэмжих төвүүдэд хандаж болно. Дийлэнх муж улс, орон нутаг үндэсний болон жендэрийн цөөнхөд тун их дэмжлэг үзүүлдэг. Бизнес төлөвлөгөөгөө сайн бичээд гүйхэд монголчууд ази гэдэг утгаараа цөөнх болдог. Энд бас нэг зүйл тодруулахад хувь хүн гэж биш, бүртгэлтэй бизнес гэдэг утгаараа дийлэнх орон нутгийн хуулиар визийн ямар ч статус сонирхохгүй, тоохгүй юм билээ.

За итгэлийг нь олж чадаад, цаашид тогтвортой шударга ажиллаж чадаж байвал энд ирээд удсан нутаг нэгтнүүд ч муугүй эх үүсвэр болно шүү. Сүүлийн үед монголоос ч хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс элбэг болсон байна лээ.

Манайхны визний статус Aмерикт ямар нэгэн бизнес эрхлэхэд хүндрэлтэй байдаг болов уу, энэ асуудлыг шийдэх арга зам бий юу?

Дийлэнх муж болон орон нутгийн хуулиар бизнес нээж бүртгүүлэхэд визийн статус хамаагүй байдаг юм билээ. Манайхан “сэргэлэн” юм болохоороо энэ талаар бусдаасаа түрүүлж мэдчихээд, бусдадаа үнэ хүргэдэг тал ажиглагдаж байгаа. Яахав элдэв маягтыг нь бөглөж чадахгүй байгаа. Түүн дээрээ, орчуулга дээр туслуулж байгаа бол болно л доо. Тэгтэл болдоггүй юмыг бүтээж өгч буй, би л ганцаар болгож бүтээнэ гэх мэтээр хуурвал онцгүй. Нөгөө л мэдээлэл муу хүрч байгаа, мэдээллээ бага солилцож байгаатай холбоотой асуудал.

За энэ визний статус болон бизнес эрхлэх талаар хууль эрх зүйн талаас нь хуульч Г.Ганзориг уулзалтаар тодорхой ярина.

Mонголчууд бид Америкийн төр олон нийт, бизнесийн байгууллагуудаас ямар дэмжлэг авч болох вэ?

Тухайн орон нутгийн бизнес дэмжих төвүүдийн үүд нээлттэй гэж дээр хэлсэн. Эд бол ихэнх нь америкийн, мужийн засгийн байгууллагууд. Дээр нь олон нийтийн болон бизнесийн статустай ашгийн бус үй олон газар бий. Монголд байдагдаа Худалдаа аж үйлдвэрийн танхим гээд. Үүнтэй ижил төстэй байгууллагууд зөндөө бий. Миний амьдардаг 60000 хүнтэй жижиг хотод гэхэд ийм chambers зургаа байдаг. Грант авсаны дараа тодорхой хувийн шагнал авдаг бизнес санааг хөгжүүлж, мөнгө босгож төлөвлөгөө зохиодог мэргэшсэн хүмүүс ч байдаг.

За тэгээд энэ талаар манай засаг, элчин сайдын яамнаас ч дэмжлэг үзүүлэх арга байж болох байх аа. Энэ талаар уулзалт дээр элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга, эдийн засгийн зөвлөх Н.Түмэнбаяр дэлгэрэнгүй ярина.

Монгол дахь бизнесийн байгууллагууд пүүс компаниудаас ямар дэмжлэг авч хэрхэн хамтран ажиллаж болох вэ?

Зөвхөн америкт байгаа монголчууд гэлтгүй, монголд байгаа хэн бүхэнд бид бүхний үүд нээлттэй. Монголын компаниуд, мөнгө хөрөнгөтэй монголчууд америкийн зах зээлд гарах, америкт хөрөнгө оруулах талд нилээд анхаарах болжээ. Гадаадын сайн хамтрагч олохоос гадна америкт 10 – 15 жил амьдарсан, 3-5 жил хувийн бизнес амжилттай эрхлээд явж байгаа улсуудад анхаарлаа хандуулах зөв бизээ. Энд тодруулахад тухайн орон нутгийн бизнес сайжруулах, зохицуулах төвүүд 3-5 жилээс дээш амьдарч, татвараа төлж яваа жижиг бизнэсийг амьдрах чадвартай гэсэн ангилалд оруулдаг, харьцдаг банк нь элдэв хөнгөлттэй бизнес үйлчилгээ, зээлийн санал тавиж эхлэдэг юм билээ.

Бид Монголын компаниудаас зөвхөн дэмжлэг авч биш, тэднийг дэмжиж, зуучилж, харилцан ашигтай хамтран ажиллах нь илүүтэй. Энэ талаар тодорхой бодолтой, тодорхой байр суурьтай цөөнгүй монгол бидний дунд бизнесээ эрхэлсээр яваа.

Сүүлийн асуултыг өөрөө тавиад хариулна уу гэвэл…?

Замдаан сэтгүүлд хоёр дахь удаагаа ярилцлага авахаар урьсанд баярлалаа. Энэ боломжийг ашиглаад Америкт байгаа Монголчууддаа бие биенээ дэмжиж явбал бид бүгдийн ажил амьдрал улам цэцэглэнэ шүү гэж хэлмээр байна.
Бидний зохион байгуулж буй уулзалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://omega.argamag.com/uulzalt/ вэбээр аваарай.
Мөн шинээр байгуулагдах холбооны дүрмийн хэлэлцүүлэгт http://omega.argamag.com/uulzalt/discussion.php хаягаар хандаарай.

Уулзалт, семинарт өргөнөөр оролцохыг урьж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа!

Бизнес уулзалтыг санаачлан зохиож байгаа нэгэн залуугийн санаа бодол ийм байна. Америкт суугаа олон мянган Монголчууд бид эвсэн нэгдэж хүчээ нэгтгэцгээе!

Жагдагдоржтой харилцах утас: (573) 268 5312
Имэйл хаяг: jagdag_e@yahoo.com

Ярилцсан. Д.Цэрэндорж
2007.4.18

2 Responses to “Америкт байгаа монголчуудын бизнес амжилт”

  1. tseren Says:

    Sain uu?

    Tun saikhan medeetei, sanaa avahaar e-mail iruulsend bayarlalaa. Bi heden
    jiliin umnu Sh. Baatar-n Tsahim urtuu-d handsan e-mailuudiin shimten unshdag
    baij bilee. Herev bolomjtoi bol ter hunii e-mail hayagiig olj ugch tus bolno
    uu.

    Bi end Perth, Australia-d “Mongolin Soelin Tuv” ” or Mongolian Cultural
    Centre” baiguulah sanaa uvurluj yavdag. Ene talaar suuliin heden jil bodoj,
    tuluvluj yavaa. Zarim neg uil ajillagaag huviaraa yavuulj uzsen, erelt
    heregtsee baigaa bolohoor buteh bolno gej naidaj yavdag. Mongolin talaar
    garsan nom, DVD -ni talaar Book Club-d ochij lecture hiij, bas yariltslaga
    yavuuldag. Endhiin humuus tun ih sonirhoj, huleej avdah shuu.

    Erhem hundet Sh. Baatar-s asuuj, yariltsah, zuvlulguu avah zuil ih baigaag
    min hargalzan uzej, e-mail hayagiig n olj tus bolno uu. Please …

    Tserenkhand
    Perth, Australia

  2. email Says:

    Hi,

    tanii yarij bui Baatar guain blog http://shbaatar.blogspot.com/ baih gej bodoj baina. Bodvol uun deer baigaa sunduinjud@yahoo.com hayag ni mon baih.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: