8a-Professional job

Үргэлжлэл 8. Мэргэжлийн Ажил хайсан талаар өмнөх бичлэгт

Мэргэжилээрээ Ажиллахын үнэ цэнэ

Ажлаа дагаад аялал жуулчлал хөгжсөн Алтан Эрэг (Gold Coast) гэж жигтэйхэн гоё газар ирдэг юм байна. Ажилдаа дуртай, амьдралыг маань аль ч талаар суга өөд нь татсан болохоор ч гоё санагдсан байж мэднэ. Монголд байгаа хэд маань ч хүүхэд нь сайн явбал бас сэтгэл санааны байдлаас нь өгсүүлээд аж амьдралд нь дэмтэй байдаг шиг байна лээ. Халууныг нь эс тооцвол миний хувьд бүх юм нь л ОКей байлаа. Орлого өндөр, зарлага ч өндөр, хэмнэлтийн горимд амьдрахад хүндхэн л хот шиг санагддаг байлаа. Хаашаа л харна мөнгөө үрсэн хүмүүс л голдуу болохоор аяндаа дуурайгаад чадахгүй байж доголонг нь дуурайж догонцоод, сохорыг нь дуурайж тэмтчээд ч байх шиг.

Gold Coast-н Давуу тал

Энэ хот түр амьдрах, мэргэжлийн бус ажил хийх, сурахад зүгээр газар шиг байгаа юм. Мэргэжлийн ажлууд санасны зоргоор олдохооргүй жижгэвтэр хотдоо орно. Харин мэргэжлийн бус ажлууд бол ч хогоороо шүү. Үнэлгээ нь ч бас Queensland мужынхаа бусад хотуудаас арай өндөр. Цагийн 17 доллараас буухгүй дээ. Харласан болон хэлгүй хүмүүст ч дажгүй ээлтэй газар шиг санагдсан. Юу гэвэл анх удаа энэ мужид харласан Монголчуудтай таарсан гэхэд болно.

20 гаранхан насандаа үнэр нь ч арилаагүй, шинэхэн машин унаж, Surfers Paradise хэмээх хотынх нь төвд амьдрах чадамжтай болсон доо битүүхэн баярлана. Эхэндээ ч шинэ хувцас өмссөн жаахан хүүхэд аятай машиндаа суухад ч инээд хүрээд л, оффис руугаа ороод явж байхдаа ч мушиймар аядаад л, гэрийнхээ цонхоор далай харж худлаа баясаад л байлаа. Сэтгэл санаа ч дээрдээд анх удаа л би Австралид ирсэндээ баярлахтай манатайгаа л болсон юм даг. Энд усны дэргэдэх хаусууд тасархай үнэтэй, тансаг зэрэглэлдээ ордог л доо. Ус гэж сүйд болдоггүй байж галуу дуурайж, хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр бусдын жишгийг дагах дуртай байсан юм бол уу даа. Одоо бол ч тиймэрхүү даган баясах талын юманд хүч тавихаа болиод байгаа.

Тансаглал

Тухайн үедээ 5 одтой private resort-д амьдран, David Jones, Myer гээд л баячуудынх нь дэлгүүрийг гэр рүүгээ нүүлгэх шахан барин юм үзээгүй хүн аятай аашилсан үе бий бий. Яах гэж ч тэгдэг байсанаа ойлгодоггүй юм. Бодвол тэр үед тогтсон зорилгогүй, эсвэл их жижигхэн зорилготой л байсан шиг байгаа юм. Дасгалжуулах бүх тоноглолтой зал, халаагчтай усан сангууд, Spa, саун, BBQ-ний талбай, Сайтар тордсон гоёмсог цэцэрлэг, усан оргилуурууд гээд л баячуудын амьдралаар амьдрах ямар байдгийг кинон дээрээс биш тэнд л анх биеэрээ эдэлж үзсэн дээ. Дорхноо уйдчихдаг юм билээ. Хүн зөвхөн байхгүй юмандаа тэмүүлдэг, байгаа юмаа анзаарахаа больдог гэж үнэн шүү. Байгаадаа баярлаж, бас үнэлж сурах хэрэгтэй юм гэсээн. Ялангуяа өөрөөс хамаарахгүй юман дээр өөр хүмүүсээс хэт ихийг нэхэхгүй, харин ч дэмжиж, тэтгээд, чиглүүлж, заагаад өгвөл зүгээр байдаг юм байх. Бас материаллаг зүйлсэд хэт их ач холбогдол өгөхгүй байж сурвал аз жаргалыг алсаас хайх албагүй болдог юм гэнэ. Тэгээд ч тансаг байдалд зарцуулах мөнгө олох гээд тэр үед мэргэжлийн ажил, жижиг бизнес, хар ажил энээ тэрээгээ давхцуулаад баахан ажиллачихаар тансаглах цаг зав нь ч багасаад бүр утга учраа алдаад эхэлдэг юм билээ.

Жишээ нь манай бизнесмэн найз хаусаасаа үнэтэй моторт завь зээлээр аваад тавьчихсан, өнөөхийнхөө үнийг олох гэж өөд уруугүй л ажиллана. Жилдээ цөөхөн удаа л өнөөхөө унаж жаахан кайф авдаг байх. Тэрнийгээ маллах гэж бас л жил болгоны машины үзлэг шиг юмаар оруулна, байнгын бүртгэлийн хураамжаа төлнө, далайн боомтод байрлуулсаны түрээсээ төлнө гээд л явж өгнө дөө. Миний нүдээр бол зүгээр л хааяа нэг хэрэглэдэг зүйлийг худалдаж авч өөртөө гай хураалгүйгээр хэрэгтэй үедээ түрээслээд байхад л болчихмоор юм шиг. Энэ нь яг Франц явж амрах гээд онгоцоор нисэх тийзээ худалдаж авахын оронд онгоцоо худалдаж аваад л цаашаа таг гацдаг шиг л юм. Ихэнх хүмүүс бизнес хийхдээ яг л энэ жишгээр яваад л алддаг. Баячуудын зөвлөгөөг уншихаар яг энэ тухай арай ойлгомжтой тайлбарласан байдаг юм.

Хөлсөө шавхсан Хөдөлмөрийн амт – Хүний өгсөнөөс ч илүү

Өмнө нь ямар өөрийнхөө мөнгөөр туйлах аз завшаан дандаа олддог байсан биш. Аав ээж, ах дүү, ачит Монгол улсынхаа мөнгөөр л цөөн хэдэн газар дураараа дургиж, дунд чөмөгнийхээ жиргээг сонсож байсанаас биш өөрөөр бол өөртөө наачихаар өөдтэйхэн өмч ч байхгүй л хохь ядуу хоосон муу хоолны сав л байлаа даа. Удалгүй харин журмандаа орж, уг гаралаа үгүйлж эхэлсэн тул буцаад бушуухан л хэвэндээ орсон юм даг. Шидийг олж нисэхийг шахсан ч шидэмсээ хайж олоод боолгож авсан, хэхэ. Тэгээд ч өөрийн хүч хөдөлмөрөө урсгаж олсон мөнгийг үр дүнтэй зарцуулахыг хичээгээд эхэлдэг юм байна лээ. Тэр үед цуглуулсан олон хэрэггүй новшиндоо одоо ч түүртдэг тул залуу улсуудыг болж л өгвөл бага шиг худалдан авалт хийж, барагтайхан шиг л даварч сураарай гэж захих байна. Даварсаар даварсаар Дагваагийн орон дээр гарах гэж туйлж байж Тамираад нь самардуулна зүгээр, яршиг. хэхэ.

Өмнө нь өөр хотод хотынхоо зах руу лагерь шиг юманд уйдаж үхэх гэж байснаа бодвол хотын төвд нь ажилтай, ажилдаа ойрхон гэртэй, өглөө босоод хэдхэн блокын цаана байгаа ажил руугаа албатай юм шиг шинэ машинаа унаад л гараад явахад ч сайхан л байдаг байсан даа. Ажил маань хэтэрхий төв газар байрладаг байсан болохоор гадаах машины зайнууд нь 2 цагийн лимиттэй, 2 цаг тутамд гүйж гарч машинаа булан тохой тойруулах гэж бөөн ажил хийдэг байж билээ. Нийтийн тээврээр зөвхөн түр амьдрагсад, хөгшид, хүүхдүүд, оюутан сурагчид гэх мэтийн эмзэг бүлгийнхэн л үйлчлүүлдэг гэсэн ойлголттой хүмүүсийн орчинд байсан болохоор их төвөгтэй байж билээ. Ажлын маань томчууд ч яахав машины паркаар хангагдсан, мань мэтийн шинэковуудын зовлонг ойлгохгүй, ойлголоо ч биднээс илүү давуу эрх эдэлж байгаадаа баярлаж, бахархаж л явдаг байсан байлгүй бодвол, хэхэ. Хотын төвд зардалыг нь дийлж амьдардаг нутгийн овгорууд хүртэл ховор тул тэнэг би тэнхээгээ хүргэх гэж тэгж их өөрийгөө зовоохоо болихоор шийдсэн дээ. Би өөрөө яагаад ч юм хөдөө төрсөн, хөдөөний амьдралтай зун болгон л хутгалддаг мөртлөө удаан амьдрах газараа өндөр сүрлэг барилгатай хотод байхаар сонговол сэтгэлд нийцээд байдаг юм. Визээ сунгуулахын тулд бас нэг сумаар давхар туулай буудах гээд гэр бүлийн хүнээ магистрт сургахаар боллоо. Магистр, Докторын оюутнуудын гэр бүлийн хүн цагийн хязгаарлалтгүй ажиллах эрхтэй л дээ. Гэхдээ нөгөө л муу төлбөрийн асуудлууд босно гэсэн үг шүү дээ.

Хувиараа суралцах

Хувиасаа төлөх хэцүүг хэлэх үү. Монгол шигээ санаад л сургуулийнхаа төлбөрийг нь өгөхгүй цаг хугацаанд нь тулгаж унжих гэж болохоос нь болохгүйг нь тултал их үзнээ. Энд даанч харгис нийгэм учраас сургах боломжгүй энэ тэр гээд их л ад үзэгдэнэ дээ. Бид байтугай Австраличууд нь төлбөрийн чадваргүйгээсээ болж ихэнх нь сургуулийн мөр хөөдөггүй ч бидний хувьд монгол юмны үлдэгдэл байгаад байсан юм байлгүй, чадахгүй байж том том баах санаатай, заавал сурдаг хүмүүс болж чардайсан юм даг. Манай хүний сургууль магистрын сургалтын төлбөрт семестерийн 6570 австрали доллар буюу тэр үеийн ханшаар 4800 орчим америк доллар нэхэж байсан. Уул нь ч гүргэр хүний ганц хоёрхон сард л олох мөнгө л дөө. Тэгэхээр ганц хоёр сарын дараа өгч болох гарц хайх ёстой болж байгаа юм.

Муу сайн Австраличууд хэдэн доллар харуулчихаар л баян япон байна гээд л гутлын ул гурав долоодогсон. Мөнгөгүй бол энд нээрээ хүн бишийн тоонд оруулчих юм даа. Нэг удаа үнэхээр мөнгөгүй болж үздэг юм байна. Би л болсон хойно араа бодохгүй монголд байдаг хүнд тус болж байгаа нэрээр байдаг хэдээ явуулчихсан сууж байж таарахгүй юу. Тэгээд яахав дээ арга сийллээ. Тогтоосон цаг хугацаанд нь төлбөрөө төлөхгүй бол сургахгүй гэсэн хатуу нөхцөлтэй болохоор одоо яая ч гэхэв дээ. Монголдоо ч унжиж санжаад улирал байтугайгаар хойшлуулаад л амар ч байдаг байж дээ л гэсэн юм бодогдож байлаа. Аягүй бол албан байгууллагын хэвийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлчихөөд аймаар их эрх ашгаа хамгаалсан хүн болж дөвчигнөдөг байсан байлгүй, хэхэ.http://gegeen.wordpress.com/2007/08/21/9-finance/

1-Эхлэл хэсэг
Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл
Үргэлжлэл 3. Англи хэл
Үргэлжлэл 4. Шинэ эхлэл
Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд
Үргэлжлэл 5. Ажлын эрх
Үргэлжлэл 6. Харилцаанд орох
Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?
Үргэлжлэл 7. Мэргэжлийн бус ажил
Үргэлжлэл 8. Суралцахад
Үргэлжлэл 8a. Professional job
Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал
Үргэлжлэл 10. Автралид амьдрах

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: