1-Australia in my eyes

Би Австралид мэргэжлээрээ ажилладаг монголчуудын нэг л дээ. Алс холын Англи хэлтэй, Америк Англиас ч өндөр орлого амладаг, Асар баян энэ улсад аав ээж, дотны танил, мэргэжил нэгт монголчуудаасаа хол байгаа болохоор мэдээж авилгал, арын хаалгаар ажлын шалгуурт тэнцэнэ гэж юу байхав. Тэгэхээр над шиг жирийн хүмүүст ч бас харийн нутагт хөл алдалгүй явах ямар боломж байдаг тухай сонирхож буй хүн байвал энэ түүх хэрэг болж магадгүй.

Хүмүүс Австралийн тухай янз янзаар л Англи Монголоор биччихсэн байгаа л харагддаг юм. Монголоор ч олдоц муутай хэвээрээ л байгаа байх. Юутай ч өөрийнхөө үнэн бодит амьдралын түүхээс монголчууддаа хүргэе гэж бодлоо. Сургамж авахаар юм байж бас магадгүй л юм.

Different sources:

Mongolians-about-australia/

Би энд ЗӨВХӨН өөрийн Автралид ирэхийн өмнөх болон ирсэнээс хойших Австралитай холбоотой асуудлуудыг, мөн өөрийнхөө Австралид үзэж туулж өнгөрүүлсэн үйл явдалуудыг өөрийн үзсэн харсанаар, өөрийн дүгнэснээр л бичсэн тул та бусад олон хүнийхтэй харьцуулан авахыг нь авч гээхийг нь гээх үүрэг хүлээх хэрэгтэй. Авах гээхийн ухаанаа гээгээгүй бол, бусдын үгнээс хэрэгтэйгээ ялгаж сурсан хүн мөн бол ЭНЭ үгнээс хойшихыг нь сонирхож болно. Яагаад гэвэл үүнийг бичигч эрхэмд хорон үг, хоосон магтаалын хэрэгцээ одоогоор байхгүй бөгөөд хэн юу гэж хүлээж авах нь огт падгүй болно. Үгээр маань үг хийж, үйлс хэрэгтээ зөвөөр ашиглаж чадах эсэх нь бусдын асуудал бөгөөд үүнээс болоод хэцүүдэж магадгүй зарим заримдагуудад нь энэ нийтлэл зориулагдаагүй байсан болно. Тийм ч учраас нийтлэгч нь өөрийгөө мэргэжлийн бус эхлэн бичигч гэдгээ урьдчилан сануулж, нэрээ нууцалсан болно. Нийтлэгчийн талаар юу бодох нь онцын сонирхолгүй зүйл бөгөөд хэрэг болох санаа авууштай элдэв санаануудыг харин байнга хүлээж авах болно.

**************************************************************

Мэдэх бvхнээ єчvvхэн гэж гололгvй бусдад хэлж єг, нэгэн цагт тусыг олох юуны магад! гэсэн ихэс дээдсийн сургааль бий.

Үгийн баялаг шаардсан ажил хэзээ ч хийж байгаагүйгээс гадна, хийнэ гэсэн бодол ч байхгүй тул ур чадвартай редакторууд нь уншаад уураа хүргээд сууж байхаар, засаж янзлаад хүн уншихаар болгоод явуулаарай. Бичээд бай бичих тусам сайжирдаг нь үнэн гэж их туурвигчид хэлээд байна. Миний бараг анхны шахуу их том бичлэг нь энэ болсон болов уу. Тэгэхээр алдаа мадаг арвинтай л байгаа байх. Яг цагаа тулаад бичээд, засаад суух юм бол та намайг хичнээн их хайран цагаа, хий дэмий ч байж магадгүй юманд үрэн таран хийснийг мэдэх болно. Ялангуяа ямар ч бичих авъяас чадваргүйг хэлэх үү, амьдралдаа бараг хуулан бичлэг ч ингэж их бичиж үзээгүй хүний гараас боссон гэдгийг уучилж ойлгох билгийн нүдээ бүү хаагаарай гэж хүсье. Тэгээд ч би голдуу зав муутай байдаг болохоор үнэлгээ муутай ажлуудаа хам хум халтуурдах маягаар л амьдардаг жирийн нэгэн. Олон юмандаа супер байх авъяас билэг нэгэнт заяагаагүй ч, заяандаа талархаж явдаг, заяатайгаа эвлэрч ч чаддаг, заяагаа хичээлгэх гээд өөрийгөө бас дайчлаад л явж байгаа ердийн л МОНГОЛ хүн.

Таныг надаас өөр нүдтэй, надаас өөр цонхоор амьдралыг хардаг гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байгаа учраас туйлын үнэн юм олоод бичсэн гэх гээгүй шүү, зөвхөн минийхээр ямар байгааг бичлээ. Санал зөрүүтэй байгаа зүйлсээ надтай бүдүүлгээр биш, эелдэгээр хуваалцвал баярлана шүү. Сүүлийн үед юм бичдэг хүмүүсийн блог руу орж ирж баахан дайрч давшилж, гутаан доромжилсон юм бичдэг хүмүүсийн үйлдлийг нэр томъёонд хүртэл оруулсан байх бөгөөд үүнийг “орж ирж шээчихээд гарах”, “ялгадасаа үлдээх” гэх мэтчилэн нэрийддэг болжээ. Монгол хэлний үгсийн сан энэ мэтийн үгээр баяжиж байгаа юм байхаа. Одоогоор ялгадасаар дүүрсэн олон блогуудоос ялгарахын тулд, урьдчилан сануулж, ялгадсуудаа имейлээр явуулж байгаарай гэж хүсье.

И-мейл: gegeen@yahoo.com, August 2007 (your msg will be forwarded to the relevant source provider)

One country, different cities

Австралийн өөр өөр хотуудад амьдарч үзсэн монголчуудтайгаа ярилцаад суухаар бүгд өөр өөрийн түүхтэй, өөр амьдралтай, нэг улсад байгаа хэрнээ өөр өөр зүйл үзэж туулсан, үнэхээр ч хачирхалтай нэг нэгнээсээ тэс өөр байх юм даа л гэж бодогддог юм. Ямар сайндаа л Queensland мужид олон жил амьдарсан хүн цөөхөн хоног Sydney явж ирчихээд Австралийг ганц хотоор нь дүгнэж болохгүй юм байна, тэс өөр улсад очоод ирсэн юм шиг л байлаа гэж гайхаж байхав дээ. Илүү их барилгажилттай, илүү их хүнтэй, илүү их хогтой, тоос шороотой, илүү бага цэцэрлэгжилт, ой модтой байсан юм байхаа. Утсаар хааяа өөр мужийнхантай ярихаараа танай тэнд ямар вэ, манай энд өөр шүү дээ гээд л ярих юм мунддаггүйсэн.

Би одоогоор өөр хэд хэдэн улсуудаас гадна Австрали дотороо Brisbane, Gold Coast, Sydney зэрэг газаруудад амьдарч үзээд байгаа бөгөөд шороотой Монголыг минь гүйцэх газар одоогоор алга байна гэчихвэл амтай хэлтэй болгонд ад үзэгдэхэд тулах байх даа. Австрали мөрөөдөлтэй, Австралижсан эсвэл Австрали иргэн болохыг санаархсан олон монголчуудыг мэдэх тул иймэрхүү зүйлийг түр цэглэе. Манай гаригийн хүн биш болохоор тиймэрхүү хүмүүстэй яриа ч нийлдэггүй юм.

Австралийн тухай

Юутай ч Австрали улс амьдрахад тааламжтайгаараа 2007 оны байдлаар дэлхийд 2-т ордог юм байна. “Quality of Life 2007 Australia” гээд Google-дээд (www.google.com) үзээрэй. Франц 1-д, Нидерланд 3-т, Шинэ Зеланд 4-т, Америк 5-д жагсжээ. Англи, Япон айрагдаж чадсангүй. Хайлт хийж сураагүй хүмүүс энүүгээр ороорой: Quality-of-life-2007

Мэдээж хотуудыг нь, улсыг нь хооронд нь харьцуулаад бичвэл нэлээн л юм гарна л даа.

Бид Австралид Монголд байдаг шигээ нутаг довны үзэл, нас хүйс, арьс өнгөөр ялгаварласан зүйлтэй барагтай бол тулгардаггүй. Олон хүнтэй том улс болохоороо л болдог байх. Манайх шиг жижиг улс уусахаасаа айгаад гадныханыг маш сайн ялгаварлацгаадаг. Тэр нь ч Монголын хувьд зөв зүйтэй зүйл гэж би үздэг. Хөрш акулуудад зажлалгүй залгиулахгүйн тулд Монгол дотороо болгоомжилвол зохих асуудлууд их бий.

Зарим хотуудад байдаг хүмүүс Австраличуудыг racist (aрьс өнгөөр ялгаварлах үзэлтэй) гэх мөртөлөө том албан тушаалд нь хятад, индианууд дүүрэн гээд байгаа. Яаж яваад тэр том тушаалд ад үзэгдсэн хүмүүс нь гарчихаад, албаа хаагаад болоод байгаа юм бүү мэд. Албан тушаал ахихад арьсны өнгө нь тусладаг ч юм билүү. Гадаадад байгаа Монголоос бусад азиуд бол нэг номерт нутаг нэгтнүүдээ өөд нь татах бодлого баримталдаг ард түмэн. Бидэнд тус болж явсан хятад, вьетнам, солонгос, тайландууд нэлээд бий. Монголд очсон хэд шиг давруу бишээ, хүн шиг л хүмүүс байдаг юм билээ. Би ч тэрийг нь анхандаа мэддэггүй, үндсэрхэг гэж өөрийгөө өргөмжилдөг байсныг хэлэх үү, дотроо бол муусайн юмнуудын доор орохгүй юм шүү гэж эхэндээ их л хичээдэг байлаа, сүүлдээ ч үнэхээр бардам ам, шалдан гуяа мэдэхэд хүрсэн дээ.

Ясны дургүй ч ядуудаа болоод бас гадаадад байсан болохоор ганцаараа гаж аргаар тэдэнтэй тэмцэх гээд нэмэргүйг тархиндаа шингэтэл ухамсарласан даа. Глобальчлагдаж буй энэ ертөнцөд Монголчууд бид өөрсдөө хийсэн шиг хийгээд, давсан шиг давж чадахгүй байж, тэр агуу ард түмнүүдийг үл хүндэтгэх нь биднийг үнэхээр ахархан бодолтойг баталж байгаа юм. Гадаадад хаанахынх нь хамаагүй адилхан л хүн гэсэн утгаар нь хүлээж авцгаадаг болохоор усыг нь уусных, ёсыг нь дагасгээд л явдаг даа. Ер нь хольцгүй хүн гэж энэ Австралид байхгүй байх, өвөө нь тэндээс, эмэг эх нь эндээс ч гэх шиг их л холилдсон ард түмэн байдаг шиг байна билээ. Уугуул иргэдээс бусад нь бас л энд тэндээс 200 гаруй жилийн өмнөөс эхэлж суурьшсан цагаачид. Харин азийн улс болоод ч тэрүү том хотууд нь шаруудад нугасгүй ээ. Мань мэт Европод, цагаанууд ихтэй улсуудад хичнээн дорд орж, доромжлогддог билээ дээ. Энд тийм юмыг байлгахгүй байх бүрэн боломж байна даа.

Гадаадууд Австралид

Энэ миний хувийн л бодол гэдгийг анхаараарай. Монголд хэн нэгэн байсан хүмүүс гадаадад хэн ч бишээс эхэлж байгаагаа сайн ойлгохгүй бол асуудал үүснэ шүү. Буцаад харьчих юм чинь гэсэн сэтгэлээр л өөрсдийгөө хуурахгүй бол гадаадад ядуучуудаас нь ядуу амьдрал угтдаг. Монголдоо хурган дарга байсныг Монголчууд маань л мэдэхээс гадныхан мэдээд долигонохгүй. Босс байсан уу, бөөс байсануу гэдгийг маань мэдлээ ч тэдэнд падгүй. Сайдын хүү юу, сархадаа хэтрүүлэгчийн охин уу хэнбугайд ч падгүй. Миний байж үзсэн хотуудад зөвхөн мөнгөтэй хүмүүст л тал засдаг шиг санагдсан. Зарим монголчууд мөнгөгүйгээсээ болж дээрэлхүүлсэнээ арьсныхаа өнгөнөөс болсонтой андуурдаг. Эсвэл байгаа газар нь л миний байсан хотуудаас өөр байх.

Хармаа хоосон үед хүний тооноос хасагдчихдаг ч, жаахан амьдрал сайжраад ирэхээр ХҮН-д тооцогддог болоод байгаа. Монголдоо борог амьдрал үзсэнийх иймэрхүү юманд эмзэглэх биш дээ.

Энд голф тоглох гэж Японоос Австрали руу ирдэг жуулчид тасрахгүй. Япондоо газар үнэтэй болохоор ийшээ нисч ирж тоглочихоод буцсан нь дээр байдаг гэж таньдаг япон айлдсан шүү. Тэд нарын хэдэн долларыг нь саах гэж Австраличууд нь ч хангалттай үйлчилж гүйцгээдэг. Мөнгөө л хэл амгүй шиг чулуудаж байвал гадныханы хар шар нь Австраличуудад нөлөөгүй байдаг болтой юм билээ.

Бодит жишээ гэвэл тоотой хэдэн дэлхийн баячуудын 5 одтой зочид буудалууд, хоногийн 1000 долларын resort-д байрлагсадын үйлчилгээний албанд хүчин зүтгэж явсаных дэлхийн жинхэнэ баячууд гээчүүдийг чинь нэг хуруу ойрхоноос харсан гэж бодоод байгаа. Тэдний дотор янз бүрийн л ямбатай, ягаан цагаан улаан арьстан хүртэл тууж л явсан. Хар, бор царайтай халтар энэтхэг, арабуудад үйлчилж, зарагдчих санаатай надтай өрсөлдөж явсан цагаан Австраличуудыг одоо ч би тод санаж байна.

Австралийн ядуус

Барууны нийгэмд Монголчуудын маань дийлэнх хувийг эзэлж магадгүй залхуу бөгөөд санаачлагагүй иргэд их ядуурдаг. Нэгэн жишээ: Би өөрөө дөнгөж анх ирчихээд сургууль, ажлынхаа завсараар мөнгө муутай юм болохоор хамгийн хямдыг нь харж харж 3 долларын хоол авч идэвээ. Идэж чадахааргүй хачин юм байсан тул талыг нь арайхийж ам руугаа чихсэн болоод дэргэдэх хогийн савныхаа амсар дээр тавьчихаад л балай хоол авчиж, балчиг шиг амьдралд шигдчихэж, яах гэж ч Австралид ирэв дээ, ял эдэлж байгаа юм шиг л байна гэж ирээд л, тэр үед хийдэг байсан хүндэвтэр ажлаа хүмүүст хэлэхээс ч цэрвэдэг байсныг хэлэх үү, монголд байгаа надаас муу дүнтэй төгссөн ч гайгүй сайханд тооцогдох ажил хийгээд, мэргэжлээрээ өсөөд яваа, монголдоо хөлс хүчээ зориулж, түүгээрээ бахархаж яваа анд найзуудаа бодохоор л байдлаа үнэхээр дордуулчихсан юм шиг л санагдаж суулаа.

Монголдоо гоё байгаа тэдэнд би гадаадад ямар аймшгийн амьдарч байгаагаа мянга хэлээд ойлгох биш ямар, гайгүй л юм юм сурахдаа адтай байсан би мэт нь хүртэл гадаадад ямар ажил хийж голоо зогооход хүрч байгааг, юугаараа дэнчин тавьж гадагшилсаныг гадаадад гарч үзээгүй хэн ч ойлгохгүй. Хүмүүс хэдийгээр ажил хүнийг голно, хүн ажлыг голохгүй гэдэг ч өчнөөн олон жилээ зориулж, мөнгө төгрөг, сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ үрэн таран хийн барин сурч суралцчихаад, дараа нь түүнийгээ хэрэглэж, үр бүтээлтэй, нийгэмдээ хэрэг болж амьдрахын оронд огт төсөөлж байгаагүй шинэ юманд суралцаж, бүхнийг шинээр эхлэнэ гэдэг яавч хүний сэтгэлзүйд хүндээр тусах нь лавтай. Ялангуяа очиж байгаа улсынхаа хэл усыг сайн сурч байж ирэхгүй бол таньдаг хүн цөөтэй хүмүүст үнэхээр гутрах, цөхрөх үе олон гардаг юм. Тэр өдрүүдийн л нэг нь л дээ. Би тэр үед өөрийнхөө өөдгүй байдалд ярианы англи хэлнийхээ мэдлэгээ л буруутгаж суусан юм.

Гэтэл нэг муухай үнэртэй ч гайгүй хувцастай, орон гэргүй л бололтой нэг цагаан арьстай ядуу Австрали хүн ирээд нөгөө муу хогийн тантан дээр тавьсан хоолыг ч ум хумгүй идэж өгч байнаа. Угаасаа л төрөхөөсөө авахуулаад англи хэлтэй болчихсон, англи хэлний төгс чадвартай тэр хүн надад байхгүй ямар их капиталыг ашиглах боломжоо мэдрэхгүй явж байгааг нь хараад би өөртөө дүгнэлт хийвээ. Хэл муутай надад тэр мэтийн л ажилгүй, завтай хүн олдож хэдэн юм ярихаас биш өөр хэн ч тоож цагаа үрэв гэж. Боломж гарч байгаа дээр нь түүнтэй ярилцлаа, тэгээд би бодлоо, бид өөрсдийгөө мэддэггүй юм байнаа гэж. Тэр хүн ядуурлынхаа төлөө харж үзээгүй хамаатнууд болон хөнгөн бөгөөд санаанд нь тохирох ажил олж өгөхгүй байгаа зуучлалын агентлагийг буруутгав. Даварсан гар вэ, Дагваагийн орон дээр гарч байж Тамираад маажуулах л дутаж гэнэ. Хэ хэ. Биднүүс юу ч хамаагүй олж хийх гэж яаж бор зүрхээрээ өөрсдөө гүйцгээдэг билээ дээ. Бүр тэр ч байтугай өнөө муу чинь тэтгэмж өгдөг засгийн газрыг хүртэл зүгээр өгдөг мөнгөө багадуулж байгаа талаар ховлоод амжлаа. Тэгсэн тэр нь юу вэ долоо хоногийнх нь аваанз нь миний лав 2, 3 өдрийн уйгагүй хөдөлмөрийн хөлсийг ч давж байна шүү. Муу золигийг албадан ажил хийлгэвэл таарна гэж бодож байснаа бас өрөвдлөө, энэ хүнд мөнгөн тусламж ямар ч хэрэггүй юм байна гэж дүгнэлээ. Энэ хүн ядуу байх сонголтоо өөрөө хийж яваа, ядууралдаа хайртай хүн юм байна гэж ойлгогдоход хүрсэн шүү. Тэрний тэр тархи толгойтой нь ярихгүй бол энэ хүн үнэхээр нийгэмд байр сууриа эзлэх найраагүй этгээд болох нь “олж өгсөн тэнэг ажлуудаас нь байнга зугтдаг, эхний өдрөөс нь л хаядаг” гэх мэтийн үгнүүдээс нь тодорч байсан юм. Энэ баагий хар тамхи, хулгай зэлгийний асуудалд орчихсон явж байвал би л лав гайхахгүй. хэхэ.

Түүнд би нэг их мундаг хүн болж өөртөө найдах талаар сургааль айлдах гэсэн боловч би өөрөө өөрийгөө тольдож үзээгүй яваагаа тэр үед гэнэтхэн мэдэрдэг юм байна. Энэ мөч бол эргэлтийн үе байсан. Энэ гайхамшигт мөч хүн бүрт тохиохгүй ч тохиолдсон тухай түүхийг мэдэж авсан хүнд нь сургамжтай байж магадгүй. Би англи хэл муутай ч тэр хүнийг бодвол хэл усаа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй, итгэх ирээдүйтэй, хоноглох оромжтой, өл залгуулах ажилтай, голж шилэх хоолтой, инээгээд угтах ханьтай, эзэн суух эх оронтой юув дээ юув. Юундаа гутраад суугаад байснаа ч бүр ойлгохоо байдаг юм байна. Бид өөрсдийнхөө нөөц бололцоог үнэлдэггүй, эрүүл сайхан бие хаа, хөдөлж буй хөл гараа дутуу ашигладаг, тэр байтугай бид өөрөө өөртөө үнэт капитал боловч тэрнийхээ үр дүнг гаргах гэж эрэлхийлдэггүй юм байнаа гэж. Энэ муу бөндгөр гэж юм нэгэнт заяачихсан юм чинь бөндгөрийг хэрэглээнд сайн оруулах юм бол бусдад найдаад, ядуураад суух шаардлага байхгүй юм байна шүү. Хүнээр тэтгүүлэх гэж хүлээж байхаар өөрөө тэтгэдэг мундаг хүн болчих юмсан даа. Одоо харин тийм сүлд нь доройтсон хүмүүстэй биш, нөр их бүтээлч хөдөлмөрч хүмүүсийн ойр орчинд байж үгийг нь сонсохгүй юмаа гэхэд үйл хөдлөлийг нь ажиглах аз завшааныг байнга эрэлхийлэх нь дээр юм гэж боддог болоод байгаа. Тэд үргэлж шинэлэг зүйлс рүү, бүтээлч амьдрал руу уриалан дуудаж, агуу тэтгэгчидийг ар араасаа төрүүлж байдаг. Хүлээдэг нь биш хүртээдэг нь байцгаая гэж нэгэн залуу хүү уриалсан байдаг шүү. Бодолцоорой. Би түүний зөв гэж бодож байгаа.

Австралийн Тэтгэмж

Дотоодын оюутнууд болон эндэхийн зардалаар суралцагсад нь орлогынхоо төвшинөөр ярих юм бол эмзэг бүлгийнхэн болохоор (ялангуяа залуус, хүүхдүүд, гэртээ хүүхдээ харагсад) өндөр тэтгэмж авдаг. Оюутнууд болон бусад ядуу давхаргынхандаа Австралийн засгийн газар нь Нийгмийн халамжын газар болох Centrelink-ээсээ долоо хоногт 480 хүртэлх доллар өгдөг нь амьд төдий явахад л хүрэлцэнэ. Сард 2500 доллараас бага орлого нь хэт бага орлогод тооцогдох учраас давхар ажил хийхгүйгээр ХҮН шиг амьдрахад хэцүү.

Бид тэр хөнгөлөлтийг нь эдлэхээ өнгөрөөд сурах юмандаа сураад Гадаадын оюутны өндөр төлбөр төлж, Австралийн засгийн газараас ямар ч хөнгөлөлтгүй сурч үзэж байсан болохоор одоо татварт төлсөн мөнгөнөөсөө Австралийн оюутнуудад хусуулаад л хааяа бухимдаад л явцгааж байна даа. Австрали нь хэдхэн жилийн өмнө л татвар өндөр татдагаараа дэлхийд эхний 5-д явдаг байсан сүүлийн хэдэн жилээс гар дээр ирэх нь нэмэгдээд арай ч дээрдээд байна уу даа гэж санагдаад байгаа. Татварын бодлого нь Монгол шиг бас л харгис талдаа, гол гэм нь Монголчууд шиг татвараас нуух, бултах гэсэн юм байхын аргагүй бүх орлого, зарлагууд он-лайнаар бүртгэгдээд явдаг. Бүх ард түмнээрээ цалингаа, компаний орлого зарлагаа электроноор хийж заншсан байдаг.

Гадныханд хандахдаа

Гадаадын оюутнуудаас дажгүй орлого олдог улс болохоороо боловсролын байгууллагуудаа их дэмждэг. Боловсролын салбараа маш их ашиг авчирдаг, экспортынхоо гол бүтээгдэхүүнүүдийн нэг гэж үздэг юм гэсэн шүү. Гадаадын оюутнууд эрүүл саруул, асуудал үүсгэдэггүй, хамаг мөнгөө шавхаж тушаадаг, улсаас нь хөнгөлөлт тэтгэмж авдаггүй. Тэгэхээр бидэн шиг хүмүүсийг Австралид оюутнаар ирэхэд эмзэг давхрагынханаас нь ч долоон дор амьдрал угтана гэсэн үг. Тухайн үедээ бусад монголчуудыг дуурайн гэр бүлтэй гадаадын оюутнуудын асуудлын талаар Боловсролын сайд руу нь хүртэл захиа бичиж, үр хүүхдийг минь харж үзээч гэж том тэнэгтэж байсан боловч амаараа алгадуулж, арчаагүйгээ гайхаад л өнгөрч байсан юм. Нэгмөсөн PR-Permanent Residency (like USA greencard) энэ тэрийг нь авчихаад шууд Монголоосоо хүрээд ирвэл харин хүүхдийн, ажилгүйдлийн, оюутны тэтгэлэгүүд аваад ажилгүй хэвтээд байж болдог шиг байна лээ. Одоо харин 2 жилээс дээш байнга оршин суусан бол хангамж эдлүүлнэ гэдэг нөхцөл тавьдаг болсон байна лээ. Гэхдээ янз янзын орогнол хүсэх, хамгаалал хүсэх маягаар ирсэн хүмүүст нь бүх хангамжыг нь шууд эдлүүлээд байх шиг байгаа юм. Завшигчдад дургүй хүрэвч, үнэхээр бас тусламж хэрэгтэй хүмүүст нь Австралийн засгийн газар итгээд ивээлээ хайрлаж байхад, би мэт нь илүү шүү дээ. Дуугай л татвараа төлөөд тэднийг санхүүжүүлээд явж байвал барав. Энэ улсын хишгийг их хүртнэ үү, бага хүртнэ үү, тэр бол хувь хүмүүсийн л асуудал.

Энд улс төрийн, шашны, ижил хүйстний ялгаварлал, хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болсон хүмүүст орон байр, үнэгүй хэлний курс, ажилгүй бол амьд явах аваанз гэх мэт өгдөг л дуулддаг юм. Бусдаар бол ажил хийх, хийхгүй байх талаар сонголт хийх эрх байхгүй, ажиллах чадвар муутай улс тэтгэлэг л хайсан нь дээр. Ялангуяа хар бор юм хийж байгаагүй хүнд сэтгэлээр унахаас өгсүүлээд, мэргэжлийн юм мөд олдохгүй бол өөртөө итгэх итгэлд нь хүртэл хортой нөлөөтэй шүү. Мэргэжлийн бус юмаа ч олчихож чадахгүй, олоод өгөхөөр хийчихэж чадахгүй хүмүүс бас нэлээн байдаг юм байна лээ шүү. Аав ээж, ар гэрийнхэн, ажлынхандаа маш сайн зарагдаж, ясаа гартал зүтгэж байгаа хүмүүс өөрсөддөө ирээдүйн их амжилтыг бэлтгэж байгаа гэсэн үг юм. Хүн юухныг ч сэтгэлээсээ хийгээд сурчихсан байхад яав ч алзахгүй.

Нийгмийн паразитууд

Иргэдийнх нь олон хүүхэд гаргасны тэтгэмж нь ажил хийж олох орлогоос ч давдаг болохоор ажилгүй, олон сайхан бэлэнч давхрагынханаа яая гэж байж юун гадныхан манатай байдаг байх. Гадныханаас харин мөнгийг нь маш сайн татаж Австрали дотороо эргэлдүүлэх механизм ер нь л их сайн даа. Сурмаар л юм билээ. Бид нар чинь байдгаа гадныханд тавьж туугаад, буцааж авах аргаа ч мэдэхгүй, эмх замбараагүй л байгаад байгаа. Энд бүх юм эзэнтэй, хэн нь хэндээ хэдэн хувь өгөх энэ тэр нь бүгд тодорхой, бас хамаагүй гадныханд юмаа алдахгүй байх талаар бүх зүйлээ тооцчихсон байдаг юм билээ. Гадаадын хүн Австралиас орлого олбол аймшигтай их татвар төлнө. Гэхдээ жилээс дээш дотор нь байгаа хүмүүс, гадаадын оюутнууд иргэдтэй нь адил татвараа төлөөд явна. Гадаадад амьдраад, гадаадаас Австралийн мөнгөнд шунахын бол ч харин талыг нь шахуу л Австралийн төлөө зориулахад хүрч байгаа юм. Гэрээгээр Австралид ирж ажилладаг Монголчууд ч гэсэн овоо л мөнгө хусуулдаг бололтой байгаа юм. Өдрийн 240 доллараар цалинжлаа гээд 100-г нь л лав татварт төлдөг сурагтай.

Энд Аборижиналууд гэж уугуул иргэд нь яг тэжээвэр мал шиг бүх хөнгөлөлтүүдээ эдлээд, өндөр тэтгэмжүүдээ аваад, хүний гар хараад ажилгүй хэвтээд сурчихсан тул жинхэнэ хөдөлмөрч, орлого сайн олдогуудаасаа татварыг үнэхээрийн ихээр татдаг, тэд нь бас нийгмийнхээ паразитуудад дотроо дургүй л явцгаадаг юм билээ. Монголчуудын ихэнх нь өндөр татварын ангилалд багтаж үзээгүй байдаг болохоор Австралийн татварын талаарх асуудлыг учиргүй эмзэгээр хүлээж авдаггүй байх л даа. Ер нь энд байгаа Монголчуудын ихэнх хувь нь татвар их төлдөг биш татварын хөнгөлөлт эдэлдэг ангилалд нь багтдаг байж магадгүй.

Нөгөө Улсын их хурлынханы шоу шиг – Ууж идэж чадаагүй нь одоо дуугай бай даа гэсэн шиг бас хэдэн паразитуудын амны зугаа болох нь, адилхан зулгаачих санаатай үзээд байдаг юм чинь одоо дуугай л байя гэсийшд, хэ хэ.

Нийгмийн давхрага ба өрсөлдөөн

Миний Австралид үзэж харсан зүйлүүд маань Австраличуудыг арьс өнгөний үзэлтэй биш харин өнгө мөнгөний хойноос үхэлддэг гэхээр санагддаг. Өөрсдийгөө олон соёл иргэншлийн, олон хэлний, олон шашин шүтлэгийн системтэй гээд л зарлан тунхаглаад байдаг юм. Оюутан байхдаа ядуу давхрагынх байсан тул тэр дээгүүр юу болж байдгийг мэддэггүй сэтгэл амар сайхан ч байж дээ. Ядуугаа ч мэдэхгүй л давхидаг байлаа. Тийм байсан нь ч амар ч юм шиг. Тэнэгийн дотор тэнэгэр шүү дээ, хэ хэ.

Энд томчууд нь Монголчууд шиг өмд гутал, өнгөлөг тавилга, гар утас, ганган амрагханаар өрсөлдөхгүй, үнэтэй гоё эдлэн, усан сантай байшин, шинэ загварын машины цуглуулга, моторт завь, private jet, усан онгоц, аялсан газаруудаараа өрсөлдөнө. Гэхдээ нэг нэгнээ ил далдаар боож хааж өрсөлддөггүй байх. 25-с доош насандаа чадлаараа гарч ирсэн саятануудынхаа талаар байнга л сэтгүүл гаргаад сурталчилаад л байгаа харагддаг юм. Учиргүй тэгж хуучин соц орнуудаас гаралтай, гэнэт баяжаад хачин хачин юманд мөнгөө үрдэг гаруудтай адилтгахааргүй, авгай хүүхний асуудалд тэр бүр орооцолдохгүй, чадал чансаагаараа гарч ирсэн, зөв юманд хөрөнгөө оруулдаг хүмүүс юм шиг санагддаг. Гадар талын гоо сайхан гэдэг бол depression тооцдог зүйл буюу элэгдэл хорогдол, хөгшрөлт явагддаг, буцааж орлого оруулж, баячуудын мөнгийг нь өсгөж үржүүлдэг зүйлийн тоонд тэр бүр ороод байдаггүй юм гэсэн шүү. Тэгээд ч хүүхэн шуухан манатай явдаг хүүхэд залуус ч бас баячуудын эгнээнд томчуудтайгаа ана мана үзэлцээд л, эн зэрэгцэхүйц яваад байгаа харагдаж байнаа. Сүүлийн хэдэн жилд залуу саятанууд энгийн бизнесээр гарч ирцгээх нь ихсээд байгаа.

Австралид ямар ч байсан намайг үхэр монгол гэж гололгүй өдийг хүртэл хэл ус муутай, хармаа хоосон, хэн ч биш байхаас маань авахуулаад Австралийн ур чадвартай мэргэжилтэн, жижиг бизнес эрхлэгч, Монголын жижиг бизнесийн хөрөнгө оруулагч болох замд маань тууштайгаар дэмжиж, хувь нэмэр болж ирсэн Multi-Culturism буюу олон үндэстэнийг дэмжих үзэл хэмээх зүйл байдагийн баталгаа нь бидний өөрсдийн маань үзэж туулж өнгөрүүлсэн үнэн бодит амьдрал маань юм. Миний үзсэн амьдралыг хэн ч надад худлаа гээд няцааж чадахгүйгээс хойш миний итгэл үнэмшил надтай хамт үхэх нь тодорхой.

Multi-culturism

Засгийн газараас нь Multi-culturism чиглэлээр үйл ажиллагаа нэлээн явуулдаг бөгөөд гадаадаас олон үндэстүүдийг австралид татах, гадаадын ажиллах хүч авчирч хүн амны тоогоо ихээр нэмэх сонирхолтой нь ажиглагддаг. Мэдээж ганц миний хэлсэнээр тийм гээд итгэ гээгүй. Интернетээс хайгаад үзвэл жилд хэдэн хүн гадаадаас авах төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа, олон үндэстэнийг дэмжих ямар бодлого баримталж байгаа талаар нь надаар хэлүүлэлтгүй зөндөө мэдээлэл олдоно. Хайлтанд чинь тусалж ч болох юм.

Why-australia | Attracting-overseas-workers/
http://www.immi.gov.au/living-in-australia/a-diverse-australia/government-policy/index.htm

Баттай эх сурвалжаас сонсоогүй ч Пертэд байдаг нэгэн Австралижсан монгол надад ямар нэг Association, cultural community-д чиглэсэн байгууллага, Монголчуудын Холбоо энэ тэр байгуулбал Австралийн Засгийн Газрын 50%-н хөрөнгө оруулалт, тусламжинд хамрагдах боломжтой хэмээсэн тул чадах мэдэх хүмүүс нь сонирхоод үзвэл илүүдэхгүй бизээ. Би өөрөө эхлүүлэх үйл хэрэгт нь л тусалж болох юм. Энд удах сонирхолгүй л дээ. Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл

1-Эхлэл хэсэг
Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл
Үргэлжлэл 3. Англи хэл
Үргэлжлэл 4. Шинэ эхлэл
Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд
Үргэлжлэл 5. Ажлын эрх
Үргэлжлэл 6. Харилцаанд орох
Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?
Үргэлжлэл 7. Мэргэжлийн бус ажил
Үргэлжлэл 8. Суралцахад
Үргэлжлэл 8a. Professional job
Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал
Үргэлжлэл 10. Автралид амьдрах

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

13 Responses to “1-Australia in my eyes”

  1. granola Says:

    sonirholtoi bichleg boljee. Small business investment herhen hiisneesee delgerengui taniltsuulj boloh uu? Turshlaga sudlah gesen yum. Thanks!

  2. Tem Says:

    Bi ger buleeree Australid ajillakh gej baigaa yum. Tegsen chin contract deer eruul mendiin daatgalaa ooroo daana gesen baikh yum. Yum unshaad baisan chin australiud ni medical care levy-d tatvaraa tolood daatgald khamragddag bololtoi. Ooroo daatgalaa olokh, ter medical care levy 2-iin ali ni zugeer baidag yum be? Daatgaliin companias irsen zakhian deer ger buliinkh 430$ gesen baikh yum.

  3. gegeen Says:

    Granola-d: Private Lenderiin zarchmaar ajillah tuhai nemelt medeelel haraarai. Delhiid ene chigleleer olon huvi hun, companiud uil ajillagaa yavuuldag. Australiachuud oorsdoo UK-n private lenderuudees sanhuujiltee avdag.
    See: http://sbinfocanada.about.com/cs/financing/a/privatelenderls.htm
    Yamar shuu chigleleer nemelt medeeleluud avah ve, jaahan specific yum asuu gej bn

    Tem-d: tur visa-niihen http://www.medibank.com.au -s online-r hudaldaad avchih. husvel online-r tolbor hiihdee tusluulj bolno. 2 sec-d l tolson barimtaa avch boldog yum. PR-r irj baigaa bol irsenii chini daraa medicare card ogno. sanaa zovoltgui

  4. Tem Says:

    Ikh bayarlalaa. Oor neg zuil asuuchikh uu?
    Khuukhed tsetserlegt yavakhad oiroltsoogoor 300$ baidag gej oilgogdloo. Kharin 2 khuukhed yavakhad 600 bolokh uu esvel arai khyamdrakh uu? Mon mgl-d 9-r angid surdag khuukhed tend ochood bas iim angid surguulid orokh uu? Yamar sistem baidag yum be? Khuukhdiin surgalt unegui biz dee? Esvel tolbortei baidag yumuu?
    PR bish l dee. Employer sponsorod ajiltan gedgeer yum.

  5. gegeen Says:

    http://gegeen.wordpress.com/2007/08/30/kid-and-future/ Nurshaad yahav. Child care, Kinda nar unetei tul Family Day Care olood zovhon tsagiin 3.5aud tolood yavbal hyamd. baga ni 4-s doosh nasniih yum u. end 12 jiliin systemtei tul tom huuhdee 9, 10-r angid oruulj bolno. Mongoloos irsen huuhduud surlaga saitai, academic medlegeeree iluu baidag gegddeg bolovch huvi humuusiin shiideh asuudal baina. Ali mujid irj baigaa ni medegdehgui baigaa tul unetei uneguig ni buh mujaar toochood demii baih. Tuhain mujiinhantai ni holbogdvol iluu medeelel avah bolomjtoi

  6. boogii Says:

    sain bn uu? Tanii sited orj uzlee ih aytaihan yum bichsen bnaa. Tem gdg hunii haygiig uguuch! yum asuuj boloh bolov uu?

  7. gegeen Says:

    Tem gdg hund tanii @-g ogson bolno. hoishid iimerhuu asuudlaar gegeen@yahoo.com -r hariltsaj, todruulj baigaarai. bid holbogdoh humuus ruu ni forward hiih bolno. husvel ooriin contactaa bas niited haragdahuits uldeej baival oor humuusees bas asuultandaa hariult avch chadaj magadgui baidag.

    amjilt!

  8. zulaa Says:

    juulchinii visa-tai ochchihood visa solih arga bdag bolov uu
    ajil turul her olddog ym bol hariulj uguuch please ???

  9. gegeen Says:

    orognol husehees ooroor bol hetsuu dee. enuunii comment hesgiig haraarai. 10 saraas dooshih hugatsaanii visa-g sunguulahad er ni amargui. negmoson gaigui visa-r ir. master, bachelor-r surahaar 1 jilees deesh hugatsaagaar, esvel shuud ajliin visa-r deer. hel chini hurehgui bol helnii course-r 47+ weeks-n surgaltaar bas boldog.

    http://gegeen.wordpress.com/2008/04/15/australia-by-pbatjargal/

  10. Oyoo Says:

    Ih saihan medeelel bichsend uneheer bayarlaj bna. Australia humuusiin ug garal bolon ter humuusiinh ni ontslog, yos zanshil, bolovsrol zereg zuilsiinh ni talaar iluu delgerengui medeelel ogch boloh uu?

  11. Oyoo Says:

    Uuchlaarai. Nadad bas neg asuuh zuil bna aa. Nadad hun amiin nasnii butetsiin talaar bolon hun amiin heden hviig emegtei humuus, heden huviig eregtei humuus ezeldeg, mun hedees heden nasniih ni heden huviig ezeldeg, hu0gshchuud heden huviig ezeldeg talaarh delgerengui medeelel heregtei baigaa um l daa. Haanaas yaj olj boloh talaar medeelel ogno uu. Bayarlalaa.

  12. nswmongols Says:

    haij surah heregtei hun baina.
    http://gegeen.wordpress.com/2007/09/18/2-who-is-more-racist/#comment-17306

    bas http://www.google.com -s bicheed haigaad uz dee.
    australian bureau of statistics , http://www.immi.gov.au -g uhval bas baigaa.

    хэ хэ, та яагаад залхуураад байгаан бэ. хайлтын системийг хэрэглэж сурвал таньд алсдаа их хэрэг болно шүү. бидэн шиг дандаа л энд тэндээс асуух бүрт чинь олж өгөөд суух хүн олдохгүй үед мэдээлэл олж авах чадвар чинь таныг аврана, бас таныг маш хурдан хөгжүүлнэ. та энэ сайтын болон гүүгл хайлтын системийг хэрэглээд үзээрэй. наслалт гэж бичээд хайчихдын. -> welcome to http://www.google.com

    http://gegeen.wordpress.com/2008/07/28/longest-life-expectancy/

    From: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=109312
    Асвтраличууд урт насалж байна
    Нийтэлсэн: 2008-07-08 13:09:12 , Мэдээний дугаар: #109312

    Нар, далайн цалгиа тав дахь тивийн оршин суугчдын эрvvл мэндэд тустай гэж Австралийн эрvvл мэндийн хvрээлэнгийн мэргэжилтнvvд vзэж байна. Тийнхvv, Квисленд муж улсад аж тєрдєг эмэгтэйчvvдийн дундач нас дэлхийд хамгийн єндєр буюу 84.7 жил байна.

    Баруун Австрали мужийн хєдєє нутгийн эмэгтэйчvvд урт наслалтын жагсаалтад хоёрт оржээ. Мєн энэ нутгийн хотын эмэгтэйчvvд /84,4 нас/ болон Австралийн ємнєд нутгийн оршин суугч эмэгтэйчvvд тэднээс бараг дутахгvй байна. Тус орны эрчvvдийн тухайд гэвэл хамгийн єндєр наслалт Виктори муж болон Австралийн нийслэлийн нутаг дэвсгэрт / 80 нас/ бvртгэгджээ. Баруун Австрали болон Шинэ Ємнєд Уэльс мужийн эмэгтэйчvvд / 79.8 болон 79,7 нас/ дараа нь орж байна. Тус тивд 100 гарсантай настай 2800 хvн аж тєрж байгаа ажээ. Мэргэжилтнvvдийн таамаглаж байгаагаар, 2055 он гэхэд энэ vзvvлэлт 78 мянгад хvрэхээр байна.


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: