Intelligent Investor

Б. Грахам -Benjamin Graham /1894-1976/

Эдийн засгийн салбарт хөрөнгө оруулалтын Библийг нээсэн гэгдэх Бенжамин Грахамын тухай, түүний ололт амжилтын талаарх мэдээллийг хүргэе.
Б. Грахам нь 1894 онд Лондон хотноо Германы цагаач Еврей гэр бүлд төржээ. Түүнийг балчир ахуйд гэрийнхэн нь АНУ-д шилжин суурьшсан байна. Тун удалгүй эцэг нь нас барж, Бенжамин хүүд хар бор ажил хийж гэр бүлээ тэжээх хүнд үүрэг ногджээ. Амьдрал нь хүнд байсан ч мэдлэг, боловсролыг чухалд тооцон сургуульд явж, шамдан суралцаж байв. Хожим хичээлийнхээ хажуугаар ажил хийж мөнгө хураасаар дээд боловсрол эзэмших санхүүгийн нөөцтэй болж авсан байна. Хэрэв дэлхийн нэгдүгээр дайн гараагүй бол Бенжамин “Грахам” биш харин “Гроссбаум” гэсэн хуучин Герман овгоо хэвээр авч үлдэх байлаа. Гэвч нэгдүгээр дайны үеэр Германы эсрэг үзэл гаарч байсан Америк оронд Герман овгуудын ихэнх нь өөрчлөгдсөн юм. Жишээ нь “Мүеллэр”-ээс “Миллер”, “Дархан Мужаан” хэмээх утгатай “Шмидт” овгоос “Смит” үүсч, “Эсгүүрчин”-ий мэргэжлийг илэрхийлэх “Шнайдер” хэмээх Герман овог Англи хэлний “Тэйлор” болон хувирчээ
Яаж алдаршив?Тэрбээр шинжлэх ухаан, бизнесийн салбарт “тууштай байх” гэсэн үзлээрээ алдаршсан байлаа. Гэвч хувийн амьдрал нь өөрийг өгүүлнэ. Тэрээр гэр бүлийн хувьд туйлын тогтворгүйд тооцогдсон нэгэн байсан нь гурван удаа гэрлэж, салснаас нь харагддаг. Олон эхнэрүүдээс нь нийт 5 хүүхэд, 10 ач зээ нар байсан боловч тэднээс хэн нь ч түүний бизнест оролцох нь битгий хэл санхүү, биржийн талаар зөвлөгөө ч авч байсангүй гэх. 1949 онд тэрээр “Ухаалаг хөрөнгө оруулагч” хэмээх бүтээлээ туурвисан нь Цэнэ /Value/ -д тулгуурласан хөрөнгө оруулалтын онолын урсгалын эх үндэс болж өгсөн байна. “Үнийг нь төл, Цэнийг нь тунгаа” гэсэн хялбар уриагаар түүний онолын гол санааг илэрхийлж болмоор. Та хэн нэгний шаардсан үнийг төлж аливаа юмыг худалдаж авч таараа. Харин тэр зүйлээ хэр ашиглаж чадах эсэх тань цэнийг нь хэр зөв тодорхойлж чадсанаас л шалтгаалах амой.
Санхүүгийн ертөнцөд хөл тавьсан түүхХорьтой байхдаа залуу Грахам Уолл Стрийт /АНУ ын Хөрөнгийн бирж/ -д самбар дээр хувьцааны үнийг шохойгоор бичдэг ажилд оржээ. Сониуч залуу маань тухайн үеэсээ л хувьцаат компаниудын тайлан балансыг шинжилж эхэлсэн ба энэ нь тухайн үедээ шинэ үзэгдэл байсан учир, мань эр тун удахгүй банк санхүүгийн ертөнцэд “нөлөөтэй” эрхмүүдийн анхаарлыг татаж, холбоо тогтоох замаа засчээ. 22 настайдаа тэрээр анхныхаа хөрөнгө оруулалтын пүүсийг байгуулж хөрөнгө оруулагч нарыг хайж эхэлсэн байна. Ер бусын аргаар шинжилгээ хийх чадвартай гэгдэх залуу эр хоромхон хугацаанд зуу зуун мянгаар хэмжигдэх долларын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. 1929 он гэхэд түүнд итгэж оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2,5 сая долларт хүрчихсэн байсан нь түүний нэрийг алдаршуулах нэг алхам боллоо. Богино хугацаанд толгой эргэм амжилтанд хүрсэн залуу эр тэр үедээ “хашир бурхинуудын” амжилтыг ч эвдэж байлаа.
Хямрал, дампуурал, сургамжууд1929 онд АНУ ын үнэт цаасны зах зээлийн индекс 15 хувиар унажээ. Уолл Стрийт дэхь энэхүү биржийн хямрал Грахамыг ч тойрсонгүй. Зэгсэн алдагдал хүлээсэн боловч Грахам өөрийн шинжилгээний аргаар сонгосон хувьцаанууд нь бусад зээллэгүүдээс илүү болохыг баталж чадсан юм. Гучаад онд санхүүгийн зах зээл сэргэж эхлэхэд өөрийн номлолдоо үнэнч Грахам 100 % хувьцаанд хөрөнгө оруулалт хийв. Энэ нь алдаа байсан болохыг 1930 оны хоёр дахь их хямрал харуулж, санхүүгийн зах зээлийн индекс 1929 оныхоос илүү хүчтэй буюу 30% иар уналаа. Грахамын хөрөнгө оруулалтын сан нийт активийнхаа 50% ийг тус хямралаар тавиад туусан тул ихэнх хөрөнгө оруулагч нар нь мөнгөө татжээ. Ийнхүү богино хугацааны дотор санхүүгийн хувьд хоёр ч удаа дампуурч үзсэн нь эрсдлээс хамгаалах стратегид тулгуурласан хөрөнгө оруулалтын номлол боловсруулах сэдлийг Грахамд өгсөн бололтой. Тэрбээр судалгаа, шинжилгээ, багшлах ажилдаа илүү цаг зарцуулахыг эрхэмлэх болсон байв.
Цэнэд хөрөнгө оруулахуй /Value Investing/1934 онд “Үнэт цаасыг шинжихүй” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн ба тхайн үед зөвхөн бонд болон зээллэгүүд нь л “найдвартай хөрөнгө оруулалт”, харин хувьцаа нь “аз сорьсон наймаа” гэж тооцогддог байлаа. Грахам уг бүтээлээрээ тухайн цагт ноёрхож байсан түгээмэл үзэлд няцаалт өгч, хувьцаа ч гэсэн өөрийн гэсэн суурь үнэтэй санхүүгийн хэрэгсэл гэдгийг баталж чаджээ. Улмаар 1949 онд “Ухаалаг хөрөнгө оруулагч” бүтээлээрээ үнэт цаасны зах зээл нь аз туршсан наймааны талбар биш гэдгийг харуулсан байдаг. Түүний шавь Уоррен Буффет /2005 оны байдлаар дэлхийд зөвхөн Билл Гейтсын дараа ордог тэрбумтан/ энэхүү бүтээлийг нь хөрөнгө оруулалтын талаар бичигдсэн хамгийн сайн ном гэж үнэлсэн байдаг. Грахамын гол санаа нь “Таны төлж буй үнэ болон олж авах цэнэ хоёрын чинь хооронд жийрэг /эрсдэлгүйн зааг буюу Margin of Safety/ байх ёстой”. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулж буй /хувьцааг нь худалдаж авч/ пүүсийн өөрийн, дотоод цэнэ нь тухайн үеийн зах зээлийн үнээс /хувьцааны үнэ/ өндөр байх ёстой. Тиймээс “байгаагаасаа” хямд үнэлэгдсэн пүүсийн хувьцааг л худалдан авах хэрэгтэй. Энэ санаагаа илүү баяжуулж хөрөнгө оруулагчдад зориулан тодорхой аргачлал боловсруулсан байна. Түүний хувьд хөрөнгө оруулалт нь урлаг биш харин математик тооцооллын нэгэн салбар байв. Тиймээс түүний боловсруулсан аргачлал нь энгийн, тодорхой зарчимд үндэслэсэн, барьцтай зэрэг давуу талтай гэж тооцогддог. Хөрөнгө оруулалт хийхээс өмнө сайн судал, шинжил, эрсдлийн түвшинг тодорхойл, үүний дараа хүлээгдэж буй ашиг үнэхээр боломжтой эсэхэд итгэлтэй болсон байх шаардлагатай. Грахам зөвхөн тухайн хувьцааны зах зээлийн үнэ бодит цэнээсээ /өртгөөсөө/ доогуур үед л худалдан авдаг байв. Энэ зарчмаа “Нэг Долларын төлөө 50 цент л төл” гэж илэрхийлдэг байжээ. Дараа нь зах зээл /бусад арилжаалагчид/ таны хөрөнгө оруулсан пүүсийн /хувьцааны/ жинхэнэ үнийг /цэнийг/ таних хүртэл хүлээх хэрэгтэй. Энэ санаагаа тэр өөрөө практик дээр баталж харуулсан байна. 1948 онд бүх хөрөнгийнхөө 25 хувийг “Жэйко” хэмээх даатгалын пүүсэд оруулсан бөгөөд 8 жилийн дараа энэ хөрөнгө оруулалтынх нь өгөөж 1635 % болсон гэдэг.

“Ухаалаг хөрөнгө оруулагч” -”The Intelligent Investor” /1949/

from http://www.bugdeeree.mn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: