4-First Start

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

3-English-in-Australia Шинээр ирэхэд. Суралцах гэж буй хүмүүст www.mon2aus.com -нхоныг санал болгомоор санагддаг юм. Тухайн үед хөөцөлдөж байсан сургуулиудаа эргээд санахаар Японд суралцахад жилийн 20-иод мянга, Америкт надад олдсон хамгийн хямд нь 18000 (илүү хямд сургуулиуд байдаг гэсээн), Австрали семестерийн 6000 гаран доллар нэхэж байсан санагдаж байна. Топ сургуулиудыг л гүүглэдээд байсан шиг байна лээ. Хайлтаар дандаа үнэтэйнүүд нь түрүүлж гарч ирээд болдоггүй шиг байгаа юм.

Уул нь хүн болгон л тэр үед Америк гээд байдаг байсан ч би мэдээлэл муу байсан болохоор Стэнфорд, Беркелей зэрэг сургуулиудыг их сайныг нь мэдээгүй, авсан өргөдлийн маягт, танилцуулгуудаа үнийн саналаас нь болоод л цаасны хог болгоод хаясан санагдаж байна. Тэр үед цугласан олон хайрцаг сургуулиудын танилцуулга, өргөдлийн маягт, урилгуудаа хэрэгтэйг нь ялгаж уут уутаар нь л хүмүүст өгдөг байж билээ. Надаас цаасны хог авсан улсууд л сайн муу сургуулиудын талаар нэмж судалцгаасан байх. Америкийн сургуульд зуучилдаг ажил хийх гэж буй хүмүүст зөвлөхөд зүгээр л сайхан суръя, мөнгө байна гээд и-мейл бичээд байхад л гоё гоё өнгөт сэтгүүл, сургуулийн танилцуулгууд, өргөдөлийн маягтууд нь шуудангаар үнэгүй хүрээд ирдэг юм билээ шүү.

Юутай ч Англиас бусад бүх л сонирхсон газрууддаа өргөдөл гаргасан юм даг. Англид олон жил болж, магистр докторыг нь аваад ч ажлын эрх авч визээ сунгуулж чадаагүй хүн мэддэг байсан болохоор миний сонирхол өөр улсууд руу чиглэсэн байсан. Австралийн сургуулиудад зөвхөн эхний семестерийнхийг л төлчихөд виз өгдөг юм билээ. Бас урьдчилсан виз гарахаас нааш төлбөрөө нэхэхгүй гэж байсан нь их таалагдсан л даа.

Education-English | School-offer-letter | Australian-universities

Би өөрөө 1998-2000 онуудад сургуулийнхаа завсар зайгаар нь хувийн газруудад, 2000-2004 онд улсын байгууллагад учиргүй мэргэжлээрээ өсч өндийгөөд явахааргүй албан тушаалд ажиллаад үзчихсэн байсан бөгөөд ойр тойрныхоныхоо жишгийг даган Монголын хамгийн муухай хараалд тооцогдох “Цалингаараа амьдар” гэгчийг жинхэнэ утгаар нь биелүүлж сурах гэж үнэхээрийн нусаа хацартаа нааж л явсан даа. Гэхдээ л хамт олон, карьер, нэр хүнд, ядуу ч гэсэн яаж ийгээд л ямар нэгэн итгэж найдах юм олддог ялгуухан яруухан амьдрал, эх орон, ээж аав, элгэн садан гээд л элэг бүтэн, энх тунх, элдвийн асуудал багатай л амьдарч байсан байх.

Насанд хүрэх үед маань эцэг эх маань бусдын л адил төр улсдаа насаараа зүтгэсэн, хувийн сонирхол муутай, худлаа ярьдаг хүнд бол бараг л хүүхдүүдээ хэддүгээр ангид явдаг, дэлгүүрийн талхыг хэдээр зарж байгааг ч мэдэхгүй шахуу таваргаж явдаг, төрийн төлөө өөрсдийгөө золиосолсон цаг үеийнхээ хэнээтэй сэхээтнүүдийн адилаар эд хөрөнгө хураахыг коммунист ёс зүйтэй нь нийцэхгүй гэж хүмүүжсэн байсан үеэс гаралтай, зах зээлийн шуурганд барьц алдахгүйг хичээн ялгаагүйг л сэтгэлзүйн болон амьдралын асар том өөрчлөлтүүдийг даван туулах гэж биднээс илүү зовж, ядарч явсан цаг, ядуу хоосноороо ид ялгарч ирсэн үе нь байсан болохоор тэднээс нэгэнт санхүүгийн дэмжлэг байхгүй нь 100-с дээш хувь тодорхой байсан.

At least try, before you cry

Тийм болохоор надад өөртөө л найдахаас өөр сонголт хаашдаа үлдээгүй нь ойлгомжтой байсан болохоор энд тэнд есөн жорын шалгалт өгч, тэтгэлэг хайж, хэл усаа сайжруулж, элдэвийн юманд тэнцэж, явж, ирж, шалгарч байсны үр дүнд гадаадад багахан хэмжээний зээлээр сурах боломж олж авсан юм даа. Ер нь залууст зөвлөхөд өөрөө Боловсролын Яам, Жайка, Соросын сан, Суралцдаг сургууль, Ажилладаг албан газар, Энэтхэг, Япон, Солонгос, Америкийн элчингүүдээр байнга орж, сураглаж, өдөр тутмын сонингийн хэрэгтэй заруудыг цаг алдалгүй уншиж танилцан, жил бүр авдаг шалгалтуудад өөрийгөө байнга сорьж байх хэрэгтэй. Тэнцэх тэнцэхгүй нь хамаатай юу даа, ядаж л өрсөлдөж сурна, шалгуулж сурна, ярилцлага гэж ямар юм байдгийг үзнэ. Хүн заавал төгс хэлтэй болчихсон хойноо гээд хойш суугаад байдаг, төгс хэлтэй болчихоод хартал тэтгэлэг хайж сураагүй хэвээрээ явж байвал бас л цаг алдана шүү дээ. Ялангуяа Австралид байдаг оюутнууд амралт эхлэхээр л ажил хайна гэдэг, амарчихаар нь ажлууд юу гэж тэднийг хүлээгээд сууж байв гэж, арай сэргэлэнүүд нь аль хэдийн түүчихсэн л байдаг байхгүй юу, хэхэ. Алийг алийг нь хослуулж сурвал, аймаар мундаг болох гэж ганц нэг юмандаа цаг алдахгүй, арай хурдан хүссэндээ хүрч бас болно шүү дээ. Би л лав жилдээ 6-с доошгүй удаа янз бүрийн л шалгалтуудад ордог байлаа. Гэхдээ би зөвхөн тэнцсэн хэдээ л хааяа нэгхэн хэлбэл хэлдэг, тэр болгон дээр бүхнээ бусдад тайлагнаад явдаггүй л байлаа. Анхандаа англи хэлэндээ тийм ч сайн байгаагүй, бас их боломж бололцоо муутай, жижигхэн хүүхэд байсан болохоор учиргүй дэлхийн хэмжээнд сэтгээд, гадаадаас тэтгэлэг хайгаад, ТОЕФЛ-н өндөр оноо зуугаад явсан юм байхгүй ээ. Гэхдээ л энэ нь намайг дотоодын зах зээлээ судлахад саад болоогүй, зөндөө л юманд гүйж очдог байсан санагдаж байна.

Зарим хангамж муутай, ядуувтар улсын тэтгэлэгүүдийн шалгаруулалтанд удаа дараа тэнцсэнээ би өөрийн шийдвэрээр хаясан. Тиймэрхүү юмаар явсан ойр тойрныхон маань нутаг руугаа амраад ирэх зардалгүй, эцэг эхээ онгоцны билет авч өг гэж жил болгон шаналгаад хэцүү байдаг байсныг нь мэдэх болохоор би бас нэмэгдээд юүхэв гэж бодсоных. Дурандаа гэдсээ илээд гэртээ хэвтээд байдаг хүмүүсийг олж шалгалтанд оруулах сайн санаатан ховордсон энэ үед олдохуйц болгож, өөрийгөө зах зээлд гаргаж тавих, маркетинг сайн хийж өөрийгөө таниулах, өөрийгөө зүлгэн өнгө будаг нэмэх, чанарыг нь байнга сайжруулах нь сайн бараа биш, сайтар танигдсан, цаг үетэйгээ нийцсэн бараа илүү борлогддог, үнэлэгддэг болсон энэ нийгэмд хувь хүний эзэмшвэл зохих чухал чанарын нэг байх шүү.

Чадлаараа гарч ирсэн хэд хэдэн гайгүй (ганц нэгхэнээр тогтоогүй болохоор) тэтгэлэгээ дээрэмдүүлээд тухайн үедээ харамсдаг байсан ч одоо бол харин маш их баярлаж явдаг юм. Тэр хэдийнхээ шугамаар Япон, Европ руу гадагшиллаа гээд эндэхээс дээр байдалд хүрэх байсан гэж хэлэхэд хэцүү л байх байсан болов уу. Тэгээд ч дараа нь тэртэй тэргүй яваад үзчихсэн л дээ. Ер нь бол failure-аа зарлаад яваад байдаггүй байсан болохоор хүмүүс намайг олон юм туршиж, олж алдаж явсаныг сайн мэддэггүй, энэ муу жаахан юм яаж надаас илүү гарчихваа гээд заавал өө сэв, шалтгаан хайдаг.

Тэр болгон дээр мөрөөрөө явдаг төсвийн албан хаагч ядуугийн ядуу, өөрийнхөө ч зардлыг бүтэн олдог эсэх нь тодорхойгүй, ууж идэхээс ухаанаа гартал айдаг, хэдэн хүүхдүүддээ гар хүрэх нь бүү хэл муухай ч харж үзээгүй, төлөв томоотой, төвшин амгалан эцэг маань мөнгөгүй нь тодорхой болохоор хөөрхий албан тушаал урвуулан ашиглах, авилгал өгөх гэх мэтэд гэм зэмгүй ч байсан хардуулна.

Бас ааваас маань ухаад юм олохоор болихоороо луйвар, лоббиндоо жаахан авъяас муутай ч гэр бүлээ эмзэг бүлэгт харъяалагдахаас аврахын тулд нэр хүндтэй, цалин багатай албан тушаалуудаасаа татгалзаж, өөд уруугүй, өдөр шөнөгүй ажиллан, ухаан, хүч, нөөц бололцоогоо олон улсын төсөл, бизнес, үл хөдлөх хөрөнгө, барилга, хөрөнгө оруулалт гээд л байж болох бүх салбарт өөрийгөө ч мартан бүхнээ дайчилж яваа, хүмүүсийн хүүхдийг өөрийнхөөсөө илүү хайрладаг хал нь гаднаа хайр нь дотроо, олон түмэндээ буянтай, одоогийн нийгмийнхээ чөдөр тушаанд хүлэгдэхгүйгээр бүхнийг даван туулах гээд юухнаа ч хайрлахгүй зүтгэж яваа хөдөлмөрч цайлган ээж маань юм болгоны үзүүрт юу юуны түрүүнд сэрдэгддэг шиг байгаа юм. Хаанаасаа ч тэр олон арван мянган долларыг ээж маань гаргаж шидээд байхав дээ.

Амьдралгүй юм сэтгээд явдаг хүмүүсийг хааяа дотроо шоолдог л юм, гэхдээ амьдрал дээр тэрийг нь хийгээд яваа хүн бодвол байдаг л байж таарах нь, байгааг нь баталгаатай мэддэг хүмүүс бас байхыг бодоход болохгүй бүтэхгүй хүмүүстэй л их орооцолддог болохоор тийм янз янзын юм сэтгээд явдаг байж таараа, хэхэ.

Biography writers

Тэр байтугай миний өмнөөс миний түүхийг зохиогоод миний амьдралыг сонирхогчдод болон миний амжилтанд атаархагчидад миний талаар өөрсдийн бодож байгаагаараа зохиосон үлгэрийнхээ хувилбарыг тараагаад явдаг хүмүүс гадаад дотоодгүй, хол ойргүй, дотны танилын хүрээнд хүртэл хэд хэд байдаг. Тэдний хэлсэнээр биш миний амьдарсан амьдралаар л бүх юм хэмжигдэж байгаа учраас мэдэх хүмүүс нь намайг мэдээд, тэдний үлгэрийг хайхрах завгүй яваад болж л байна. Би ч яахав тэр ядмагхан улсуудыг хөөрхийдөө л гэж бодоод өнгөрдөг юм, тоох ч биш ямар. Чадваргүй бол чадчихсанд нь биш, чадаагүйнүүддээ л хорсож, хорслоо тайлж сурах хэрэгтэй байдаг шиг байна лээ шүү. Өөрөө чадаагүй бол өөртөө л гомддог байх даа одоо, хэхэ. Хор шараа зөв зүг рүү чиглүүлж чадвал өрсөлдөгч, дайсан байтугайг нухчин дарах, давж хөгжих боломж та бид нарт байна. Зэвсгээ зөв ашиглаж сур. Чулуун зэвсгийн үе дээрээ яваа бол хутга олдсонд баярлаад зөв ашигла, хөгж, хийж бүтээ, битгий гараа зүсчих гээд, бусад руу дүрчих гээд бай. Уул нь урсгалаараа явдаг хүмүүсийг бодвол хор шартай хүнд маш их давуу тал байдаг, гол нь хүчирхэг зэвсэг гэдгийн зөв хэрэглээнд л дадах хэрэгтэй. Ямар нэгэн юманд заавал хүрэх зорилго тавь. (Магадгүй хор шарын зөв хэрэглээг өөр үгээр илэрхийлдэг ч байж магадгүй л юм. Цагаахан атаархал гэдэг тал руугаа ч юм уу бүү мэдээ, үгийн сонголтоосоо болоод буруу ойлголцолд хүрэх тохиолдол хүмүүст зөндөө л байдаг болохоор ямар ч гэсэн зөв талаас нь ойлгоод, зөв энергиэр цэнэглэгдэх гэж хичээх нь зөв шүү).

Тодорхой зорилготой хүн хамгийн бэрх, бартаатай замаар ч урагшилж чадна. Харин ямар ч зорилгогүй хүн шулуун, дардан замаар ч урагш явж чадахгүй. Томас Карлейль –Английн нийтлэлч, түүхч, философич /1795-1881/

Гадныхан Билл Гейтс шиг баян болчих юмсан гэдэг бол Монголчууд Энхбаярыг надаас мяа, гуйлгачин амьдралтай болгочих юмсан гээд явж байдаг гэсэн ониго яригдаад байсан шүү. Шударга хөдөлмөрөөр баяждаг, бусаддаа үлгэр дуурайл үзүүлчихээр хүмүүс нэмэгдвэл бас иймэрхүү байдал багасах болов уу яадаг бол, хэхэ.

Ер нь бол миний түүхийг бичилцэгчид ихэнх нь атаархаад ч нэмэргүй, маниус шиг явах боломж байхгүй, бусад шиг давуу талууд заяагаагүй, мань мэтийг нь их олон хүн өөд нь татах гэж үйлээ үзсэн, өөрийгөө тэгэх, тэтгэх хүн байхгүй, өөр шиг нь өөдгүй хүнд өөдлөх боломжыг нь бусад нь олгохгүй байна, харж үздэг хүнгүй байхгүй учраас амжилт гаргахад хэцүү байна, бусад хүн надад мөнгө төгрөг зүгээр өгөхгүй байна, АЗ гэж юм өөрөө над руу гүйж ирэхгүй байна, энэ хүнд зөвхөн АЗ л таарсан учраас ийм амжилтанд хүрсэн байна энэ тэр гэж их яригдсан байдаг.

Үгүй шүү, бүх хүнд, та нарт ч бас миний хүрсэн ололтуудыг олох хүртэх боломж бий. Тэгээд ч ямар онцгой мундаг, хүн хүрч чадахааргүй байдалд ч хүрчихсэн ч биш ямар, тэр байтугай л сод ухаантай, авъяастай, гайхамшигт амжилтанд хүрсэн хүмүүс зөндөө л байхад жирийн миний амьдралыг их ухаж төнхөөд, сониучирхаад, элдэв хувилбар, таамаглал дэвшүүлээд, өөрсдийгөө чамлаад, өөр хүмүүсийг харж үзэхийг хүлээж, цагаа үрээд байх ямар хэрэг байдаг байнаа. Хүн намайг өөд нь татахыг хүлээснээс хөгшрөлтөө хүлээсэн нь илүү хурдан байх байсныг би харин яг мэдэж байна.

Австралийн зарим амжилтанд хүрсэн хүмүүсийн дурьдатгалыг уншихаар надад АЗ таарсан, Зөв цагтаа Зөв газраа байж чадсан гэж хэлж буй хүмүүс намайг доромжилж байна гэсэн үг, миний хөдөлмөр зүтгэл, юманд хандах хандлага, уйгагүй эрэл хайгуул, зарцуулсан цаг хугацааг маань юу гэж бодож байгаа юм гэхчилэнгээр зөндөө л юм тайлбарласан байдаг юм. Хэхэ, би ч нэг их тэгж бусдын АЗ-нд итгэдэг хүмүүст гомдоллоод байдаггүй л дээ, Монгол гэж нэг сайхан анд нөхдөө, найз нөхрөө, танил танилаа, ах дүүгээ гэдэг улсад өссөнийх олонтойгоо ойр байж, олон түмнийхээ буянаар л өдийг хүрсэн нь үнэн л юм чинь. Баруунд бол ёстой л бор зүрхнээсээ өөр юмгүй хүмүүс л өндийж гарч ирсэнээрээ их бахархаад байх шиг байдаг юм. Өдийг хүртэл маань надад хэн ч тусалж дэмжээгүй гэвэл алдас болно гэж бодож байна шүү. Надтай хамаатай, хамаагүй олон хүмүүсийн надад зориулсан нөр их зүтгэл, ач тусыг мангар боловч мартчихгүй санаатай л үзээд байдагшд.

Гэхдээ юу үнэн бэ гэвэл өөртөө туслах гэж хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа хүнд өөр хэн ч (тэр байтугай бурхан багш ч) туслах боломж байхгүй нь маргашгүй зүйл. Насаараа баян болгож өгөөч гэж бурхандаа мөргөж, өргөл өргөсөн эр нас бараад бурхантай уулзахдаа миний гуйлтыг яагаад биелүүлж өгсөнгүй вэ гэж асуухад нь чи ядаж ганц удаа сугалаа ч болов авчихгүй яав даа гэсэн юм гэнэ лээ. Хүнд тусалдаг бурхан шиг хүмүүс хүртэл хэт тусалж давраахгүй, зөв туслахаа мэддэг л юм гэсэн. Өгөөмөр тус бол ихийг өгөхдөө ерөөсөө биш юм байхаа, их гоё хэлсэн үгийг нь одоо хайгаад ерөөсөө олохгүй байна. Ер нь тэгээд хамгийн их хайрлаж, эрхлүүлж, хамаг юмаа зориулсан хүүхдүүд нь алсдаа амьдралд аав ээжгүйгээр явах чадваргүй болж хувирдаг нь миний ойр тойрхныхоны амьдралд л лав батлагдчихсан л зүйл. Тэгэхээр тусыг зөв хүртэх гэдэг бас их том ухаан байх шүү.

Утсан хүүхэлдэй л биш бол зорилгынхоо төлөө бусдын тус дэмжлэг авах гээд гүйж байгаа хүмүүсийг муу хэлээд, бусдаас нь ялгаж гадуурхаад байх шаардлага байх ч үгүй. Бүх хүн бүгдийг чаддаг болоод төрчихдөггүйгээс хойш, чадахгүй юмаа ухнатаад суулгүй, цаг хожин, чаддагт нь хандаад, нөөц хэмнэх чинь байх л зүйл, харин ч магтууштай. Хүний тусалсан тусыг хүлээж авах чадвартай, чадваргүй хүн гэж бас байдаг шүү дээ. Туслая гэвэл би хэзээд бэлэн л гэнэ. Надад тус болж явсан хүмүүс, хүч хөдөлмөрөө үргүй хоосон зарцуулаагүйдээ баярлаж явахыг нь харах сайхан л байдаг. Чадал чансаа маань хүрвэл хүний тусыг заавал хариулах гэж хичээх хэрэгтэй гэж эцэг эх минь сургасан юм.

Mongolian way of assessment!!!!

Тухайн үедээ хөгжингүй оронд сурах тэтгэлэгийн шалгаруулалтанд нэгээр шалгарч гарч ирэхэд маань өөр хүүхдийг явуулахад дуугүй л өнгөрсөн. Миний оронд явсан хүүхэд надаас бага оноо авсан, ярилцлаганд огт ороогүй ч их чадалтай, нэртэй сургууль төгссөн, аав ээж нь их монцгор, миний сайн таньдаг хүүхэд байсан. Би түүнд сайн сайхан бүхнийг хүсээд л үлдсэн, надад болон ойр тойрныхонд маань тэр үед намайг явуулж болохгүй хувийн шалтгаан байсан юм. Тохироо нь бүрдээгүй үед юмыг заавал хүчлэх гээд өөрийгөө зовоогоод байх шаардлага байхгүй л дээ. Дараа нь харин бас өөр шалгаруулалтаар ганцаархнаа хол тасархай товойж гарч ирэхэд маань улаам цайм шалгаруулалтанд оролцуулаагүй хүн явуулсан хүмүүс арга хэмжээ авахуулж асуудалд орцгоож л байлаа. Хойшид эрх мэдэлтнүүдээ, юм хийвэл цэвэрхэн хийцгээж бай л даа. Эргүүлээд бухах шалтгаан үлдээвэл над мэтийн хонь ямаанууд хүртэл эврээ ургуулж, шүдээ хурцлахаа бодолгүй дээ.

За тэр ч яахав. Тэднийг ямар гай болсон гээд л байсгээд л тааралдсан хүн болгондоо зарлаад явалтай нь биш дээ. Тийм их юм сэтгэлдээ тээж явбал өөрийгөө л зовоохын нэмэр зүгээр. Цөөхөн хүний хүрээнд яригдаад л асуудал дуусч байгаа юм. Үсрээд л хэдэн царай муутай баагий цалин багатай ажлаасаа л мултраа л биз. Надаа гомдож чадахгүй л явдаг биз дээ хөөрхий. Ойр орчныхон нь л болохгүй тоглоомоор тоглочихож, яадаг муу золигийн амьтан бэ гээд л явж байсан даг. (хэ хэ, тэр золигийн амьтан нь би гээд бодохоор бас бардамнах сэтгэл төрнө шүү, нусаа гоожуулсан юм бас хүн сүрдмээр байдалд очсон гээд байгаа юм). Уул нь би ямар өөрөө хүн харыг оролдсон биш, бас л дуугай явж байсан чинь миний ойр орчныхон л тэнэг биш болохоор тийм байдалд хүргэчихгүй юү дээ. Гэхдээ л үр дүнг нь тэгж бүүр доошлуулах албагүй байсан нь ч үнэн байх. Хүн бүр л өөр өөрийнхөө өнцгөөс харцгаасан байх даа. Тэдэнд сайн сануулаад дараа дараагийн хүүхдүүдийг дарахгүй байх талаас нь сурталдсан бол илүү байх байсан ч байж магадгүй ш дээ. Чадварлаг боловсон хүчнээ алдах чинь яаж сайн байхав дээ. Ганц миний ч биш бас тэр халагдсан хүмүүсийн хувь заяа ч бас хэцүү л байсан байлгүй. Сайнгүй муу, муугүй сайн хүн гэж байдаггүй л юм гэсийшдээ, хэн мэдэхэв. Надад муу юм хийсэн хүн, өөрийнхөө ойр дотныхондоо жигтэйхэн сайн үйл хийсэн байдаг байлгүй, хэхэ.

Нэгэнт тэр үед тэгээд өөр хүмүүс явуулчихсан болохоор хувь дутсан, хөөрхийлөлтэй баагийгийн дүрд тоглоод юүхэв дээ, өөрийгөө хохирогчоор шалгаруулж, гутаж гуниад уруудаад байлгүй харин ч өөр арга зам зогсолтгүй л хайхад хүргэсэн юм даг. Хамаагүй бүх хүний шунасан юманд тэмүүлэхийн давуу, сул талыг тэгж л нээж илрүүлж байгаа юм шүү дээ. Гэхдээ ч хэд хэдэн газар яваад амжсаан. Тэр болгон дээр туршлага сууж, хэл ус маань сайжирч л байсан байх.

http://www.hamagmongol.net/readarticle.php?article_id=45

Жил бүр би бусдаар шоглуулах, даруулах тусам Дашбалбар агсаны бичсэн шиг улам өнгө орон од мэт гялалзаж, улам их туршлага, сэтгэлийн хат суух юм даа. Доромжлох тусам нь долоон бурхан од шиг хялалзаад л явчих хэрэгтэй юм гэсийшд, хэхэ. Өөнтөгч өрсөлдөгч бүр минь намайг хурцалж, надад давуу тал бий болгоход минь хүчтэй түлхэц өгч чадсан гэж боддог. Юм нэгээр дуусахгүй, би залуу хүн, алдаа болгон маань надад яавал болохгүй талаар ойлголт өгч, урмаар тэтгэдэг, миний өмнө чилийсэн урт зам байгаа, би заавал шулуун дардан, бусдын засаад өгсөн замаар явах албагүй, харин ч өч төчнөөн нугачаатай, бартаа саадтай замаар явж бусаддаа зам засан, түмэн бэрхшээл, мянган зовлонг гэтлэн байж, даван туулахын их бахархал, таашаал, ололт амжилтыг хүртэх эрх чөлөөгөө эдэлж байгаадаа баяртай байдаг. Ямар ч саад бэрхшээлгүй юмыг дурсан санах том шагнал дагалдах боломжгүй, давж туулсан нь онцын сонирхолтой байж чаддаггүй. Ялангуяа бусдын зассан замаар яваад ямар ч туршлагагүй үлдэж, юунд ч бэлтгэгдээгүй хэвээрээ байхыг би таашаадаггүй. Одоогийн эрсдэлээс айн зугтах нь хожмын бүр том эрсдэлийг үүсгэдэг гэж нэг айхтар үг толгойд минь байнга хадаатай байдаг.

Уналт бол сэргэн мандалтын эхэн үе

Цагаа тулбал алтан медалтай төгсөж байсан ээжийг маань олон сайхан гадаадын хуваариас нь татгалзуулж, эцэг эх нь хүчээр хүсээгүй мэргэжилээр нь дотоодод сурган тухайн үедээ л олон жилийг нь алдуулж, амьдралд нь алдаа хийлгэж байгаа мэт санагдуулдаг байсан гэсэн ч яг одоо бол хүсээд зориод гадаад, дотоодгүй суралцсан ч амжилт гаргаж чадаагүй яваа олон ядуу хүмүүс ээжийг минь царайчлаад л, ажил гуйгаад л, нийгмийнхээ эмзэг бүлгийнхэний тоонд ороод л явдаг юм. Ээж маань ч бас эмзэг бүлэгт ороод явах боломж байсан уу гэвэл байгаагийн дээдээр байсан л байж таараа, тийм эрх мэдэл хүн бүрт байгаа. Эр эмгүй эрхээ эдэлцгээж, үүргээ умартацгааж байгаа энэ цаг үед хүссэн амжилтынхаа төлөө тэмцэхгүй, бусдаас бурууг хайж буй улстай юу ярихав дээ. Хүн заавал хүссэн байдлаараа мөнх амьдрах боломжгүй, хүсээгүй зүйл олон тохиолдож болно, гэхдээ хүсээгүй юмыг цаг хугацааны туршид хүсмээр зүйл болгож болдог, хүссэн зүйл рүүгээ чиглүүлж болдог. Үлгэрт гардаг баатрууд хүртэл гүнжийг аврахын тулд мангастай тулж, амиа алдахад ч хүрч болох олон тулаанд орж, өвдөж, шархдаж, өлсөж цангаж, үйлээ үздэг л биз дээ. Үлгэр юм болохоор тэгээд баатрыг нь ялуулдаг, ялаад даваад хүрч чадсан ололт амжилт нь л бараг үлгэрийн гол утга учир нь болдог шүү дээ.

Тэгэхээр бүхнийг цаг хугацаа харуулна. Эцсийн үр дүн л чухал бөгөөд түүнд ямар арга замаар, юу даван туулж байж, хэр хурдан хүрсэн нь үр дүнгээс илүү чухалд тооцогдох боломжгүй. Амьдрал хэмээгч тэмцэлд ялан дийлэх шиг их бахархмаар гавъяа гэж үгүй. Тэгвэл би Монгол дахь тууштай тэмцэгчдийн талд ордог, араас нь асаасан трактор л гэсэн үг, бүхий л зүйл дээр хоёр гараа, хоёр хөлтэйгээ, өшөө өргөх юм олдвол бүгдийг нь өргөөд л дэмждэг хүн. Гэхдээ тэр хувьсгал гаргаж, реформ хийчихээд дараа нь ухаалагууддаа зайгаа тавиад өгчихгүй, өөрсдөө удирдах гээд мянгуутаад байдаг галзуу солиотой хүмүүсийг яриагүй шүү, нийгэмдээ, гэр бүлдээ, ойр дотныхондоо түшигтэй, ханатай, ноён нуруутай, бидний аж амьдралыг, амь зуулгыг даагаад явчихдаг, Монгол улсыг маань нуруун дээрээ үүрээд явж байгаа, ажилч хөдөлмөрч, жирийн сайхан ард иргэдийгээ хэлсэн шүү. Тэд бол биднийг гал алдуулчихгүй шиг авч явахын төлөө тууштай тэмцэгчид, үндэсний баатрууд мөнөөс мөн. Тэднийгээ л бид хайрлаж, хамгаалж, хатуу бэрх цаг тулгарахад дэмнэж түшиж явах хэрэгтэй байх. Бид хэдийгээр шилжилтийн үеийг бэлтгэлгүйгээр туулахад хүрсэн ч шинэ үеийнхэн харьцангуй дасан зохицох чадвартай болж чадсан гэж боддог. Биднээс өмнөхүүд л харин нэлээн сандарч, алдаа хийсэнүүд нь тэрийгээ анзаарахгүй эсвэл араас нь гашуудсаар зарим нь сэхэж амжихгүй явсаар ирсэн байж магадгүй. Тэгвэл нэгэн сонин жишээ хэлье. 9 жил арабын халуун цөлд машины дугуйны үйлдвэрлэлд хөрөнгөө оруулсан тэнэг солонгос тэр 9 жилийнхээ турш тэнэгт тооцогдсон ч дараа нь зах зээлд түрүүлж нэвтэрсэн давуу талаараа олон тэрбумын зах зээлийг ганцаараа монопольдож, 2-хон жилийн дотор есөн жилийнхээ хөдөлмөрийг хэд нугалж, саятанг алгасан тэрбумтан болж чадсан жишээ байдаг л юм.

Алдааг алдаа биш, амжилт болгож хувиргана гэдэг бол амьд хүний амьсгалах бүртээ мэдэрч, тэмцэж явах ёстой зүйлийн нэг болов уу. Ялагдлаа ялалт, зовлонгоо зол болгож хувиргах тэвчээр, сэтгэлийн хатыг бий болгох гэж хичээвээс зохино. Цагаа тулбал бид хүртэл яагаа ч гүй жаахнаараа нэг биеэ хоёр болгож, хоёр биеэ гурав болгож, проблемуудаа double-даж, triple-дэж явахад маань цөвүүн цагийн эрхээр цөхрөх сөхрөх үе таарахад бусдын нүдэнд бид BIG Mistake-үүд л байсан байх. Гэтэл одоо биднийг даваад гараад ирчихсэн болохоор бидэн шиг азтай, бүх юмаа амжуулсан хүмүүс алга л байна гэдэг. Бид одоо юуг ч туулах чадвартайгаа мэдэрцгээсэндээ баяртай байдаг. Бусад хүмүүс ч баталдаг, хүлээн зөвшөөрдөг, бас чадал нь хүрвэл дуурайчих хүсэлтэй байдаг болсон.

Ухаантай, хариуцлагатай, аль ч төгсөлтийнхөн дотороо толгой цохидог байсан сэхээтнүүд болох эцэг эхийгээ бид насанд хүртэл маань эрүүл саруул өсгөн бойжуулж, энэ биеийг минь төрүүлж өгсөнөөс нь илүү юм нэхэх эрх байхгүй гэж үздэг. Өтлөх насанд нь үр хүүхэд нь сайн сайхан явж байгааг хараасай, үртэй хүн шүү гэдгээрээ бахархаж, мэдэрч яваасай гэсэндээ өөрсдийгөө өөдтэй болгох гэж чадлаараа л чармайдаг, боломжоороо биеээ даагаад явцгаадаг жирийн л хүүхдүүд болохоор бид өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө зураад, чадлаа хүрэх хэмжээгээр хичээгээд л явж байдаг. Ээж аавынхаа төрүүлж өсгөсөн их ачийг нь эргүүлээд төлөөд эхлэх хэмжээнд хүрчих юмсан даа гэсэн нууцхан бодолтой л явдаг даа. Эх орон маань ч бас шударга, хүчирхэг, чадварлаг иргэдээрээ дэлхийд танигдаасай гэсэндээ бусаддаа нөлөө үзүүлж чадахгүй ч ядаж өөрийгөө аятайхан аваад явчих юмсан гэж их хичээдэг. Миний хичээнгүй зүтгэлийг хэн нэгэн нь заавал үнэлэх алба байхгүй, яагаад гэвэл хичээгээд хичээгээд ямаа янгиндаа, тэмээ тэгнээндээ, чадлынхаа л хүрч болох хэмжээнд очих нь тодорхой. Тэр нь цусны өөнтөгч бидний хэдэн Монголчуудад маань мэдээж чамлалттай л байж таараа.

http://boldsaikhan.blogspot.com/2007/10/mongoliin-ireeduig-bid-buteene.html

Анхны төсөв маань

Тунаж үлдсэн бяцхан төсөв маань хүмүүс үхэж хатталаа булаацалдахааргүй бага мөнгө гэлтгүй зөндөө л асуудалтай байсан шиг санагдаж байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхэд тулаад, тэгсэн чинь бүр жийх нь бүү хэл атирч нугарангаа л алдсан юм даг. Жирийн айлын хүүхдүүдэд ер нь их юм горьдох эрх байх биш дээ. Чамлахаар чанга атгадаг л юм даа.

Тэр онд Брисбенд манай Их сургуульд суралцахаар ирсэн БҮХ МОНГОЛЧУУДаас хамгийн их англи хэлээ дөхүүлчихсэн (ирэхээсээ бүтэн жилийн өмнө IELTS 6.0 бүх 4 бандаар), англи хэлний курсэд хамгийн богино хугацаанд (1 сар) суусан нь хамгийн залуугаараа гэр бүлээрээ ирсэн би байсан. Японд байхдаа визэнд орж байсан шиг санаж байна. Уул нь ирэхдээ хэлний төвшин маань хүрсэн байсан байх, гэхдээ хэлний шалгалтын оноо энээ тэрээг ирсэн хойноо л янзлах ажил гарсан.

Тэр АЙЛТС-д нь 2-4 сарын өмнө бүртгүүлэхгүй бол booking хийж болохоо байчихаад, шалгалтаа өгөхөөс өмнө магистрын сургалтын семестер нь эхэлчих гээд хэцүү байдаг юм билээ. Семестер нь 2 сард, 7 сард элсэлтээ авдаг, тэр үеээр нь шалгалтаа өгвөл дүгнэхдээ ч гайгүй, өндөр оноо авах магадлал өсдөг гэдэг л юм билээ.

Шалгалтаа өгч амжаагүй байтал семестр нь эхэлчихээр элсэж болохоо байгаад ахиад хагас жилээр хэлний курсдээ сууна гэсэн үг шүү дээ. Ийм алдааг олон дахин хийсэн олон туршлагагүй Монголыг мэдэх юм байна. Тэгээд ч угаасаа шалгалтын хөлс гээд 200$ гаран доллар нэхээд байсан, тийм юманд зарцуулчихаар тийм их мөнгө анх ирэхэд маань байгаагүй л дээ. Тэгээд сургуулийнхаа ISLPR гэж шалгалтанд ороод тэнцсэн. Ер нь хаа ч явсан сонголтуудаа асууж, мэдэж авч байхад илүүдэхгүй. Амьдрал их баялаг юм билээ шүү.

Харин дараа сургуулиа төгсөөд IELTS writing-р нь 8.5 авч байлаа шүү дээ. Гэхдээ би өөрийгөө англи хэл сайтай гэж ердөөсөө боддоггүй, бичгийн англи хэл, практик англи хэл бол асар их ялгаатай зүйл. IELTS 6.5-тай монголчууд орчуулагч хийгээд л гүйгээд байдаг юм, бодвол орчуулагчийн чадвар гэж юм сайн эзэмшсэн байдаг байх. Тэгээд ч надад одоогоор орчуулгаар амь зуух хэрэгцээ бараг гараагүй байгаа. Миний явдаг зам ч биш шиг л санагдсан шүү. Над шиг муу орчуулагчаар орчуулга хийлгэж алдаа хийсэн хүн зөндөө л байдаг байх, одоо бодохоор өөрөөсөө ичдэг юм. Дараа амьдралын шаардлагаар ч болов орчуулга заавал хийж сурна л гэж боддог шүү. Бүр маш сайн орчуулдаг болох юм хуна, бүх орчуулагчидыг дотроо буцалгаж, гаднаа тэрийгээ гаргаж иртэл нь төгс сайн орчуулагч болж ч болно шдээ. Хэхэ. Хэр их оролдож, хэт цочмог шийдвэр гаргатал маань амьдрал надаас шаардаж шахахнуу харж л байя.

Англи хэлний шалгуурууд

IELTS 6.0 -р магистрын програмд шууд авдаг сургуулиуд байдаг юм байна билээ. Эсвэл их сургуулиуд зарим мэргэжлээрээ шалгуур багатай авах тохиолдол бас гардаг. АУСАИД-нхэн ч 6.0-р сургуулид ирчихсэн байж л байдаг. Эсвэл IELTS 5.0-той хүүхэд дээд шатны хэлний курсыг нь төгсгөвөл шалгалтын оноогүй элсүүлдэг сургуулиуд ч бас байдаг л юм билээ. Миний хувьд дажгүй шалгуур сайтай, гайгүй сургууль байсан юм байлгүй, 6.5 шаардаад бас төгсөгчид нь муждаа ажил олоход нэлээд дөхөмтэй байдаг, австраличууд ихтэй сургууль байсан шиг санаж байна. Заавал шалгалтын оноог хүргэх хэрэгтэй л гээд шазуур зуугаад байсан юм даг.

Тэгээд тэр сургуулийн шалгалт гээч юмнаасаа овоо л өндөр оноо нэхсэн, их ч сандарсан, тэр шалгалт нь АЙЛТС-с ч хатуу шалгалт шиг байна лээ. Гэхдээ хэдэн багшдаа гайгүй тоогдож байсны хүчинд background их харсан уу яасан, тэгээд л болчихсон. Багш нар маань надад 100 хувь итгэж байгаагаа олон дахин хэлж байсан ч би өөртөө итгэхгүй их сандарч байсан болохоор маш олон back-up төлөвлөгөөтэй үзсэн л дээ. Уул нь оноо хүрэхгүй бол өргөдөл гаргаад аргалъя гээд Ази оюутны асуудал хариуцсан нөхөртэй уулзах цагийн хуваарь хүртэл товлочихсон, Plan A, Plan B гэх мэт нэлээн олон төлөвлөгөө гаргачихсан байсан юм.

Манай ангийн хэл нь хүрэхгүй хятадууд IELTS 6.0-роо гүрийлгээд семестер эхлэхээс өмнө гуйгаад, өргөдөл гаргаад орчихсон тохиолдлууд бас байсан болохоор гуядаад чадахгүй бол гуйгаад ч хамаагүй орно гэж бодож байсан. Гэхдээ тийм шаардлага гараагүй, болчихсон. Чадчихсан болохоор надад тэр үед маш гоё санагдаж байсан. Баахан хэл нь хүрэхгүй ази оюутнуудад дарагдчихсан байсан Ази оюутны асуудал хариуцсан хүн хүртэл уулзалтын ачааллыг хөнгөлж, уулзахаа болихоор шийдсэнд маш их баярлаж байсан даа. Би хэрэв хэл маань тэнцэхгүй, хагас жилээр сунахад хүрвэл хэлээ хүргээд, магистрынхаа сургалтанд ортол гэрийнхэнийгээ буцаая гэж ярьж байсан болохоор хань маань хачин их баярлаж байж билээ. Нулимс дуслуулаад л, чи ёстой лаг шүү гээд л, би гэж нэг бод идсэн боохой царайлсан гар, дайнд ялсан баатар шиг л дахин дахин өнөөхөө сануулаад л явдаг байлаа. Мэдээж маш сайн хэлтэй хүмүүсийн хувьд над шиг мяа гарын энэ мэтийн жижиг ялалтууд инээд хүрмээр л санагдах байх л даа. Гэхдээ л энэ бол тухайн үедээ л миний орчинд байсан Монголчуудын хувьд үнэхээр хувьсгал, хонгилийн үзүүр дэх гэрэл байсан юм шүү. Хүн бүр төгс байх албагүй, гэхдээ алдаанаасаа суралцаад л, юм ойлгож аваад л явж байхад болно.

Тэр үед ирсэн Монголчуудад мэдээлэл муу байсан уу, эсвэл үнэхээр аз муутай байсан уу, бүгд л жил шахуу хэлний курст сууцгаасан юм даг. Шалгагдаж, шигшигдэж ирсэн гэчихээд их л ухнатацгааж байж, үндсэн сургалтааа эхэлцгээж байлаа. Монгол дахь шалгаруулалтуудын хуваарьлалт нь шог л байсан нь тэр үед их тод мэдрэгдэж байсан. Ядаж олон улсын хэлний шалгалтын дундаж түвшний оноотой хүмүүсийг шалгаруулалтанд оролцуулж байвал аль аль талдаа амар л баймаар. АЙЛТС, ТОЕФЛ-н газруудыг бас авилгалдаж, лоббидох чадвартай нь хэд билээ дээ, шалгуур арай л сайжрана шүү дээ. Ирсэн хүмүүс нь ч бас хий дэмий цаг, мөнгөө алдахгүй, амар байхгүй юу. Бас хэдэн чадалтай, хэлтэй хүүхдүүд уйлаад хоцорцгоох нь бас багасах байлгүй дээ. Заавал тэгж танил талтай, хэл усандаа сайнгүй хүмүүсийг сонгож, ирээдүйд их юманд хүрч чадах байсан хүмүүсийнх нь байрыг булааж өгөх шаардлага гарахгүй ч байж болно шүү дээ. Чадал нь хүрээд ирсэн улсууд бол ч яахав, харьцангуй ханатай ядаж 3, 4 сарын л хэлний курс тэдэнд хаваасаг. Бүтэн жилээр англи хэл гэсэн ерөнхий мэдлэгийн сургалтанд хичнээн мянган доллар үргүй зарцуулж, магистрын сургалтнаас өндөр төлбөр төлцгөөж байна даа. Харамсалтай. Өөр нэг хэл сайтай хүнийг жилийн мастерт сургаад буцаачихсан бол аштайв дээ. Нэг алдааг нэгээс илүү давтах хүмүүсийг сонгосон хүмүүс сонголтоо бас бодолцож байх хэрэгтэй санагдсан шүү. Тэгэхгүй бол бүтэлгүйтлийнхээ төлөө зүгээр байгаа хүмүүст уураа гаргадаг балай хүмүүс бас ирчихсэн байсан. Гэхдээ тэд цөөхөн байсан нь яамай. Тэднээс өөр бодолтой, сайхан сайхан яваа, залуустаа хэрэгтэй түшигтэй, гай болох нь бүү хэл, тус болдог, дажгүй сурч боловсроод яваа хүмүүс алийг тэр гэхэв. Тэр сайхан хүмүүстэй холбоотой байхсан, тэдний бусдад туслах гэсэн их үйлс хэрэгт нь нэмэр болохсон гэж боддог л юм.

Put down vs Improve

Ирсэн хойноо урт удаан хугацаагаар хэлний курсэд цагаа алдсан Брисбен хотын хөгшин оюутнуудын зарим нь намайг залуу мөртөлөө хүссэндээ тэднээс хурдан хүрээд байсанд жаахан дургүйхэн л байсан. Хойшид надаас бусдад нь бас дургүйцлээ илээр илэрхийлээд хэрэггүй л байх. Өөрсдөд нь л хэцүү. Миний төрсөн өдөрөөр би чиний насан дээр юу хийж байсан билээ гээд л бүгд харьцуулаад л байдаг байсан. Тэгж өөрсдийгөө тарчлаах шаардлага байсан ч юм уу, өрөвдмөөр л харагддаг байсан даа. Бас янз бүрийн хэл үг гаргаж, худал цуурхал тарааж явсан хүмүүс нэгээр тогтохгүй байсныг өөрсдөө ч сайн мэдэж байгаа байх. Тэдний насныхан болон залуусын хувьд үзэл бодол өөр, хов живийг хүлээж авах нь ч бас өөр өөрөөр тусч болох юм гэж бодоогүй л байх л даа. Би ямар өмнө нь тэгж мундаг хүн амьтанд тоогдож, сонирхогдож үзсэн биш, атаархал гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь цөөн Монголтой газар үзэхэд хүрч байлаа. Энэ нь ч бас надад томчуудын ертөнцийн тухай ойр зуурын ойлголт авахад маань тусалж, том туршлага болсон доо. Тийм юм байдгийг мэдэхгүй явж байгаад асуудалд орж байснаас эртхэн ингээд мэдэж аваад, сураад явж байгаа чинь том зүйл шүү, хэхэ.

Би тэдэнд одоо хэн болохоо хөдөлмөрөөрөө, олсон долоосон зүйлсээрээ харуулж чадсан гэж үзэж байгаа. Би хувь хүнийхээ хувьд амархан мөчөөгөө өгдөггүй, заавал хүний ая эв харах гэж гүйдэггүй, их дургүй хүргэсэн хүмүүстэйгээ түс тас, тийм ч их хонь шиг номхон хүн биш, гэхдээ муухай санаалаад заавал зүгээр байгаа хүмүүст гай тарих гэж гүйгээд байдаггүй, зарим хүмүүс шиг бусдыг доошоо чангаалгүй, өөрийгөө дээш нь түлхэж байж давж гарахыг илүүд үзэх нь дээр гэдгийг хэдий залуу ч мэдээд амжсан, хүн гэж амьтныг хамгийн багадаа өөрийгөө хамгаалах хүч чадалтай болох ёстой гэж боддог хүн. Би хонь, ямаа байсан үе бас байгаа байгаа, идүүлэхээ хүлээгээд хэвтэж байхаар эврээ ургуулаад байж байхаар шийдсэн ердийн л хүн. Эцсээ хүртэл тэмцэж байж идүүлнэ шүү хөө. Уулыг нурааж, усыг гатлах байсан ч хүн өөртөө үнэнч явсаар үхсэн нь дээр гэж боддог доо.

Хөгшрөх тусмаа зөөлрөх л байх. Одоогоор залуу байгаа болохоор омголон зан арилж амжаагүй, галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй насан дээрээ л яваа болохоор янз бүрийн л юм туршиж, алдаж оноод явж байхаасаа ер сийхгүй. Тиймдээ ч би их доороос эхэлсэн ч зогсолтгүй тэмцлийнхээ үр шимийг үзээд баясаад явж байгаа хүн. Муу муухайгаа ухалцахдаа тулаад балайраад байдаг хүмүүстэй би адилхан ухалцаж, цагаа алдаж байхаар илүү чухал юманд анхаарлаа хандуулж, хэн болохоо, юунд хүрсэнээ цаг хугацааны туршид хэлүүлэлтгүй баталж болно гэж үздэг. Амьтан хүнтэй аль болох аятай, нийцтэй байх гэж хичээлгүй л яахав, аягүй санагдсан хүмүүстэйгээ заавал зууралдаад байлгүй, аятайхан холбоогоо тасалж бас сурах хэрэгтэй шиг байгаа юм.

You can save from tuition fee

Төсөвтөө баригдаад Австралийг сонгосон нь муу хүний заяа завагт гэдэг шиг л болсон юм. Австралид гэр бүлээрээ ирж болдог, ажиллах эрхтэй, Greencard-г нь амархан авч болдог, бакалавртаа үзсэн хичээлээ нэмж үзэхгүйгээр credit transfer хийлгээд, мөнгө төлөхгүйгээр хурдан төгсөж болдог, семестрт цөөн хичээл үзэж төлбөрөө бүр хямдруулж, байх хугацаагаа уртасгаж болдог гээд ирэхээсээ өмнө мэдээгүй байсан зүйлс олон байсан л даа. Ямар ч байсан ирсэн хойноо магистрын сургалтандаа 1 семестерийн 5800 австрали доллар буюу тухайн үеийн ханшаар 4000 америк доллар гарантай төлж эхэлсэн юм даг. Жил бүр нэмэгдээд л байгаа харагдаж байна.

Тэр үеийнхээ байдлыг одоогийн байнгын оршин суух эрхийг нь аваад баян оронд мэргэжлээрээ ажиллаж амьдраад, иргэдийнх нь эдэлдэг бүх эрхийг нь эдлээд, өдий насан дээрээ хамаатай хамаагүй ядуу залуусынхаа ирээдүйд, боловсролд нь мөнгөөр болон мөнгөн бусаар хөрөнгө оруулаад эхэлчихсэн, үүнийхээ үр дүнг ч үзээд амжчихсан, анх гарч ирэхдээ хэрэглэсэн багахан зээлээ нөхөх хэмжээнд хүрчихсэн, Монгол руугаа сардаа хэд хэдэн удаа олон мянган доллар явуулж, жижиг дунд бизнесүүдийг дэмжиж чадаад байж байгаатайгаа харьцуулахаар олон жил Америк, Англид цагаа алдсан ажлын визний асуудалтай явдаг, өөрөөсөө бусдыг санхүүжүүлэх манатай явдаг, сурч дуусдаггүй, сурсанаа ч хэрэгжүүлэхдээ хойргошоод байгаа Доктор Профессоруудыгаа бодвол овоо л shortcut хийсэн шиг санагддаг л юм. Гэхдээ бүүр шууд ирэхдээ л бүх юмаа зохицуулж болдог өөр shortcut-ууд бас байдаг юм билээ. Ирэхээсээ өмнө ч юм уу, ирсэн хойноо шууд хямд сурах, ажиллах, иргэнтэй адил эрх эдлэх визээ хөөцөлдчихдөг хүмүүс байдаг. Зарим нь бүр огт хэл ус ч байхгүй, сурч боловсрох хүсэлгүй, буцаж харих ч дургүй мөртөлөө гадаадад суралцах сургалтын тэтгэлэгээс ч дээр хангамжинд багтаад байдагийг нь бодохоор ер нь л ямар ч юманд олон сонголт, нүх сүв, гарц байдаг, хаагуур нь яаж явах, юуг нь сонгох нь л хүний замыг нь зураад, хөтлөөд байх шигээ. Гол нь байнга эрэлхийлж, мэдлэгээ тэлж байх хэрэгтэй юм шиг байна билээ.

Be open minded, do non-stop search for opportunities

Мэдээжээр хэрэгтэй, сонирхолтой юмнуудыг сайн ухаж төнхөж, сонирхож, сураглаж байж мэдэж авахгүй бол учиргүй мэдээд өгөөч гээд хүн болгонд мэдээлэл тараагдаад байна гэж байдаггүй л байх. Ямар ч гэсэн миний хувьд шинээр ирэгсдэд туршлагаасаа зөвлөөд сургуульдаа төлсөн их мөнгүүдийг нь буцааж авахуулаад, заримд нь мөнгө төлөлгүй кредит цуглуулах боломжуудыг нь зааж өгөөд л явуулдаг юм. Дараа нь гавъяа байгуулж, хямд сурахаар болсоныгоо ээж аавдаа дуулгаад л хөөрцөглөөд л байгаа харагддаг.

Анх цөөн хэдэн жилийн өмнө гэр бүлээрээ бөөндөө ирцгээж билээ. Гэр бүлийн виз гайгүй шууд гардаг, тасалж барьж эхлээд нэг нь түрүүлж ирээд дараа нь бусдыгаа татна энэ тэр гэдэггүй амар юм билээ. Австрали лав буцаж харих үндэслэлгүй энэ тэр гэсэн балай нөхцөлөөр виз татгалздаггүй, харин ч төгсөгчидийг урт богино хугацаагаар Австралид ажиллаж амьдрах боломж олгоод байх шиг байдаг шүү. Гэхдээ энийг ирэхээсээ өмнө мэдээгүй л тууж явлаа. Ямар ч гэсэн сураад авъя, тэгж байтал учир нь олдох байх л гэж бодож байсан байх. Дөнгөж буучихаад л халууныг нь гайхаж байсан санагдана. Дэлгүүрийн бүх юмны үнэ тасархай үнэтэй санагдаад л сонголт ихтэй болохоор нь будилаад л буруу юм дандаа авч шатна, центийн зөрүү харж янз янзын дэлгүүрээр ороод л инээдтэй ч байж дээ. Бүх л юмыг монголын ханшинд хөрвүүлж бодоод л, сүүлдээ байнгын орлоготой залгаж байж л нэг юм тэр муу зуршлаасаа салсан. Анх ирчихээд бүхэл бүтэн гэр бүлээрээ долоо хоногийнхоо хүнсийг 30 долларт багтаадаг байлаа, одоо бол 200-аад долларт багтаасангүй гээд л “сангийн яамныхаа сайд”-тайгаа барилдахдаа тулах үе гарч л байна.

