Money Education MN

http://www.altangadas.mn/index.php?option=com_content&task=blogcategory&id=13&Itemid=14

Мөнгө хаанаас босдог вэ

– БИРЖ БИДЭНД ХЭРЭГТЭЙ ЮУ
– ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРДАГГҮЙН НЭГЭН ШАЛТГААН
– ХУВЬЦААНД БАЙДАГ АШИГТ ЧАНАРУУД
– ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ
– ХӨГЖИЛТЭЙ АФОРИЗМ

БИРЖ БИДЭНД ХЭРЭГТЭЙ ЮУ
Саяхан л Айвенхоу Майнз хэмээх уул уурхайн компани Оюутолгой дахь уурхайнхаа лиценз, хүлээгдэж буй үр ашиг, сорьц, шинжилгээ зэргээ баталгаа болгож байгаад Нью-Йоркийн хөрөнгийн биржээс өөрт шаардлагатай хөрөнгө оруулалтынхаа мөнгийг олсон тухай нэг хэсэгтээ л шуугисан билээ. Энэ бол ёстой л “баяжих нь баараагүй, томрох нь тодорхой” гэдгээ батлаж байгаад маш олон хүнээс мөнгө зээлж байна гэсэн үг юм. Харин энэ зээлийнхээ баталгаа болгож хувьцаа хэмээх үнэт цаасыг өгөх бөгөөд жил бүрийнхээ ашгаас хувьцаа бүрт ашиг хуваарилан өгнө. Тухайн компани хэдий их ашиг олно, хувьцааны ногдол ашиг төдий чинээ өндөр байх бөгөөд нэг хүн хэдий чинээ олон хувьцаа худалдан авна, түүнд ногдох ашиг нь ч мөн их байна. Энэ бол үндсэндээ хөрөнгийн зах зээлийн амин сүнс.
Манай бизнесийн компаниудад ч гэсэн мөнгө хэрэгтэй байдаг. Шинэ техник технологи худалдан авах, барилга бариулах, хайгуул хийх, туршилт явуулах гэх мэт. Харин өнөөдрийн байдлаар шаардлагатай мөнгө нь өөрт байхгүй бол арга буюу банкнаас л зээлж байна. Уг нь хөрөнгийн бирж маань сонгодог утгаараа ажиллаж чаддагсан бол компаниудад ч тэр, бэлэн мөнгөө хэрхэн ашигтай байршуулахаа мэдэхгүй иргэдэд ч тэр ихээхэн хэрэгтэй харилцаа үүсэхсэн гэх хүмүүс олон.
Өнөөдөр ямар нэг бизнесийн байгууллага банкнаас мөнгө зээлэхэд сард 2.5 хувь, жилд 30 хувийн хүү төлж байна. Бас болоогүй, энэ нь 2-3 жилийн богино хугацаатай шүү. Харин нөгөө талаас иргэд сард 1.5 хувийн хадгаламжийн хүүтэйгээр мөнгөө банкинд хадгалуулж байна. Хэрэвзээ хөрөнгийн бирж сонгодог утгаараа ажиллавал мөнгө хэрэгтэй байгаа компани маань өөрийн нэрээр 2 хувийн хүүтэй бонд гаргахад л аль аль талдаа ашигтай хувилбар үүсч байгаа юм.
Ийнхүү хөрөнгийн бирж нь хямд өртгөөр хөрөнгө оруулалтын мөнгөтэй болохыг хүсч байгаа компани болон банкны хадгаламжийн хүүгээс илүү орлого олох сонирхолтой иргэн хоёрыг холбогч гүүр нь болно. Эцсийн дүндээ нийт эдийн засаг хожих буюу гүйлгээнд орохгүй хадгалагдаж байгаа мөнгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглаад эхэлмэгц эдийн засаг дахь мөнгөний эргэлт түргэсэх нь тодорхой.

ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРДАГГҮЙН НЭГЭН ШАЛТГААН
Мэдээж банкны зээлийн хүү буурахгүй байгаагийн шалтгаан бол зээлийн эрэлт өндөр байгаатай холбоотой. Зээл авах хүсэлтэй олон мянган хүмүүс байхад банк зээлийн хүүгээ бууруулах шаардлага ч үгүй. Үндсэндээ өнөөдрийн байдлаар манай улсын санхүүгийн секторт банк хэмээх байгууллага л монопольдож байгаа гэхэд болно. Зүй нь бол банк, хөрөнгийн бирж, даатгалын байгууллага гэсэн үндсэн гурван институци байж гэмээнэ эдийн засаг зөв зарчмаараа явдаг аж. Монголын Хөрөнгийн Биржийн захирал Р.Содхүү “Хэрэв компаниуд хувьцаагаа гаргаж, хүмүүс арилжаанд идэвхтэй оролцоод эхэлбэл аяндаа банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгө буурна. Энэ үед банкууд зээлийн хүүгээ бууруулах ажлуудыг хийх бөгөөд хөрөнгийн бирж, арилжааны банкуудын хооронд өрсөлдөөн өрнөж эхэлмэгц зээлийн хүү аяндаа буурах болно. Угаас 378 жилийн түүхтэй хөрөнгийн зах зээлийн тогтолцоо бүх улсуудад ингээд л ажиллаад ирсэн. Одоо ч ажиллаж байгаа. Манайд ч гэсэн ийм зохицуулалт хийх, хөрөнгийн биржээ бодлогтойгоор хөгжүүлэх шаардлага тулчихаад байгаа. Эс бөгөөс банкны зээлийн хүү өндөр хэвээрээ л байх болно” гэсэн юм. Үнэхээр манай улсын эдийн засаг, санхүүгийн салбар ганцхан банк гэдэг сэлүүртэйгээр л далайд яваа учир дороо эргэлдээд байгааг үгүйсгэмгүй.

ХУВЬЦААНД БАЙДАГ АШИГТ ЧАНАРУУД
Заримдаа бид хамаг хөлс нь цувчихсан, гартаа тооны машин барьсан биржийн ажилтнууд том дэлгэцнээс тоо харж байгаад өөрчлөлт гармагц тэнхээ мэдэн хашхиралдахыг гадаад мэдээнээс хардаг билээ. Энэ бол Лондонгийн, Токиогийн, Нью-Йоркийн биржүүд дээр болж байгаа явдал. Тэд хувьцааны үнэ ханш өөрчлөгдмөгц зарим нь худалдан авч, зарим нь зарж, эцсийн дүндээ ханшийн зөрүүнээс ашиг олж байгаа юм.
Ер нь хувьцаа худалдан авахад гурван гол ашигт чанар байдаг гэнэ. Нэгдүгээрт, Тухайн компаний хөрөнгөнөөс эзэмшигч болох бөгөөд хэдий хэмжээтэй эзэмшиж байгаагаас хамааран эрх, хяналт тавих боломж нэмэгдэнэ. Тухайлбал ТУЗ-д багтах гэх мэт. Хоёрдугаарт, хувьцааны ханшны хэлбэлзлээс ашиг олох. Практикаас харахад хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлахын өмнөхөн хувьцааны ханш өсдөг аж. Мөн компани ямар нэгэн бизнесийн амжилт гаргах, ашигтай гэрээ байгуулах, шинэ нээлт хийх зэргээс хамааран хувьцааны ханш өсдөг байна. Энэ үед хувьцаа эзэмшигчид хувьцаагаа зарах уу, эсвэл ногдол ашгаа хүртэх үү гэдгээс сонголт хийнэ. Гуравдугаарт, бидний мэдэх ногдол ашиг авах.

ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ
Ямартай ч хөрөнгийн зах зээл хөгжих нь санхүүгийн салбарт, цаашлаад эдийн засагт чухал ач холбогдолтой байна. Харин бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй байна вэ?
Энэ талаар бид Хөрөнгийн биржийн захирал Р.Содхүүгийн саналуудыг хуваалцсан юм. Тэрээр:
 

1.  Юуны өмнө хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогоо боловсруулах хэрэгтэй. Үүнд эрх зүйн зохицуулалт хамгийн чухал. Компаний хууль нь нэг өөр зүйл заадаг, үнэт цаасны хууль нь бас нэг өөр зүйл заах жишээтэй. Мөн үнэт цаасны зах зээлийг хөгжихөд, хэвийн, сонгодог утгаар нь ажиллахад зайлшгүй байх ёстой хөрөнгө оруулалтын сан, зөвөлгөө өгөх компани, үнэлгээний компани зэргийг бий болгох эрх зүйн орчныг бий болгомоор байгаа юм. Хүмүүс ямар компаний хувьцааг худалдан авахаа сонгох шийдвэрээ гаргахад нь үнэлгээний компани, зөвөлгөө өгөх компаниуд үйлчлэх үүрэгтэй.
 

2.  Үүнтэй зэрэгцээд хүмүүсийнхээ сэтгэл зүйг бэлтгэх, үнэт цаасны зах зээлийн талаар наад захын ойлголт, боловсролтой болгоход анхаарах хэрэгтэй. Банк ямар зорилготой, юу хийдэг, ямар үйлчилгээ үзүүлдэг, банкаар хэрхэн үйлчлүүлдэг гэдгийн талаар хүмүүс хангалттай мэддэг болсон шиг одоо үнэт цаасны зах зээл гэж юу болох, хөрөнгийн бирж ямар ач холбогдолтой, зуучлалын компаниуд юу хийдэг, үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцдог зэргийг хүмүүс мэддэг болох хэрэгтэй. Одоогийн байдлаар энэ талаар ямар ч ойлголт байхгүй гэхэд хилсдэхгүй. Ийм хэвээр байгаа тохиолдолд бид хэзээ ч нөөцөө ашиглаж чадахгүй. Мэдээж олон түмний санхүүгийн, үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийнхний үүрэг, боловсрол асар их. Тийм ч учир бид хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа.
 

3.  Үүнээс гадна компани удирдаж байгаа, эзэмшиж байгаа хүмүүсийн сэтгэлгээг болон хувьцаа эзэмших соёлыг өөрчилмөөр байгаа юм. Мөнгөө оруулж худалдаж авснаар бүх зүйл дуусчихгүй. Би энэ компанид хөрөнгө оруулалт хийсэн шүү гэдэг сэтгэлгээг бий болгох хэрэгтэй. Ингэвэл тэд компаний үйл ажиллагаанд хяналт тавина, компанийхаа үнэт цаасны ханшинд анхаарна, хэрхэн нэр хүндээ өсгөх вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулна, хариуцлагатай болно.
 

4.  Компаниуд хувьцаа гаргаж, бонд гаргаж санхүүжилт хийхийг төрөөс дэмжих, урамшуулах. Одоогийн байдлаар хөрөнгийн биржээр дамжуулан 11 компани бонд гаргаад байна. Бүгд л амжилттай, зорилгоо биелүүлсэн, хүмүүс бонд худалдан авч эхэлж байна. Мөн саяхан бидэнд 30 гаруй компани бондоо гаргах саналаа өгөөд байгаа. Тухайлбал, УБ Палас, Баянгол зочид буудал, Зоос банк, Монгол Шилтгээн гэх зэрэг. Энэ бол бага багаар ч болов сэргэлт гарах гээд байгаагийн нэг илрэл юм.  
 

5.  Сүүлийн жилүүдэд монголын байгалийн баялаг, ашигт малтмалыг ухаж хэдэн мянган долларын ашиг хийж байгаа гадаад, дотоодын компаниудыг хувьцаа гаргаж, хувьцаат компани хэлбэрээр ажиллах тал дээр зөвшилцөх. Яагаад эдгээр компаниуд хувьцааныхаа бага ч гэсэн хувийг монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, монголын иргэн хувьцаанаас нь эзэмших боломжийг өгч болохгүй гэж. Эдэнд лиценз, зөвшөөрөл олгохдоо зөрүүлээд хувьцаа гаргаж, тодорхой хувийг нь  олон нийтэд нээлттэй арилжаалах шаардлагыг яагаад тавьж болохгүй гэж. Мэдээж бүх хувьцааг нь худалдаад авчих мөнгө монголын эдийн засгаас гарахгүй. Гэхдээ чадлынхаа хэрээр эзэмшиж болно шүү дээ. Айванхоу Майнзын хувьцаанаас чадлынхаа хэмжээгээр худалдаж аваад, үлдсэнийг нь дэлхийн түвшинд худалдаална л биз. Энэ чинь бидний газар нутаг, баялаг учир тэндээсээ эзэмшиж болно шүү дээ. Гэх мэтчилэн хийх зүйлсийг жагсаагаад байвал ажил зөндөө бий” гэлээ.
Ямартай ч бид дэлхийн эдийн засагт олон зуун жил үнэтэй хувь нэмэр гүйцэтгэж, олон олон улсад эдийн засгийнхаа хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх “хурдасгагч“ нь болж хөгжиж ирсэн хөрөнгийн зах зээл, хөрөнгийн бирж, үнэт цаасны арилжааг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

ХӨГЖИЛТЭЙ АФОРИЗМ

  • Хувьцаа эзэмшигчид бол нэлээд тэнэг хүмүүс. Хувьцаа худалдан авдаг нь тэнэг, түүнээсээ ногдол ашиг хүлээдэг нь бүр ч тэнэг. 
  • Мөнгөө хоёр дахин нэмэгдүүлэх хамгийн найдвартай арга бол хоёр хэсэг болгоод хэтэвчиндээ хадгалах.
  • Мөнгөөр ядуурлыг худалдан авч болдоггүй. Ингэхийн тулд зуучлагчтай сайн зөвлөлдөх хэрэгтэй.
  • Хэрэв таны хэтэвч зузаараад, та тураад байгаа бол инфляци болжээ гэсэн үг.
  • Хэрэв та надад өрөө төлөхгүй юм бол би бусад зээлдүүлэгч нарт та надад өрөө өгчихсөн гээд хэлчихнэ шүү!!!
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: