From: http://news.gogo.mn/r/46458
2009 онд долларын ханш унана гэж үзэж байна

Дэлхийн эдийн засагт долларын байр суурь сайжирч байгаа нь түр зуурын үзэгдэл бөгөөд 2009 онд америкийн валютын солилцооны ханш маш ихээр унах аюул нүүрлэж байна. Английн “Файнэншл таймс” сонин НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын /ЮНКТАД/ тэргүүлэх эдийн засагчдын бэлтгэсэн дэлхийн эдийн засгийн байдлын тухай илтгэлийг иш татан ингэж бичжээ.
Бусад хатуу валюттай харьцах долларын ханш өнгөрсөн намраас гэнэт сайжирсан нь юуны өмнө хөрөнгө оруулагчид хямралын нөхцөлд өөрсдийн хөрөнгийг хамгийн найдвартай далдлан нуухыг хүссэнээс үүдэлтэй юм гэж илтгэлд онцлон тэмдэглэсэн байна.
Гэсэн хэдий ч, долларын солилцооны ханшны хөдөлгөөний урт хугацааны чиг хандлага нь түүний байнгын уналтад оршиж байна. “Байж болшгүй өндөр хэмжээнд” дөхөж ирсэн АНУ-ын гадаад, дотоод өр түргэн нэмэгдэж буй нь үүний шалтгаан юм гэж ЮНКТАД-ын эдийн засагчид дурджээ.
Я.Сүхбаатар