Бид шинээр ирэхдээ Brisbane хот гэж цөөхөн ч монголтой газар буусан даа. Голдуу л нас нь 30 хэвийсэн хүмүүс дийлэнх нь байсан болохоор хэлсэн болгонд нь жоохон хүүхэд шиг итгээд л гүйдэг байлаа. Ер нь болж өгвөл олон хүний хэлсэнээр, олон эх үүсвэрээс судалж байж, ул суурьтай хандаж хөдлөхгүй бол алдаж онох, цаг хугацаагаараа шатах зэрэг олон л юм тулгардаг юм билээ. Тэгээд ч бүх хүн бүхнийг мэдэх албагүй учраас хичнээн мэдээлэл сайтай хүнээс асуусан ч мэдээллийн үнэн, бодит байдалд заавал өөрийн гэсэн дүгнэлтийг өгч байх нь зөв. Зарим хүний хувьд таарч тохирдог, үнэн зөв мэдээлэл нь бусдад ч мөн адилхан байх албагүй. Их мэдэгчдэд хүртэл хэтэрхий их мэдээлэл дунд төөрөх асуудал байж л байдаг биз. Жишээлбэл би хаана аятай тухтай сайхан байсан тэр л хотоо гайгүй газар шүү гэж ярьдаг байхад тэнд нь учраа олж чадаагүй хэцүүдэж явсан хүмүүс тэр хот шиг хогийн газар байхгүй гээд л яриад явж байх жишээтэй.

Брисбенд анх очиход угтсан хүмүүс маань олон сар ажилгүй суусан тэтгэлэгтэй хүмүүс, өөрсдөөсөө илүү гарах бодолгүй Австралижсан монголчууд, Австрали хүнтэй суусан хүмүүс, Визний асуудлаа сайн цэгцлээгүй ч цаг хожин хэвтдэг хүмүүс, аав ээж нарынхаа мөнгийг навс үрдэг алиа бяцхан жаалууд, AUSAID-н амиа тээгээд бусдыгаа тоохооргүй гарууд гэх мэт янз бүрийн л хүмүүс байдаг байлаа даа. Дурьдагдаагүй хэд нь бүх юмаараа Окей л байсан гээд ойлгочих. Нэр алдараар нь нийтэд дэлгээд юүхэв. Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд

1-Эхлэл хэсэг
Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл
Үргэлжлэл 3. Англи хэл
Үргэлжлэл 4. Шинэ эхлэл
Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд
Үргэлжлэл 5. Ажлын эрх
Үргэлжлэл 6. Харилцаанд орох
Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?
Үргэлжлэл 7. Мэргэжлийн бус ажил
Үргэлжлэл 8. Суралцахад
Үргэлжлэл 8a. Professional job
Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал
Үргэлжлэл 10. Автралид амьдрах

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

9 Responses to “4-First Start”

  1. Muugii Says:

    Hi, deer bichsen zuiluud chini ih sonirholtoa buguud surgamjtai yum bna. Bi english teacher mergejiltei, odoogoor neg tusul deer interpreter hiij bna. Minii huvid naana chini ochij boloh hamgiin engiin agraas hel ugch tusalna uu. Mail bicheerei.

  2. Baagii Says:

    2007 ond anh ene niitleluudiig unshij bilee. Nadad oortoo naidahaas oor arga bhgui yum bn da l gej bodoj blaa. Gegeen-ees ch ih zovlogoo avsan. Medeej ene site-naas maas ix medeelel avsan. Yah be baiz 2008 ond neg tiishee ybmaar bn. Odoo bi helnii kursed ybj bgaa, Nadad zubluguu ugch tuslaach setgeliin dem ch yumuu:-).
    Ta buhend ene site-iig ajilluullj medleg medeelel tugeej bgaad tani talarhaya.

  3. gegeen Says:

    http://gegeen.wordpress.com/2007/11/14/au-graduates-benefit/
    http://gegeen.wordpress.com/2007/11/29/opening-opportunities/
    au-d togsson zarim humuusees tsoon hed ni jijig san baiguulj jiriin humuust bolomj olgoj baigaa duuldsan shuu. ta angli helee saijruulj chadval yanz buriin tetgelegt hotolbort hamragdah bolomj nemegdene. bid taniig chadna gej bodoj baigaa shuu. baagii shig ingej uigagui sonirhood, suraglaad, asuugaad yavaa humuus tiim ch olon bish. tand busdad ter bur baidaggui hovorhon bogood unetei zan chanar zayajee gej uzej bn. ta ooroo mglchuudiin maani undesnii tom bayalag bn. amjilt shoo!

  4. uugii Says:

    Sain bnuu? Enehuu mash ogoojtoi, surgamjtai saihan web-g ajilliilj bga ta buhend bayrllaa. Ih surguulid surj bhad manai neg bagsh Australi hun bsan yum. tuunii aylaga ni nadad mash ih taalagdsan. Ih goy tsever sonsogdoj bsan. Tegeed l bi Australid surhaar shiidsen yum. bi 2009 on gehed Australid ochchihson, surah surguuliaa tentschihsen baimaar bn. Odoo oroitson bol uu? Yag yunaas ehelhee sain medehgui bn, Ta nadad zovlooch. Bayrllaa. My nick name is Julie. You can call me Julie, too.

  5. gegeen Says:

    @-ee shalga. gegeen@yahoo.com -r chatand orood ireerei

  6. ariunaa Says:

    sain baina uu? bi uur medeelel haij baigaad ene web ruu orj tanii deerhi bichseniig unshsandaa mash ih bayartai baina. minii huvid bi gadagshaagaa uur oron ruu garah huselgui hun, bi urd ni England-d 2 garui jil bolood irsen. tanii bichsenees yu taalagdsan be gevel nadad ugch baigaa uram zorigiin ugnuud, mun uuruu uurtuu 100%-s iluugeer itgeh itgel, huch chadal ugsund mash ih bayarlaj baina. mongolchuud maani unuu tsagt biye biyee uudluuldeggui muuhai zantai, huvi huvia hicheesen ene uyed tanii bichseniig unshaad mash ih taalagdlaa. bi uug ni mash ihiig amjuulahiig zorij ajildag ch ter bolgon minii husseneer bolohguid bi buhimddag yum. uuneesee bolj stresstei baidag, gehdee bi hamgiin gol ni ur dun shuu dee gej l zutgeseer baigaa. tanii bichsenees bi ene baidlaarai uragshaagaa zutgeseer baih bolnoo. mun tanii niitleliig bi 3 duudee unshuulna, tedend mash ih heregtei zuiluud baina. tand mash ih bayarlalaa, tand sain saihan buhniig husye. Ariunaa.D

  7. bayaraa Says:

    ene udriin mend hurgie tanaas asuuh zuil bna MGL -d huuliar tugssun hun ediin zasgaar / finance / magistart surch boloh bolov uu esvel zaaval ediin zasgaar tugssun baih shaardlagatai uy tnx.

  8. nswmongols Says:

    ajillaj baisan field ni relevant bol uul ni shal oor mergejleer mastert surch boldog yum baina lee. huuliar bachelor togsson mongol zaluu end Master of Business Administraion-d suraad butssan daa.

  9. zaluu nas Says:

    Tsav tsagaahan, tsev tsenherhen havriig bi zaluu nastai zuirlenem. Hamag buhnii ehlel bolohoor ter. Denduu emzeghen,denduu boginohon zaluu nas. Durelzsen gal shig tiim l bardam, tiim l badrangui zaluu nas, Minii, chinii, tanii, bidnii unu munhiin yum shig atlaa daanch amarhan, dahiad zayahgui, udleed unguruh ene l nasandaa uz, har, sur, bolovsor, nargi tsenge. Yag l odoo zaluu nasaa amtlaad uz, Amjij hii, amjij sur, amjij butee, amjij durla zaluusaa, Yag odoo buhniig ooriinhooroo hii, Yagaad gevel zaluu nas dahin oldohgui. Huseed, guigaad, uilaad, duulad ergej irehgui zaluu nasandaa ergelzej teenegelzelgui zorisnoo butee. Ymar bid munhiin zaluu yavah bish!!!!


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: