Australia by Mandakhbat-4

Дунд үеийнхэн буюу удирдагчид: Миний мэдэх Австрали орон

      Аль ч нийгмийн дунд үеийнхэн нийгмийг бүхэлд нь нуруундаа үүрч авч явдаг. Энэ жишиг Австралид ч мөн адил юм. Тэд хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж, хөгшдийг асран халамжилж, залуучуудад зааж байна. Дунд үеийн Австраличуудын амьдралд дайн, хувьсгал ч гэдэг юмуу тиймэрхүү гэнэтийн өөрчлөлт бараг болоогүй гэж хэлж болно.

      Дунд үеийнхэн гарч ирсэн нь буюу Дэлхийн хоёрдугаар дайн

      Австралийн дунд үеийнхэн бол 1945-1960 оны дайны дараахь олон төрөлт, гэр бүл салалтын үр дүнд бий болсон юм. Харин Монголын дунд үеийнхэн ихэвчлэн 5-аас дээш хүүхэдтэй айлын үр сад бөгөөд ихэвчлэн мал дээр бага насаа өнгөрүүлсэн байв. Австрали улсын нутаг дэвсгэр дээр дэлхийн хоёрдугаар дайн бараг болоогүй. Зөвхөн Хойд газар нутгийнх нь төв болох Дарвин хотыг л Япончууд хэд бөмбөгдсөн. Монголд ч гэсэн Дэлхийн хоёрдугаар дайн Халхын Гол хавьцаа болоод өнгөрсөн билээ.

      Гэхдээ Монголын ард түмэн СССР-т, Австралийн ард түмэн Их Британи-д Фашизмын эсрэг тэмцэхэд нь бүх л үйлдвэр, аж ахуй, улс орноо зориулж байсан. 

      Американ Австрали буюу шинэ зам

      Австрали улс Дэлхийн хоёрдугаар дайн, Вьетнам, Афганистан, Иракийн дайнуудад америкчуудтай оролцсон нь Австраличуудын дунд үеийнхний амьдрал Британи стил биш, Америк стилтэй болж эхэлж буйн эхлэл байсан. Энэ нь мэдээж Британи улс Дэлхийн хоёрдугаар дайны өмнө байсан ерөнхий байр сууриа алдаж, Еврод дахь дайнд нэлээд хүчээ зарцуулсантай холбоотой байх. Монгол Улс ч дайнд тусалсны шан болгож Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, социалист замыг хөгжлийн шинэ зам болгон сонгов. 

      Австрали улс дайны дараа 1980 он хүртэл олон зуун мянган цагаачдыг уриалан дуудаж авчирснаар өнөөдөр Америк шиг олон үндэстний гүрэн болсон байна. Итали, Грек, Польш зэрэг дайнд асар ихээр сүйрж, ажилгүйдэл, ядуурлын туйл болсон Европын орнуудаас Засгийн газарт нь тодорхой мөнгө өгөх замаар олон мянган хямд ажилчдыг авчирсан юм байна. 1955 онд Австрали улс 1 сая дахь дайны дараахь цагаачаа хүлээн авсан байдаг. Харин Монгол Улс Өмнөд Солонгос руу ажилчид гаргасныхаа төлөө мөнгө авдаг эсэх нь тодорхой бус бөгөөд Америк, Япон, Хятад, Чех зэрэг орнуудад гаргаж буй ажиллаж хүч нь ямар ч зохицуулалтгүй, хяналтгүй байна.

      Олон үндэстэний улс

      Ийнхүү Австрали улс дайны дараах үеэс Дэлхийн нэлээд өндөр хөгжилтэй орнуудын тоонд гэнэт орж, зөвхөн цагаан арьст англичуудын орон байхаа болив. Эдийн засгийн хувьд ч нэлээд хүчирхэгжлээ. Коммунист нам байгуулахыг ч хуулиараа хатуу хориглов.

      Австрали улсын амбиц улам ихсэв. Тэд бусдад тусалж эхэллээ. Шинэхэн тусгаар тогтнолоо олж авсан Африк, Ази, Латин-Америкийн орнуудад болсон иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөн, дарангуйллаас дайжин ирсэн хүмүүсийг халамжиндаа авч дүрвэгсэд, цагаачдад зориулсан бүхэл бүтэн дүүргүүд үүсгэв. Аажимдаа тэд ядуу орнуудаас хямд түүхий эд импортлож, өөрсдийнхийгөө хэмнэх болов.

 Харин энэ үед Монгол Улс Их Монгол Улс үүсгэн байгуулагдсаны 750 жилийн ойг тэмдэглэх бүү хэл Чингис нэрийг ч дурдаж болохгүй байлаа. Монгол 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, улмаар хэдхэн жилийн дараа бүх хятадууд болон хятад гаралтай Монголчуудыг хөөн гаргав.

      Стил сонгох нь…

      Америкжах нь Австраличуудад хүнд байсангүй ээ. Австраличууд англи хэлтэй, ижил нийтийн эрх зүйн системтэй, чөлөөт эдийн засагтай, газар нутгийн хувьд адилхан том, түүхий эдээр баялаг, гарал үүслийн хувьд ч адилхан Британий хоригдлуудаар эхэлж үүсгэн байгуулагдсан, уугуул иргэдийг үндсэндээ устгасан улс орнууд юм.

 Харин Монгол улс Монгол бичгээ крилл рүү өөрчилж, сургуульд сурахыг албадах, эмнэлэг байгуулах, төмөр замтай болох гээд асуудал нэлээд амаргүй байв. Нүүдэлчин Монголчуудад бас малаа маллахад нь марксизм, социализмын ач холбогдол бага байсан юм. Ийнхүү 200 гаруй жил манжийн дарлалд байсан Монголчууд Европжиж эхлэвээ.

      Боловсрол ба ажил

      Дунд үеийн Австраличууд 100 гаруй жилийн түүхтэй Их сургуулиудынхаа нэгэнд нь дээд боловсрол эзэмших бөгөөд энэ нь тэдэнд дотооддоо болон Америк, Англи, Япон, Европ хаана ч ажиллах боломж олгоно. Ажлын шаардлагаар Лондон, Нью-Йорк, Токио орох нь жирийн л үзэгдэл.

      Монгол Улсын Их сургууль 1945 онд үүдээ нээв. Монголын дунд үеийнхэний азтайнууд нь “Аугаа Холбоот Улс”-д суралцаж, Орос хэлийг шамдан сурч, аз таарвал Алтан Москвад хөл тавьж байв.

      Дунд үеийнхэн шахагдаж эхлэв

      1990 онд бий болсон дэлхий нийтшэх үйл явц, мэдээллийн асар их хурдтай тархалт, томоохон хувьчлал зэрэг нь Австралийн дундчуудыг нэлээд сандаргаж эхэллээ. Учир нь тэдний эзэмшсэн боловсролын мэдлэг, туршлагыг 20 жилд бус харин 2 жилд олж авах боломжтой болсон байв. 10 хүний хийж байсан зүйлийг 1 хүн хийх боломжтой болов. Ингэснээр асар олон залуучууд болон техник хэрэгсэлүүд тэдний ажлын байрыг булаан авч эхэллээ.

      Австраличууд “тасралтгүй боловсрол” бодлогыг хэрэгжүүлж эхлэв. Ингэснээр Их, дээд сургуульд 25-тай залуу, 55-тай өвөө, эмээ зэрэгцэн суух нь жирийн үзэгдэл болжээ.

      Цагаан морин жилийн хувьсгал, хорьдугаар тогтоол, Эрээн хот зэрэг нь Монголын дунд үеийнхэний амьдралыг орвонгооор нь эргүүлж орхив. Хамгийн гол нь ертөнцийг үзэх үзэл, философи, амьдралын зорилгоо солино гэдэг үнэхээр хэцүү байв. Ийм зовлонг Монгол шиг социалист байсан орны 1 тэрбум орчим хүн туулан гарав. Энэ шокноос одоо ч гарч чадаагүй л байна. 

      “Аугаа Орос хэл” болон зөвлөлт боловролын ач холбогдол хэдэн арав дахин багасав. Оросоор бичсэн улаан дипломтой хүнд ажил олдохоо байж эхлэв. 1990 онд Оросын цэргийн ангийг хөөн гаргав. 

      Дунд үеийнхэн – удирдагчид

      Дунд үеийнхэнийг гудамжинд гаргах нь улс орныг гудамжинд гаргахтай адил байв. Иймээс улс орн бүр дор дороо юм бодох боллоо.

      Австралийн дунд үеийнхэн одоо Австралид болж буй бүх зүйлийг үндсэнд нь аваад явж байна. Тэд бүгд нэг томоохон гэр бүлийн удирдагчид байдаг. Тэд улс орны ирээдүйг өсгөн хүмүүжүүлж, өнгөрсөнөөс суралцаж, түүхийг бий болгосон аав, ээждээ баярладаг хүмүүс. 

      Австралид 15,9 сая хүн хадгаламжийн данстай, 10,7 сая хүн тэтгэвэр болон бондоор хөрөнгө оруулалт хийсэн, 10 сая хүн зээлийн болон бусад төлбөрийн карттай, 6,6 сая хүн орон сууцны болон хөрөнгө оруулалтын зээлтэй, 4 сая хүн шууд хувьцаа эзэмшдэг, 7,3 сая хүн сан, өөрөө удирддаг сангаар дамжуулж шууд болон шууд бусаар хувьцаа эзэмшиж, 2 сая хүн санхүүгийн зөвлөхөөр дамжуулан хөрөнгө оруулалт хийж байна. Австрали улсын хөрөнгө оруулалтын санхүүгийн чадвар нь АНУ, Люксембург, Франц улсуудын дараа дэлхийд дөрөвдүгээрт орж явна.

      Монголын дунд үеийнхэн ч огцом төрөлтийг 1970-1985 онд өөрсдөө бий болгож, тэднийгээ одоо өсгөн хүмүүжүүлж, удирдаж байна. Тэд Дэлхий дээр одоо амьдарч байгаа хүмүүсийн цөөхөн хэсгийн үзсэн “социализмаас капитализм”-руу шилжсэн нийгэмд амьдарч байна. Тэдний зарим нь “үлгэр жишээ коммунист” байж, Марк, Энгельсын номыг шөнөжингөө тэвэрч унтсан байх. Тэд амаргүй замыг туулсан ч тэд өнөөдөр Монголын 1 сая хүрэхгүй гэр бүлийг 40 хэм-ийн халуунд, 40 хэмийн хүйтэнд ч аваад явж байна. 

      Оросын Эрхүү муж Монгол-Оросын худалдааны 80 гаруй хувийг эзэлж байна. Оросоос Монголчууд эрчим хүч, нефть импортлож байна, Оросууд Монголын Төмөр зам, Эрдэнэт үйлвэр, Монголросцветмэт”-ийн талыг нь эзэмшиж байна. Оросууд Монголын банк санхүү, аж үйлдвэр, боловсрол зэрэг томоохон салбаруудад хөрөнгө оруулсан байна. Энэ хирээр дунд үеийнхэний Оросод эзэмшсэн болосврол, Орос хэл нь үнд оров. 

      Дунд үеийнхэн Монголыг удирдаж байна

      Монголын дунд үеийнхэн компани, үйлдвэр, аж ахуйн газар, яам, тамгын газар, сургууль, цэцэрлэгийг удирдан авч явж байна. Тэдний үеийн хүн бүр үр хүүхдээ, ээж, ааваа, эмээ, өвөөгөө, ах дүүс, хамаатан садангаа удирдаж байна.

      Тэд цэл залуу насаа “коммунизм байгуулах”-д зориулж, харин одоо ардчилсан, зах зээлийн эдийн засагтай Монгол оронд амьдарч байна. Тэд хангалттай зовлон үзсэн. Тэд өөрстөд нь хүчээр тулгасан философыг хүлээн авч амьдраад, түүнийгээ сольсон, тиймээ Тэд хангалттай зовлон үзсэн шүү.

Өндөр овогт Сэрээновын Мандахбат

Мельбурн хот, Австрали Улс

2007 оны 9 дүгээр сар 27

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: