Scholarship Story

From: http://www.otgonbat.mn/?p=7

25000 долларын тэтгэлэг хожсон түүхээсээ хуваалцья

 

Америкт Senior Student байхдаа би Австралийн Queensland University-д 100%-ийн тэтгэлэгтэйгээр 2 жил магистрын зэрэгт сурах эрхийг хожсон юм. Энэ их сонирхолтой түүхтэй…

Манай сургуулийн Public speaking буюу олон нийтийн өмнө илтгэх урлагийн хичээлийг заадаг байсан Merry Johnston гэдэг багш Дикинсон Ротари клубын гишүүн байж л дээ. Бас сургуулийн Ерөнхийлөгч, төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч гээд миний таньдаг олон хүмүүс тэр клубын гишүүн байж. Дикинсон мужаас гадна Минесота муж, Канадын 2-3 муж багтдаг тэр клубээс 25.000 ам.долларын тэтгэлэг зарласан байсныг би сургуулийн зарлалаас хараад, илтгэх урлагийн багштайгаа зөвлөсний үндсэн дээр материалаа өгөхөөр шийдсэн юм. Ингээд бараг 7 хоногийн турш бүх юмаа бэлдсэн дээ. Тодорхойлолт захиа авах, эссе бичих, тэрийгээ 2-3 хүнээр уншуулж, санааг нь сонсох, дахин дахин шалгах, алдаагаа засах гээд маш их ажиллагаа орсон.

Миний бичсэн эссе, явуулсан материалууд эхний шатнаас шалгараад би ярилцлаганд уригдсан юм. Мужаасаа 4 цагийн зайтай өөр хотод очоод 10-аад хүний бүрэлдэхүүнтэй шалгаруулах комиссынхонтой ярилцсан. Миний өрсөлдөгчид, ихэвчлэн америкчууд, бүгдээрээ костюм, зангиа болсон хүмүүс. Харин би ганцаараа монгол дээл, гутал, малгай өмсөөд яваад орчихсон.

Бүх хүмүүс “Хэн, хаанаас хүрээд ирээ вэ?” гээд л гайхаад байсан. Ингэж би өөртөө шууд давуу талыг бий болгосон. Тэнд очихдоо сургуулийнхаа сэтгүүл, сонинд нийтлүүлж байсан материалууд, сонины хайчилбар, хийсэн бүх ажлаа бариад орсон. Бусад өрсөлдөгчидтэй харьцуулахад, миний хийж байсан ажлууд илүү бодитой, гадаад оюутны төвөө байгуулчихсан, хөтөлбөр нь хэрэгжээд эхэлчихсэн, соёлын ажлын хүрээнд “Гэр” төслөө хэрэгжүүлж байгаа, 200 гаруй хүнд танилцуулга хийсэн байсан болохоор надад нэлээд олон давуу талууд бүрдсэн байсан.

Бараг 30-аад минут ярилцсан байх. Бүгд монголын тухай асууж, би хариулж, инээлгэж, хөгжөөгөөд, тэд нар гайхаж гайхаж л үлдсэн. Орой гэртээ буцаж ирэхэд намайг тэнцсэн гэдгийг утсаар мэдэгдэж, баяр хүргэсэн. Маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн байх л даа. Одоо бодоод байхад миний ярианы, өөрийгөө илтгэх чадвар нэлээд өндөр байсан учраас л хүмүүст онцгой сэтгэгдэл төрүүлсэн болов уу. Өөртөө итгэлтэй байж, ярина гэсэн зүйлүүдээ яриад, хийж байгаа ажлуудаа тайлбарлаад, асуултанд нь хариулаад, хошигнох үедээ хошигноод, тэдний хошигнолыг ойлгоод, инээж, хөгжөөд гарсан учраас би энэ тэтгэлэгийг авсан гэж боддог.

Ротари клуб тэрхүү 25.000 доллараа Queensland-ийн их сургуулийн дансруу шууд шилжүүлсэн. Ер нь тэтгэлэгүүдийг хэзээ ч тухайн хүний гар дээр бэлнээр өгдөггүй. Сургуулийнх нь дансруу л шилжүүлдэг. Хэрэв оюутан сурахаа болих тохиолдолд данснаас нь татаад авчихдаг.

Мөн тэтгэлэгээр суралцах оюутантай маш хатуу гэрээ байгуулдаг. Жишээ нь, нэг улиралд хамгийн багадаа 50 орон нутгийн байгууллагуудад очиж илтгэл тавих, 25 олон нийтийн ажилд хамрагдах, олон нийтэд үйлчлэх 5 төсөл санаачилж хэрэгжүүлэх, сурлагын өндөр амжилт үзүүлэх, арван жилийн хүүхдүүдэд 20 цагийн хүмүүжлийн хичээл заах, улирал бүр хийсэн ажлынхаа тайланг болон хийх гэж буй ажлынхаа төлөвлөгөөг явуулах … гэх мэт өндөр шаардлага тавьдаг. Мөнгийг нь авсан бол одоо хамаагүй гэж хандаж огт болохгүй. Маш хариуцлагатай, байнгын эргэх холбоотой байх шаардлагатай. Манай Глобал Удирдагч Хөтөлбөрийн хүрээнд явж байгаа хүүхдүүд ч гэсэн улирал бүрийн эцэст надад тайлангаа болон төлөвлөгөөгөө илгээдэг.

“Гэр” төслийн тухайд: Монтана мужийн нэг хүн монголоос хэдэн гэр авчирсан байсан юм. Би сургуулийнхаа захиралд соёлын ажлын хүрээнд DSU-д монгол гэр барьж, нүүдэлчдийн соёл заншил, амьдралын хэв маяг, түүхийн талаар хүмүүст танилцуулах төсөл хэрэгжүүлье гэсэн санал тавьсныг манай захирал зөвшөөрөөд, 1000 долларын түрээсийг нь санхүүжүүлж, бид хоёр Монтана явж гэр авчирсан юм. Ингээд гэрээ сургуулийнхаа яг үүдэнд барьж, монгол ахуй, соёл зан заншлын телевизийн талаар сурталчилгаа, танилцуулга, бичлэг хийгээд энэ төслөө хэрэгжүүлсэн. Тэр гэр North Dakota мужид баригдсан анхны монгол гэр болсон бөгөөд зэргэлдээх хотуудаас ч олон хүмүүс ирж сонирхсон, амжилттай хэрэгжсэн төсөл болсон доо.

Ер нь Ротаригийн тэтгэлэгт хамрагдахын тулд эхний ээлжинд Ротари клуб, залуучуудынх нь хамрагддаг Ротаракт клубын тухай, үндсэн философи, үйл ажиллагаануудын талаар мэдлэг, ойлголттой болсон байх хэрэгтэй. 2005 онд би “Туул Ротаракт клуб”-ын Charter President буюу Үүсгэн байгуулсан Ерөнхийлөгчөөр ажиллаад 2006 онд дараагийн хүндээ халаагаа өгсөн.

Rotary Foundation-с олгодог тэтгэлэгүүд нь 4 янз бий. Товчхон танилцуулахад, Multi-year буюу 2-3 жил суралцах, Academic year буюу солилцооны хөтөлбөрөөр нэг жил суралцах, Cultural буюу 3 сарын хугацаанд хэл, соёлын хөтөлбөрөөр суралцах сонголтууд бий. Мөн World Peace хөтөлбөр гэж байдаг. “Ротаригийн олон улсын харилцаа болон зөрчил шийдлийн төв” гээд дэлхийн 5 том сургууль дээр төв бий. Эдгээр 5 сургуулиудын аль нэгэнд нь нийгэмдээ тодорхой хэмжээний гавьяа байгуулсан, нөлөө бүхий, олны танил болсон хүмүүс өрсөлдөж, 2 жилийн 100%-ийн тэтгэлэгтэйгээр магистрт сурах эрхээр шагнагддаг тэтгэлэг. Энэ 5 сургуулийн нэг нь миний сурч байсан Queensland-ийн их сургууль юм.

Тэнд сурч байхдаа Колумб, Төвд, Шриланк зэргийн бослого, хувьсгал зэргийг удирдаж, оролцож, энэ тэтгэлэгийг хожсон хүмүүстэй танилцаж байсан. Энэ бол монголчуудад ч гэсэн нээлттэй тэтгэлэг юм шүү.

Нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч ер чадахгүй юм. Манай улсын Засгийн газраас оюутнуудыг гадаадын сургуулиудад явахад нь тэтгэлэг өгдөг гэсэн. Би Денвер, Вашингтон… гээд том хотуудад төрөөс тэтгэлэг аваад ирчихсэн олон хүмүүстэй тааралдаж байсан. Харамсалтай нь, бараг хичээлдээ суудаггүй, сурдаг ч шоудаад, тансаглаж амьдардаг, тааруухан сурдаг эсвэл “харлачихсан” хүмүүс нь даан ч олон. Мэдээж ийм хүмүүс хэзээ ч эргэж ирэхгүй. Эргэж ирсэн ч төрийн төлөө ажиллах ямар ч чадваргүй, эрмэлзэлгүй. Миний бодлоор төр энэ шалгаруулалтаа төрийн бус байгууллагаар хийлгэчихмээр юм шиг. Хүмүүсийн хэлж байгаагаар “50 мянган долларын тэтгэлэг авахын тулд 10 мянгыг нь хахуульд өгдөг” гэсэн яриа ч байдаг. Ямар ч хариуцлагагүй, зүтгэж, зовж олоогүй, үнэгүй юм хэзээд үнэ цэнэгүй л байдаг. Тиймээс шударга зөв шалгаруулалт хийх хамгийн оновчтой зам бол энэ эрхийг ТББ-уудад өгөх явдал гэж би боддог юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: