3-English in Australia

Англи хэлний талаар.

2-who-is-more-racist Австралид British English-р ярьдаг гэх боловч цэвэр Ozzie (Ози) яриануудыг бол анх ирсэн америк, англиуд нь хүртэл сайн ойлгодоггүй. Ерөнхийдөө оззинууд өөрсдийнхөө англи хэлийг “Broken english” гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм байхаа. Жижиг хотынхон, Хөдөөнийхөн юм уу, боловсрол нимгэн Австраличуудынх нь ярьж буй англи хэл гэж маш хэнэггүй, пар пар хийсэн, шоронгийн архаг ялтангуудын л яриа байх гэмээр, бусад англи хэлтэй улсуудаас эрс ялгагдах өвөрмөц англи хэлтэй улс боловч олон үндэстний хэл соёлыг дээдэлдэг, гадаадынхан маш ихтэй учраас том хотуудаар нь амьдрахад монголдоо англи хэл сурч байсан хүмүүст хэл ойлгохгүйн зовлонгүй. Ялангуяа сурах гэж ирж байгаа ихэнх хүмүүсийг цэвэр дуудлагатай, хотожсон, гадныхантай харьцаж сурсан, найрсаг ард түмэн, барууны хөгжлийг илтгэх шил толь болсон аятайхан орчин угтаж авах болно. Монголд очсон гадныхан ч гэсэн учиргүй хөдөөгүүр ажиллаж, амьдраад байдаггүй, хотынхонтой л илүү хэл амаа ойлголцдог шүү дээ, тэрүүнтэй л адилхан.

Гэхдээ очиж буй улсынхаа хэлийг сурахгүйгээр нүдэн балай, чихэн дүлий, ямар ч мэдээлэл, мэдлэггүйгээр шууд гүйгээд оччихдог ч Монголчууд бий. Тэд хичнээн таньдаг хүмүүс дээрээ очсон ч учраа олтолоо тэдэндээ дараа болох нь элбэг, хэл мэдэхгүйн зовлон эхний хэдэн саруудад нь заавал тохиолдож л таарна. 200 гаруй жилийн өмнө аборегенууд (аборижиналууд) нь амьдарч байх үед анхны суурьшихаар ирсэн англичуудын ам руу нь ялаа дайраад байснаас болоод амаа жимийж ярьсаар байгаад Aussie аялга үүссэн гээд түүхэндээ биччихсэн байсан гэсэн шүү. Олж уншина бизээ. Амаа жимийж, амьсгаагаа дотогш нь татаад яриад байвал нэлээн төстэй яриад эхлэнэ гэж мэд. Гэхдээ зарим хүний хувьд заавал тэрийг нь ойлгоод, суралцаад байх шаардага гарахгүй байж бас болно шүү. Ерөнхийдөө ямар нэг хэмжээгээр англи хэлээ хараад байсан хүнд бол алзахгүй яваад байж болох байх.

Австралид англи хэлгүй ирж буй хүмүүсийн хувьд Монголд монгол хэлгүй хүн амьдрах, хятадад хятад хэлгүй хүн очиход яадаг билээ, яг л адилхан л санагдана. Хүнээс ихэнх юм нь хараат, бүх юмандаа л хүн гуйж орчуулганд явуулна шүү дээ. Харин хүнтэй их нийцтэй, арга чарга сайтай, сэргэлэн хүмүүс заримдаа А В С ч байхгүй мөртлөө хэлгүйчүүдийнхээ ажлаа л нэг олчихвол тэрийгээ хийгээд дажгүй л явцгаадаг юм билээ. Хар ярианы хэл их л удаж байж, чармайж хичээвэл сурвал сурна. Тэр нь дараа нь монголд хэрэглээтэй юу гэвэл үгүй л гэх байх даа. Монголд хэрэглэх гэж байгаа хэрэглээнд ордог академик англи хэл гээч чинь ердийн англи хэлээс бас өөр юм байдаг шиг байнаа. Энд удах улс женерал англи хэл гээчийг нь Австралид хэрэглэх юм байна. Монголд бол бичиг баримт сайхан боловсруулчихдаг, англиар уншиж, бичихдээ гаргуун байхад төсөл энэ тэр гээд өндөр цалинтай ажил бол зөндөө л байна, харин ярихаас цаашгүй хүмүүст бол бас л аялалын хөтөч, аман орчуулгаас цаашаа ч хэцүү дээ. Ямар ч байсан англи хэлийг Монголдоо ядаж дунд зэрэг болгочихсон байхад гадаадад гарч, ажил хайгаад явсан ч урамтай ш дээ. Хэлгүй бол гадаадад юугаа хэнтэйгээ ярьж, яаж хэлээ сайжруулах юм бүү мэд шүү дээ, хэхэ.

Хэлгүйчүүдийн ажил хийхээр хэл сайжирдаг гэсэн үлгэрийн ном одоогоор уран зөгнөлийн тасагаас л олдож магадгүй байх. Хэлний шалгуургүй ажил 5 жил хийгээд, хоккей тоглож (шал угааж), тарвага далласан (тоос арчсан), жонглёр тоглосон (аяга угаасан), нисдэг тавгаар занималдсан (таваг арчсан) улсуудын ярьж байгаагаар өдийг хүртэл анх ирж байснаасаа ялгарах юмгүй, ялгаагүй л хэл муутайгийн тоонд л ороод яваа гэсэн шүү. Тэр байтугай AUSAID-н англи хэл сайтай улсууд ирээд ярианы англи хэл нь лав муудчихаад харьдаг нь тун олон хүнд тохиолдсон явдал. Хүн болгонд хэл усаа хэрэглээд, оффист суугаад, хөнгөвтөр юм хийгээд байх боломж тэр бүр гарах биш дээ. Бүгд л хэлгүйчүүдийн юмаа дуугай хийж байгаад л хэдэн доллартай болоод, бушуухан харихаа л бодно шүү дээ. Гадаадад учиргүй карьер хөөгөөд, мандаж мацаж, баахан цагаа үрээд Монголдоо дараа нь дахиад л шинээр эхлэнэ гэвэл хэцүү шүү дээ. Ясаа тавих гэж харина л гэдэг, ямар оршуулгын газар биш дээ, хэхэ, эх орондоо эзэн нь болж, хүн шиг амьдрахын тулд л гадаадад гарч гахай шувууны мах идэж үзээд, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртөлж харьдаг шүү дээ.

Америкад ч англи хэлгүй хүнд боломж бага: http://www.hamagmongol.net/

Австралид ирэхээрээ л хэл сурна гээд гүрийгээд хойш тавиад байдаг Монголын сэхээтнүүдийг сэхээ ороосой гэж их боддог юм. Хэл сурна гэдэгт толгой, авъяас энэ тэрийг хамаатуулж ярих гээд байдгийг би л лав буруу юм байна лээ шүү л гэе дээ. Толгой нь ажилладаггүй, муу сурлагатай байсан хүүхдүүд биднээс илүү сурчихсан л явж байдаг нь гашуун боловч үнэн. Тоондоо гавьдаггүйг нь хэлний сургуулиуд руу чихсээр байгаад ийм байдал үүсгэдэг ч байсан байж мэднэ.

Минийхээр бол англи хэл сурахад оролдлого, цаг хугацаа, зорилго байхад л хангалттай. Мань мэтийн мөнгө муутай үеийнх шиг ситуацтай хүмүүс бол гадаадад суралцах тэтгэлэгний шалгуур хангах хэмжээний хэлтэй болох гэсэн зорилго тавьж болно. Хэрэв оролдоод гүйгээд байсан ч цаг хугацааны туршид арга барил суухгүй удаад байвал хямдавтар шиг системтэй сургалтанд хамрагдаад үзэх хэрэгтэй. Эрт эхлэх тусмаа л сайн байдаг. Орчин их нөлөөлдөг гэж туйлаас итгэдэг хүмүүсийг би социализмийн үеийн бэлэнчүүдийн армийнханы үлдэгдэл бөгөөд амандаа хоол халбагадуулах гэсэн арчаагүй хүн байна гэж үздэг болоод байгаа. Австралид 10-аад жил амьдарсан Англи хэлгүй Монголчууд байж л байна даг. /Хоолоо өөрөө халбагадахаас гадна, хийж сураад, дараа нь бусдыг хооллож сурахаас өгсүүлээд зөндөө олон үе шат цаашаагаа байна ш дээ, хэхэ/.

Эсвэл мэдээгүйгээсээ болж хэл сурахгүй, хойшлуулж, цаг алддаг байж болох л талтай. Бидний танил хүмүүс Австралид л очиж хэл сурдаг хүмүүс гэж гайхуулж ирээд том шатсан түүхтэй тул даруй гадаадад гарах нь хамаагүй Монголдоо ч хэрэгтэй хүн болохын тулд Англи хэлний мэдлэгээ сайжруулах тал дээр санаа тавибал сайн шүү. Хэрэгцээ байгааг мэдэрсэн ч мэдээгүй дүр үзүүлэх хэрэггүй, ард нь гарч байж л амар жимэр амьдрахаас биш айж зугтсанаар асуудлыг шийдвэрлэж, даван туулна гэж үгүй гэж Далай лам хэлсэн байдаг шүү.

Хэлний чадвар

Австралид Англи хэлийг 100% унаган хэл шигээ суралцах албагүй байдаг юм байна. Би өөрөө Англи хэлийг бусадтай адил сүүлд суралцсан, одоо ч алдаатай ярьдаг бичдэг, синхрон орчуулгын хэмжээнд хүрэхгүйгээ мэдээд орчуулганд гүйж онигоо болдоггүй, 70-80% ойлголцоод, Англи хэлтэй улсад мэргэжлийн ажлаа хийгээд болоод байдаг болохоор хүмүүсийг Perfectionist байхаа болиод чадамжынхаа хэмжээнд л бай гэж зөвлөх байна. Орчуулагч болох гэж хичээж буй хүмүүст харин өөр шаардлага тавигдах байх.

Өөрийнхөө болон 2-хон жилийн өмнө таг хэлгүй л байсан гэр бүлийн хүнийхээ жишээгээр үзэхээр, хэл ус муутай гэлтгүй л монголын хэлний авъяастай мэргэжилтэнүүд, онцоос өөр дүн авдаггүй мундаг эрдэмтэн, магистрант, докторантуудаас илүү цалинжаад Австрали мэтийн англи хэлтэй улсад мэргэжлийнхээ ажлуудаа хийцгээгээд л болоод байх юм байна шүү.

Миний хувьд Их Мэдэх царайлаад байх сонирхол алга тул хүн хүн өөрсөддөө тохирох шийдвэрээ гаргаад өөртөө зөвийгөө хийцгээгээд л явцгаана бизээ. Би ямар ч байсан Монголдоо англи хэлээ үзээд нэлээн дөхүүлчихээд ирсэн нь цаг хугацаа, мөнгө төгрөгнөөс өгсүүлээд их л хэмнэгдсэн юм даг. Гэхдээ шууд дээд сургуульд тэнцэх хэмжээнд ирээгүй болохоор Австралид бас богино хугацааны хэлний курсэд нэмж суусан. Энэ сургалт надад хэрэг болоогүйтэй адил байсан.

Өөрөө л суръя гэхгүй бол гадаадад хүнийг сургая гэхгүй, биеэ дайчилдаггүй хүмүүст цаг, мөнгөний гарз болохоор юм билээ. Гарздах юмыг нь байлгаад байгаа хүмүүс монголдоо багаахан шиг гарз гаргасан нь дээр байдгийг анхааралдаа авна бизээ. Монголчууд голдуу Монголдоо англи хэлээ дунд зэрэг болгочихоод энд хагас жилийн 6000 долларын англи хэлний курсэд сураад, цаашаа их дээд сургуульдаа үргэлжлүүлэн сурдаг. Хэлний курс гэсэн ерөнхий мэдлэгийн сургалтанд аль болох л богино хугацаагаар л суухгүй бол мөнгө зоос гээч юмыг чинь жинхэнэ хүүлнэ шүү дээ. Австралийн экспортын гол бүтээгдэхүүнд тооцогдоод байгаа энэ боловсролын салбарт нь муу ядруухан монголчууд маань маш их хувь нэмрээ оруулцгааж байна даа хөөрхий. Хаанаас олдсон мөнгө хаашаа гараад явж байгааг хянах хяналт гэж юм Монголд маань байдаг болов уу.

Хэлний курс

Энд хэлний курсууд нь бүгд чанартай юу гэвэл үгүй. Төлбөр нь монголоос хямд уу гэж асуух хүн гарахгүй л байгаа. Сургах арга барил нь над шиг орос ах нарын школоор автоматаар бөөндөж цээжилдэг арга барилд сурчихсан хүнд бол залхаан цээрлүүлэлт л гэсэн үг. Юу ч сураад байгаа нь мэдэгдэхгүй, шинэ үг ч өдөртөө ядаж ганц 2 ширхэг нэмэгдэж байна уу үгүй юу бүү мэд, миний хувьд бол ердөөсөө л тэр чигээрээ цаг алдалт, амьдрах явцад нь л өөрсдөөр нь суралцуулдаг юм шиг байгаа юм. Маш сайн курсэд, мөнгийг нь төлж дийлэх чадвартай ирсэн хүмүүсийн хувьд бол үүн дээр надтай санал зөрөлдөх юм гарах л байх. Гэхдээ тэрийгээ бусадтайгаа хуваалцах бодолгүй, завгүй л явдаг шиг байгаа юм. Миний хувьд 1 сарын дундаж сургалттай курсэд 1000 гаруй америк доллар төлсөн маань, авч үлдсэн сурсан юмтайгаа харьцуулбал хэтэрхий өндөр үнэ төлсөн мэт санагдаж байсан. Монголд энэ мөнгөөр энүүнээс илүү үр дүнд хүргэх зүйл сэтгэж болох л байсан байх. Гэхдээ яахав, туулаад өнгөрөх ёстой байсан амьдралын маань бас нэгэн шат, гишгүүр болсон учраас одоо бол тэрүүнд нэг их харамсдаггүй.

Гэр бүлийн хүн маань харин хэлгүйгээсээ авахуулаад хэлтэй болтлоо янз бүрийн л юм туршиж байсных сүүлд өөр монголчуудад бид гайгүй хэлний курсууд зааж өгөхтэйгөө болсон л доо. Гэхдээ л хэл сурах гэж хичээж байгаа ядуувтар Монголчуудад маань заавал ингэж олон дахин үнэтэй, цаг алдалттайгаар Австралид л ирж хэл суралцах хэрэгтэй гэж зөвлөх нь утгагүй зүйл. Жилийн төлбөр нь 10 гаруй мянга, тэр нь зарим магистрын сургалтнаас ч үнэтэй гээд бод доо. Монголд сайн хэлний курсууд байдаг шүү дээ. Өдөртөө ганц 2 цаг тэрүүндээ яваад завсараар нь амьдралдаа дарагдаад, ажлаа хийгээд явж байя гэвэл Монгол шиг боломжтой газар байхгүй. Multi-tasking муутай, time management бүр байхгүй олон олон монголчууд ажлын хажуугаар англи хэлэнд цаг гаргаж чадахгүй байгаадаа шалтгаан хайгаад байдаг. Тэр хүний проблем бол тэр хүн өөрөө л байдаг. Зарим өдөр шоудахаа л болиод үз л дээ. Гадныхан Монголчууд шиг их шоуддаггүй л юм байна шүү дээ. ТВ-р бас орой болгон үр өгөөжгүй, балай сериалууд их үзэхээ багасгаад, Англи хэлний мэдлэгт нэмэр болохоор кино, сургалтын нэвтрүүлэг рүү сувгаа солиод тавь л даа.

Бас өөрөө хөл дээрээ бостолоо бусдад тарамддаг их цагаасаа боломжоороо хумих хэрэгтэй.

/Инээмсэглэлийг зөвхөн өөртөө л бэлэглэ
Эрүүлийг зөвхөн өөртөө л хүс
Эрдмийг зөвхөн өөрөө л сур
Энх амгаланг өөртөө л ерөө
Тэр цаг дор та дээрх бүхнийг түмэнд өгөх чадалтай болно./

Та яг одоогоор хүнд арван мянган төгрөгний ч үнэ хүрэхгүй тус хүргэж чадаж байгаа. За тэгээд түрээсний мөнгө дийлэх хүн цөөхөн болохоор зарим хүнийг бол тус болох нь бүү хэл бүүр холгож л амьдарч байгаа байх. Та ирээдүйн сая сая-ыгаа олж харах, хийх, тэрүүнд хүрэх боломжуудаа одоо үгүй хийж амьдарч байгаа байж магадгүй шүү. Та ийм чигээрээ л үлдэхийн тулд өөрийнхөө сонголтыг хийж яваа ч юм билүү. Та дараа бусдад арван мянган долларын /1000 дахин их/ тус хүргэх чадамжтай болохын тулд өөртөө зорилго тавь, тэгвэл яг одоо таны цагаас хумсалж байгаа олон хүн, хамаатан, найз нөхөд, байгууллага, дарга нар таныг ойлгоно, дараа тань шиг сайн хүн тэдэнд олдохгүй болох цаг ирж л таараа. Үүнд эргэлзэх хүн байдаг гэх юм бол түүний амьдралын утга учрыг ойлгоход миний толгой лав хүрэхгүй л юм байна гэх байх даа, хэхэ. Байгаа байдлаа сайжруулах чинь заавал стресс, депресс, challenge-тай холбогдож ойлгогдоод байх албагүй, аймхай, хулчгар, залхуу, зальхай, мөнхийн ядуу /за яахав, баян удамтай байлаа гэхэд буянаас нь хороодог уруудаж буй амьдрал/ амьдралтай нүүр тулахыг хэн ч хүсэхгүй. Хичнээн мундаг ч, сэтгэл ханасан сайхан амьдралд хүрсэн ч бай, зорилготой, дээшээ тэмүүлсэн амьдрал бол угаасаа дийлэнхэд нь байх л ёстой зүйл байх. Тэгээд ч миний үеийн залууст лав хийх, бодох, хүсэх, хүрэх зүйлс асар их байгаа гэж бодож байна шүү.

Тэгэхээр та аль болох эрт хөл дээрээ босохын тулд аль болох яаралтай өөрийгөө бодох цаг иржээ гэдгийг ойлгож ав. Гадаадад гарсаны дараа л үүнийг эхлүүлдэг юм биш, Монголд байхдаа, яг одоо үүнийг мэдэж авч байгаа моментдоо л та өөрийгөө хөгжүүлнэ гэдэг бол ирээдүйн их олон өөр юмнуудын хөгжлийн түлхүүр болдогийг ойлгох байх. Та хөгжвөл таны ойр тойрныхон сэхээд л явчихна, та бид тэднийгээ суга өөд нь татах чадалтай болоод ирэхээр л хэн нь зөв байсныг, хэзээ тэр нь мэдрэгдэж эхлэх ёстой байсныг ухаарах байх. Үүнийг хаа байгаагаасаа үл хамааран амьдралынхаа дадал зуршил болгож чадсан хойноо л гадаадад гарах хэрэгтэй. Заавал хөгжсөн улсад л хүний хөгжил гээч чинь явагдаад байдаггүй юм гэнэ. Хөгжихөд бэлэн байхгүй бол хөгжсөн улсад очоод ч нэмэр алга байдаг гэнээ.

http://gegeen.wordpress.com/2007/08/13/best-english-courses/

Энд нэг ирчихвэл ажил хийж амьдралаа залгуулах, төлбөрөө олохын тулд хэл сурах болон хичээл хийх зэрэг асуудлууд заримдаа хоёрдугаарт тавигдах нь бий. Аль алийг нь давдаг мундаг монголчууд ч байдаг. Гэхдээ тэд МАШ цөөхөн, угаасаа ч энд бид цөөхүүлээ байна. Ядаж байхад гайгүй Монголчууд нь түрүүлээд ирчихгүй дээ гэж их харамсах юм. Анх ирсэн хэд нь хэл устай, бүтээлч, сэтгэл сайтай, аятайхан, тулхтай түшигтэй хүмүүс байсан бол өдийг хүртэл өөрсдийгөө өөдтэйхэн аваад явдаг болчихсон, визний талаар хангалттай мэдээлэлтэй /зөвхөн оюутны виз биш, учир нь гадаадад сургалтын төлбөр өндөр, ажлын визээр ирсэн хойноо сурах мөнгөө хийвэл ядуу монголчуудад маань хэрэгтэй л байдаг байх/, Австралийн талаарх мэдээллийг ядаж Монголчлоод, Монголчуудад зориулсан Австралийн тухай ном энэ тэр ч болсон хийчих л байсан байх. Аймаар олон жил амьдарсанаараа л гайхуулсан улс байхаас биш, Австралид ирээд ийм тийм юманд хүрлээ, Монгол гэж юу вэ-г Австралид таниуллаа, Австралитай холбоотой Монголчуудад хэрэгтэй ийм ч юм хийгээд амжлаа, өөрөөсөө илүү гараад өчнөөн хүмүүст нэмэр тус болоод авлаа гэх улс үнэхээр гарын таван хуруунд багтана, визний мэдээллийг бараг орчуулж тавьсан хүмүүстэй нь зарим нь байлдана, тулалдана, устгуулна, улсын шүүхээр шүүхдүүлнэ ч гэх шиг, хэхэ, зарим хүнийг ч арай ч дээ гэмээр л санагддаг юм. Австралийн Монголчууд гэж цээжээ дэлдэгчид Австрали нь өөрөө ямар улсыг ч мэдэж байгаа юм алга шиг л байна даа. Зөндөө л юм хийсэн гэж маргамаар байгаа улсууд нь тэр зөндөөнүүдээсээ нэгийг ч болов энэ байна гээд нийтэд танилцуулбал танил тал муутай, бор зүрхээрээ гүрийгээд явж буй хүмүүст нь их зүгээр байнаа. Хэрэв тэгэх боломжгүй, чадамжгүй хэвээрээ яваа бол чадаж магадгүй улсуудтай холбогдоцгоох талаар бодолцвол зүгээр байна. Өдийг хүртэл хэн хаагуур дэлээд, дэвээд, Монголчуудад чиглэсэн юу хийгээд яваад байгаа нь заримд нь огт мэдэгдэхгүй байна, консул болон бусад Австралийн Монголчуудын мэдээллийн вэб лав 2 жилд нэг удаа update хийгдэж чадаж байна уу үгүй юу бүү мэдээ. Англи хэлгүй л бол Австралийн талаарх шинэ соргог мэдээ мэдээлэл, Монголчуудын амьдралд хэрэг болчихоор ямар нэгэн вэб энэ тэр лав бараг байхгүй гэхээр л байна даг. Байлгах тал дээр ажил, амьдралынхаа заваар аль боломжтойнууд нь ээлжлээд ч болов хөдлөх хэрэгтэй л байна даа.

Тэгэхгүй бол хэл ус муутай шинээр ирэгсэдийн асуудал асар хүнд байсаар ирсэн байна шүү. Өө Австралийн энэ хот чинь ийм түүхтэй, ийм нэртэй газруудтай, тэдэн ам метрт тэдэн хүн ноогдоно энэ тэр гэсэн формаль мэдээллээсээ илүү бас маниус шиг хүмүүст Монголчууд яаж хөлөө олдог, юу угтдаг, хаагуур явж, яаж юмаа бүтээдэг, ямар дэлгүүрээс хэдэн долларт хүнсээ цуглуулдаг, Монголчуудад ямар ажил олддог, хэдийг зарцуулж, хаагуур амьдардаг энэ тэр гэсэн мэдээлэл лав танил талгүй монголчуудад олдохгүй л байна даа, сэтгэлээсээ хэлээд өгчих сайн монголчууд нь байтугай, амиа хичээсэн муухан монголчууд нь хүртэл гэр гэртээ шигдээд нэг нэгийгээ ч олохгүй юм, хоорондоо ч уулзалдахгүй юм, шинээр ирэгсдэд байтугай өөрсөддөө ч олддоггүй юмаа л гэхийн, хэ хэ. Арай жаахан томхон хотуудаар л нэг баяр ёслолын арга хэмжээнүүдээс хааяа нэг мэр сэрхэн олдох гээд ч байгаа ч юм шиг, гэхдээ мэдэхгүй ээ. Хүмүүс өөрсдөө хэл устай, аргатай арчаатай бол гадныхантай л найзалж нөхөрлөөд яваад өгдөг шиг байнаа. Австрали дотроо байгаа Монголчууд нь хэтэрхий цөөдөөд, ажил мэргэжлийн, танилын сүлжээ үүсгэхэд арай л багадаад байгаа юм байна.

Тэгэхээр монголчууддаа захихад болж өгвөл Монголдоо Англи хэлний мэдлэгээ дундаас дээгүүр болгочихоод энд ирвэл харин амархан хөлөө олж, аятайхан амьдралтай залгах боломжтой болно шүү. Австралид монголчууд шиг тахир дутуу хэлтэй, тэрүүнээсээ бас жаахан ичингүйрэн балайрдаг хүмүүст үнэ хөлсгүйгээр цагаа үрээд суух Австраличууд олдоно гэсэн найдвар тун муу. Ичдэггүйгээрээ хэдэн жижиг хүүхдүүдийн хэл ус л харин ус, цас, мөс болдог шиг байна лээ. Мань мэт шиг дуугайдуу гарууд бол ч үнээрийн хэрэг байхгүй. Тэгэхээр хүн болгон зөвхөн гадаадад л хэл нь сайжирдаг гэвэл минийхээр бол худлаа л гэе дээ. Ялангуяа хэлгүй мөртөлөө ядуу, дээрээс нь таних хүнгүй бол их л сайн бодож байж л ирээрэй л гэе дээ. Олон долоон юм бодож, төлөвлөдөггүй, зүгээр л нэг амьдраад л, өөрийгөө болгоод, өрөөлд илүү гаргах бодолгүй, ямар нэгэн зорилгогүй хэвтэж байх хүмүүсийн хувьд бол яахав гадаадад хар ажлаа хийгээд хэвтээд байхад бололгүй л яахав, асуудал алга. Харин хөгшрөөд, хөдөлмөрийн чадваргүй болоод яах талаараа тас мартахгүй бол бас дотроос юм арзаганаад хэцүү л байх болов уу. Монгол улсаар тэжээлгэнэ гэж бодож байгаа бол гадаад дотоодод байх нь хамаагүй хувиасаа нийгмийн даатгал төлөөд явах хэрэгтэй болно байх. Уул нь албан ёсны визтэй хүмүүс ажиллаж ажиллачихаад, дараа нь тэтгэвэрийн дансанд цугласан мөнгөө авч болдог гэсэн. Тэрийгээ буцааж авахаа мэддэггүй монгол, гадаад улсууд татварын дансанд 3 тэрбум гаруй доллараа сул хэвтүүлээд л яваа дуулдсан шүү. Зарим нь ч авч болдогийг нь мэдлээ гээд буцааж авах аргаа мэдэхгүй л тууж явдаг байх дөө. хэхэ. Мэдээлэл гэж зүйлийг мэдлэг болгож хэрэгжүүлэхгүй л юм бол хэтэрхий их үнээр олддог, хэтэрхий ихийг алдахад хүргэдэг зүйл шүү.4-first-start

1-Эхлэл хэсэг
Үргэлжлэл 2. Үндсэрхэг үзэл
Үргэлжлэл 3. Англи хэл
Үргэлжлэл 4. Шинэ эхлэл
Үргэлжлэл 4a. Австралийн Монголчууд
Үргэлжлэл 5. Ажлын эрх
Үргэлжлэл 6. Харилцаанд орох
Үргэлжлэл 6a. Гадаадад хэн гарвал зүгээр вэ?
Үргэлжлэл 7. Мэргэжлийн бус ажил
Үргэлжлэл 8. Суралцахад
Үргэлжлэл 8a. Professional job
Үргэлжлэл 9. Санхүүгийн байдал
Үргэлжлэл 10. Автралид амьдрах

http://gegeen.wordpress.com/2007/08/15/mongolians-about-australia/

One Response to “3-English in Australia”

  1. Baagii Says:

    Gaihamshigtai yumaa uneheer erch huch itgel zutgel avch bn shuu


Leave a comment